“Grand evening of piano” concert

Өчигдөр учиргүй гэгээрч, төгөлдөр хуурын концерт үзлээ. Төгөлдөр хуурч Оюунгэрэл, Цолмон багш, Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Мөнгөнцэцэг нар Сергей Рахманиновын бүтээлүүдээс тоглож, над мэтийн бүдүүлэг нөхдийн сонорыг мялаав. 

Жилдээ ганц хоёрхон удаа л сонгодог хөгжим сонсдог, цаашилбал сонгодог гэхээр сайндаа л Битлзыг төсөөлдөг мань мэтийн хүмүүсийн хувьд Рахманинов дэндүү хүнд, дэндүү нүсэр санагдав. Сонгодог хөгжмийг жинхэнэ утгаар нь мэдрэхийн тулд ихээхэн бэлтгэгдсэн байх шаардлагатай байдаг юм болов уу… ухаандаа, мань мэт нь хоёр цагийн туршид Рахманинов сонсох нь 3-р ангийн хүүхэд юу юугүй Достоевскийн зохиолыг уншиж, өөрийгөө зовоохтой агаар нэг мэт. Наад зах нь төвлөрч өгөхгүй зовлоо… концерт гэхээр юу юугүй наян хүмүүс гарч бүжиглэх, эсвэл тайз дүүрэн үйл явдал өрнөхөд дассан МТВ-ийн эрин үеийн бидний хувьд бүхэл бүтэн хоёр цаг дан ганц сонсголоо ашиглаж,  түүнээсээ таашаал авах нь даанч сураагүй зүйл байв. Яахав, урьд нь сонгодог хөгжмийн концерт үзэж байсан л даа, гэхдээ л ойрын нэг хоёр жилийн туршид сонгодог хөгжмийн концерт байтугай олигтой жүжиг үзээгүй болохоор хэцүүхэн л байлаа. Хаа нэгэн газар ямар нэгэн юм дугарвал юу юугүй эргэж хараад л, хажууд сууж байгаа хүмүүс шивнэлдвэл шууд анхаарал сарниад л… Fidget хийхгүйгээр зүгээр суух гэж үзэж тарсаар байтал юун тэр концерт сонирхох… Ядаж байхад үзэгчдийн ихэнхи нь надтай адилхан зовлонтой хүмүүс байв уу, бүгд хөдлөөд л, утсаа оролдоод л, цүнхээ ухаад л…

Дээхэн үед учиргүй хөгжмийн боловсролоо дээшлүүлэх зорилгоор баахан сонгодог хөгжмийн диск цуглуулаад, тэнэг урт жагсаалт гаргаад сонсож эхэлсэн боловч Бетховен хүрээд л унтарсан даа. Рахманиновын төгөлдөр хуурын 3-р концертыг мэдрэх нь битгий хэл ганц хоёр нотыг нь ч танихгүй байгаа юм чинь. Үе үе аялгуунд нь ороод, яг epiphany-дах гэж байтал хажууд суугаа нөхөрт мессеж ирээд л бүх зүйлийг үгүй хийчих жишээтэй.

Ер нь би хөгжмийн боловсрол муутай нөхөр өө. Эсвэл шал сонсголгүй байх. Дуу сонсохдоо ихэвчлэн үгэнд нь болж сонсдог байсан болоод ч тэр үү, “үггүй” хөгжим нэг л явж өгдөггүй юм. Ямар сайндаа сүүлийн үеийн транс, хаус гэх мэтийн чиглэлүүдийг нэг их сайн ойлгохгүй байхав. Тэгэхээр яаж ч Рахманиновын концертыг таашах юм билээ. Аргаа бараад жаал google-длээ. How to enjoy a classical concert гэх мэтийн линк зөндөө байгааг бодоход мань мэт шиг хүмүүс олон байдаг бололтой. Acquired taste гэдэг шиг аль болох их сонсож байж л сонгодог хөгжмийг мэдэрч сурдаг байх даа. Хөгжим сонсох хүртэл хэцүү байдаг гэж бодохоор амьдралд амар зүйл алга аа. Яаж хүн болж, ялаа ална даа.

Концертын хувьд, Оюунааг үнэхээр үнэллээ \сонгодог хөгжим ойлгодоггүй гэж ярьж ярьчихаад учиргүй хөгжимчдөд нь үнэлэлт өгөөд байх нь хаашаа ч юм… гэхдээ л\. Алдаа мадагыг нь ямар мэдэх биш, ямар ч байсан надад сэтгэгдэл төрүүлсэн. Ирэх жилийн концертыг нь үзэхдээ өөрийгөө сайн бэлтгээд, жинхэнэ утгаар нь мэдэрч үздэг юм шүү.

5 Comments

  1. minii bodloor, songodog hogjmiig ‘oilgono’ gedeg n ooriin dotood setgeltei niicsen buteel/zohiolch olno gesen ug … like chemistry in relationship, or for that matter any other preferences we might have … chemistry baihgui bol huseed ch setgeleeree oilgoohod hecuu…magadgui, sonsood baival oorin gesen hogjimoo olokh biluu…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *