Өчигдөр нэгэн шинэ нээлт хийлээ: УБ маань асар гоё номын дэлгүүртэй болсон байна. Шинжлэх ухаан мэдээллийн төвийн урд талд байрлах “Интерном” номын их дэлгүүр нь саяхан нээгдсэн бөгөөд үнэхээр сайн дэлгүүр болжээ. Хуучин бид ном сэтгүүл олж авахын тулд Багшийн дээд хавь орчмийн лангуу, МУИС-ын урд талын ТУЦ хавиар эргэлддэг байсан бол одоо гагцхуу энэхүү дэлгүүрийг зориход л хангалттай боллоо. Цэвэр цэмцгэр, зохион байгуулалт сайтай уг дэлгүүрт ороод өөрийн эрхгүй баярласан шүү. Ном сонирхоод зогсож байгаа зөндөө олон хүмүүсийг хараад бүр ч их баярласан.
Уг дэлгүүрийг хэвлэлийн “Эдмон” компани нээсэн гэх шиг болсон. Бусдад хэрэгтэй зүйлээр бизнес хийж чадаж байгаа “Эдмон”-ы Энхбат шиг хүмүүс олон болох болтугай. Та нарт баярлалаа!