Thanksgiving-аар төрөл бүрийн stuffed turkey, cranberry sauce, corn bread зэрэг асар эрэлт хэрэгцээтэй байдаг ч, далимаар нь гарууд Пилгримууд, Mayflower, Plymouth, Индиануудын түүхийг хальтхан хавчуулж амждаг. Цагаан сараар ч гэсэн дээ, бууз, банш, ууц, тавгийн идээ хамгийн их анхаарал татдаг ч, буузны завсраар мөрөө гаргаж, ном уншуулах хэрэг гардаг. Ер нь улс үндэстэн бүрт ямарваа нэгэн байдлаар хоол ундтай нягт холбогдсон үндэсний баяр байх юм. Америкуудын хувьд Thanksgiving бол turkey day, харин Монголчуудын хувьд Цагаан сар маань буузны өдөрлөг юм уу даа.
Иймэрхүү хоол ундан дээр суурилсан баярууд ихэвчлэн гэр бүл төвтэй баяр байдаг. Thanksgiving-ийн оройн хоолыг гэр бүл, найз нөхөд буюу хамгийн дотны хүмүүстэйгээ хуваалцах уламжлал тогтсоныг хэлэх үү, Америк даяар баахан traffic үүсэж, хол ойр амьдардаг хамаатан садангуудад уулзалдах ховорхон завшаан тохиодог байна. Цагаан сараар ч гэсэн дээ, мань мэт нь жилдээ ганц удаа эмээгийн дүүгийн хүүхдийн эхнэрийн ахыг харж баясдаг билээ гэсэн, 😀 Бууз хүмүүсийг ойртуулах увидастай сайхан хоол шүү.
Энэ бүхнийг юун төлөө нуршаад байна вэ гэхээр, маргааш манай Улс тунхагласны баяр болно. Улс тунхагласны баярыг би лав хувьдаа хэрхэн яаж тэмдэглэхээ сайн мэддэггүй юм. Өглөө босоод Төрийн дууллаа нэг сонсчихоод л гардаг байгаа даа. Хүмүүст Улс тунхагласны баярыг гэр бүлийнхаа хүрээнд сайхан тэмдэглэх боломж олгохын тулд 11 сарын 26-нд дотны хүмүүстэйгээ цуглаж, ямарваа нэгэн зоог барих уламжлал тогтоох хэрэгтэй юм шиг санагдлаа. Иймд, будаатай хуургыг Улс тунхагласны баярын албан ёсны хоол болгох саналтай байна, 😛 Маргааш бүгдээрээ гэртээ сайхан будаатай хуурга хийгээд, гэр бүлийнхан, найз нөхөдтэйгээ хамт ширээний ард цуглараад, Төрийн дууллаа эгшиглүүлэх зуураа Үндсэн Хуулийнхаа эхний өгүүлбэрийг уншчихаад хоолловол Улс тунхагласны баярын ач холбогдол бидэнд арай ойр санагдаж юуны магад, 😀
Будаатай хуурганы баярын мэнд!
Жич: Төрийн дуулал
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ
Монголын ард түмэн бид:
– улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж,
– хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж,
– төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж,
– хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж,
– эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно.
Үүний учир Монгол Улсын Үндсэн хуулийг даяар олноо зарлан тунхаглаж байна.