Сүүлийн хэд хоног шөнө дөл хүртэл дэмийрч, ном сонин эргүүлж, мартагдсан дуунуудаа сонсож, янзан бүрийн төлөвлөгөө хийж, далий зүйл мөрөөдөж суулаа. Сайхан л байлаа. Хааяадаа ингэж байхгүй бол нэг л мэдэхэд өдөр тутмын асуудалдаа хэт баригдаад, учраа мэдэхгүй жирийн нэгэн кноп дарагч болчих юм шиг санагдах юм. Нэг л мэдэхэд толгойд орж ирэх бодлууд “За байз, би маргааш тийм юм хийх ёстой, нөгөөдөр хүнтэй уулзана, зав гаргаад тийшээ орно” гэх мэтээр хязгаарлагдаж эхлэнэ. Үүнийг анзаарахгүй, өөрт ноогдсон ажлаа хийх төдий урдахаа хараад л яваад байвал сүүлдээ өөр зүйлийн талаар бодох ч сэхээгүй болох мэт…
“Jagie, чи толгойгоо ажиллуулаач ээ”. Жоохон байхад аав надаa байнга ингэж хэлдэг байж билээ. Хэлэх тоолонд нь би гайхаад л, сүүлдээ толгойгоо ажиллуулахгүй бол загнуулна, яана даа ухааны юм боддог болсон юмдаг. Ааваас юм асуухаар, “Чи өөрөө толгойгоо ажиллуулаач ээ, битгий залхуур” гэж хэлнэ. Би ч хөөрхий аль болох “толгойгоо ажиллуулчих” санаатай л үзэж тараад байдаг байлаа. Заримдаа бусад хүүхдүүдийн аав нар “толгойгоо ажиллуул” гэж загнадаггүй юм байна лээ, манай аав өөдгүй гэж бодоод аавдаа гомдоно. “Аав заавал миний толгойг ажиллуулж яах гээд байгаа юм бэ, зүгээр байж л байна биз, хэцүү юм бэ” ч гэж бодно. Гэтэл одоо бодоход үүнээс илүү зөвлөгөө үгүй байж…
Толгойгоо байнга ажиллуулах хэцүү л дээ. Гаднаас ирж байгаа мэдээллийг тэр чигээр нь хүлээж аваад, өөрөө огт бодолгүй ажлаа автоматаар хийгээд баймаар санагдах үе зөндөө гарна. Гэхдээ заримдаа залхуураад, ном уншаад ойлгохгүй эсвэл хичээл дарамттай болоод ирэхээр “Tолгойгоо ажиллуулаач ээ” гэж өөртөө хэлэхэд арай л өөр болдог юм. Сонин шүү, нөгөө асар дурамжхан хүлээж авдаг байсан үгээ өөрөө өөртөө хэлээд сууж байдаг… амьдралаа гэж.
Хамгийн чухал нь толгойгоо ажиллуулах… залхууралгүй толгойгоо ажиллуулах…
PS: сэтгэл хөдлөөд асар cheesy юм биччихлээ… гэхдээ яадаг юм, I am a cheesy person, so be it! 😀