Психотүүхийн золиосууд

Би өөрийгөө чамгүй сайн уншигч гэж бодох дуртай ч, чин үнэндээ сүүлийн хэдэн жил огт ном уншсангүй гэхэд хилсдэхгүй. Уншдаг зүйл маань мэргэжлийн шинж чанартай ном зохиол, судалгааны ажил, сонин сэтгүүл зэргээр хязгаарлагдах болоод уджээ. Харин энэ зун овоо олон хоног зуслан дээр өнгөрүүлснийг хэлэх үү, эргээд уншиж эхлэв.

Ойрд уран зохиол уншаагүй болохоор аль болох хөнгөн төрлөөр эхэлье гэж бодоод Азимовын “Foundation” цувралыг барьж авлаа. Хар багаасаа л science fiction буюу уран зөгнөлт зохиолд маш их дуртай байсан болохоор энэ төрлөөс эхэлсэн нь дээр гэж бодов. “Foundation”-ыг нь урьд нь уншиж байсан ч, бараг л мартагдсан байлаа, тэгээд ч энэ удаад зохиолчийн өөрийнх нь санал болгосон дарааллаар буюу хэвлэгдсэн дараалал бус, зохиолын он цагийн дарааллаар уншив.

Бага байхдаа сансрын нислэг, робот гэх мэт зүйлст нь сатаардаг байсан бол энэ удаад зохиолыг улс төрийн өнцгөөс харах шиг болов. Аргагүй ч биз, сонгуулийн дуулиан дарагдаагүй байсан үе. Хари Селдон психотүүх хэмээх шинжлэх ухааныг бодож олоод зогсохгүй түүнийхээ ололтод тулгуурлан дайн дажингүй төгс нийгэм байгуулах зорилго тавьдаг. Коммунист шахуу оролдлого. Нийгмийн амьдрал олонлогийн хуульд захирагддаг, олонлог хаашаа явж, юу хийхийг урьдчилан таамаглах боломжтой гэж буй боловч Селдон кризисийг даван туулахын тулд хэн нэгэн хүчтэй хувь хүн зайлшгүй байж таардаг нь сонирхолтой.

Бүхэл бүтэн огторгүй ертөнцийг битгий хэл гуравхан сая хүн амтай нэг улсыг зөв замаар залж явах ямар хэцүү болохыг бид хангалттай үзэж байна. Наад зах нь, эдийн засгийн оновчтой бодлого боловсруулахын тулд эдийн засгийн онол, санхүүгийн мэдлэг шаардлагатайгаас гадна хүмүүсийн хүлээлтийг зөв удирдах хэрэгтэй буюу иргэн бүр дор бүрнээ зөв шийдвэр гаргаж байж нийтээрээ урагшлах нөхцлийг бүрдүүлнэ. Хэдэн нягтлан бодогч нийлчихээд баланс барих гээд зүтгээд байвал юу болдгийг сүүлийн хоёр сар харуулах шив.

Эдийн засагч Пол Кругман 2012 онд Английн Гардиан сонинд Азимовын Foundation цувралын талаар ийн бичжээ:

https://www.theguardian.com/books/2012/dec/04/paul-krugman-asimov-economics

Continue Reading