Би дээр учиргүй телевизоргүй гээд л онгироод байсан даа… Гэтэл Олимпийн жил тохиож, манай баг тамирчид шар пиджакаар гангарах сургаар янзан бүрийн дарамт шахалтанд орж яаравчлан телевизор худалдаж авлаа, мөн аргагүйн эрхэнд кабель тавиулав. Олимпийн үеэр ч сайхан байсан л даа, ядаж байхад манайхан өдөр бүр ялаад л… Манайхан гардаггүй юм аа гэхэд Phelps хэрхэн яаж балай авч байгааг харж баясах гэх мэт үзэх юм ихтэй байлаа. Тэгсэн Олимп гээч нь юу юугүй дуусчихдаг юм байна, тэглээ гээд ямар кабелийн гэрээгээ огцом цуцлалтай биш. Бантсандаа нэг хэсэг орой бүр ТВ үзэж суув.
Ямар ч байсан хорь гаруй Монгол суваг байдаг юм байна… Бүгд л өөр өөрсдийн бизнес мэдээ, реалити шоу, Алтантүрүүтэй. Оройдоо мэдээж бүгд кино гаргана. Зарим нэг нь сэргэлэн гэж жигтэйхэн, зүгээр ч кино гаргачихгүй, хэд хэдэн киноны сонголт тавьчихаад, алийг нь гаргах талаар хүмүүсээс санал авах нэрийдлээр баахан мессеж бичүүлнэ. Саналынх нь тоо юу юугүй 1,000 давахыг бодоход хүмүүс бичдэг бололтой. Ядаж байхад мессежээр санал авах бүрт нь эротик кино түрүүлэх бөгөөд хүмүүсийн дур сонирхол нэгэнт ойлгомжтой тул Батманд санал өгөх нь мессежны гарз болно. Ер нь манай телевизүүд үзэгчидтэйгээ харилцах тал дээр хэнийг ч дагуулахгүй, мэдээний үеэр хүртэл үзэгчдийн санал хүсэлтийг хүлээж авна, утас дугарахад хөтлөгч нь сандарч ирээд л, өгүүлбэрээ ч дуусгаж амжилгүй утсаа авч байх жишээтэй. Web 2.0 гэдэг шиг TV 2.0 гэдэг нь энэ буюу.
Ямар нэгэн зүйл үзээд сууж байтал сурталчилгаа яваад эхэлчихвэл юу үзэж байснаа мартах шахдаг тул шууд бууж өгөөд, өөр юм хайсан нь дээр юм шиг байгаа юм. Гэхдээ “таны нэр хүнд, нийгэмд эзлэх байр суурийг чухам гар утасны чинь дугаар илэрхийлнэ”, “Котекс ариун цэврийн хэрэглэл шиг гоё тансаг зүйл энэ хорвоо дээр үгүй”, “манай банкинд мөнгөө хадгалуулвал Итгэлт баян ч танд атаархах болно” гэх маягийн рекламууд нь хааяадаа нэвтрүүлгүүдээсээ илүү зугаатай. Нэгэнт л бүх телевизууд маань “чөлөөт, ардчилсан, хувийн” тул реклам ч яахав. Харин манайхан шиг дуу хууранд дуртай хүмүүс ховор байх аа. Бүхэл бүтэн 24 цагийн хөгжмийн суваг байхын зэрэгцээ суваг тус бүрээр орой болгон ямар нэгэн хөгжмийн нэвтрүүлэг гарна, нэвтрүүлэг гардаггүй юм аа гэхэд ганц нэг клип заавал явуулна. Аргагүй биз дээ, ерөнхий сайд нь хүртэл шилдэг продюсерын шагнал аваад байхад. Ямар ч байсан Ариунаа Сарантуяа, Харанга Хурд, Камертон Номин талстын үеийг бодвол дуучид маань асар өнгөлөг болжээ \зарим нэгэн “энэ яах гэж өөрийгөө ингэж зовоодог байна аа” гэмээр нөхдийг эс тооцвол\.
Монгол ТВ сувгууд ойлгомжтой болоод ирэхээр орос каналуудыг сонирхож эхлэв. Нэг оройжин “Что, где, когда”-г гарахыг хүлээлээ, цагийг нь андуурсан уу яасан, олж үзэж чадсангүй. Бусад мэддэг нэвтрүүлгээс “Поле чудес”-ыг л олж харах шив. Якубович гуай бахь байдгаараа л… Гэхдээ “Поле чудес”-ыг ер ойлгодоггүй юм, оролцогчид нь шагнал хожих гэж нэвтрүүлэгт ордог юм уу эсвэл Якубовичид ямар нэгэн “нутгийн” юм бэлэглэх гэж очдог юм уу, харах тоолонд л аль нэгэн оролцогч нь тор дүүрэн юм гаргаад тавьчихсан, “примите наш скромный подарочек”, чухам танд л өгөх гэж чирж ирлээ ухааны юм ярьсан шигээ өнөөх тороо ухчихсан зогсож байх юм. Үг мүг таах бол хоёрдугаар асуудал. Музей Поле чудес гэдэгт нь бүхэл бүтэн байшин хэрэг болдог байх аа.
Ер нь оросууд иймэрхүү хөгжөөнт, тааварт нэвтрүүлгүүдэд их дуртай юм шиг байгаа юм. “Who wants to be a millionaire” маягийн нэвтрүүлэг маш олон, суваг солих бүрт л нэг нөхөр ямар нэгэн сонин асуулт тавьчихсан, хэдэн хүмүүсийг байдгаар нь зовоочихсон зогсож байх. Харин киноны тал дээр оросууд асар хоцрогдмол болж таарсан, телевизууд нь байнга Вандаммтай боевик гаргаад байхыг бодоход хүмүүс нь үзэх дуртай байдаг юм байлгүй (Van Damme гэж google-дэхэд түүний орос фэн сайт эхний хэдэн сонголтод багтаж байна лээ, Орост цаадах чинь юун Michael Jackson, Madonna юм шиг байгаа юм). Вандаммын кино дуусаад ирэхээр Стивен Сигал гэх мэт рүү орчихно, санаа амар. Хажууд нь манайхны гаргадаг кинонууд сүрхий, хааяа бүр хаанаас олж авсан юм бэ гэмээр далий кино гаргана \даанч орчуулна гэж алаад хаячихдаг болохоор үзэхэд төвөгтэй\. Гэснээс, нөхдүүд чухам англи хэлийг Монгол улсын албан ёсны хэл болгоно гээд л байсан, тэгж тэнэгтэхийн оронд ТВ-ууд гадаад киногоо англи титртэй гаргаж болдоггүй юм байх даа, хүмүүст хэл сурахад нь тус дэм болмоор юм…
Телевиз нэг иймэрхүү… Одоо ч хааяа нэг Bloomberg, BBC гэх мэтийг харж худлаа чухал царайлна уу гэхээс биш өөр үзэх юм олдохоо байж байх шиг байна. Ядаж байхад мэдээний сувгаар нь дандаа тийм ч компани дампуурсан, ийм ч ханш унасан гэж ирээд л сандраагаад байх юм. Уйдвал хэзээд Solitaire тоглож болох юм чинь дараагийн Олимп хүртэл кабелиа түр салгуулдаг ч юм билүү… 😛
4 Comments
Cabelaa tyreeslyylchih tehyy naizaa. 4 jiliin hugatsaatai honogiin 100Tugruguur avii. 4 jiliin daraa 146000 tugrug Ih mungu SHYY. Ter yed Americ daind yalagdaad 1Tugrug=1 dollar boloh ch umuu hen medlee
???? ?? ?????????? ????-??????, ???????????? ?? ???
???
???????? ???? ???