Сонин гарчиглаж суутал Улс тунхагласны баяраар хэсэг бүлэг залуус Хятад эзэдтэй зочид буудал, үйлчилгээний газрууд руу дайрж, эд хогшлыг нь гэмтээсэн талаарх мэдээ анхаарал татлаа. Уг хэргийг сурвалжилсан “Өдрийн сонин”-ы сэтгүүлч
Монголд дур зоргоороо авирлах нь хэрээс хэтэрсэн хятад, солонгосчуудын эсрэг тэмцэх иргэдийн ажиллагаа идэвхжиж эцэстээ мөргөлдөөн болоход хүрээд буй бололтой.
гэсэн дүгнэлт хийжээ. OK, Хятад, Солонгосын иргэд Монголд олширсон хэмээх мэдээнд бухимдсан хэдэн залуус бухимдлаа ийнхүү ёс бус аргаар тайлсан байна гэж ойлгож болох юм. Гэтэл Sonin.mn дээр тавигдсан уг нийтлэлийн хариуд бичигдсэн уншигчдын сэтгэгдлүүд их эмзэглүүштэй санагдлаа. “Эр зоригтой, эх оронч залуус байна”, “Зөв, дэмжиж байна”-аас авахуулаад “Муусайн хужаа нарыг алаад өг” хүртэлх сэтгэгдэл асар олон байлаа. Эдгээр залуусын арга барилд шүүмжлэлтэй хандсан хүмүүс их цөөхөн харагдана лээ.
Хятад, Солонгос, Пакистан зэрэг улсуудын иргэд Монголд олноороо бизнес эрхлэх боллоо хэмээн яригдаад удаж байна. УБ-ын гудамж ч үүний үнэнийг илтгэх мэт: энд тэндгүй Хятад хаяг, Солонгос хоолны газар, г.м. Ядаж байхад тэд нүдэн дээр Монголчуудаас илүү сайхан амьдраад, илүү их мөнгө хийгээд байдаг. Мэдээж бухимдал үүснэ. Гэхдээ бухимдлаа гээд бид бүгд юу юугүй гудамжинд гарч, тэр хүмүүсийг хүчирхийлж эхлэх ёстой гэж үү? Аливаа нийгэмд радикал арга хэмжээ авахыг эрмэлзэх радикал үзэл бодолтой хүмүүс байх нь ойлгомжтой, гэхдээ дээрх нийтлэлд хариу сэтгэгдэл үлдээсэн хүмүүсийн дийлэнхи нь уг радикал арга хэмжээг дэмжээд байгаа нь үнэхээр санаа зовоож байна. Өнөөдөр эдгээр хүмүүс “Хятадуудыг алах хэрэгтэй” гэж хэлж байгаа бол маргааш “Эрлийз, хурлийзуудыг, казакуудыг, буриадуудыг” гэвэл яана (ингэж хэлдэг хүмүүс угаасаа бий л дээ). Еthnic hatred гэдэг их аюултай зүйл шүү дээ, энэ бүхэн хэзээ нэгэн цагт бидний өөрсдийн толгойн дээр буувал бид яах вэ?
Хүмүүсийн өнөөдрийн бухимдал ихэвчлэн эдийн засгийн асуудлаас үүдэлтэй гэж хэлж болно. Монголчуудын тэн хагас нь ядуурлын доод түвшинд амьдарч байхад хэн нэгэн Хятад, Солонгос гар учиргүй баяжаад байгаад дургүйцэж буй хүмүүсийг ойлгож бололгүй яахав, Монгол үйлчлэгчээ дээрэлхэж буй Солонгос хоолны газрын эзнийг хараад миний ч бас дургүй хүрдэг л юм. Гэхдээ хүчирхийлэлгүйгээр эсэргүүцлээ илэрхийлж болмоор санагдах юм. Тэр Солонгос эзэнтэй хоолны газраар үйлчлүүлэхээ больчих л доо, тэд биднээс мөнгө салгаж чадахаа байвал буцаад яваад л өгнө шүү дээ. Хятад гаруудад ноолуураа зарахаа боль л доо, Монгол компаниуд байдаг биз дээ? Цаашлаад, хэрэв үнэхээр уг асуудалд санаа зовж байгаа бол гадаадын иргэдийн визны асуудлыг чангалах шаардлага Засгийн Газарт тавьж болох юм, мөн гадны хөрөнгө оруулалтын хуулинд өөрчлөлт оруулахыг шаардаж болно. Эцсийн эцэст бид эх орондоо байна шүү дээ, ямар бослого гаргахаас өөр аргагүй болсон Францын цагаачид байгаа биш.
Эцсийн дүндээ асуудлын мөн чанар гадныханд биш, бид өөрсдөд ч байж мэднэ. Монгол хүний төлөө ажилласнаас хэн нэгэн Солонгост зарагдахыг илүүд үзэх хүмүүс байдаг л юм билээ. Монгол хүнтэй хамтарснаас хэн нэгэн Хятадыг сонгох хүмүүс ч олон байх, Монгол хүнээс зөвлөгөө хүсэхийн оронд хэн нэгэн Америкийн үгийг харах нь бүр ч элбэг. Өөрсдийгөө хүндэлж, бие биендээ итгэх нь бидний хувьд хамгийн чухал бус уу?
Зарим хүмүүсийн бичсэнчлэн, амжилттай бизнес эрхлэх нөхцөл байдлын хувьд гадныхан Монголчуудаас илүү их боломжтой байгаа нь авилгалтай их олон талаар холбоотой байх. Наад зах нь хэл ам, танил талаас айсан дарганцар Монголчуудаас биш, гадныхнаас хахууль авахыг илүү аюулгүй гэж үзэх байлгүй. Монгол хэтэрхий жижигхэн тул Монголчуудтай нэр холбогдсоноос сураггүй гадаадуудтай холбогдсон нь дээр гэсэн логик ажилладаг байж тун болзошгүй. Авилгал гэдэг бол эргээд л бидний асуудал. Өөрсдийн шийдэж чадахгүй байгаа зүйлд хэн нэгэн Солонгос өвгөнийг буруутгаад яах ч юм билээ.
Мөн иймэрхүү мэдээ олшрох тусам гадны хөрөнгө оруулалтын хэмжээ багасах болно гэдгийг давхар ухамсарлах хэрэгтэй мэт. Хэдийгээр гадныхан Монголд олширч буй нь санаа зовних шалтгаан байж болох ч, тэдний мөнгө бидэнд хэрэгтэй байна шүү дээ. Жижиг дунд бизнесийг бид өөрсдөө аваад явчихаж чадна л даа, гэхдээ их хэмжээний хөрөнгө оруулалт шаардагдах үед гадныхны мөнгө хэрэг болох нь ойлгомжтой. Тэднийг үүргэснээрээ бид өөрсдөө л хохирно.
Нэг зүйл нэмж хэлэхэд, манай сэтгүүлчид асуудалд хариуцлагагүй хандах юм аа. Дээрх сэтгүүлчийн хийсэн дүгнэлт бас л хүнд сонсогдож байна. “Монголд дур зоргоороо авирлах нь хэрээс хэтэрсэн хятад, солонгосчууд” гэж хэлэхдээ бодит баримт гаргаж тавих хэрэгтэй шүү дээ, хэрэв бодит баримт байхгүй бол дугай л өнгөрнө биз. Иймэрхүү байдлаар амны зоргоороо хүмүүсийн бухимдлыг хөөрөгдүүлэх ямар хэрэг байна аа?
PS: ядаж байхад яг энэ үед Ерөнхийлөгч Энхбаяр БНХАУ-д айлчилж таардаг нь ч юу вэ дээ гэсэн.
5 Comments
??????-???? ??????vv?? , ???
?????
???
?????????? ???????????? ???
???