Би арван жилд байхдаа учиргүй хип хоп сонсдог байлаа. 2pac, Dr. Dre, Nas, B.I.G., Bone thugs’n’harmony… Ид “том хүн” болж, төлөвшиж байх үедээ ийм л хөгжим сонсдог байсан. Одоо бодоод байх нь ээ, хэрэв би өөр хөгжмийн нөлөөнд өссөн бол одоо шал өөр хүн байх юм шиг… Жишээ нь, 90-ээд оны дундуур 2pac-ын альбом олохын оронд Нирванагийн альбомтой болсон бол өдийд би танигдахааргүй өөр байх байсан даа. Нирвана биш Шопен өдөр бүр сонсож өссөн бол бас л шал өөр замаар төлөвших байсан биз…
Хөгжим бол захын нэг жишээ л дээ… Хүн төлөвших явцдаа асар олон зүйлийн нөлөөнд автаж, өөрийн сонирхол, итгэл үнэмшлийг тэдгээрийн нөлөөн дор тодорхойлдог. Гэтэл одооны “намайг” бий болгох явцад асар чухал үүрэг гүйцэтгэсэн олон хүчин зүйл зөвхөн тохиолдол төдий үзэгдлүүд байсан билээ. Би 2pac-ын тэр дискийг зөвхөн тохиолдлоор л олж сонссон. Хэрэв тухайн үед 2pac-ын диск биш Нирванагийн альбом олдсон бол би учиргүй рок сонирхдог болох байсан ч байж мэднэ. “Би” гэдэг маань тэгэхээр зөвхөн олон тохиолдлын цуглуулгаас бүрдсэн механик зүйл болж байна уу? Миний үзэл бодол, итгэл үнэмшил, сонирхол зэрэг “минийх” бус зөвхөн тохиолдлоор хаа нэгтээгээс олж аваад, доторлосон (internalize) зүйлүүд гэсэн үг үү? “Би” тэгэхээр хэн болж таарч байна аа? Энэ аргументыг абсурд хэлбэрт нь хүргэж болно л доо… 1980-аад онд Монгол улсад нэгэн төрийн албан хаагчийн гэрт төрсөн минь надаас огтхон ч шалтгаалаагүй шүү дээ. Гэтэл Монгол хүн гэдэг тодотгол миний “Би”-гийн хамгийн чухал хэсэг билээ. Энэ утгаараа би “би” болоход миний ухамсарт шийдвэр, үйл хэрэг нэг их нөлөөлөөгүй мэт… Хүний эрх чөлөө гээч тэгвэл хаана байна вэ? Миний бодох, хийх, мөрөөдөх бүх зүйлс их бага хэмжээгээр миний амьдралыг тодорхойлогч тохиолдлын хүчин зүйлсээс, өөрөөр хэлвэл миний “зураг төөргөөс” шалтгаалж байна. Шоронд хоригдож буй хүний хажууд би дуртай зүйлээ хийх, дуртай номоо уншиж, дуртай хөгжмөө сонсох эрх чөлөөтэй ч, би юунд дуртай болох нь надаас нэг их шалтгаалдаггүй байж болох шүү дээ… Зурагтаар реклам үзсээр байгаад тодорхой нэг хөгжмийн урсгалд автчихсан ч юм билүү, эцсийн эцэст хүний сэтгэлзүй асар дуулгавартай шүү дээ. Энэ утгаараа би эрх чөлөөтэй байж чадах үү? Ер нь хүн эрх чөлөөтэй, ухамсарт бодьгал мөн үү? Бидэнд сонголт бий юу?
Энэ бүгд асар далий, эсвэл асар гэнэн сонсогдож болно л доо. Гэхдээ хүн бүхэн хэзээ нэгэн цагт “би хэн бэ” гэдэг асуулттай тулгардаг нь амьдралын жам. Би юунд сонирхолтой вэ, би юунд итгэдэг вэ, би яавал аз жаргалтай болох вэ гэх мэтийн асуултанд хүн бүр өөрийн гэсэн, цорын ганц хариултыг олохыг зорьдог. Гэхдээ эдгээр асуултын өмнө би яагаад чухам ингэж бодох болов, би яагаад аливаа нэгэн зүйлд итгэх болов, би яагаад Буддист эсвэл Христосын шашинтан бэ гэсэн асуултуудыг тавих нь чухал мэт. Юу гэхээсээ илүү яагаад гэх нь өөрсдийгөө ойлгоход илүү ач холбогдолтой бус уу? Яагаад гэдэг асуултыг тавих аюултай байж мэднэ л дээ. Асуугаад байтал “би” гэдэг ойлголт маань зүгээр л нэг олон тохиолдлын шинж чанартай хүчин зүйлсийн цуглуулга болчихож ч мэднэ. Үгүй ч байж мэднэ…