I heart UB гэснээс хальт носталгиатмаар санагдав. Нью Йоркт амьдардаг байхдаа Улаанбаатарыг асар их санадаг байж билээ. Бараг л гэрийнхэн, найз нөхдөөсөө илүү хотоо санадаг байсан байх, үе үе нэг их сайхан төв гудамжаар алхах юмсан гэж мөрөөдөөд л… Даанч одоо энэ бодлоо мартаж дээ, өдөр бүр асар ууртай хүн замын түгжрэл, маанаг жолооч нарыг хараагаад явж байх жишээтэй. Бүтэн сайны өглөө ч юм уу, асар эрт босоод, хүн амьтныг гараахаас өмнө Энхтайвны гүүрээр явган гараад, Сүхбаатарын талбай орж, жаал дэмий тэнэх юмсан. Өглөөний наранд УБ бас л царайлаг харагддаг шүү \шөнө нь бороо орсон бол бүр гоё\.
Надад яагаад ч юм МУИС, Германы элчин сайдын хавь орчим асар таалагддаг юм… Сургууль соёл олонтой болохоор тэр үү, хотын хамгийн сэхээтэнлэг хэсэг юм шиг санагддаг байх. Баяждаг бол тэр хавийн нэг байшинг тэр чигээр нь худалдаж аваад амьдрах юмсан. Давхар бүрт нь баахан зураг, ном… жинхэнэ “сэхээтэнлэг” амьдрахгүй юу :P. Даанч мань мэтийг баяжих гэсээр байтал хэн нэгэн нөхөр нь тэндхийн барилгуудыг буулгаад, бөөний худалдааны төв барьчих биз.
120 мянгатад өссөн болохоор жоохон байхдаа орой бүр эмээ өвөөтэйгээ АПУ, г.м. байдаг гудамжаар алхдаг байж билээ. Өвөө маань залуудаа тэр хавийн модуудыг тарилцаж байсан юм гэнэ лээ, тэд нар нь одоо бүр өндөр болчихсон. Одоо ч гэсэн тэр хавиар явахаар нэг л дотно байдаг юм. Даанч манай хуучин байрны урд цонхыг нь хаагаад асар том байшин барьчихсан байна билээ. Ядаж байхад тэр хавьд эмээ өвөө нар голцуу амьдардаг… хөөрхийс, одоо бүгд нар үзэхээ байсан даа. Энэ янзаараа нэг л мэдэхэд хүүхдийн тоглоомын талбайд маань бас нэг байшин бариад эхлэх байлгүй.
Миний мэддэг Улаанбаатар алга болсоор л байгаа. Хотоо магтах гэсэн биш өөрийн эрхгүй бухимдаад эхэллээ. Хот болгон өөрийн гэсэн уур амьсгал, зан төрхтэй байдаг гэж бодвол хуучны уужуу тайван, налгар Улаанбаатар маань их л сандруу, уур уцаартай, тэвчээргүй хот болсон мэт. Тэр нь бид бүгдэд халдаад, хүмүүс бүгд л сандарч, уурлаж явдаг болоод байна. Байшин барилга нь яая гэхэв гэж бодоход үүнийг яах вэ.
Төв шуудангийн талбай рүү харсан хэсэгт нь асар том Кока-коланы реклам байршуулчихсан харагдана лээ. Дээр үед энэ талаар нэгэн багштайгаа ярилцаж байсан санагдав. Мань хүн Тибет судлаач, тэнд нэг хэсэг амьдарч байгаад ирсэн хүн байсан юм. “Саяхан Лхасад очтол Кока-коланы лаазаар дүүрчихсэн, хуучны уур амьсгал нь байхгүй, муухай санагдсан” гэж ярихад нь би учиргүй эмзэглэж, “Та тэгээд яах гээд байгаа юм, тэнд ч гэсэн хүмүүс Кола уух эрхтэй биз дээ. Та нарыг очиж баясаг гээд л музей шиг 15-р зуундаа амьдрах болж байна уу” гээд л үзэж тарч билээ. Гэхдээ тэр рекламыг хараад багшийгаа ойлгов. Коланы шил төв талбайд маань заларч байх ёстой ч юм уу үгүй ч юм уу. Нэг талаас нь харахад, дээр үед кола олж уусан азтай нөхдүүд хоосон шилээ сервантандаа залдаг байсан гэж бодохоор бид хүссэн зүйлдээ хүрсэн ч юм шиг. Эсвэл шал өөр тийш яваад ч байгаа юм шиг. Мэдэх юм алга…