Ажлаа тараад гэртээ иртэл хаалганы завсраар нэгэн сурталчилгааны хуудас хавчуулчихсан байлаа. Сүүлийн үед нөхдүүдийн маркетингийн арга барил хэтэрхий сайжирсан уу яасан гэртээ ирэх тоолонд л нэг иймэрхүү зүйл угтдаг болоод байна. Харин энэ удаад цоо шинэ, “далавчтай” ариун цэврийн хэрэглэл, хачин амттай, жинхэнэ “америк” пицца гэх мэтийг бус БУРХАН-ыг сурталчилжээ.
“ТАНД ӨГСӨН ХАМГИЙН АГУУ ХАЙР”. Тэр хайрыг хэн, хэрхэн надад өгсөнийг мэдэж авах нь миний хувьд амин чухал гэнээ. Энэ талаар Еховагийн Гэрчүүд надад үнэн зөв мэдээллийг өгөөд зогсохгүй намайг чухам аварч, диваажинд хүргэх ажээ. Бусад сурталчилгааны хуудсуудыг бодвол тэд намайг ямар нэгэн зүйл худалдаж авахыг шаардсангүй, гагцхуу Есүсын агуу хайрыг л мэдрүүлэхийг хүсчээ.
Хуудасныхан буланд Printed in Germany гэсэн бичиг байв. Надад Есүсийн агуу хайрыг сурталчлахын төлөө хаа байсан Германд энийг хэвлүүлсэн байж таарах нь. Үүнийг даярчлал гэх үү эсвэл эмгэнэл гэх үү? Мань мэт нь ч яахав, иймэрхүү төрлийн сурталчилгаанд тэр бүр өртөөд байх биш… гэтэл гадуур энэ төрлийн тархи угаалт ямар их явагддаг бол? Хаалганы завсраар хуудас хавчуулах нь наад захын асуудал биз. Аягүй л бол нэг нөхөр гэрт нь орж суучихаад цэцэн цэлмэг үгс урсгаж өгдөг байлгүй. Итгэл үнэмшил гэх зүйлгүй болсон, “хайр” гэдэг үг үгсийн сангаас нь алга болоод удаж байгаа хүмүүс тэдэнд итгэж л таараа. Намайг хүн хайрладаггүй байж болно, гэтэл цаана чинь Есүс намайг хайрлаад, миний төлөө үхчихсэн юм чинь гэж ирээд л….
Баянзүрх хүнсний захын урд талд “Еховагийн Гэрчүүдийн Хаанчлалын Танхим” гээч газар байдаг бөгөөд тэнд чухам “Хүн төрөлхтнийг хэн зөв зохистой удирдаж чадах вэ?” гэсэн сэдвээр тусгай лекци уншигдана гэнэ. Яасан ч сүртэй нэртэй газар вэ, ямар ч сүрхий сэдэвтэй лекци вэ. Ямар хүмүүс тэнд очдог, юу ярьцгаадаг бол доо? Ядаж байхад Jehovah’s witnesses гэдэг нь культ маягийн, mainstream Christianity-гаас нэлээн өөр номлолтой, шашин гэхэд хэцүү зүйл байдаг гэдэг биз дээ.
Хобби хөдлөөд Еховагийн гэрчүүдийг google-длээ. Зарим нөхдүүд тэднийг чухам культ мөн, Библийг гуйвуулдаг этгээдүүд гэж ирээд л хараасан байх, зарим нь ч яахав номлолыг нь тайлбарласан байх жишээтэй. Ямар ч байсан их өвөрмөц үзэл баримталдаг нөхдүүд байх шиг: засгийн газрыг хүлээн зөвшөөрдөггүй \Бурханы хаанчлалыг хэн ч орлох ёсгүй гэх маягтай\, цэргийн алба хашиж болохгүй, орчин үеийн шинжлэх ухааны зарим ололтуудыг няцаадаг \цус шилжүүлж болохгүй, г.м.\, Еховагийн гэрч бус найз нөхөдтэй байж болохгүй, төрсөн өдөр, Цагаан сар гэх зэрэг баяр ёслолыг тэмдэглэж болохгүй… Дэндүү олон зүйлийг хориглосон байхыг харахад үнэхээр л гишүүдийнхээ амьдралыг контрольдохыг хүсдэг, культ маягийн байгууллага юм шиг санагдаад явчихав. Гэтэл тэд манайд идэвхитэй үйл ажиллагаа явуулаад зогсохгүй аль хэдийн “хаанчлалын танхим”-тай болчихсон байдаг…
Юунд итгэж, яаж амьдрах нь хувь хүний эрх чөлөөний асуудал л даа. Гэхдээ хүнд ямагт сонголт байх ёстой. Учраа мэдэхгүй арван жилийн хүүхдэд хэдэн цагаар нь ухуулга хийж, “Еховагийн гэрч” болохгүй л бол диваажинд очиж чадахгүй, жаргахгүй гэх маягаар ятгаад байх юм бол хэн тэсэх вэ дээ. Олон талын мэдээлэл авч байж л хүн сонголт хийх боломжтой болно уу гэхээс биш ганц нэг идэвхитэй бүлэглэлийн ухуулганд автаад байвал яаж ч сонголт хийх вэ дээ. Улаанбаатарт болдог уулзалтууд нь очиж сурвалжлага хийх юмсан… Тэдний уулзалтыг хөндлөнгөөс харахад бас л арай өөр байх байлгүй \тэгсэн эгч нэг мэдсэн уярчихсан, Еховаг магтан дуулаад явж байвал яанаа гэсэн, :D\
Маргааш гэртээ ирэхэд намайг чухам юуны реклам угтах юм болдоо? Сонгууль ойртож байгааг хэлэх үү, болсон болоогүй нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр орцоор нэг хөглөрөх нь дээ…
Бурханыг рекламдана гэснээс, дэлхий дээр хамгийн их зарагдсан ном Библи гэдэг дээ… Шашны байгууллагууд зар сурталчилгаанд хэр их хөрөнгө зарцуулдаг бол? Аягүй л бол юун Coca-cola, Philip Morris байгаа даа…