“Монголчууд “ТЄРИЙН МИНЬ СVЛД ЄРШЄЄ” гэж vеийн vед тєрєє хvндэтгэн дээдэлж ирсэн зан заншил нь нvvдэлчдийн тархай бутархай ахуй байдал, тэднийг уусгаж нэгтгэх далд бодлоготой их хєршvvдтэй цєєн хvнтэй улсын маань оршин байх нэг гол vндэс суурь болж ирсэн” гэж Оллоо сайтын 2006 оны 2 дугаар сар 21 өдрийн дугаарын “Эх оронч үндэсний үзэл ба өнөөгийн улс төр” нийтлэлд дурдсан байна. Тэр өгүүлэл дотроос нэгэн илэрхийлэл болох “ТӨРИЙН МИНЬ СҮЛД ӨРШӨӨ” гэдэг үгийг иш татан шүүмжилмээр санагдчихлаа. Яагаад ард түмэн төрөөс өршөөл эрэлхийлэх ёстой юм. Бидний төр ард түмнээрээ өршөөл гуйлгаад байдаг догшин, хэрцгий дарангуйлагч гэж үү? Яагаад ард түмэн төрөөс айж, сүрдэх ёстой юм бэ? Яагаад вэ?
Үгүй шүү, “төрийн минь сүлд өршөө” бүхий илэрхийллийг 100 хувь эсэргүйцэж байна. Учир нь манай Үндсэн хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бол “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдлэнэ.” Энэхүү заалтаар бол ард түмэн бид Засгийн бүх эрх мэдлийг гартаа атгаж байдаг юм байна. Тэр засгийг байгууллахад өөрсдөө шууд оролцож, санал бодлоо илэрхийлэх, бидний төлөөлөл, өөрсдийн байгуулсан байгууллагаараа дамжуулан эрхээ эдлэх буюу үйл хэргээ явуулдаг юм байна. Тэгвэл ТӨР маань бидний хажууханд, бидний дунд байдаг, бидэн үйлчлээд, бидний дуу хоолойг сонсоод, ард түмний сайн сайхны төлөө түүнийг хэрэгжүүлээд явж байдаг үүрэг функц бүхий “ЗАРЦ” гэж хэлж болох бус уу? ТӨРӨӨС өршөөл гуйх ямар ч шаардлага алга. Сүлдээ дээдэлдэг болохоос түүнээс өршөөл ирдэггүй юм.
Гэтэл “ТӨРИЙН МИНЬ СҮЛД ӨРШӨӨ” гэдэг үгийг одоо болтол яагаад оршин тогтносоор байгаа мэтээр дээр нийтлээд, үеийн үед хүндэлж, биширч байсан мэтээр бичсэн байдаг билээ. Энэ үг Чингисийн үед байсан гэж үү. Уг нь Монголын нууц товчоо болон кино зэргээс харахад ийм үг байгаагүй л юм даа. Чингис хаан өөрөө “ХӨХ ТЭНГЭР МИНЬ ӨРШӨӨ“ гэдэг байсан. Уул уснаасаа л өршөөл ирдэг байсан. Тэр үеийн хүмүүс ч бас “ТЭНГЭР МИНЬ ӨРШӨӨ“ гэдэг байсан.
Миний өчүүхэн бодлоор “ТӨРИЙН МИНЬ СҮЛД ӨРШӨӨ” гэдэг үг хувьсгалаас хойш МАХН-ын их хэлмэгдүүлэлтийн үед үүссэн үг болов уу. Тэр үе хөөрхий муу элэг нэгт ахан дүү, үр сад, аав ээжээ алдсан ЭМЭЭ /ӨВӨӨ/ нарын маань гашуун нулимснаас гарсан үг байх аа. Тэр үед хүн бүхэн ТӨРӨӨС айдаг байсан. Хэзээ намайг ирж баривчлах бол гэж… хэцүү байсан байх даа, хөөрхий.
Одоо бол үгүй шүү. Монголд хар үүл авчирсан их хэлмэгдүүлэлт, зовлон гуниг, хардалт сэрдэлтийн илэрхийлэл болсон “ТӨРИЙН МИНЬ СҮЛД ӨРШӨӨ” гэдэг энэ үгийг гашуун туршлага болгон зарлаад булшлах хэрэгтэй.
ТӨР бол бидний дуу хоолойг сонсдог, бидэнд үйлчилдэг, бидний өмнө хариуцлага хүлээдэг, бидэнтэй харилцан бодол санаагаа солилцож байх үүрэг функцтай хуулийн этгээд мөнөөс мөн. Тийм болохоор Монгол хүн бүр үндсэн хуулиа дээдлээд зогсохгүй түүнд тусгагдсан заалт бүрийг мэдээд зогсохгүй ойлгож, эрхээ эдлээсээ гэж хэлмээр байна. Та хуулийн хүрээнд хаана ч, хэнд ч, юуны ч тухай ярих эрхтэй.