Хоёрдугаар сарын 1-нд Непалд төрийн эргэлт болж, Непалын хаан Засгийн Газраа татан буулгаж, бүхий л улс төрийн эрх мэдлийг өөрийн гарт төвлөрүүлжээ. Дэлхий дахинаа хөөрхий муу Непалыг тоож байгаа ч юм алга, сонин хэвлэлд ганц хоёр мэдээ гараад л, НУБ мэтийн ганц хоёр олон улсын байгууллага хальт эсэргүйцсэн ганц хоёр мэдэгдэл хийгээд л өнгөрч байх шиг.
Непал Монголтой ойролцоо үед ардчилагдсан бөгөөд ардчилсан төр байгуулаад ердөө 14-15 жил болж байсан улс. Непалын нэг хүнд ноогдох ДНБ ч мөн адил Монголын түвшинтэй ойролцоо байх. Хүнээс асуух юм бол, Непал, Монгол хоёрт ардчилсан засаглал оршин тогтнох магадлал ерөнхийдөө төстэй л гэж хэлэх байсан байх. Яахав, Непалд сүүлийн хэдэн жил иргэний дайны дайтай тэмцэл өрнөж, улс төрийн байдал нь нэн тогтворгүй байсан нь үнэн л дээ. Гэхдээ л бусад үзүүлэлтээрээ Монгол Непалаас ялгагдаад байх зүйлгүй. Юутай ч, Непалын ардчилал уначихлаа… Монголын ардчилалын ирээдүй ямар байна вэ?!