Хоёр гурван жилийн өмнө байна уу даа, Гомбосүрэн гуай Достоевскийгийн “Гэм зэм”-ийг орчуулан гаргасныг хараад баярлаж байж билээ. Тэрээр энэ жил “Братья Карамазовы”-г Монгол хэл рүү орчуулан “Карамазовын хөвүүд” нэртэйгээр хэвлүүлжээ.
Коммунизмын үед Оросын гэх ном сонинг бүгдийг нь орчуулж байсан хэрнээ Достоевскийн романуудыг орчуулалгүй орхисон нь хачирхалтай. Үзэл суртлаа гэж… Уул нь тухайн үед “Гэм зэм”, Карамазовы нарыг орчуулчих чадалтай боловсон хүчин манайд зөндөө байсан даа.
Юутай ч, Гомбосүрэн гуай энэхүү нүсэр ажлыг хийж дөнгөжээ. Тэрээр өмнө нь Оросын утга зохиолын бас нэгэн гигант болох Булгаковын “Мастер и Маргарита”-г орчуулж, уншигчдад хүргэсэн билээ. Монголын уншигчдад хэд хэдэн классик зохиолыг хүргэж чадсан нь яах аргагүй Гомбосүрэн гуайн гавьяа юм.
Гэтэл “Өнөөдөр” сонинд гарсан Гомбосүрэн гуайн ярилцлагыг унштал орчуулгын онол, орчуулагчийн арга барилын талаар бодогдоод явчихав. Тухайлбал,
Найруулга, үг сонголт гээд төстэй байлгүй яахав. Гэхдээ аливаа зохиолыг яг орчуулаад суухаар үг үсэг, найруулгын алдаа нь бас мэдрэгддэг юм. Жишээлбэл, “Карамазовын хөвүүд” зохиолын нэг өгүүлбэрт нэг үг их олон давтагдсан байх тохиолдол цөөнгүй байлаа. Заримдаа энэ үг хэрэгтэй ч юм уу, үгүй ч юм уу гэж бодогдож байсан. Тэр олон давтсан үгийг яг тэр чигээр нь орчуулчихаар нэг л болхи орчуулга байна гэж уншигчид ойлгочихмоор юм шиг санагдаж байгаа юм. Гэнэт босоод гэнэт гараад явчихлаа гэж ч байх шиг. Монголоор бол гэнэт босоод гараад явчихлаа гэхэд ойлгомжтой. Энэ тохиолдолд эх зохиолоо барих уу, эсвэл монголоор найруулах уу гэсэн асуудал үүсч буй юм. Би эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүйн үүднээс олон давтагдсан үгийг ялимгүй цөөрүүлсэн. Нэг үгийг олон давтсан нь Достоевскийн нас нэлээд өндөр болсон, бас хааяа унаж тусдаг оёгтой байсантай холбоотой байх гэж бодогдсон. Ер нь романуудад нь заавал нэг унадаг тусдаг өвчтэй баатар бий шүү.
Миний хувьд Достоевский төгс төгөлдөрийн жишээ болохоор орчуулагч нь түүнийг өндөр настайдаа унаж тусахдаа нуршуу болсон буюу “муу бичдэг байсан” гэж хэлэхийг сонсоход хэцүү байна л даа. Утга зохиолын аливаа бүтээлийг өөр хэл рүү хөрвүүлнэ гэдэг нь эх зохиолын өө сэвийг засахын нэр биш байлтай. Нэгэнт дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн, дэлхийн утга зохиолын маш том төлөөлөгч хүний аугаа их романыг орчуулж байгаа тохиолдолд тухайн зохиолыг аль болох эх зохиолтой нь ойр буюу элдэв нюансыг нь хадгалж хөрвүүлэхийг хичээх ёстой санагдах юм. Харин зохиолын сайн мууг уншигчид нь дүгнэж цэгнэх ёстой болов уу. Нэг үгийг олон давтах нь унаж тусдаг зохиолчийн хайхрамжгүй байдал гэж ойлгох нь ч мөн өрөөсгөл байх. Магадгүй энэ нь зохиолд арай өөр хэмнэл оруулж, зохиолын баатарын асуудлыг тодотгож өгөх учиртай байж болох юм.
Орчуулга хийнэ гэдэг маш хэцүү ажил л даа. Зохиолчийн хэлний онцлогыг хадгалахын сацуу Монгол хэлээр уншууртай, сонсголонтой байдлаар буулгана гэдэг хэр баргийн хүний хийх ажил биш. Асар их хэлний мэдрэмж шаардлагатайгаас гадна багагүй авъяас хэрэгтэй. Ц. Дамдинсүрэнгийн “Алтан загасны үлгэр”-ийг А.С.Пушкины үлгэрийн орчуулга бус бие даасан зохиол хэмээн дүгнэдэгийн нэгэн адил тухайн зохиолыг Монгол хэлээр аль болох аятайхан буулгах гээд эх зохиолоос элдэв зүйл нэмж хасаад байвал орчуулга биш, гуйвуулга болно.
Гурав дөрвөн жилийн өмнөөс орчуулах бодол төрсөн. Гэхдээ учир бий. Би зургаан жилийн өмнө Ф.Достоевскийн “Гэм зэм”-ийг орчуулсан юм. Тэгэхэд л Оросын энэ аугаа зохиолчийн бүтээлтэй ноцолдоод байхад ард нь гарч болох юм гэсэн бодол төрсөн хэрэг. Их ч туршлага суусан. “Карамазовын хөвүүд” номын редактор нь Баасанхүү гэж хүн бий. Тэр этгээд намайг үнэн хэрэгтээ уруу татсан юм. Баабар ч бас нөлөөлсөн. “Энэ номыг л орчуулж, Монголынхоо уншигчдад хүргэмээр байна. Та бариад аваач” гэдэг байсан л даа. Тэгээд өнгөрсөн жил зориг гаргаад суучихсан. Тодруулж хэлбэл, 2007 онд хийсэн миний гол ажил энэ боллоо. Эхэлсэн, дууссан хугацаагаа тооцоод үзэхэд бүтэн есөн сарын хөдөлмөр орсон байна билээ.
Бүтэн ёсөн сарын хөдөлмөр гэдэг нь мань мэтэд урт сонсогдож байгаа боловч Достоевскийг орчуулахад ёсөн сар байтуугай ёсөн жилийн хугацаа багадах байх. Дан ганц орчуулж буй романаа судлаад зогсохгүй, түүний бусад зохиолууд, захидлуудыг уншина, найруулгын онцлогыг нь мэдэрнэ, үзэл бодол, түүнд нөлөөлсөн зүйлүүдийг судлана. Тэгэхээр богино хугацаанд зөвхөн орчуулахын төлөө л орчуулж орхих нь зөв үү бүрүү юу гэсэн асуудал байна. Нэг талаар Монголын уншигчдад тухайн зохиолыг хүргэж чадлаа, сайн байна, гэтэл орчуулга нь зохиолоо баллаад хаячихсан байвал яах вэ? Аким гуай Габриель Гарсиа Маркезын “Зуун жилийн ганцаардал”-ыг гайхалтай сайн орчуулж, тэр нь хүмүүст маш сайн хүрсэн. Гэтэл бас нэгэн нөхөр Маркезын “Хурандаад хэн ч бичдэггүй”-г орчуулж л дээ. Тэгсэн хүмүүс түүнийг нь уншчихаад, “Тэр Маркез гэдэг нөхөр чинь шал муу зохиолч байна билээ, сүүлд гарсан ном нь огт таалагдаагүй” ухааны юм ярьж байна гэнэ. Ийм зүйл болвол яанаа? Тэгэхээр аливаа бүтээлийг хэдхэн сарын дотор гар хөлийнхөө үзүүрээр орчуулчихаж болдог юм гэсэн ойлголт төрүүлэх нь аюултай санагдаж байна. Магадгүй Гомбосүрэн гуай чадсан байж болно, харин дараачийн этгээд чадахгүй бол яана? Муу орчуулга, муу зохиол олшрох тоолонд асар олон хүүхдийн унших эрмэлзэл үгүй болох тул орчуулагч ажилдаа маш хариуцлагатай хандах ёстой.
Гэсэн хэдий ч өөр хүн Достоевскийн том романуудыг орчуулж зүрхлээгүй байхад Гомбосүрэн гуай энэ ажлыг хийж чадсан нь бахархууштай хэрэг юм. Ганц юм хийж байгаа хүнээ шүүмжилж тамын тогоодоод яах ч билээ. Энд зөвхөн орчуулагчийн хандлага, арга барилыг хөндөхийг хичээсэн юм. Харин “Братья Карамазовы”-гийн Монгол орчуулгын талаар дараа нь бичнээ. Багаасаа уншиж өссөн ганц хайртай зохиолч минь байгаа юм, яадаг юм… 😀
Гомбосүрэн гуайн “Өнөөдөр” сонинд өгсөн ярилцлага энд.