Чингисээр амьсгалсан өдөр

Саяны хагас сайн өдөр асар аз таарсан өдөр байлаа. Өглөө эрт ажилтай байсан биш уулзах ёстой байсан хүн маань уулзалтыг цуцалж, өдрийг гэртээ өнгөрүүлэх боломж олгов. Тэгж байтал Япончуудын хийсэн Чингисийн тухай киноны “хаалттай нээлт”-ийн урилга олдож, энэ оны 3-р сарын 3-нд албан ёсоор нээлтээ хийх уг киног урьдчилж үзэх завшаан гарлаа. Тэнгис кинотеатр руу явж байхдаа яагаад ч юм нэг их өндөр хүлээлтгүй байсан хэдий ч Япончуудын хийсэн кино надад асар таалагдав.

Хэдий тус киног Япончууд хийж, гол дүрүүдэд Япон жүжигчид тоглосон ч гэсэн, кино нь бүхэлдээ Монголжуу уур амьсгалтай болжээ. Монгол хүн бодож хийсэн бол иймэрхүү л зүйл хийх байсан даа гэж бодогдмоор… гэхдээ нэгэнт Монгол хүн хийгээгүй юм чинь бидний нийтлэг төсөөллөөс ангид зүйлүүд мэр сэр байлгүй яахав. Биднийг бодвол Япончууд Чингисийг хөндлөнгөөс харж чадах болохоор түүнийг хувь хүн талаас нь буюу эргэлздэг, гэмшдэг, айдаг, хайрладаг, харддаг жирийн нэгэн эр хүнээр дүрсэлж чаджээ. Харин бидний collective consciousness-т Чингис нэг их л баатарлаг, эрэлхэг, жирийн бус хүн хэмээн буудаг даа. Энэ утгаараа Монгол хүн түүнд ямар нэгэн хир халдаалгүй, түүний “миф”-ийг хадгалах хүслээр зохиолоо бичнэ. Бас нэгэн зүйл гэвэл бидний хувьд Нууц Товчооны зарим нэгэн хэсгүүд бусдаасаа илүү ойрхон байдаг бол (Өэлүн эх хүүхдүүддээ эвтэй байгаараа хэмээн захидаг хэсэг, г.м), Япончууд Нууц Товчооны арай өөр хэсгүүдийг тод томруунаар харуулахыг зорьсон санагдсан. Есүхэй баатар хүүдээ бэр гүйх гэж очиход нь Дэй Сэцэн цагаан шонхор зүүдэлсэн гэж ярьдаг хэсэг, Тэмүүжин анх Тоорил ван ханд бараалхахдаа хар булган дах бэлэг барьсан нь гэх мэт… Зарим нэгэн үг хэллэгийг шууд Нууц Товчооноос авсан байсан нь кино зохиолыг хачирлаж байв. Мэдээж хэрэг уран сайхны кино л болсон хойно Нууц товчоог ягштал дагана гэж юу байхав… Тухайлбал, Чингис Жамухыг өөрийн гараар цаазладаг хэсгийг албаар action бий болгохын тулд нэмсэн байх л даа. Гэхдээ санасныг бодоход үйл явдлын өрнөл эх зохиолтойгоо тун ойрхон байсан нь таалагдав.

Киноны нэр “Бөртэ Чоно: Чингис хаан” юм билээ. Нэр нь ийм болоод ч тэр үү, киноны гол зангилаа нь удам угсааны асуудал байв. Киноны зохиолын дагуу, Чингисийн tragic flaw нь өөрийн удам угсаанд эргэлздэг явдал байх бөгөөд өөрийгөө Бөртэ Чоны удам гэдгээ батлахын тулд үхэн хатан тэмцэж, улмаар өөрийнхөө эргэлзээг эргээд хүү Зүчидээ тулгаж, асуудал үүсгэдэг. Үүний хажуугаар Жамуха Тэмүүжин хоёрын тэмцэл өрнөх бөгөөд тэр хоёрын зөрчил зөвхөн алдар нэр, эрх мэдлийн асуудалд тулгуурлах бус хайр дурлалын сэжүүртэй байна – Тэмүүжинг 7 жил алга болох зуур Бөртэ Жамухатай сууна хэмээн амласан байдаг. Жамухын дүр кино зохиолыг их аятайхан тэнцвэржүүлж, Тэмүүжинд хүчтэй өрсөлдөгч бий болгоно. Энэ утгаараа Нууц Товчоо сонгодог action зохиол байсан юм билээ шт. Ядаж байхад Жамухад тоглосон жүжигчин асар “халуун” залуу байсныг хэлэх үү…

Ер нь гол дүрийн жүжигчид үнэхээр сайн тоглосон байна лээ, ялангуяа Өэлүн эхийн дүрийг бүтээсэн хүүхэн ГОЁ… Киноны эхний хэсгийг Өэлүн эх narrate хийдэг болохоор бараг л түүний дүр киног авч явсан даа. Мань мэт нь Япон одуудыг ямар мэдэх биш, гэхдээ учир мэдэх хүмүүс тус кинонд Япондоо нэлээн алдартай жүжигчид тоглосон гэж ярина лээ, тийм бол кино нь Азидаа амжилт олох нь гарцаагүй байх л даа.

Сониноос, Хулан хатны дүр их сонирхолтой байдлаар бүтээгдсэн байна билээ. Хулан бол бие даасан, дайчин, “Монгол эмэгтэйн зовлонт хувь заяаг дагахыг хүсээгүй” эмэгтэй. Одоогийн хэллэгээр бол феминист л юм даа. Тэрээр Чингисийн үзэл бодолд эерэгээр нөлөөлж, түүнийг жендерийн асуудалд их болгоомжтой ханддаг болгодог. Жендер гэснээс, даярчлалын талаар Чингис ийн өгүүлнэ: “Хөл хүрэх газар хүртэл явж, бүхнийг өөрийн далбаан дор нэгтгэнэ. Тэр цагт хил хязгаар үгүй болж, арилжаа наймаа идэвхиж, хүмүүс хангалуун амьдрах болно”. Юун “The world is flat”, it was being made flatter 800 years ago гэсэн.

Киноны төгсгөл надад хамгийн их таалагдсан. Тэмүүжин хаан ширээнд сууснаар киног дуусгах гэж байгаа юм байх гэж бодтол арай үгүй байлаа. Сүүл хавьцаанаас Чингис Алтан улс руу довтлохоор бэлтгэж эхлэх бөгөөд киноны сүүлийн кадр Чингисийн цэрэг Цагаан хэрэмд тулж очсоныг харуулах бөгөөд Чингис анхны сумыг тавьснаар кино төгсөнө. Хятадуудын дургүй хүрэхээр төгсгөл байгаа биз? Ядаж байхад Япон-Монголчуудын хамтарч хийсэн кино гэж байдаг…

Hollywood-аад нэг хэсэг иймэрхүү historical epic моодонд орсон доо, аягүй л бол “Boerte chono: Chingis khaan” асар амжилт олж, Оскар энэ тэрд нэр дэвшиж балай авнаа, 😀 Тэгээсэй билээ. Мань мэт нь зураглал, техник энэ тэрийг нь ямар шүүмжилж мэдэх биш, ямар ч байсан зохиол нь гоё л санагдсан. Киноны эхний хэсгийн монтаж хальт sloppy байх шиг байна лээ, сүүлрүүгээ яасан юм бүү мэд… кинондоо хэт ороод, тэрийг нь анзаарах ч сэхээ байсангүй.  

Чингисийн тухай кино үзсэн биш асар сэтгэл хөдлөж, Налайхын цаахан талд “Женко тур”-ын барьж байгаа Чингисийн хөшөөг очиж үзэхээр шийдэв. Бас л мундаг хөшөө байна лээ шүү, яасан ч том юм. Нэг үеэ бодвол манайхан сүүлийн жилүүдэд хүн амьтанд үзүүлж харуулах юмтай болоод байгаа. Тэр өдөр нэг мөсөн Чингисээр занималдахын тулд хот орж ирээд Сухбаатарын талбайн Чингисийн хөшөөн дээр очлоо, патиараа татуулж, хүйтэнд жаал алхав. Чингисийн толгойг нь багадуулчихсан л гэж хүмүүс яриад байгаа юм, тэгсэн бас нэг нөхөр “сандал нь болоогүй байна лээ, диван юм уу хаашаа юм” гэж ирээд л гоочлоно билээ. Гэхдээ л үзэж харах юм нэгээр нэмэгдэнэ гэдэг чинь сайн ш дээ, төгс зүйл гэж байх биш.

Нэг иймэрхүү…. Чингисээр амьсгалсан өдөр.

Continue Reading

Ярианы сэдэв

Залуусын хөгжмийн мэдлэг дийлдэхээргүй болжээ. Саяхан 2 залуутай хамт амралтын өдрөө үр ашигтай өнгөрөөх санаатай нэгэн амралтын газар очиж, өдрийн хоол идчихээд буцсан юм. Нөгөө хоёр маань сүүлийн үед гарсан бүх л төрлийн (рэп, хип хоп, ар энд би, поп, рок, алтернатив гээд цаашаа бас юу ч гэдэг билээ) шинэ клипүүдийн талаар ярьж эхэлдэг юм байна. Тэгээд тэрнийхээ дууг хэрхэн яаж татаж авсан, татах явцад ямар хүндрэл бэрхшээл тохиолдсон гээд л ярьж өгч байна. Эхэндээ ч ганц нэг мэддэг дуу гарчихвал өөрийгөө бас цаг үеэсээ хоцроогүй сонирхолтой нэгэн гэдгээ ойлгуулах гэж хэд гурван үг хавчуулчих санаатай хичээнгүйлэн сонсоод л байлаа. Яахав бас залуу л хүн болсон  хойно “аан тийн тийн” энэ тэр гээл бас нэмэрлэж л байлаа. Гэсэн ч уг ярианы сэдэв өөрчлөгдөлгүй бүтэн 3- 4 цаг үргэлжилсэн гээд боддоо. Үнэхээрийн тэвчээр шаардсан ажил биз. Яахав нэг бодлын хальт сонссон хүнд бол үнэхээрийн цаг үетэйгээ хөл нийлүүлдэг цоглог залуусын яриа шиг сонсогдох байх, гэхдээ яг тэгээд сонсоод байхаар “энэ хүмүүс ер нь зурагт үзэхээс өөр юу хийдэг юм бол?” гэсэн бодол өөрийн эрхгүй төрж байгаамчинь. Тэгээд бас өдөр хоногийн ихэнхийг зурагт үзэж өнгөрүүлдэг хүн гэж бодохоор үнэхээрийн уйтгартай, уйтгартай биш юмаа гэхэд аймар бүрхэг санагдаж байгаа байхгүй юу. Тэр хүн цаашдаа юу хийж амьдарч болох, ирээдүйд хэн болох, зорилго нь юу вэ? Гэсэн асуултууд ямар ч сонирхолгүй болж ирж байгаа юм. Сонирхлын цар хүрээ нь аймар явцуу санагдаж байгаа байхгүй юу, үгүй ядах нь ээ цуг яваа 2 охиндоо таалагдах санаатай юм бол жаахан мэдэрч болмоорсон доо.

За, тэр мэдрэх асуудал ч яахав, өөр зүйл, миний хамгийн гол хэлэх гээд байгаа зүйл маань өнөөгийн дийлэнх залуусын сэтгэлгээ үнэхээр ядуурчихаа юу даа, за сэтгэлгээ гэж том ярихаа больё, ядаж ярианы сэдвээ жаахан баяжуулбал яасан юм бэ? Бодролд блог бичдэг хүмүүсийн хувьд ч мэдээж ондоо асуудал байх, өнөөдөр залуучууд яагаад тиймхэн зүйлээр ярих болов, арай жаахан сэдэв нь өөрчлөгдлөө гэхэд дэлгүүр хоршоо, хувцас хунар ярина, за бүр өргөн сэдвийг хамарлаа гэхэд секс болон эрэгтэй эмэгтэй хүмүүсийн сексийн талаар ялгаатай үзэл бодол. Ингээд л хэтрүүлж хэлбэл яг энэ гурван сэдвийг дараалан яриад л ярилцлагын цаг өндөрлөн, аль нэг диско баранд орж чанга хөгжимд чихээ дүнгэнэтэл сууж, гэрэлд нь нүд гялбаж нулимс гоожин, тамхины утаанд толгойгоо өвтгөсний эцэст хэрэггүй ийшээ орцгоож гэцгээн нэг их ажил хийсэн хүмүүс шиг ядарсан амьтад гэртээ харьдаг. За тэр дисконд орох тухай яриа ч бас биш л юм байна л даа.

Нэг болсон явдал ярья л даа. Манай ажлын охин найз залуугаа бидний нэгэн оройны ажил тарсаны дараах стресс тайлах арга хэмжээнд дагуулж ирдэг юм байна. Нөгөө залуу нь юм л ярьвал яг л дээрийн хоёр залуу  шиг дуу хөгжим, клип, кино болон уг кинонд тоглосон жүжигчдийг овог нэртэй нь ярих юм. Гэсэн ч уг арга хэмжээ өндөрлөсний дараа тэр залууг бидний хэн маань ч киноны талаар аймар их юм мэддэг гэдэг ч юм уу ямар нэг байдлаар хэн ч үнэлээгүй юм . Зурагт үзэхээс өөр юм мэддэггүй юм байхдаа гэсхийгээд л өнгөрч билээ. Тэр залуу бодвол ирээдүйд хэрхэн яаж баяжих, яаж амьдралаа авч явах гээд л олон юм боддог байх л даа, гэвч хүнийг бишээ юм ярьж буй орчноо мэдрэхгүй \дахиад л мэдрэх тухай гараад ирчих юм\, өөрийгөө бусдад үнэлүүлж чадахаар юм ярьж чадахгүй байна гэдэг нэг бодлын хөгжөөгүй л байгаагийн шинж тэмдэг гэж би л лав хувьдаа ойлгодог. Заавал өөрийгөө хэн гэдгийг харуулах гээд нэг их чухал ирээдүй энэ тэрийн талаар яриад байх шаардлага ч байхгүй л юм байгаа юм. Ядаад хүн олигтойхон инээлгэж чаддаг бол тэрийг би агуу их чадвар гэж ойлгохсон. Тийм биздээ, хүмүүсээ? Тэр бол бас нэлээд өөрийгөө хөгжүүлсэн хүний төрх биз?

Та нар ер нь эсрэг хүйсийн хүнтэй уулзаж, дэмий ярих үедээ чухам юуны талаар ихэвчлэн ярьдаг вэ? Тэр хүнийхээ хэр сонирхолтой сонсч байгааг мэдэрч чаддаг уу?

Continue Reading

Links

Ойрд янз бүрийн линк тавиагүй юм байна шүү… XanaduART галерей дээр ирэх 3-р сард үзэсгэлэн гаргах гэж буй нэгэн гэрэл зурагчны вебсайт: Дэйвид, Улаанбаатараар дэмий тэнэж байхдаа авсан зургууд нь… Түүний эхнэр Гек нь баримал, уран зургийн төрлөөр ажилладаг бас нэгэн уран бүтээлч байгаа юм: Гек. Дэйвид, Гек хоёр 3-р сард гаргах үзэсгэлэнгээ Лотус хүүхдийн төвд зориулж, тэдний шинэ arts and crafts center-т олсон бүх орлогоо хандивлах юм.

Continue Reading

Өнөөдөр үү маргааш уу?

ЧихэрӨөрийгөө дөрвөн настай хүүхэд гээд төсөөлдөө. Цэцэрлэгтээ ангийнхаа хүүхдүүдтэй тоглож байтал чинь нэг ах орж ирээд та нарын өмнө нэг нэг чихэр тавиад, “Ах нь та нарт гого бэлэг авчирлаа. Миний дуу нар чихрээ хэзээ л бол хэзээ идэж болно. Ах нь одоо гялс явчихаад ирнэ, нэг их удахгүй. Намайг иртэл чихрээ идэлгүй хүлээсэн хүүхдэд би дахиад нэг чихэр нэмж өгнө шүү” гэж хэлээд яваад өглөө гэж бодъё. Чи чихрээ идэх үү эсвэл дахиад нэг чихэр авах гэж хүлээх үү?

Энэхүү экспериментыг 60-аад онд Walter Mischel хэмээх сэтгэлзүйч хэсэг бүлэг хүүхдүүдийн дунд явуулсан юм гэнэ лээ. Судалгаанд оролцсон зарим хүүхдүүд ахыг гарч явна уу үгүй юу шууд чихрээ идэж орхисон бол зарим нь өөрсдийгөө ямар нэгэн аргаар саатуулаад, дуулж бүжиглээд, чихрээс аль болох хол байж, хоёр дахь чихрийг хүлээсэн байна. Хамгийн сонирхолтой нь Walter Mischel арван хэдэн жилийн дараа өөрийн судалгаанд оролцсон хүүхдүүдтэй эргэж холбоо барихад хүлээсэн хүүхдүүд нь чихрийг шууд идэж орхисон хүүхдүүдээс илүү сайн сурлагатай, өөртөө итгэлтэй, шалгалтанд хамаагүй өндөр оноо авч байсан гэнээ.

Эдийн засагчид time preference гээч зүйлийн талаар ярьдаг даа: өнөөдөр хэрэглэх үү, маргааш хэрэглэх үү гэсэн асуултад хүн бүр өөрийн time preference-ын дагуу хариулдаг г. м. Болдын хувьд өнөөдөр хэрэглэх нь маргааш хэрэглэхээс хавьгүй үнэтэй бол Батаа маргаашийн хэрэглээнд илүү их ач холбогдол өгдөг байж болно. Энэ тохиолдолд Батаа мөнгөө хураана, банкинд хадгалуулна, харин Болд олсон өдрөө үрж орхино. Тime preference хэмээх ойлголт нь зарим талаар тухайн нийгмийн хөгжил, соёл, зан заншилтай холбоотой. Маргаашийн хэрэглээ нь тодорхой бус, хадгаламж эрсдэлтэй бол өнөөдөр хэрэглэх нь илүү өгөөжтэй байх болно. Гэхдээ хувь хүний discount rate (цаг хугацаа дамжсан сонголтыг тодорхойлдог параметр нь) улс орны эдийн засгийн хөгжилд шууд нөлөөлөх нь ойлгомжтой. Жишээ нь, Азийн бар улсуудын эдийн засгийн өсөлт ард иргэдийн нийт хадгаламжийн хувь өндөр байсантай холбоотой, г.м.

Улс үндэстнүүдийн хувьд culturally intrinsic time preference байж болох уу гэдэг асуудал сонин санагдаж байгаа юм. Өнгөцхөн харахад, Монголчууд угаасаа их өндөр time preference-тэй мэт санагддаг: өнөөдөр балай авч байвал маргааш яасан ч яах вэ гэх маягаар амьдралд хандах нь элбэг байдаг. Энэ нь юутай холбоотой вэ? Нүүдлийн соёл иргэншил гэх нөгөөх л жижүүр хариултыг өгч болох юм. Дээрх судалгааны ажлын дүнг үндэслэвээс, хүмүүсийн time preference асар багад нь төлөвшдөг гэсэн дүгнэлт хийхээр байна. Дөрвөн настай хүүхэд чихэрт яаж хандаж байгаа нь түүний арван наймтайдаа их сургуульд элсэх үү үгүй юу гэдгийг тодорхойлоод байх шиг. Дахиад л хүмүүжлийн, гэр бүлийн асуудал…

Юутай ч, шинэ он гарсныг хэлэх үү, хоёр чихэртэй хоцордог болохын тулд урагшаа гэсэн зорилт тавья, 😀

Continue Reading

Шинэ жил

Анх удаа блогдох гэж байна. Сүүлийн хэд хоног хэт их амраад, за бас тэгээд шинэ он гарсан болоод ч тэрүү, ер нь юм бичнэ гэдэг их зүгээр юм гэж бодогдох болов. Би шинэ газар ирээд удаагүй байгаа болохоор найз нөхөд цөөхөнтэй, гадуур дотуур дэмийрч цаг үрэхгүй их сайн байгаа л даа. Шинэ газар дасч л байна, монгол хүн болохоороо их амархан дасан зохицдог юм байлгүй, эсвэл ердөө л нохой хамартаа хүрэхээр усч гэдгийн үлгэр ч юм уу, ер нь шинэ орчинд  гайгүй амархан л дасчихдаг юм. Монгол хүн байдаг л гэсэн, гэхдээ одоохондоо ганц ч хүнтэй танилцаагүй л байна…

“The empty raincoat” гэдэг ном уншиж байгаа, title-г нь унших болгонд энэ нийгмийн machine-д нэг empty raincoat болчихгүй юмсан гэж толгойд заавал ч үгүй буудаг. Одоохондоо бол гэр бүл, ажилд нухлуулаагүй freelancer болохоор гайгүй л юм шиг байна.

Бодролд блог бичдэг хүмүүс их уран цэцэн бичлэгтэй юм аа, над мэтийн бичгийн соёл муутай хүнд ч сурах юм их байна аа, зөвлөж байгаарай, хүмүүсээ.

Continue Reading

Malady of thought

Хэдэн хоног ханиад хүрсэн биш ёстой нусаа хацартаа наалаа. Хичээлдээ ч явж чадсангүй, дээрээс нь энэ жил roommate-гүй өнжсөн биш ёстой гараад эм дөхүүлээд өгөх, хийсэн хоолноосоо шомбодуулах ч хүнгүй миарав.

Халуураад хамаг бие өвдөөд хэвтэж байхад харин элдэв юм бодох зав ихтэй болдог юм шив дээ. Жилийн эцсийн шалгалтныхаа сэдвүүдийг бодож хэвтлээ, тэгээд гэнэт “би өвчтэй байгаа юм чинь жоохон өөрөө өөртөө эрхэлнээ” гэж бодоод “indulgent” юмнууд бодож гарав. За, тэгээд бодож эхлээд эхнээс нь өөрийгөө жоохон өрөвдөж үзэв. “Намайг эргэх хүн алга”, “Зовох цагт нөхрийн чанар танигдана aa гэж”, “Гэхдээ тэд нар намайг ямар өвчтэй байгааг мэдэх биш дээ, битгий мэдрэлт” гээд сэтгэлээ тайвшруулав. Уул нь найз шуу ухааны хүмүүс байдаг л даа, гэхдээ ямар утсаар өөрөө яриад “би үхлээ хатлаа, гоё чавганы компот худалдаж аваад намайг эргээч” гэлтэй биш, жоохон хүүхэд биш дээ. Ийм үед нөхөр сүүдэртэй байхын ач тус ёстой гардаг байхаа (“for better or worse, in health and in sickness” гэдэг байхаа) гээд “mentally” ирээдүйн нөхрөөрөө ногоотой шөл хийлгэж байгааг мөрөөдөж хэвтэв. Би “давс бага хийгээрэй” гэж өрөөнөөсөө гонгиноод л, он тэгэнгуут “за” гээд л бөндөгнөөд л. Хоол болохгүй жоохон удаад байвал байн байн халуунаа үзэж жоохон сүр бадрагаад л. Ингээд мөрөөдөөд байвал мөрөөдөөд л байхаар байлаа, даанч халуун ч буусангүй, хоол ч болсонгүй. Миа царайлаад дэлгүүр ганцаараа ороод, өөрөө эмээ аваад хоолоо өөрөө хийж идэв.

Хамгийн сонирхолтой нь жоохон бие тэнхрээд ирэнгүүт шууд зангаа хувиргаж байгаа юм чинь…

Continue Reading

I shop, therefore I am

Декартын “Cogito ergo sum” өнөө үед зүсээ хувирган “shoppingо ergo sum” болжээ. Лондонгийн Selfridges их дэлгүүрийн Christmas sale “I shop, therefore I am” гэсэн моттотой байлаа. Зарим зүйл дээр “Buy me, I’ll change your life” гэсэн бичиг харагдаж байв. Нээрээ л дахиад ганцхан гутал авчих юм бол илүү аз жаргалтай болчих мэт санагдаад, надад таалагдаж байсан цамцны сүүлийн экземплярыг өөр хэн нэгэн хүн урдуур ороод авахад тэр хүнийг үзэн ядаж эхлэх шиг. Хүмүүс ч дээрх максимыг дуулгавартай нь аргагүй дагах… нэг нэгнийгээ өмссөн хувцас, барьсан цүнх, унасан машинаар нь дүгнэж, жаргал зовлонгоо материаллаг эд зүйлсээр халхална. Яах аргагүй л “I shop, therefore I am” – consumer culture at its peak.

Гэснээс, Английн Christmas sale гэдэг зайлшгүй үзэх хэрэгтэй эд байдаг юм байна, юун British museum, хүмүүсийн араншингийн талаар хамаагүй их зүйл мэдэж авах юм билээ. Яасан ч олон хүмүүс байв, ямар ч их юм худалдан авч байв… Хүмүүсийг хөндлөнгөөс ажиглаж суухад зугаатай наасан (гэхдээ эгч өөрөө дутахгүй ямар нэгэн юм авчих санаатай яваад байгаа юм аа).

Дэлгүүр хоршоо ч яахав… Chelsea-гийн тоглолтын шагийн билет 200 паунд байдаг гэж байна, огцом баяжих юмсан.

Continue Reading

Come on, Fulham!

Хөл бөмбөгийг амьдаар үзэх үнэхээр өөр юм аа. Мань мэт нь сүүлийн хэдэн жил худлаа үнэн хөл бөмбөг хардаг л байлаа, гэхдээ яг стадионд суугаад үзэхэд шал өөр сэтгэгдэл төрдөг юм байна. Стадионоороо нэг санаа алдаад л, стадионоороо нэг босож суугаад л, стадионоороо нэг дуулаад л… яс юман дээрээ тоглолт хоёр багийн хооронд биш, хөгжөөн дэмжигчдийн дунд явагддаг наасан. Зурагт ер нь дэмий юм дөө, шал өөр (хулхи) experience бий болгоод… дээрээс нь үйл явдлыг давтан үзүүлж хүмүүсийг муу зан сургаад… юу болоод өнгөрөв өө, яав аа гэсээр байтал таарж байгаа юм чинь.

Бидний үздэг тоглолт (Fulham vs. West Ham United) Fulham-ын стадионд болж байсан болохоор баахан “Come on, Fulham” гэсэн хүмүүс л байлаа. Хорь гаруй мянган хүний багтаамжтай стадион нь пиг дүүрэн байсныг хэлэх үү, арав хорин мянган хүн нэгэн зэрэг орилоод эхлэхээр өөрийн эрхгүй баясчихдаг юм билээ. Нэг зүйл анзаарагдсан нь, хүүтэйгээ хамт хөл бөмбөг үзэж байгаа аавууд асар олон харагдана лээ… weekend game болох завшаанаар жаал father-son bonding хийдэг болтой. Хар багаасаа хөл бөмбөгөөр амьсгалж өссөн хүмүүс улаан ногоон фэн байхаас өөр аргагүй юм байна лээ дээ.

Хөл бөмбөгийн дараа учиргүй эмэгтэйлэг загнаж дэлгүүр хэслээ. Topshop хэмээх venerable London institution орж нүд тайлав. Дэлгүүр гэснээс, Англид ирснээсээ хойш үнийн шоконд орсоор байгаад таарж байна аа. 100 доллар солиулахад 50 хүрэхгүй паунд ирэхээр гомдмоор санагдаж байгаа юм чинь… Ядаж байхад бүх үнэ нь Америкийн үнэтэй яг адилхан. Үржүүлж бодсоор байгаад ямар ч наймаа хийхгүй шинжтэй. Австрали явсан бол эсрэгээрээ гоё байхгүй юу, 😛 

Continue Reading
1 5 6 7 8 9 34