Саяны хагас сайн өдөр асар аз таарсан өдөр байлаа. Өглөө эрт ажилтай байсан биш уулзах ёстой байсан хүн маань уулзалтыг цуцалж, өдрийг гэртээ өнгөрүүлэх боломж олгов. Тэгж байтал Япончуудын хийсэн Чингисийн тухай киноны “хаалттай нээлт”-ийн урилга олдож, энэ оны 3-р сарын 3-нд албан ёсоор нээлтээ хийх уг киног урьдчилж үзэх завшаан гарлаа. Тэнгис кинотеатр руу явж байхдаа яагаад ч юм нэг их өндөр хүлээлтгүй байсан хэдий ч Япончуудын хийсэн кино надад асар таалагдав.
Хэдий тус киног Япончууд хийж, гол дүрүүдэд Япон жүжигчид тоглосон ч гэсэн, кино нь бүхэлдээ Монголжуу уур амьсгалтай болжээ. Монгол хүн бодож хийсэн бол иймэрхүү л зүйл хийх байсан даа гэж бодогдмоор… гэхдээ нэгэнт Монгол хүн хийгээгүй юм чинь бидний нийтлэг төсөөллөөс ангид зүйлүүд мэр сэр байлгүй яахав. Биднийг бодвол Япончууд Чингисийг хөндлөнгөөс харж чадах болохоор түүнийг хувь хүн талаас нь буюу эргэлздэг, гэмшдэг, айдаг, хайрладаг, харддаг жирийн нэгэн эр хүнээр дүрсэлж чаджээ. Харин бидний collective consciousness-т Чингис нэг их л баатарлаг, эрэлхэг, жирийн бус хүн хэмээн буудаг даа. Энэ утгаараа Монгол хүн түүнд ямар нэгэн хир халдаалгүй, түүний “миф”-ийг хадгалах хүслээр зохиолоо бичнэ. Бас нэгэн зүйл гэвэл бидний хувьд Нууц Товчооны зарим нэгэн хэсгүүд бусдаасаа илүү ойрхон байдаг бол (Өэлүн эх хүүхдүүддээ эвтэй байгаараа хэмээн захидаг хэсэг, г.м), Япончууд Нууц Товчооны арай өөр хэсгүүдийг тод томруунаар харуулахыг зорьсон санагдсан. Есүхэй баатар хүүдээ бэр гүйх гэж очиход нь Дэй Сэцэн цагаан шонхор зүүдэлсэн гэж ярьдаг хэсэг, Тэмүүжин анх Тоорил ван ханд бараалхахдаа хар булган дах бэлэг барьсан нь гэх мэт… Зарим нэгэн үг хэллэгийг шууд Нууц Товчооноос авсан байсан нь кино зохиолыг хачирлаж байв. Мэдээж хэрэг уран сайхны кино л болсон хойно Нууц товчоог ягштал дагана гэж юу байхав… Тухайлбал, Чингис Жамухыг өөрийн гараар цаазладаг хэсгийг албаар action бий болгохын тулд нэмсэн байх л даа. Гэхдээ санасныг бодоход үйл явдлын өрнөл эх зохиолтойгоо тун ойрхон байсан нь таалагдав.
Киноны нэр “Бөртэ Чоно: Чингис хаан” юм билээ. Нэр нь ийм болоод ч тэр үү, киноны гол зангилаа нь удам угсааны асуудал байв. Киноны зохиолын дагуу, Чингисийн tragic flaw нь өөрийн удам угсаанд эргэлздэг явдал байх бөгөөд өөрийгөө Бөртэ Чоны удам гэдгээ батлахын тулд үхэн хатан тэмцэж, улмаар өөрийнхөө эргэлзээг эргээд хүү Зүчидээ тулгаж, асуудал үүсгэдэг. Үүний хажуугаар Жамуха Тэмүүжин хоёрын тэмцэл өрнөх бөгөөд тэр хоёрын зөрчил зөвхөн алдар нэр, эрх мэдлийн асуудалд тулгуурлах бус хайр дурлалын сэжүүртэй байна – Тэмүүжинг 7 жил алга болох зуур Бөртэ Жамухатай сууна хэмээн амласан байдаг. Жамухын дүр кино зохиолыг их аятайхан тэнцвэржүүлж, Тэмүүжинд хүчтэй өрсөлдөгч бий болгоно. Энэ утгаараа Нууц Товчоо сонгодог action зохиол байсан юм билээ шт. Ядаж байхад Жамухад тоглосон жүжигчин асар “халуун” залуу байсныг хэлэх үү…
Ер нь гол дүрийн жүжигчид үнэхээр сайн тоглосон байна лээ, ялангуяа Өэлүн эхийн дүрийг бүтээсэн хүүхэн ГОЁ… Киноны эхний хэсгийг Өэлүн эх narrate хийдэг болохоор бараг л түүний дүр киног авч явсан даа. Мань мэт нь Япон одуудыг ямар мэдэх биш, гэхдээ учир мэдэх хүмүүс тус кинонд Япондоо нэлээн алдартай жүжигчид тоглосон гэж ярина лээ, тийм бол кино нь Азидаа амжилт олох нь гарцаагүй байх л даа.
Сониноос, Хулан хатны дүр их сонирхолтой байдлаар бүтээгдсэн байна билээ. Хулан бол бие даасан, дайчин, “Монгол эмэгтэйн зовлонт хувь заяаг дагахыг хүсээгүй” эмэгтэй. Одоогийн хэллэгээр бол феминист л юм даа. Тэрээр Чингисийн үзэл бодолд эерэгээр нөлөөлж, түүнийг жендерийн асуудалд их болгоомжтой ханддаг болгодог. Жендер гэснээс, даярчлалын талаар Чингис ийн өгүүлнэ: “Хөл хүрэх газар хүртэл явж, бүхнийг өөрийн далбаан дор нэгтгэнэ. Тэр цагт хил хязгаар үгүй болж, арилжаа наймаа идэвхиж, хүмүүс хангалуун амьдрах болно”. Юун “The world is flat”, it was being made flatter 800 years ago гэсэн.
Киноны төгсгөл надад хамгийн их таалагдсан. Тэмүүжин хаан ширээнд сууснаар киног дуусгах гэж байгаа юм байх гэж бодтол арай үгүй байлаа. Сүүл хавьцаанаас Чингис Алтан улс руу довтлохоор бэлтгэж эхлэх бөгөөд киноны сүүлийн кадр Чингисийн цэрэг Цагаан хэрэмд тулж очсоныг харуулах бөгөөд Чингис анхны сумыг тавьснаар кино төгсөнө. Хятадуудын дургүй хүрэхээр төгсгөл байгаа биз? Ядаж байхад Япон-Монголчуудын хамтарч хийсэн кино гэж байдаг…
Hollywood-аад нэг хэсэг иймэрхүү historical epic моодонд орсон доо, аягүй л бол “Boerte chono: Chingis khaan” асар амжилт олж, Оскар энэ тэрд нэр дэвшиж балай авнаа, 😀 Тэгээсэй билээ. Мань мэт нь зураглал, техник энэ тэрийг нь ямар шүүмжилж мэдэх биш, ямар ч байсан зохиол нь гоё л санагдсан. Киноны эхний хэсгийн монтаж хальт sloppy байх шиг байна лээ, сүүлрүүгээ яасан юм бүү мэд… кинондоо хэт ороод, тэрийг нь анзаарах ч сэхээ байсангүй.
Чингисийн тухай кино үзсэн биш асар сэтгэл хөдлөж, Налайхын цаахан талд “Женко тур”-ын барьж байгаа Чингисийн хөшөөг очиж үзэхээр шийдэв. Бас л мундаг хөшөө байна лээ шүү, яасан ч том юм. Нэг үеэ бодвол манайхан сүүлийн жилүүдэд хүн амьтанд үзүүлж харуулах юмтай болоод байгаа. Тэр өдөр нэг мөсөн Чингисээр занималдахын тулд хот орж ирээд Сухбаатарын талбайн Чингисийн хөшөөн дээр очлоо, патиараа татуулж, хүйтэнд жаал алхав. Чингисийн толгойг нь багадуулчихсан л гэж хүмүүс яриад байгаа юм, тэгсэн бас нэг нөхөр “сандал нь болоогүй байна лээ, диван юм уу хаашаа юм” гэж ирээд л гоочлоно билээ. Гэхдээ л үзэж харах юм нэгээр нэмэгдэнэ гэдэг чинь сайн ш дээ, төгс зүйл гэж байх биш.
Нэг иймэрхүү…. Чингисээр амьсгалсан өдөр.