Английн сонгууль

Английн парламентын сонгуульд Тони Блэйр болон Лэйбористууд дахин балай авав. Лэйбор нам парламентын сонгуульд ийнхүү гурав дахь удаагаа ялсан нь Английн хувьд “түүхэн мөч” юм байх. Учир нь 1900 онд анх байгуулагдснаасаа хойш Лейбор нэг ч удаа сонгуульд гурав дараалж ялж байгаагүй гэнээ. Лэйбористууд Тони Блэйрийн удирдлаган дор 1997, 2001 он мөн саяны сонгуульд тус тус ялалт байгуулж, намынхаа мөн Английн түүхэнд рекорд тогтоосон байна.

Ноднин Иракын асуудал ид өрнөж байх үед Лэйбористууд орон нутгын сонгуулийг алдаж орхисон. Энэ удаад ч мөн адил Ирак сонгуулийн дүнд тодорхой хэмжээнд нөлөөлсөн бололтой. Түрүүчийн парламентад Лэйбор бусдаасаа 161 суудлаар илүү байсан бол энэ удаад тэдний давамгайлал үлэмж сулрав. Гэсэн хэдий ч Лэйбор олонхи болж дөнгөсөн тул өнөөдөр тус намын тэргүүн Тони Блэйр дахин Ерөнхий Сайдын сэнтийд заларлаа (өнөөдөр мөн түүний төрсөн өдөр бөгөөд тэрбээр тавин хоёр нас хүрч байгаа гэнээ). Английн ард түмэн түүнд маш аятайхан төрсөн өдрийн бэлэг барих шиг боллоо.

Тони Блэйр

Гэвч Лэйборын ялалт зарим талаараа ялагдлын шинжтэй байлаа: тэд нийт саналын ердөө 36 хувийг авсан бол тэдний гол өрсөлдөгч Консервативууд 33 хувь, гуравдагч хүчин болох Либерал Демократууд нийт саналын 23 орчим хувийг авсан байна. Гэхдээ цэвэр суудлын харьцааны хувьд Лэйбор шууд олонхи болчихож байгаа юм. Английн парламентын сонгууль манай одооны УИХ-ын сонгуультай адилхан зарчмаар явагддаг бөгөөд тухайн тойрогт бусдаасаа олон санал авсан нэр дэвшигч ялалт байгуулах дүрэмтэй. Зарим хүмүүс уг тогтолцоог шудрага бус хэмээн шүүмжилж байгаа бөгөөд манайд ч гэсэн сонгуулийн хуулийг өөрчлөх асуудал хурцаар тавигдах болсон билээ.

Сонгуулийн урьдчилсан дүн гарсны дараахан Консерватив намын дарга Michael Howard огцрохоо мэдэгджээ. Жаран гурван настай Howard, “би дараагийн сонгууль хүртэл намаа тэргүүлэхэд хөгшдөж байна” хэмээсэн байна. Консерватив намын сонгуулийн сурталчилгаа хэтэрхий сөрөг, Блэйр уруу дайрч давшилсан өнгө аястай байсан тул тэд ард түмэнд эерэг сэтгэгдэл төрүүлж чадаагүй хэмээн хүмүүс Howard-ыг шүүмжилжээ.

Манайд ч бас сонгуулийн сезон эхэлчихсэн, улс төрийн уур амьсгал хурцадмал байгаа бололтой. Юу болох бол?

2 Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *