Мэдээллийн хомсдол

Өчигдөр учиргүй идэвхи гаргаж, орон нутгийн сонгуульд анхны удаа саналаа өглөө. Мань мэт нь ч яахав, уранхай жийнстэйгээ л очсон, харин санал авах байранд хэдэн торгон дээлтэй эмээ нараас өөр хүн харагдсангүй…

Шөнө 22 цаг өнгөрөөгөөд сураг тавьж суутал ирцийн талаарх мэдээллийг хэн ч өгсөнгүй. Хэдэн сэтгүүлчид л УБ-т ирц хүрэхгүй байх магадлал өндөр байгаа талаар баахан таамаглал дэвшүүлж, хий ярьцгаав. Уул нь санал хураалт хаасны дараа 1-2 цагийн хооронд ирцийг эрхбиш тоолоод гаргачихмаар юм. Өнөө өглөөнөөс эхлээд дахиад л сураг тавилаа. Гэтэл өнөөх олон ТВ суваг нь өчигдөр орой гаргасан болсон болоогүй хэдэн кинонуудаа л давтаж гаргаад байх юм. Сонин дээр ч олигтой мэдээлэл байсангүй. Ганц нэг вебсайт л эх сурвалж нь тодорхойгүй, товчхон гэхэд ахадмар хэдэн өгүүлбэр тавьсан байх юм \тэр дундаас хамгийн дөнгүүр нь news.mn\

Уул нь өдийд аймгуудын дүнг тоолоод дуусчихсан л баймаар юм. Дөрвөн жилд нэг удаа болдог сонгуулийн дүнгээ ядаж цаг тухайд нь нэвтрүүлээд байж болдоггүй юм байх даа. Өчнөөн олон ТВ суваг, сонин сэтгүүл байх юм, гэтэл нэг нь ч олигтой мэдээлэл өгчихөж чадахгүй байна. Байдал ийм байхад хүмүүс бухимдалгүй яахав дээ. Мань мэт нь цаг заваа хумсалж ирээд л нэг юм саналаа өгнө, даанч дараа нь хэн ч бидэнд байдал ийм байна, тийм байна гэж тоож мэдээлэхгүй. Энэ олон ТВ, сонинууд ямар зорилгоор оршин тогтнодог оо ч ойлгодоггүй юм шиг байгаа юм \эсвэл үүргээ хэт сайн ойлгодог байх\.

Мэдээлэл чухал гэж яриад л байдаг, гэтэл түүнд ач холбогдол өгч байгаа хүн амьтан даанч алга. Наад зах нь өчигдөр саналаа өгөх гээд очиход нэр дэвшиж байгааг нь ч мэдээгүй, нэрийг нь ч сонсоогүй хэд хэдэн хүмүүсийн нэр саналын хуудас нь дээр байх юм. Гэрт авчирч өгсөн нэр дэвшигчдийн сонин сэтгүүлийг нь хальт гүйлгэж хараад л байсан, гэтэл зарим нэг хүмүүсийн материал ер орж ирээгүй. Заавал учиргүй хэдэн арван мянган ширхэг цаас хэвлэж тараа гэж хэлээгүй л дээ, гэхдээ ядаж нэг вебсайт хийгээд \цааснаас хамаагүй хямдхан шүү дээ, үнэгүй ч байж болно\, хаягийг нь энд тэнд хадчихгүй дээ гэж бодов. Аягүй л бол мөнгө төгрөг байхгүй гээд л арчаагүй царайлаад сууж байсан даа. Нэр дэвшигчид нь ингэж идэвхи гаргадаггүй юм аа гэхэд ядаж Сонгуулийн Ерөнхий Хороо нь сайт нь дээрээ нэр дэвшигчдийн товч намтарыг болтугай тавьчихгүй…

Вебсайт гэснээс, энэ жилийн сонгуульд асар олон залуучууд нэр дэвшсэн л гэж яриад байна, гэтэл тэдний дунд интернетээр дамжуулж сурталчилгаа хийсэн хүн маш цөөн байх шиг харагдсан. Уул нь залуучууд нь иймэрхүү зүйлд арай өөрөөр хандмаар юм, гэтэл бараг хөгшчүүлээсээ долоон дор болж таарлаа.  Тэгэхээр шинэ үеийн дарга цэрэг нар нь ийм байхад цаашдаа мэдээллийн нээлттэй байдал сайжирна гэдэг юу л бол…. яаж хүн болж ялаа ална даа.

Ямар ч байсан УБ-т дахин санал хураалт явагдах магадлал өндөр байгаа гэж ойлгож байна. Нэр дэвшиж байгаа хүмүүсийн хэнд нь ч саналаа өгмөөргүй байгаа тохиолдолд саналын хуудсаа хайрцаганд хоосноор нь хийж болно. Хэрэв хоосон саналын хуудас хамгийн олон болж таарвал яах ёстой юм бол? Энэ талаар сонгуулийн тухай хуулинд:

41.8.Санал огт  тэмдэглээгүй буюу бүх нэр дэвшигчийн нэрийг дарсан саналын хуудсыг хүчинтэй саналын хуудаст тооцож, хэнийг ч дэмжээгүй санал гэж үзнэ.

Хэнийг ч дэмжээгүй санал хамгийн олон байвал нэр дэвшигчид бүгд нэрээ татаж, сонгуулийг дахин зарлах болов уу? Энэ тухай хуулинд дурдагдаагүй байна.

Харин дахин сонгууль явуулах тухайд:

45 дугаар зүйл. Орон нутгийн Хурлын сонгуулийг хүчингүйд
тооцох, дахин сонгууль явуулах

45.1.Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо дор дурдсан тохиолдолд орон нутгийн Хурлын сонгуулийг хүчингүйд тооцож дахин сонгууль явуулах шийдвэр гаргана:

45.1.2.энэ хуулийн 44 дүгээр зүйлд заасны дагуу хэсэгт явуулсан дахин санал хураалт хүчингүй болсон бөгөөд тэр нь сонгуулийн дүнд ноцтой нөлөөлөхөөр байвал.

45.1.1.аймаг, нийслэл, сум, дүүргийн нийт сонгогчийн 50 хувь нь санал хураалтад оролцоогүй;

45.2.Дахин сонгуулийг тухайн сонгуулийг хүчингүйд тооцсон шийдвэр гарснаас хойш 14 хоногийн хугацаанд явуулна.

45.3.Дахин сонгууль явуулах шийдвэр гарсан бол сонгуулийн хороог шинэчлэн байгуулах, нэр дэвшүүлэх зэрэг уг сонгуулийг бэлтгэн явуулах ажиллагааг энэ хуулийн холбогдох заалтыг баримтлан зохион байгуулна.

Энэ суулчийн заалт ямар учиртай юм бол? Нэр дэвшүүлэх үйл ажиллагааг дахин зохион байгуулах буюу намууд нэр дэвшигчдээ сольж болно гэсэн үг үү? Сонгууль дахих шийд гарлаа гэж бодоход хууль нь бас зөндөө цоорхойтой болж таарна даа… Дахиж санал өгнө гэдэг хэцүү л сонсогдож байна…

PS: сонгууль ч яахав, өнөөдөр эдийн засгаар Нобелийн шагнал хэн авах нь тодрох ёстой. Тэд ч дүн нь гарав уу үгүй юу вебсайт нь дээрээ тавьчихдаг хойно ингэж хүлээж суухгүй, амар л даа.

2 Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *