Өөрийнхөө олон удаа, олон талаас нь бодож байсан нэг зүйлийн талаар сийрүүлмээр санагдав. Би японы дээгүүр зэрэглэлийн улсын их сургуулийн магистрантурт сурдаг. Одоогоор бусдаас илүү гарч гялтайхгүй, доош орж бүлтэгнэхгүй яваад болоод л байна. Энэ маягаараа өнхрөөд л байвал жилийн дараа төгссөн болоод, нутагтаа буцаад шороотой тоостой, ядуурсан бухимдсан ард түмнийхээ дунд ороод үзэж тарах байх даа. Тэгэхгүй гэвэл бусдыг дуурайгаад эндээ үлдэж, аль нэг компанид бичиг цаасхан нааш цааш болгосон ажилд “хүчээ сориод” үзэхэд болохгүй нь юу байхав. Гэвч би ийм маягийн амар сайхандаа жаргах амьдралыг сонгомооргүй байна.
Ихээр бодоход 50 жилийн дараа би өөрийнхөө амьдралд цэг тавьж энэ хорвоог дуртайяа орхино. Тэрний өмнө боломж л гарвал өөрөөсөө хир зэрэг утга учиртай амьдрав гэж асууна байх. Тэр асуултанд амжилттай хариулахуйц амьдрахыг л хүсээд явдаг юм л даа. Тэгэх шаардлага нь юунд байна вэ, ямар учраас тэгэх хэрэгтэй вэ гэсэн асуулт гарч болно. Миний хувьд хариулт нь энгийн. Хүн болж төрсөн учраас. Муур ч юмуу болжмор, мэлхий биш хүн болж төрсөн учраас. Уулын буга, усны жараахай, хортой аалз, хонин гүрвэл гээд бүгд юуны төлөө амьдардаг вэ? Үсрээд л үр удмаа үлдээхийн төлөө биз. Үр удмаа үлдээж яах гэсэн юм бол? Тэд өөрсдөө ингэж бодож чаддаг байсан бол, -Зүгээр л… гэх байх. Ер нь байгаль эхийн оноосон даалгаварт их үнэнч ч юм уу үр удмаа шалавхан шиг үлдээгээд өөрсдөө шалавхан үхэхээ л боддог шиг. Харин хүн бол өөр. Аль болох үхэхгүйн төлөө зүтгэх эрмэлзэлтэй. Яагаад үхэх дургүй юм бол? Бодвол муухай зүйл л байх нь дээ. Муухай гэдгийг яаж мэдсэн юм бол? Үхэж үзчихээд, “Их муухай юм байна лээ шүү” гэж хэн нэгэн нь хэлээ юу? Би лав тийм юм сонсоогүй. Яг сайн бодоод үзвэл зарим хүмүүсийн “ТАМ” гэж нэрлээд айгаад зугтаад байдаг зовлон зүдгүүр, өвчин шаналал, аллага хядлага бидний “АМЬДРАЛ” гэж нэрлээд байгаа ертөнцтэй давхцаад л байгаа юм даа. Харин хүн бүр өөр завин дээр, өөр сэлүүртэй хөвдөгөөс тамд бэдрэх үү, амьдралд сэлэх үү гэдэг нь тодорхой болдог шиг.
Тэгэхээр бодоод байвал би олигтойхон бөх бат завь олж суухыг, амархан хугарчихгүйхэн шиг сэлүүртэй болохыг энэ Японоос хайж ирсэн болж таарах байх. Эндээс олсон завь, сэлүүр маань Монголдоо буцаж очоод нэг хэсэгтээ л дороо дэмий хий эргэх ч юмуу, эсвэл хаанахын хийцийнх нь тодорхойгүй болж, монголчилсон будаг нь халцарсан бүдүүн төмрөөр хийсэн завинуудад цөм цөм мөргүүлэх байх гэсэн сэтгэгдэл төрөөд байдаг болж. Тэгчих вий гэж айгаад байгаа ч юм гэсэн дүгнэлт гаргах гэж яарахгүй байна л даа. Гэхдээ хараад ажиглаад байхад олон залуус яг л үүнээс зугтаад халшраад монголд очихгүй, очсон ч буцаж ирээд ямар ч хамаагүй ажил хийж гадаадад суурьшиж хоног хугацааг бага нервтэж, амар хялбар амьдрахыг илүүд үздэг болж. Тэднийг буруутгах ч арга байхгүй л дээ. Ялангуяа “ардчилал” ыг идеал болгосон даяаршлын нийгэмд.
Тэр дундаа байнга хэл загатнуулж байдаг нэг зүйл, ЗГын тэтгэлгээр өчнөөн жил сурч сурчихаад, бусдын бүтээн байгуулсан боловсронгуй систем, нийгмийн үйлчилгээний бэлэн загварт дасчихдаг. Тэгээд монголд буцаж очихоор байдал ямархуу байхыг төсөөлөнгүүтээ шууд зайлсхийгээд ямар нэг арга сүвэгчилж гадаадад үлдэхийг бодно. Мэдээж өөр янз бүрийн зорилгоор янз бүрийн бодолтой гадаадад ажиллаж амьдарч байгаа залуус бий, тэднийг бүгдийг нь хамруулж муу хэлэх гэсэн санаа алга л даа. Миний хэлэх үгээ олохгүй түнтэгнээд зовоод байгаа зүйл юу гэвэл тэтгэлэг авч сураад, “дээд” боловсрол эзэмшсэнийхээ хэргийг аль нэг хөгшин Японтой хувь заяагаа холбож гэрийн мухар сахих ч юмуу, виз сунгагдаж л байвал хужаатай ч хамаагүй гэрлээд үлдэх, эсвэл аль нэг унтаа оффист цаас копидож, цай зөөж амьдрах хэлбэрээр гаргаж байгаа хүмүүсийг харахаар арай л биш санагдаад байх юм. Ийм хүмүүсийг харахаар монголд ажиллаж амьдрах үүнээс дор жигшмээр зүйл үү гэж асуумаар санагдаад болохгүй юм. Яахав суусан завиа хэмх мөргүүлж шархдаад, сэлүүрээ хуга цохиулаад явахыг бодвол чийглэг агаартай, хувцас хиртдэггүй цэвэрхэн хотод эд эсээ гамнаад, нүүнийхээ үрчлээсийг хянаад зовлон багатай амьдрах нь өнгөц харахад хамаагүй дээр л байх. Тэрнийгээ “Жаргал” гэж боддог ч байж болох. Дээр дурдсан шиг үхэхийнхээ өмнө “ХҮН” шиг утга учиртай амьдарч чадав уу гэж асуух болбол юу гэж хариулах вэ гэж энэ тэр илүү дутуу юм боддог ч үгүй байх даа.
Миний бас нэг хэлэх гэсэн юм нь, монголд хүссэнээрээ сайхан амьдрах боломж байхгүй байгаа бол тийм боломжийг бий болгохын төлөө ажиллах шаардлага хэрэгцээ байна гэсэн үг биш үү. Жишээ нь Японы нийгэм бол бүх хэрэгцээ нь ханачихсан, ямар ч юмыг хийе гэсэн хэрэгцээ шаардлага нь дуусчихсан нийгэм. Овоо хэмжээний сенсаци дэгдээхгүй л бол юу ч хүмүүсийн анхаарал татахаа больчихсон нийгэм. Нэг ёсондоо амьдрахад дэндүү уйтгартай залхмаар. Гэтэл Японд дээд боловсрол эзэмшиж боловсорсон мундаг залуучууд нэмж юу сурах гээд энэ залхмаар уйтгартай нийгэмд хөлс хүчээ зараад байгаад байдаг юм бол доо? Сургуульд сурсанаа лавшруулж практикт суралцаж байна гэж олон хүн хамгийн түрүүнд хариулах байх. Монголд практикт суралцах Японд Японы практикт суралцах 2 юугаараа ялгаатай болж таарах вэ? Суралцсаныхаа үр дүнг хаана юунд зориулах вэ гэдгээр л ялгаатай тайлбарлагдах байх. Япон компаниудын менежмент зөвхөн Япон хүмүүсийнхээ сэтгэлгээнд, Япондоо л амжилттай байсан, гадаадад гарахаараа хамгийн хойрго явуургүй хоцрогдсон системтэй байдаг гэсэн шүүмлэлийг их л сонсож байсан. Тэгвэл Япон компанид юуг нь сурах гэж ажиллаад байдаг юм бол? Аливаа нэг эдийн засгийн субьектэд огт ажиллаж үзээгүй хүн хаана ч очсон шинэ соргог санагдаад л суралцах юм мундахгүй байх нь аргагүй шүү дээ. Заавал тэрийг Японд ажиллаж, Японы эдийн засгийг дэмжиж байж суралцах ёстой гэдгийн учрыг харин тунгаадаг хүн байдаг болов уу? Их л олон залуус нийгэмд ажиллаж өшөө их зүйл сурчаад монголдоо очоод бут авна гэсэн хийсвэр бодолтой явдаг болтой санагдсан. Тэгж бодоод явбал аливаа нийгмээс суралцаж боловсорч дуусна гэж хэзээ ч байхгүй бизээ. Нэг л мэдэхэд хийж бүтээх гол цаг хугацаа нь өнгөрөөд талийсан, нэг л их юм сураад байсан мөртлөө Японы ч монголын ч аль альнийх нь нийгмийн шаардлагыг хангахгүй саармаг “мэдлэгтэнгүүд” олон болсон байх вий гэж бодогдох юм. Тэр цагт МОНГОЛ маань хэний гарт ямаршуухан дүр төрхтэй болсон байх бол доо?