Өнөөдөр Ватиканд Ромын Пап John Paul II 84 настайдаа хорвоогийн мөнх бусыг үзүүллээ. Тэрээр 26 жилийн турш Ромын Католик шашныг тэргүүлсэн бөгөөд энэ нь тус шашны түүхэн дэх хамгийн урт папчлалын нэг байжээ. 1978 онд Ромын Пап болсон John Paul II асар эгзэгтэй үед Католик шашны эрхэм хамбын үүргийг хүлээн авч, хүйтэн дайн, даярчлал, интернетийн эрин үед Ватиканы байр суурийг тодорхойлж байв. Түүний удирдлаган доор Католик шашин Ази, Африк, Латин Америкийн хөгжиж буй улсуудад байр сууриа улам бататгаж, бусад шашинуудтай нээлттэй харьцаж эхэлсэн байна.
Юутай ч, John Paul II нас нөгчлөө… “The king is dead, long live the king” гэдэг шиг дараагийн Папын асуудал хамгаас чухал байх шиг байна. Шинэ Папыг 117 хүнээс бүрдсэн Кардиналуудын Зөвлөл сонгох учиртай бөгөөд тэд 15 хоногийн дараа өөрсдийн шийдвэрээ гаргах ёстой юм байна. Тус зөвлөлд багтах кардиналуудын хоёроос бусдыг нь John Paul II өөрөө томилсон тул тэд үзэл бодлын хувьд түүнтэй маш төстэй консервативууд байдаг аж. Энэхүү консерватизм нь үр хөндөлт, гэр бүл төлөвлөлт, ижил хүйстний гэрлэлт зэрэг эмзэг асуудлууд дээр хамгийн ихээр илрэх бөгөөд Католик сүмийн эдгээр асуудлуудад хандах хандлага нэг их өөрчлөгдөхгүй нь гэж ойлгож болохоор байна.
Иймд шинэ Папыг сонгоход газарзүйн фактор хамгаас илүүтэйгээр нөлөөлж магадгүй байна. Польш гаралтай John Paul II нь 1532 оноос хойш сонгогдсон цорын ганц Итали бус Пап байсан бөгөөд энэ утгаараа түүний залгамжлагч Итали байвал зохистой гэж үзэж байгаа хүмүүс олон гэнээ. Гэвч нөгөө талаасаа дэлхийн Католикуудын гуравны хоёр нь хөгжиж буй улсуудад аж төрөх болсон өнөө үед Католик шашны удирдагч мөн адил эдгээр улсуудыг төлөөлж чадахуйц нэгэн байх ёстой гэж бодох хүмүүс их олон тул John Paul II-ын залгамжлагч Африк юм уу, Латин Америк хүн байх магадлал өндөр байгаа аж. Хэрэв Ватиканд Африк Пап заларвал сонин шүү…