Бодлоос бодлого руу

Хүний амьдрал үйл явдлаар дүүрэн байдаг: төрнө, боловсрол эзэмшинэ, ажил эрхлэнэ, гэрлэнэ, аав ээж болно, өвдөнө, үхнэ. Өдөр тутмын амьдрал нь ч мөн адил өч төчнөөн үйл явдлын дунд өнгөрнө: ингэх ёстой, тэгэх ёстой гэж гүйсээр байтал маргааш болдог биз дээ. Гэтэл өдөр бүр хийдэг үйлдэл маань механик шинжтэй болж, үйл явдал, ажил хэргийн дунд хүний мөн чанар алдагдана. Нэг цэгээс нөгөө цэг рүү үсчсээр байтал “миний амьдралын зорилго юу вэ?”, “би яах гэж энэ хорвоод ирсэн юм бэ?” гэсэн мөнхийн асуултууд мартагдаж, дасал болсон амьдралын хэв маягаар солигдохыг хүн өөрөө ч анзаарахгүй.

Бидний хүсэмжлээд байгаа иргэншсэн, технологижсон, хөгжсөн нийгэм үйлдлийг шүтдэг. Хүн бол ердөө түүний эд анги, хэрэгслүүр. Чиний ажлын бүтээмж хэр өндөр байна, чи өөрийн үүргийг хэр сайн ухамсарлаж байна, чи нийгэмтэйгээ хэр сайн зохицож байна гэдгээр чамайг дүгнэхээс бус чиний дотоод ертөнц, далд мөрөөдөл хэнд ч чухал биш. Ийм орчинд хүн үйлдэл дунд өөрийгөө гээж, бодохын оронд үйлдэж эхлэнэ. Хэний амьдрал үйл явдлаар баялаг байна, тэр амжилттай хүнд тооцогдоно. Чи сургуулиа онц дүнтэй төгслөө, ирээдүйтэй ажилд орлоо, цол гуншин нэмлээ, байр авлаа, сарын онцлох ажилтнаар тодорлоо, зургаа сонинд нийтлүүллээ, удам сайтай хүнтэй суулаа… чи чадаж байна, чи мундаг байна. Гэвч чиний дотор юу байна вэ?

Өдөржин гадуур явж, хүн хартай уулзаж, амаа чилтэл ярьж, ятгаж өнгөрөөсөн өдрүүд яагаад ч юм нэг л хоосон. Харин өдөржин бодолд автаж гэртээ суухад хамаагүй үр өгөөжтэй байдаг – энэ л үед би хүн гэдгээ мэдэрдэг. Миний зорилго юу вэ? Аз жаргалтай байх. Би яавал аз жаргалтай байх вэ? Өөрийн амьдралыг хоосон үйлдлээр дүүргэлгүй, дотоод Би-гээ чагнах сэхээтэйгээр хайртай хүмүүсийнхээ дэргэд тайван аж төрвөл би жаргалтай байна. Тэгээд л гүйцээ.

Иргэншсэн, технологижсон, хөгжсөн нийгэмд бодол бодлогоор солигдчихсон байдаг. А цэгээс Б цэг рүү хамгийн дөт аргаар хэрхэн яаж хүрэх вэ, яаж хүмүүсийн бүтээмжийг нэмэгдүүлэх вэ гэх мэт прагматик бодлогууд эргэцүүлсэн, бясалгасан, өөрийгөө таньж мэдэх гэсэн бодлуудыг нам дарна. Хэрэв чи прагматик ач холбогдол бүхий асуултын хариулт байж чадахгүй бол чи хэрэггүй, чи бэртэгчин.

Тийм ээ, би бэртэгчин.

Continue Reading

Уучлаарай гэж бид хэлж чаддаг билүү?

Энэ тухай та бүхэнтэй хуучилъя гэж бодлоо. Би бас энэ тухай их боддог юм л даа. Оллоо сайт дээр Батбилэг гэж сэтгүүлч энэ тухай бичжээ. Та бүхэн уншаарай. Харин энэ хэсэгт би өөрийнхөө бодлыг та бүхэнтэй хуваалцъя.

Өө, уучлаарай! Энэ үгийг би олон нийтийн газар, автобус унаанд, танихгүй хүнд санамсаргүй хийсэн буруу үйлдэлдээ сэтгэл зоволгүй хэлдэг. Аа, харин дотнын хүн, аав ээж, ах дүү, хүүхэд, найз нөхдөдөө, даргадаа, хамт ажиллагсдадаа хэлдэгсэн билүү?

Ангийн маань хэдэн охид байх. Бүх л муу муухай зүйлээс хэдэн биенийгээ хамгаалж яваа нэртэй. Ангийн бусад хүүхдүүдээсээ тэс ондоо. Үргэлж хичээл, сурлага, урлагийн үзлэг, охидын хурал…Бид бол муу хүүхдээс хол явах ёстой, хүүхэдтэй үерхэж болохгүй, орой гадуур хамаагүй гарч болохгүй…Хэн нэгэндээ буруу үлгэр дуурайл үзүүлж болохгүй.

Үнэн чанартаа би ээжтэйгээ огтхон ч таардаггүй охин байж билээ. Уг нь бол айлын ганц охин нь юм шүү дээ. Хоёр ах, нэг эрэгтэй дүүтэй. Гэтэл минийхээр бол ээж маань намайг л илүүтэй нүд үзүүрлэж, надаар л илүүтэй ажил хийлгэж, намайг л илүүтэй загнаад байгаа юм шиг, алдаа гаргахыг минь анаж байгаад алдангуут л элдэв өнгөөр аашилж загнаад байгаа юм шиг, өөрт минь санагддаг байсан юм. Тийм ч учраас би хэдийгээр бусдын нүдээр онц сурлагатан…гэх мэтчилэн олон цол гуншинтай ч, гэртээ бол ээжтэйгээ ана мана “үзэлцсэн”, өөртөө гомдсон, бий буйдаа харамссан нэг л ганцаардмал охин байдаг байж билээ. Ингээд нэг удаа ээжтэйгээ дээд цэгтээ хүртэл муудалцлаа. Хамаг байдаг гомдлоо гаргалаа. Уг нь би өдрийн тэмдэглэл хөтөлдөг байсан ч, тэр маань үг хэлэхгүйгээс хойш дэмий л тухайн үедээ л бухимдлаа тайлах арга минь байсан юм. Ээж рүүгээ жижиг сандал авч шидэхдээ хүрлээ. Яагаад ч юм тухайн үед ээж намайг тэгтэл минь бухимдуулсан байсан. Ээж, охин хоёрын үл ойлголцол тэгэхэд дээд цэгтээ хүрч билээ. Би одоо ч гэсэн тэр үйл явдалд ээжийгээ буруутгадаг л даа. Би одоо 29 настай, ээж болсон хүн. Тухайн үед би ээжийнхээ оронд байсан бол охинтойгоо найз нь байж, ойлголцохыг л бодох байсан, юун түрүүнд адалж загнахынхаа оронд. Гэхдээ ээж рүүгээ сандал авч шидсэн маань яах аргагүй миний буруу. Ээжтэйгээ ойлголцохыг хичээгээгүй минь яах аргагүй бас миний буруу.

Өрөөндөө ороод би бүтэн өдөржин, шөнөжин уйллаа. Өөрийгөө хороомоор ч боллоо. Элдвийн зүйл толгойд эргэлдэж байлаа. Гэрээсээ дайжих уу? 5 давхраас үсрэх үү? Цуу уух уу? Өөр айлд очиж амьдрах уу? гээд л тухайн орчноос өөрийгөө аль болох хурдан сарниулах арга хайж эхэлж билээ. Гэтэл юу орж ирсэн гээч?

УУЧЛАЛТ ГУЙХ. Тийм ээ, би ээжийнхээ өрөөнд яваад орлоо. Нус нулимсандаа хутгалдчихсан амьтан…Ээж маань юу ч болоогүй юм шиг орон дээрээ хагас суусан байлаа. Би өмнө нь очоод орон дээр нь хагас суулаа. Ээж их л гайхаж харж байна? Би ээжийгээ тэврэх гээд ухасхийлээ. Тэгсэн ээж минь намайг өөрийг нь цохих нь гэж айгаад нүүрээ гараараа хаалаа. Тэгэхэд л би ээжийгээ ямар их айлгаа вэ гэдгээ ухаарсан. Ээжийгээ тэврээд би “Охиныгоо уучлаарай” гэж үнэн сэтгэлээсээ хэлж билээ. Энэ үгийг хэлсний дараа өөрийн эрхгүй нулимс минь асгарчихсан. Тэгтэл ээж минь ч гэсэн намайг бас л тэвэрлээ, уйллаа, бас л надаас уучлалт гуйсан. Энэ бол ээж охин хоёрын намайг ухаан, мэдээ орсноос хойшхи анхны тэврэлт байсан шүү. Бас анхны уучлалт, анхны ойлголцлын нулимс байж билээ.

Түүнээс хойш дахиж ээжээсээ уучлалт гуйхгүй юмсан гэж хичээж явна даа, ээжийгээ олон дахин гомдоохгүйг хичээж явна.

Миний одоо амьдралдаа баримталдаг гол 3 зарчим үүнээс л үүдэлтэй юм даа.
1. Ойлголцол
2. Хүндэтгэл
3. Уучлалт

Continue Reading

Дөрвөн улирал

Зун цаг улиран одож, намар болж навчис шарлалаа (damn, асар уянгийн халилтай наасан… ) Үнэн хэрэгтээ бол зуны цалгардал нэг юм дуусаж, намар болж найтаж эхлэх шив дээ гэсэн. Ингээд амьдрал эргээд хуучин хэвэндээ (биш ээ, хэмнэлдээ) орж байгаа юм даа. Халуун зунаар юу юугүй гэгэлзээд, гэр орондоо тогтож өгөхгүй байсан хүн чинь сайн дурын гэрийн хорионд орж, бодлогоширч эхэлдэг юм байна. Бодлогоширох зуураа Вивальдигийн “Дөрвөн улирал”-ыг (ой, асар класс заасан) сонсож суутал нэг иймэрхүү сэтгэгдэл төрж байх юм:

Зун – халуу шатаад, толгой аажмаар ажиллахаа больж эхэлнэ. Хаа нэгэн газрын beach-ийг мөрөөдөх зуураа ажлаа гурилдаж, энэ тэндхийн бөгчим тасалгаанаас өөрийн эрхгүй зугтах сэтгэгдэл төрж, гарч гүйх нь холгүй юм болно. Нар хүртэл новширч, 10 цаг хүртэл тэнгэрт дүүжлээстэй гурийдгийг хэлэх үү, өдрийн уртыг ашиглаж дэмий тэнэх нь эрс ихэснэ. Ажлын бүтээмжийн ашигт үйлийн коэффициент ноль заана. Найр наадам, айраг цагаа эргүүлж байтал ашгүй нэг юм зун дуусна.

Намар – болсон болоогүй яруу найрагчид намрын сайхныг магтан дуулсаар байгаад бүр улиг болгочихсон. Тэднийхээр бол намар хамгийн “армантик” улирал юм байх. “Борооны дусал нулимс мэт”, “шаргал навч хагацал мэт” гэх маягаар уянгалуулагүй яруу найргийн дэвтэр дэндүү ховор. Тэгээд ирэхээр өнөөх борооны дусал, шаргал навчийг нь үзэн ядаж эхлэнэ. Хараал идсэн бороо нь хурдан зогсоосой, гутал муухай боллоо ш дээ, яандраа ухааны юм бодсоор гадуур гүйх зуур навчис нь ч нэг юм унаж дуусаад, УБ-ын энд тэнд ганц хоёроороо булагнах цөөн хэдэн мод нь царай муутай дээрээ царай муутай болчихсон байна. Тэгж байтал огцом хүйтэрч, хавар намрын гутал бороотой бороогүй жагсаалаас гарна.

Өвөл – дэндүү хүйтэн болохоор тархи царцаж, реакци огцом удааширна. Гэрээс гарах гэж хэдэн давхар хувцас өмсөөд, нэг газар орж түүнийгээ нимгэлсээр байтал өдөр өнгөрнө. Хэдэн давхар хувцас өмсөөд ч нэмэргүй, ханиад хүрдгээрээ хүрнэ. Хэд хоног гэртээ халуурч хэвтээд, аргагүйн эрхээнд нусаа татасхийгээд ажилдаа явна. Өдөржин муухай царайлж суусны эцэст гэртээ ирж анисны цай, халуун шоколадтай найзалж, хөвөнтэй дээлээр хөлөө хучаад “Преступление и наказание” уншиж эхэлнэ. Ханиадыг мартаж, жинхэнэ кайфыг мэдрэх гэтэл дахиад даарч эхлэнэ.

Хавар – өвлийн удаан өдрүүд өнгөрч, өдөр уртсах тусам ядаргаанд орж, толгой өвдөнө. Хаврын нар дэндүү хурц санагдаж, хотын халтар шувууд баяр баясгалантайгаар жиргэх нь нерв хөдөлгөнө. Тэгж байтал өвс нөгөө дэлгэрч, хот өнгө зүсээ засч эхлэхэд хүмүүс нойрноосоо сэрсэн мэт синдромдож эхлэнэ. Ядаргаанд орж, нерваа барсан улсууд гудамж талбайд жагсаал цуглаан хийж, хотын амьдралыг үймүүлснээр арай гайгүй байсан хэдийгээ ядаргаанд оруулж орхино. Яахаа мэдэхгүй байж байтал ашгүй нэг юм наадмын сураг сонсдоно…

Нээрээ нэг мэдсэн чинь зун дуусаж, намар гарчихсан байна… Бүх зүйл яг л энэ дуу шиг байна даа: Грин грей – Мазафака (посвящается господину Н. :D)

Continue Reading

Чехууд мандтугай!

Монголд Чехийн ерөнхийлөгч айлчлаад сүр юм болж байх шиг байна. Гэхдээ энэ зуны бусад хоёрын хооронд айлчлалуудыг бодвол Вацлав ах бас тэгж байгаад их буянтай эр юм аа. Түүний ачаар Монголын уран зургийн галлерейд Чехийн зураач Франтишек Купкагийн үзэсгэлэн гарч, мань мэт нь уран зураг харж баясаж, дүрдээ итгэв. Бүтээл нь Нью Йоркийн MOMA, Парисын Musee d’Orsay-д байдаг зураачийн үзэсгэлэн манай уран зургийн галлерейд гарна гэдэг том үйл явдал л даа. Кандинский, Малевич нартай нэгэн үед абстракт бүтээл хийж байсан нөхөр гэж бодохоор Купка бас л маяг зураач наасан. Ер нь Чех гаралтай гарууд урлаг соёлын салбарт балай авах юм аа, их гүрний тасархай байсан гэсэн дээ өөр байх нь аргагүй биз.

Түрүүнээс хойш эгч Кундера уншиж бариад л, Чехээр амьсгалаад байсан биш Чех период маань Купкагаар culminate-ладаг байна шүү, :D. Даанч мань нөхрийн тосон будгийн ажлууд ирээгүйд жаахан сэтгэл гонсгор байна (даварсан). Ер нь төрийн айлчлалын үеэр иймэрхүү арга хэмжээ зохиогдож байвал гоё юм байна. Фрадков наадмаар ирэхдээ стадионд гөлийж суухын оронд хэдэн Малевич чирээд ирсэн бол аштай юу.

Купкагийн үзэсгэлэн энэ сарын 30-ныг дуустал галлерейд байх юм гэнэ лээ шүү, үзээрэй!

Continue Reading

Mongoliana болон бусад залууст

Сонирхолтой түүхтэй юмаа. Mongoliana-ийг үнэхээр хүндэлж байна. Гэхдээ бас харамсаж байна. Монгол оронд үнэтэй капитал болсон боловсролтой энэ эмэгтэй гадаадад гарч харлаж ажиллах гэж. Хэрвээ энэ бүсгүй Монголдоо ажиллаад эсвэл мастертаа сураад эх орондоо ажилласан бол их зүйл хийх байсан даа. Яг үнэндээ энэ бүсгүй ажил нь болохоо байсандаа бус, амжиргаа болон охиныхоо ирээдүйг бодсондоо гадагшаа гарч мөнгө олох гэж байна. Уг нь бол ямар нэгэн хүн ажлаа сайн хийгээд улс орондоо их зүйл бүтээвэл амьдрал нь дагаад өсдөг нийгмийн эрүүл логик байдаг шүү дээ. Гэтэл энэ үзэгдэл Монголд алга байна. Харамсалтай байна. Энэ бол зөвхөн Mongoliana-ний асуудал биш Монголчуудын эмгэнэл болоод байна. Манай нэг найз залуу МУИС-ын маркетингийн ангийг төгсөөд төсвийн байгууллагад ажиллаж байгаад Япон луу хараар ажил хийхээр явсан. Уг нь тэр ажилдаа ч сайн, сайхан ч мэргэжил эзэмшсэн залуу байсан. Гэтэл тэр өнөөдөр Японы боловсролгүй хамгийн муу хүмүүстэй мөр зэрэгцэн хар ажил хийж байна. Мэдээж тэд бидний хэдхэн Монголчуудыг бас жаахан дарладаг гэсэн. Бас нэг найз маань МУБИС-ын багшийн ангийг төгсөөд дараа нь магистр төгсөөд Монголдоо ерөнхий боловсролын сургуульд багшилж байгаад өнгөрсөн жил Солонгос хар ажил хийхээр явчихлаа. Бас амжиргааны асуудалаар явсан хэрэг. Тэр маань бүр ШУ-ны магистр хүн шүү дээ. Энэ мэтчилэн Монголын хичнээн олон боловсролтой, эрэмгий залуус харийн оронд очиж хар ажил хийж, боол болж, зориг мохож байгаа болоо. Энэ бол зөвхөн Mongoliana бид хоёрын бус Монголын нийгмийн эмгэнэл… Ийм нийгмийг цогцлосон хүмүүст гомдож байна.

Continue Reading

Quote of the day

Томас Манн, “Тонио Крёгер”:

И хотя он знал, что любовь принесет с собой много мук, горестей и унижений, что она нарушит мир в его сердце, наводнит его мелодиями и он лишится покоя, который нужен для всякого дела, для того, чтобы в тиши создать нечто целое, он все же радостно принял ее, предался ей всем существом, стал ее пестовать всеми силами души, ибо знал: любить – это богатство и это жизнь, а он больше стремился быть богатым и жить, чем созидать в тиши.

Continue Reading

Та бүхэнтэй нэгдэж байгаадаа баяртай байна

Сайн байцгаана уу? Энэ сайт руу санаандгүй орлоо. Орсондоо ч бас маш баяртай байна. Бусад сайтуудад хүмүүс тоглоом тохуу хийсэн, хий хоосон бичлэг урсгасан байдаг юм. Харин энэ сайт утга учиртай, хүмүүсийн сэтгэлийг нээж чаддаг сайт ажээ. Нэг л өөр. Хэн нэгний ертөнцөөр зочилж байгаа мэт, сайхан сэтгэгдэл төрж байна. Тиймээс та бүхэнтэй нэгдэхээр шийдлээ. Би Монголдоо байдаг, Төрийн бус байгууллагад ажилладаг сэтгүүлч бүсгүй. Гэхдээ удахгүй Европ руу гарахаар зэхэж байгаа л даа. Аль орон? Яаж? Ямар ажил олдох бол? Эрсдэл ямар байх бол гэхчлэн олон асуулт байнга толгойнд эргэлдэж байна. Тиймээс би гадаадад ажиллаж амьдардаг монголчуудын сайтуудаар сүүлийн өдрүүдэд байнга зочилж байгаа юм. Тэгээд энэ сайтыг сонгож авсан юм. Та бүхэн нэгэнт гадаадад гарч, хөлөө олсныхоо хувьд надад тусламж, зөвлөгөө өгнө гэдэгт найдаж байна.

Continue Reading

Non alcoholic living

Хүн болгонд л амьдралын нэг алхам урагшлах тутам бүхнийг ном журмын дагуу хийх хүсэл төрдөг байх. Үүний нэгэн адил сургууль төгсөөд л өөрөөр амьдрах хүсэлд хөтлөгдөөд архи амсахгүй байх, өглөө бүр гүйхээр шийдлээ. Тэгтэл шинэ ажилд ороод өглөө гүйдэг байсан хүн чинь өглөө босч чадахгүй бараг л ажилдаа хожигдон байж очдог боллоо. Харин архийг тэвчиж өнгөрөөсөөр л байна. Киви-гийн дуун дээр гардаг шиг 10 жилийн нөхдийн уулзалт, ажлын газрынханы найр цэнгээн дээр нэг хундага ч уухгүй байх олны дунд нэг л содон бусад юу гээд маяглаад байгаа юм бэ? Гэх маягтай. Тэрнээс долоон доор юм нь охинтой танилцаад нэг газар орох уу? Гэж хэлэхээс санаа зовмоор өөрөө ороод мөстэй кола уугаад суучихаар шинэхэн танил маань эвгүй байдалд ороод явчих юм шиг санагдаад байх юм.

Магадгүй өөрөөр амьдрах санаа маань ч тийм ч зөв байгаагүй юм бол уу? Мэдэхгүй юм цаг хугацаа зөв бурууг нь харуулах байлгүй дээ.

Continue Reading

Шалгалт

Барилгын салбарын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, компаниудыг аттестачлалд хамруулахаар шалгалтаар ажилладаг юм байна. Энэ хугацаанд 2 зүйлийг ажиглалаа. Нэгдүгээрт, төрийн хүнд суртал, дарамтаас хүмүүс залхаад, одоо эвлэрч, зарим нэг нь дасан зохицчихсон байна.

Хоёрдугаарт, “шалгалт” гэдэг үгний утга учрыг үндсээр нь өөрчилмөөр санагдлаа. Хүмүүс шалгалт гэхээр энэ нөхөр одоо манай компаний болохгүй, бүтэхгүй байгаа зүйлийг элрүүлээд, тэгээд болохгүй зүйл байвал бидний үйл ажиллагааг цааш явуулахгүй “хар тамга” дарна гэж ойлгож байх шиг байна. Ер нь бол манай шалгалтаар явж байгаа хүмүүс шалгалтын утга учрыг мөн дээрхтэй адил ойлгож байна. Үнэндээ бол үгүй юм. Ажил хийх, бүтээх сэтгэл дүүрэн урам зоригтой яваа хүнийг жаахан зүйлээс болоод дэгээдэж унагах, хар тамга дарах нь харамсалтай юм. Эцсийн дүнд Монгол хөгжих ёстой шүү дээ. Тийм болохоор шалгалт гэдэг нь тухайн байгууллагын болохгүй, бүтэхгүй байгаа зүйлыг хамтарч шийдвэрлэх гарц, тэдэнд зөвлөлгөө, туслалцаа үзүүлэх, тэгээд хамтдаа хөгжих, хамтдаа урагшаа явахыг хэлнэ гэж тодорхойлмоор санагдлаа.

Continue Reading