Gamers united

Зах зээлээ гэж… бас л агуу юм аа. Ebay дээр Britney Spears-ын зажилсан бохийг зарах бол энүүхэнд юм байна. Цаана чинь гарууд онлайн тоглоомнуудынхаа баатаруудыг зардаг гэж байна шүү. Бүр бүхэл бүтэн зах зээл байдаг юм байх. Жишээ нь, Warcraft-ын Level 60-д хүрсэн account-ын ханш хэдэн зуун доллар байдаг бөгөөд тэр түвшин хүртэл тоглож цагаа үрэхийг хүсдэггүй баян gamer-ууд ийм бэлэн account худалдаж аваад, цааш нь үргэлжлүүлж тоглохыг боддог гэнээ. Бодвол хэцүү газраас эхлэх нь тэдэнд кайфтай байдаг юм байлгүй.

Угаасаа оnline gaming асар том зах зээл тул ийм төрлийн наймаа хөгжих нь ойлгомжтой байх л даа. Том том компаниуд хүртэл албан ёсны virtual property биржууд байгуулж эхэлсэн юм байх. Гарууд юу юугүй баатаруудаа зарж, худалдаж авч энэ тэр… яг л бараа таваар шиг. Хамгийн сонирхолтой нь Хятадууд асуудлыг шал өөр өнцгөөс харж, ийм төрлийн “бүтээгдэхүүн” үйлдвэрлэдэг бичил үйлдвэрүүд олноор нь байгуулах болжээ. Хэдэн компьютер авч интернетэд холбоод, тоглоом тоглох дуртай хэдэн залуусыг цалинжуулаад л болоо. Хятадад ажлын хөлс хямдыг хэлэх үү, Starcraft-ын алт асар хурдтайгаар бодит мөнгө болон хувирч байгаа байлгүй.

New York Times-ын бичсэнчлэн, уг бизнесийн эрхзүйн орчин их бүрхэг бөгөөд тухайн тоглоомуудын патентыг эзэмшдэг компаниуд ийм төрлийн наймааг зөвшөөрдөггүй гэнээ. Гэсэн хэдий ч энэ зах зээл Хятадад 100,000 гаруй ажлын байр бий болгож байна гэсэн тоо байдаг аж. Тоглоом тоглохоос өөр зүйл мэдэхгүй, ажил мэргэжилгүй залуусын хувьд энэ бол бодит боломж биз. Энэ утгаараа Хятадууд зах зээлийг асар мэдэрч ажиллаж байгаа юм шиг санагдлаа. Юмхнаар юм хийдэг улс шүү.

Асуудлыг өөр өнцгөөс харж, эрэлтийг мэдэрч ажиллах нь чухал юм шиг… Protoss-уудыг шал өөр нүдээр хардаг болж байна шт, 😛

PS: quote of the day (чи шүү!):

I want to meet aliens (like E.T.), elves, hobbits and white wizards.

I don’t want to meet evil wizards, trolls, maniacs, orks, goblins and other scary creatures or just bad people.

Continue Reading

Нэг жилийн ой

Хальт анзаартал блог маань маргааш 1 нас хүрэх гэж байгаа юм байна. Нэг мэдсэн бүтэн жил өнгөрчих болтой юм аа, цаг хугацаа гэж… Ямар ч байсан нэг жилийн туршид нийт 129 бичлэг, 718 сэтгэгдэл бичигдсэн гэж байна, тэгэхээр ойролцоогоор 3 хоногт нэг бичлэг нэмэгдэж, өдөрт 2 сэтгэгдэл бичигджээ (зуны hiatus-ыг эс тооцвол давтамж сайтай л байж гэж баярлахгүй юу). Далийлт бас л үр бүтээлтэй байсан байгаа юм чинь… Та нар шүү!

Хоёр дахь жилдээ хэрхэн яаж балай авах вэ гэсэн, 😛 Ядаж байхад шинэ жил болох гэж байдаг…

Continue Reading

Угталт, үдэлт

Эвсэлт төрийн дэд оны өвлийн дунд сард Ардчилсан засагт Монгол улсын Ерөнхийлөн захирагч шашин төрийг хослон барижихуй Numberone Энхбаяр 7 хоног хятад улсад гийчин болвой. Бараа бологсод нийт 20 олон хүнтэй боловч дээдсийн хаялага дор маймаа тохирохоор сэтгэл шийдсэн 43 пүүс компанийн нударган баян нижгээд хүмүүс лугаа Шанхай хотноо шинийн хоёронд оовтоороо буудалжихуй алс газар сурахаар одохдоо энэ зүгш мөр гаргасан хэсэг бусаг цөс ихт залуус монголын үнэртэй салхин дор хийморь сэргэн өчүүхэн боловч даган баясюу хэмээн такси метро дамжсаар хэлхэлдэн очоод business forum хэсэгт нь аман гүүр болон үйлчилж нэгэн үзүүрт сэтгэлээр түмэн янзаар харамгүй тусалсандаа эрхгүй хөөрцгөөн ерөнхийлэн захирагчаа тойрон сүүдэр ший татуулж түүхэн нэгэн агшнаа үдвэй.

Сонордуулан дуулгах баясгалант мэдээ юун хэмээвээс Монголын Худалдаа аж үйлдвэрийн Тэнхимийн Төлөөлөгчийн газар Шанхайд нээгдэж талууд улаан гадар бүхий муутуу гэмээр цаасан дээр мутрын үсэг зуран батламжилахыг нүдээр үзээд, лав нилээд хэдэн жил ярьсан төлөөлөгчийн газар today ийнхүү биеийг олсонд тусгаар монголын иргэн хүний хувиар тэсгэлгүй баясан нүдний очийг бадруулмой. Сайхан үйлийн хажуугаар саар муу мундахгүйн үлгэрээр төлөөлөгчийн газрыг төлөөлөн суугчид дунд ердөө орь гагц монгол бий гэх агаад тэр нь буман ажлыг зэрэг амжуулагч бузгай нэгэн тул бас ч байнга үзэгдэх нь ховор учир үлдэх 5 төлөөлөгч болох өвөрлөгч хийгээд дотор газрын хүмүүс хамаг хэргийг хаман амжуулна гэхийг баахан эргэлзэн сонссон боловч дөнгөж мэндэлсэн гэх учрыг гурвантаа тунгаагаад хойшдын өдрүүд дэвжин мандана хэмээсэн бат итгэлээр сэтгэл төвшитгөв.

Үндэсний тв, УБ тв, тв-ес, Ардын элч гэх мэтийн цөөхөн хэдэн мэдээллийн хэрэгсэлээс сурвалжлан дагах багийнхан ирсэн нь нутагтаа хамгийн бэлтэй зоостой нь ажээ, учрыг лавлаваас төмөр шувууны төлбөр нь толгой эргэж нүд эрээлжлэн дотор бөглөрөм өндөр тул бусад нь арга буюу өврөө тэмтрэн тэмтрэн үлджээ. Ирсэн сурвалжлагчид аяны богц дүүрэн боловч laptop байхгүйн гачигдлаар тархи цаас 2 дээр буулгасан мөрүүдээ чанд хадгалан явсаар редакцийн өрөөнд очиж сая эмхлэснээр уужуу амьсгаа авах гэнэ.

Үүнийг тэрлэгч миний бие хувийн явдалд хачирхсан нэгэн тохиолыг сийрүүлвээс, эвсэлт төрийн анхдугаар оноос номд шамдан суух болсоноор status нэгэн шатаар “буурсан” бололтойг бие сэтгэлд нэн хурцаар мэдэрч, нэгэнтээ хүлээн авалтад хундага тулгаж асан зарим нөхөд айлчлан ирээд үл мэдээч таниач дүр эсгэхийг үзүүт хөмсөг нүдээ хөдөлгөн гайхшравч гомдлыг хураасангүй. Баясууштай нь тв-ээр нэг уулзаж хэвлэлээс хэдэнтээ уншдаг акулуудтай биеэр учран гар хөл хагасхан тэмтрэлцсэн нь өчүүхэн хүний өнгөт дурсамжийн баяжилт байлаа.

Continue Reading

Тэмцээн, :D

Хэн билээ дээ, нэг хүн, “Таны хобби юу вэ” гэсэн асуултанд “Би чөлөөт цагаараа толь бичиг уншиж таашаал авдаг” гэж хариулахыг сонсоод савж унаж билээ. Тэгсэн яасан байхав, толь бичиг унших үнэхээр сонирхолтой юм байна, сая л мэдэрлээ. Я. Цэвэлийн “Монгол хэлний товч тайлбар толь” (1966)-аас:

  • Налзалцах – намалзах, хотолзох
  • Үнжрэг – зэвгүй сум
  • Ягаа – эмээлийн дөрөө ба гэрийн багананы толгойд гоёж хийсэн хээ угалз, цэцэг зэрэг юм
  • Ланцүй – мэс заслын хутгa, хурц үзүүртэй хоёр талдаа иртэй
  • Ийглэх – үхэр цуцайлан дугарах
  • Замбаа – арвайн гурил
  • Ооно – эр зээр
  • Өеө – гэдэргэн хэлбүү
  • Тагли – хадаас зэрэгт тав гаргах нүхтэй төмөр багаж
  • Увайлах – тоомсорлох, хайхрах
  • Ужиг – удаан, нөр, назгай
  • Үлэх – үлдэх, хоцрох, багцаалж хэмжих
  • Халц – хүч нэмэгдүүлэх үг
  • Цоцуурь – харгис муу хүн
  • Шүй – гааль, түрээс
  • Алхаг – залхуу, заваан, задгай
  • Дээрх үгсийг бүгдийг нь ашигласан утга учир бүхий хэдэн өгүүлбэр бичсэн хүнд гого бэлэг явуулна, 😀

    PS: Өнөөдөр World Aids Day шүү, яг яах ёстойгоо мэдэж байгаа биз дээ гэсэн, 😛

    Continue Reading

    Гадныхны тухайд

    Сонин гарчиглаж суутал Улс тунхагласны баяраар хэсэг бүлэг залуус Хятад эзэдтэй зочид буудал, үйлчилгээний газрууд руу дайрж, эд хогшлыг нь гэмтээсэн талаарх мэдээ анхаарал татлаа. Уг хэргийг сурвалжилсан “Өдрийн сонин”-ы сэтгүүлч

    Монголд дур зоргоороо авирлах нь хэрээс хэтэрсэн хятад, солонгосчуудын эсрэг тэмцэх иргэдийн ажиллагаа идэвхжиж эцэстээ мөргөлдөөн болоход хүрээд буй бололтой.

    гэсэн дүгнэлт хийжээ. OK, Хятад, Солонгосын иргэд Монголд олширсон хэмээх мэдээнд бухимдсан хэдэн залуус бухимдлаа ийнхүү ёс бус аргаар тайлсан байна гэж ойлгож болох юм. Гэтэл Sonin.mn дээр тавигдсан уг нийтлэлийн хариуд бичигдсэн уншигчдын сэтгэгдлүүд их эмзэглүүштэй санагдлаа. “Эр зоригтой, эх оронч залуус байна”, “Зөв, дэмжиж байна”-аас авахуулаад “Муусайн хужаа нарыг алаад өг” хүртэлх сэтгэгдэл асар олон байлаа. Эдгээр залуусын арга барилд шүүмжлэлтэй хандсан хүмүүс их цөөхөн харагдана лээ.

    Хятад, Солонгос, Пакистан зэрэг улсуудын иргэд Монголд олноороо бизнес эрхлэх боллоо хэмээн яригдаад удаж байна. УБ-ын гудамж ч үүний үнэнийг илтгэх мэт: энд тэндгүй Хятад хаяг, Солонгос хоолны газар, г.м. Ядаж байхад тэд нүдэн дээр Монголчуудаас илүү сайхан амьдраад, илүү их мөнгө хийгээд байдаг. Мэдээж бухимдал үүснэ. Гэхдээ бухимдлаа гээд бид бүгд юу юугүй гудамжинд гарч, тэр хүмүүсийг хүчирхийлж эхлэх ёстой гэж үү? Аливаа нийгэмд радикал арга хэмжээ авахыг эрмэлзэх радикал үзэл бодолтой хүмүүс байх нь ойлгомжтой, гэхдээ дээрх нийтлэлд хариу сэтгэгдэл үлдээсэн хүмүүсийн дийлэнхи нь уг радикал арга хэмжээг дэмжээд байгаа нь үнэхээр санаа зовоож байна. Өнөөдөр эдгээр хүмүүс “Хятадуудыг алах хэрэгтэй” гэж хэлж байгаа бол маргааш “Эрлийз, хурлийзуудыг, казакуудыг, буриадуудыг” гэвэл яана (ингэж хэлдэг хүмүүс угаасаа бий л дээ). Еthnic hatred гэдэг их аюултай зүйл шүү дээ, энэ бүхэн хэзээ нэгэн цагт бидний өөрсдийн толгойн дээр буувал бид яах вэ?

    Хүмүүсийн өнөөдрийн бухимдал ихэвчлэн эдийн засгийн асуудлаас үүдэлтэй гэж хэлж болно. Монголчуудын тэн хагас нь ядуурлын доод түвшинд амьдарч байхад хэн нэгэн Хятад, Солонгос гар учиргүй баяжаад байгаад дургүйцэж буй хүмүүсийг ойлгож бололгүй яахав, Монгол үйлчлэгчээ дээрэлхэж буй Солонгос хоолны газрын эзнийг хараад миний ч бас дургүй хүрдэг л юм. Гэхдээ хүчирхийлэлгүйгээр эсэргүүцлээ илэрхийлж болмоор санагдах юм. Тэр Солонгос эзэнтэй хоолны газраар үйлчлүүлэхээ больчих л доо, тэд биднээс мөнгө салгаж чадахаа байвал буцаад яваад л өгнө шүү дээ. Хятад гаруудад ноолуураа зарахаа боль л доо, Монгол компаниуд байдаг биз дээ? Цаашлаад, хэрэв үнэхээр уг асуудалд санаа зовж байгаа бол гадаадын иргэдийн визны асуудлыг чангалах шаардлага Засгийн Газарт тавьж болох юм, мөн гадны хөрөнгө оруулалтын хуулинд өөрчлөлт оруулахыг шаардаж болно. Эцсийн эцэст бид эх орондоо байна шүү дээ, ямар бослого гаргахаас өөр аргагүй болсон Францын цагаачид байгаа биш.

    Эцсийн дүндээ асуудлын мөн чанар гадныханд биш, бид өөрсдөд ч байж мэднэ. Монгол хүний төлөө ажилласнаас хэн нэгэн Солонгост зарагдахыг илүүд үзэх хүмүүс байдаг л юм билээ. Монгол хүнтэй хамтарснаас хэн нэгэн Хятадыг сонгох хүмүүс ч олон байх, Монгол хүнээс зөвлөгөө хүсэхийн оронд хэн нэгэн Америкийн үгийг харах нь бүр ч элбэг. Өөрсдийгөө хүндэлж, бие биендээ итгэх нь бидний хувьд хамгийн чухал бус уу?

    Зарим хүмүүсийн бичсэнчлэн, амжилттай бизнес эрхлэх нөхцөл байдлын хувьд гадныхан Монголчуудаас илүү их боломжтой байгаа нь авилгалтай их олон талаар холбоотой байх. Наад зах нь хэл ам, танил талаас айсан дарганцар Монголчуудаас биш, гадныхнаас хахууль авахыг илүү аюулгүй гэж үзэх байлгүй. Монгол хэтэрхий жижигхэн тул Монголчуудтай нэр холбогдсоноос сураггүй гадаадуудтай холбогдсон нь дээр гэсэн логик ажилладаг байж тун болзошгүй. Авилгал гэдэг бол эргээд л бидний асуудал. Өөрсдийн шийдэж чадахгүй байгаа зүйлд хэн нэгэн Солонгос өвгөнийг буруутгаад яах ч юм билээ.

    Мөн иймэрхүү мэдээ олшрох тусам гадны хөрөнгө оруулалтын хэмжээ багасах болно гэдгийг давхар ухамсарлах хэрэгтэй мэт. Хэдийгээр гадныхан Монголд олширч буй нь санаа зовних шалтгаан байж болох ч, тэдний мөнгө бидэнд хэрэгтэй байна шүү дээ. Жижиг дунд бизнесийг бид өөрсдөө аваад явчихаж чадна л даа, гэхдээ их хэмжээний хөрөнгө оруулалт шаардагдах үед гадныхны мөнгө хэрэг болох нь ойлгомжтой. Тэднийг үүргэснээрээ бид өөрсдөө л хохирно.

    Нэг зүйл нэмж хэлэхэд, манай сэтгүүлчид асуудалд хариуцлагагүй хандах юм аа. Дээрх сэтгүүлчийн хийсэн дүгнэлт бас л хүнд сонсогдож байна. “Монголд дур зоргоороо авирлах нь хэрээс хэтэрсэн хятад, солонгосчууд” гэж хэлэхдээ бодит баримт гаргаж тавих хэрэгтэй шүү дээ, хэрэв бодит баримт байхгүй бол дугай л өнгөрнө биз. Иймэрхүү байдлаар амны зоргоороо хүмүүсийн бухимдлыг хөөрөгдүүлэх ямар хэрэг байна аа?

    Нийтлэл

    PS: ядаж байхад яг энэ үед Ерөнхийлөгч Энхбаяр БНХАУ-д айлчилж таардаг нь ч юу вэ дээ гэсэн.

    Continue Reading

    Буратиногийн тухай ном

    Би баларсаан. Ингээд л үхдэг юм байж. Ядаж 8 нас хүрчихээд үхсэн бол хамаагүй дээр байхгүй юу. Одоо би 6 настай. Ирэх жил сургуульд орох ёстой байсан юм. Ядахнаа сургуульд орж уншиж сурчихаад үхсэн бол Буратиногийн тухай номоо аль хэдийн өөрөө уншаад дуусгачихгүй юу. Тэгсэн бол диваажинд очоод Буратиногийн түүхийг Бурханд ярьж өгөх байсан даа. Одоо би номныхоо дөнгөж талыг нь л мэднэ. Бурхан надаас, “Буратино Папа Карлотайгаа уулзаж чадсан уу?” гэж асуувал яана. Буратино Мальвинатай уулзсанаас хойш юу болсныг би ерөөсөө мэдэхгүй шүү дээ, яагаад гэвэл өвөө өдөрт надад таван хуудсыг л уншиж өгдөг юм. Одоо цаана нь зөндөө олон хуудас үлдээд байгаа. Гэтэл би ингээд номоо дуусгаж амжилгүй үхчих нь байна шүү дээ.

    Хүн үхэхээрээ диваажин гэдэг гоё газар очдог юм гэсэн. Манай хажуу айлын хүүхдийн эмээ нь саяхан тийшээгээ явсан юм. Буцаж ирээгүй л байна. Намайг үхэхээс өмнө ирвэл түүнээс диваажин гэж ямар газар байдаг талаар сайн асууж байгаад явах юмсан, сайхан ааштай эмээ байдаг юм. Даанч би түүнийг хүлээж амжихгүй байх л даа. Нээрээ диваажин руу номоо авч яваад тэр эмээгээр уншуулж болох болов уу? Гэхдээ хажуу айлын хүүхдийн эмээ ч ном уншиж мэдэхгүй л дээ, манай өвөө шиг мундаг биш юм чинь.

    Манай өвөө ч үнэхээр мундаг шүү. Орой болгон нүдний шилээ зүүж байгаад миний номыг уншиж өгдөг юм. Өвөөгийн зав гарахгүй бол би номоо эмээгээрээ уншуулдаг. Манай эмээ багш болохоороо надад бас үсэг зааж өгдөг юм. Би ёстой хурдан сурч байгаа, өнөөдөр гэхэд л ААВ гэж бичиж сурсан. Аавыгаа ирэхээр бичиж үзүүлэх юмсан гэж бодоод хичээгээд л байгаа. Манай ээж аав хоёр “хойно” гэдэг газар сургуульд сурдаг болохоор би одоохондоо эмээ өвөөтэйгээ хамт байдаг юм. Намайг сургуульд орохоор ээж аав хоёр ирээд, дүү бид дөрөв хамтдаа амьдрах гэж байсан юм. Гэтэл би ингээд юу юугүй үхэх болчихдог, онцгүй юм аа. Айгүй л бол ирэхээс нь өмнө үхчихлээ гээд ээж аав хоёр гомдох байх даа.

    Хажуу айлын хүүхдийн эмээг үхэхэд тэдний ээж аав хоёр уйлаад, гэрээр нь дүүрэн ууртай царайтай хүмүүс сууцгаагаад, бөөн л юм болоод байх шиг байсан. Диваажин гэж тийм гоё газар байдаг юм бол тэд нар яагаад уйлаад байсан юм болоо? Эмээ нь тэд нарыг авч явалгүй, ганцаараа яваад өгсөн гээд гомдоод уйлсан юм болов уу? Эмээ намайг авч явалгүй, ганцаараа дэлгүүр яваад өгөхөд би ч гэсэн гомдоод уйлчихдаг л юм. Гэхдээ би одоо том болсон юм чинь аль болох уйлахгүй байхыг хичээж байгаа л даа. Хажуу айлын эгч ах хоёр ийм том болчихоод уйлж байдаг, ичдэггүй юм байх даа? Би лав байсан бол ичээд уйлахгүй ээ.

    Миний Буратиногийн тухай номыг саяхан манай ээж аав хоёр явуулсан юм. Тэр хоёр дандаа надаа гоё юм явуулдаг л даа. Түрүүн ирэхдээ бас айгүй гоё шар үстэй хүүхэлдэй авчирсан, гэхдээ хажуу айлын хүүхдэд байдаг шиг гоё буу авчирч өгсөн бол бүр гоё байхгүй юу. Би өчигдөр хүүхэлдэйнийхээ үсийг Мальвинагийнх шиг цэнхэр өнгөтэй болгох гэж байгаад нүүрийг нь муухай болгочихсон. Эмээг загнана байх гэж бодоод хүүхэлдэйгээ орныхоо доор нуучихсан байгаа. Одоо би үхчих юм чинь эмээд загнуулахгүй, гоё доо.

    Намайг үхчихээр миний шар үстэй хүүхэлдэй ганцаараа уйдах байх даа. Бид хоёр уул нь дандаа хамт айл гэртэж тоглодог юм. Хажуу айлын хүүхдэд сайн захиж байгаад л явахаас. Тэр ч гэхдээ буунаас өөр юм мэдэхгүй л дээ. Айгүй л бол хүүхэлдэйг минь айлгачихна. Түүнийг айлгахаар нүд нь хаагдахаа байчихдаг юм, над руу хараад л байна. Нээрээ миний хүүхэлдэй айгүй гоё урт сормуустай том нүдтэй шүү. Яг л Мальвинагийнх шиг. Миний сормуус ийм гоё урт болох болов уу?

    Одоо би унтаад өгвөл маргааш өглөө диваажинд сэрч магадгүй, тийм ээ? Нээрээ диваажинд цэцэрлэг байдаг болов уу? Би өглөө болгон босоод цэцэрлэгтээ явдаг юм. Хэрэв диваажинд цэцэрлэг байдаг бол битгий өдөр унтуулдаг байгаасай. Би цэцэрлэгт унтах ёстой дургүй. Унтасны оронд тоглосон нь хамаагүй гоё байхгүй юу, даанч багш нар ойлгохгүй л дээ. Өдөржин тоглуулдаг цэцэрлэг байвал ямар гоё вэ. Цэцэрлэг тарахад нэг биш хоёр баавгатай чихэр өгдөг бол бүр гоё. Тэгвэл би нэгийг нь өөрөө идээд, нөгөөхийг нь эмээдээ авчирч өгөхгүй юу. Одоо ч гэсэн би багшийн өгсөн чихрийг хадгалж байгаад, гэртээ ирээд эмээтэйгээ хувааж иддэг юм. Нээрээ би диваажин руу ганцаараа яваад, эмээ энд үлдвэл би хоёрын хоёр чихрээр яах ч юм билээ.

    Бодоод байсан чинь үхэх муухай юм байна. Намайг үхчихвэл эмээ өвөө, ээж аав, дүү эд нар яах болж байна аа? Бас миний хөөрхөн хүүхэлдэй ганцаараа хоцроно. Ер нь л би үхэж болохгүй юм байна. Яах гэж өнөөдөр шийгуаны яс идэв ээ? Ясыг нь идэхээр маргааш нь үхдэг гэж мэдсээр байж… Шөнө ходоодонд минь шийгуаны мод ургаад, тэгээд л би үхчихнэ шүү дээ. Уул нь би шийгуаныхаа ясыг түүж идэх гэж зөндөө хичээсэн юм, даанч мэдэлгүй хоёр яс залгиад хаясан. Одоо яанаа? Буцаагаад гаргачихаж болохгүй байх даа? Ядаж Буратиногийн тухай номоо дуусгачихаад үхсэн бол… яанаа, нүдээ тас аниад л унтаад өгөхөөс… маргааш битгий болоосой!

    Continue Reading

    Будаатай хуурганы баяр

    Thanksgiving-аар төрөл бүрийн stuffed turkey, cranberry sauce, corn bread зэрэг асар эрэлт хэрэгцээтэй байдаг ч, далимаар нь гарууд Пилгримууд, Mayflower, Plymouth, Индиануудын түүхийг хальтхан хавчуулж амждаг. Цагаан сараар ч гэсэн дээ, бууз, банш, ууц, тавгийн идээ хамгийн их анхаарал татдаг ч, буузны завсраар мөрөө гаргаж, ном уншуулах хэрэг гардаг. Ер нь улс үндэстэн бүрт ямарваа нэгэн байдлаар хоол ундтай нягт холбогдсон үндэсний баяр байх юм. Америкуудын хувьд Thanksgiving бол turkey day, харин Монголчуудын хувьд Цагаан сар маань буузны өдөрлөг юм уу даа.

    Иймэрхүү хоол ундан дээр суурилсан баярууд ихэвчлэн гэр бүл төвтэй баяр байдаг. Thanksgiving-ийн оройн хоолыг гэр бүл, найз нөхөд буюу хамгийн дотны хүмүүстэйгээ хуваалцах уламжлал тогтсоныг хэлэх үү, Америк даяар баахан traffic үүсэж, хол ойр амьдардаг хамаатан садангуудад уулзалдах ховорхон завшаан тохиодог байна. Цагаан сараар ч гэсэн дээ, мань мэт нь жилдээ ганц удаа эмээгийн дүүгийн хүүхдийн эхнэрийн ахыг харж баясдаг билээ гэсэн, 😀 Бууз хүмүүсийг ойртуулах увидастай сайхан хоол шүү.

    Энэ бүхнийг юун төлөө нуршаад байна вэ гэхээр, маргааш манай Улс тунхагласны баяр болно. Улс тунхагласны баярыг би лав хувьдаа хэрхэн яаж тэмдэглэхээ сайн мэддэггүй юм. Өглөө босоод Төрийн дууллаа нэг сонсчихоод л гардаг байгаа даа. Хүмүүст Улс тунхагласны баярыг гэр бүлийнхаа хүрээнд сайхан тэмдэглэх боломж олгохын тулд 11 сарын 26-нд дотны хүмүүстэйгээ цуглаж, ямарваа нэгэн зоог барих уламжлал тогтоох хэрэгтэй юм шиг санагдлаа. Иймд, будаатай хуургыг Улс тунхагласны баярын албан ёсны хоол болгох саналтай байна, 😛 Маргааш бүгдээрээ гэртээ сайхан будаатай хуурга хийгээд, гэр бүлийнхан, найз нөхөдтэйгээ хамт ширээний ард цуглараад, Төрийн дууллаа эгшиглүүлэх зуураа Үндсэн Хуулийнхаа эхний өгүүлбэрийг уншчихаад хоолловол Улс тунхагласны баярын ач холбогдол бидэнд арай ойр санагдаж юуны магад, 😀

    Будаатай хуурганы баярын мэнд!

    Жич: Төрийн дуулал

    МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

    Монголын ард түмэн бид:
    – улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж,
    – хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж,
    – төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж,
    – хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж,
    – эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно.

    Үүний учир Монгол Улсын Үндсэн хуулийг даяар олноо зарлан тунхаглаж байна.

    Continue Reading

    Бушийн айлчлалын эргэн тойронд

    Сураг нь сонсогдсоноос эхлээд бөөн сүр дуулиан болоод байсан Бушийн айлчлал нэг юм дуусаж, Улаанбаатар минь санаа амарч байх шиг байна. Хэдхэн цаг үргэлжилсэн уг айлчлал УБ-чуудыг хальт сандраагаад авсан бололтой. Арга ч үгүй биз, урьд өмнө нь манайд ямар АНУ-ын Ерөнхийлөгч ирж байсан биш.

    Limo & Horses

    Монголд ирэхээсээ өмнө Буш Япон, Солонгос, Хятададаар дайрсан билээ. Азийн хамгийн нөлөө бүхий улсуудыг хамарсан АНУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд Монгол Улс багтсан нь бахархууштай явдал юм. Уг айлчлал АНУ, Монголын хамтын ажиллагааг шинэ түвшинд аваачаад зогсохгүй “Монголын гурав дахь хөрш” гэдгээ батлаж буй АНУ-ын Ерөнхийлөгч Монголд ийнхүү айлчилсан нь манай хоёр хөршийн хувьд нэг ёсны дохио болсон биз ээ.

    Бушийн Азийн аялал тийм ч бүтэлтэй байсангүй. Түүний Япон, Солонгосод хийсэн айлчлал үйл явдал багатай болж өнгөрөв. Японы хувьд, үхрийн махны хоригийн асуудал эцэслэн шийдвэрлэгдсэнгүй. Япон АНУ-аас жилдээ 1 тэрбум гаруй долларын үхрийн мах худалдан авдаг байсан бөгөөд АНУ-ын үхрийн махны хамгийн том экспортлогч орон байжээ. Гэтэл хоёр жилийн өмнө Японы Засгийн Газар АНУ-д шүлхий гарсантай холбогдуулаад тус улсаас үхрийн мах импортлохыг хориглосон байна. Буш, Койзуми хоёр энэ асуудлын талаар ярилцсан ч, ойрын үед асуудал шийдэгдэнэ гэдэгт найдацгааж буйгаа илэрхийлээд саллаа. Мөн Бушийг Өмнөд Солонгосоос явсны маргааш нь тус улсын парламент Иракт байгаа цэргүүдээ цөөлөх шийдвэр гаргасан нь Бушийг эвгүй байдалд оруулж орхисон. Харин Хятадад Буш шувт байдалд орсоор байгаад таарах шиг боллоо. Наад зах нь тэр хэвлэлийн бага хурлын дараа танхимаас гарч явахдаа цоожтой хаалга татаж хальт байдалд оров. Бантсандаа, “Зугтах гэж оролдсон чинь бүтэлгүйтдэг байна шүү” ухааны юм ярьж, инээж ханиасан шиг орж ирсэн хаалгаараа гарч яваа харагдсан (бас л юморлог гар шүү).

    Bush at the door

    Угаасаа Бушийн Хятадын айлчлал шувт хаалга мөргөсөн байдалтай өнгөрсөн гэж хэлж болно. Хятадын телевизээр ч түүнийг нэг их гаргасангүй. Буш, Ху Жинтао хоёрын хэлэлцээр ихэвчлэн эдийн засгийн асуудлуудыг хөндсөн ч, хоёр улсын хувьд хамгийн тулгамдсан асуудал болоод байгаа юаний ханш ба АНУ-Хятадын худалдааны алдагдлын талаар Хятадын Ерөнхийлөгч олигтой амлалт өгсөнгүй. Тэрээр оюуны өмчийн асуудалд ч мөн тодорхой хариулт өгөлгүй булзааруулчихав. АНУ-Хятадын худалдааны алдагдал энэ жил 200 тэрбум долларт хүрэх магадлалтай байгаа билээ. Хятадын тал Бушийг харж үзэхийг бодсон уу яасан, Боинг компаниас 70 онгоц худалдаж авахаа түүний айлчлалын үеэр мэдэгдсэн. Энэ нь дөрвөн тэрбум орчим долларын наймаа болох аж. Бушийн Хятадаас чангааж чадсан зүйл энэ л байлаа.

    Ямар ч байсан Азийн ах дүүс маань хальт бааварлаж байгаад Бушийг явуулчихав бололтой.

    Bush's new friend

    Энэ бүх бухимдлын дараа Монголд ирэх нь Бушийн хувьд нэг ёсны амралт болох шиг боллоо. Жаал айраг ууж суугаад, ганц хоёр сарлагтай танилцчихаад явах нь түүнд таатай байсан биз. Завсраар нь Буш Монголын ард түмэнд хандаж үг хэлэв. Иракийн дайн, эрх чөлөө, ардчиллын талаар ярьдгаа ярьлаа, мөн авилгалын талаар дурдаад өнгөрөв. Элбэгдоржийг ардчилсан хөдөлгөөний анхдагчийн нэг хэмээн онцолсон нь Элбэгдоржийн Засгийн Газрын хувьд чухал дэмжлэг болсон гэлтэй. Бушийн айлчлалын үед Монгол, АНУ-ын хооронд чөлөөт худалдааны хэлэлцээр хийгдсэн бол би хувьдаа их олзуурхах байлаа, гэхдээ Буш айлчилсан нь их юм гэж бодоод л сууж байна. Түүний Монголд ирсэн нь өөрөө асар том үзүүлэлт учраас нэг их даврах хэрэггүй байх л даа (гэхдээ л, жаахан ч гэсэн тулгачихгүй, манай дипломатууд хэт “дипломат” хүмүүс байдаг юм болов уу гэсэн… Монгол хүний зочломтгой зан ч нөлөөлсөн байж магадгүй л дээ, хүндэт зочноосоо янзан бүрийн юм шалаад суугаад байлтай биш гэж бодсон биз).

    Бушийн айлчлал нэг иймэрхүү болж өнгөрөв. Түүнийг эзгүйд АНУ-ын Сенатад Иракаас цэргээ яаралтай татах талаар баахан яриа болоод өнгөрсөн билээ. Буш ч хэцүүхэн юм нь дээр бууж байгаа биз. Гэхдээ сарлаг найзтай болсон юм чинь, настр сайтай байгаа байлгүй гэсэн, 😀

    Continue Reading