Утсаа хаясан хүний өчил

Идэвхтэн блогчин байх үедээ хаана л урлаг уран сайхан, уулзалт семинар, шоу тоглолт, үзэсгэлэн худалдаа байна, түүнийг очиж сонирхдог байлаа. Тухайн үед Улаанбаатарт шинэ соргог зүйл зохиогдох нь ч цөөн байсныг хэлэх үү, татлаа түтлээгүй завтай байсныг ч хэлэх үү, шар сонины сэтгүүлч аятай л явдаг байв. Мэдэхгүй чадахгүй ч юм гэж байхгүй, хотын тэн хагасыг жич таних нь холгүй сүр дуулиантай амьдардаг байж.

Сүүл рүүгээ ажил амьдралдаа дарагдсан уу, аль эсвэл залхаж орхисон уу, орж гарах маань цөөрч, нэг л мэдэхэд оройдоо гэртээ харьж галзуу ганц кино үзчихээд унтдаг хүмүүсийн нэг болох нь тэр.

Хүн л болсон хойно, энэ хэв маягаасаа ч залхаж эхэлдэг юм байна. Үе үе өглөө сэрээд “Паах, би гуч гарчихсан шт! Ингэж уйтгартай амьдарч болно гэж үү!” гэх мэтээр огцом сандарч, тэр өдөртөө л хэрхэн яаж адал явдалтай учрах талаар эргэцүүлэн бодно. Нэг өдөр муу хуучин блогоо тоосыг нь гөвөөд янзлаад тавьчихлаа. Маргааш нь ганц нэг хуучны танилуудаа Фэйсбүүктээ нэмээдэхлээ. Аль арав гаруй жилийн өмнө үзэж байгаад хаясан Хятад хэлний курст бүртгүүлчихлээ. Үе үе ууланд авирах, гольф тоглох, Африк руу нүүх талаар мөрөөдөж, онгоцны билет сураглах нь холгүй юм болно.

Тэгж байтал гадаа нар гарах, дуртай дэлгүүр хямдрал зарлах гэх мэт аахар шаахар зүйлст сатаарч, хэсэг дэвнэ.

Энэ долоо хоногт харин овоо хүн шиг байлаа шүү. Нэг дэх өдөр ажлаа тараад гоо сайхандав. Гурав дахь өдөр Чойжин ламын сүм музейд Морин хуурын чуулгын тоглолт үзэж, хийдийн хашаанд вино шимж суун урлаг уран сайхан, шоу болон хов базалтыг хослуулав. Тав дахь өдөр уулзалгүй удсан танилтайгаа үдийн зоог барьлаа. Харин өнөөдөр (хагас сайнд) Чинбаатарын (намууд учраа олтол хувьдаа төв талбайг ингэж нэрлэхээр шийдсэн) талбай дээрх Номын баярыг сонирхов.

Хоёр тор дүүрэн ном аваад аз жаргалтай гэгч нь алхаж байтал гэнэт халаас хөнгөрсөн мэт санагдаад хартал хөөрхий утас минь сураггүй болсон байв. Интерномын асар дээр хүүхдийн ном харж байх зуур л амжуулсан бололтой, яах аргагүй мэргэжлийнхний ажил. Монголчуудын балмад бүдүүлгийг зүхэж, өөрийнхөө хайхрамжгүй мангарыг гайхаж хэсэг зогссоны эцэст утсаа суйлуулсантай эвлэрэв (энэ жигтэй явдал шинэ iPhone худалдаанд гарах мөчтэй яг цав давхцсан нь гарзыг танагтайхан шиг хүлээн авахад тусалсан нь гарцаагүй).

Гар утасгүй хорин минут болоход л биеийн аль нэг эрхтэн дутуу мэт оргиж, үе үе халаасаа тэмтрэх рефлекс идэвхжиж эхэлсэн ба над руу залгах магадлалтай хүмүүс рүү хүний утас гуйж ярьмаар ч юм шиг санагдаад нэг л тавгүй болчихлоо. Гэрт хуучин утас маань байгааг санаж, хурдхан шиг харихын түүс болов.

Харин харих замд гудамж талбай, гадуур алхах хүмүүс, байшин сав харсан шиг ээ явах таалагдаж эхлэв. Машинд зорчигчийн суудал дээр суусан л бол утсаа ширтээд суучихдаг хүн чинь хоттойгоо харин ч нэг танилцах шиг боллоо. Фэйсбүүк дээрх хэрэгтэй хэрэггүй реклам, Инстаграм дээрх танихгүй шахуу хүмүүсийн фильтердсэн амьдрал, Твиттерийн эцэс төгсгөлгүй улс төржсөн цэцэрхэлтээс хэсэгхэн зуур ч гэсэн хол байх нь сэтгэцийн эрүүл мэндэд тустай зүйл болохыг олж мэдэв. Эрх чөлөө гэж энэ буюу!

Эцсийн эцэст сүүлийн таван жил огт уулзаагүй дээхэн үеийн танил маань таван минутын өмнө чухам юу бодсныг мэдсэн ч яалаа, байсан ч яалаа.

Гар утасгүй хүн чинь гэртээ ирээд блог руугаа хүртэл шагайдаг юм байгаа биз дээ… Хөөх, хуучин утасны backup restore маань ашгүй дуусчихаж, баяртай!

Continue Reading

Бичгийн машин

Хуучин бичгийн машинтай болох юмсан… тэгээд л тачигнуулаад сууж байхгүй юу. Мань мэт шиг өөрийгөө хэд дахин засдаг хүнд компьютер дэмий юм аа. Зассаар байгаад сүүлдээ бүр долоон дор болгочих юм. DEL товчлуур маань элэгдлээ.

Continue Reading

Амьд явах хэцүү

Г.Аюурзана:

-Үхлийн тухайд юу боддогоо хэлээч? Жам ёсны бус үхлийг (амиа хорлолтыг) хүмүүс муу ёр, айдас түгшүүр, тэвчишгүйгээс үүдсэн урвалт гэж боддог. Харин зарим тохиолдолд асар их зориг, итгэл үнэмшил, үзэл бодолдоо үнэнч байхын илрэл байдаг юм шиг? Дээрх хоёр асуултыг нийтлэхгүй гэж бодож байна.
-Яагаад нийтлэхгүй гэж? Сайн асуултууд байна шүү дээ. Амиа хорлох тухай бодож үзээгүй хүн ер нь байдаг юм уу? Хүн бүхэнд ойрхон, их чухал асуулт гэж бодож байна. Зүгээр, миний санахад, амиа хорлох бол хэтэрхий амархан. Шийдэж л чадвал, хэрэгжүүлэхэд хялбархан. Амьд явах чинь хамаагүй хэцүү шүү дээ. Насанд хүрсэн оюун ухаантай хүний хувьд хэцүүг нь сонгосон нь дээр.

Амьд явах хамгийн хэцүү… хэрэв үнэн гэж байдаг бол, энэ л үнэн байх. Амиа хорлоно гэдэг нь хамгийн хулчгар шийдвэр. Харин амьд явахын тулд дэндүү зоригтой, асар их тэвчээртэй эсвэл шал тэнэг байх ёстой юм болов уу. Зориг муутай, тэвчээр багатай мань мэт шиг хүмүүст тэнэг царайлаад л явж байх сонголт үлдэх шинжтэйдэг ээ. Тоглоомын дүрмийг өөрчилж чадахааргүй бол тэрхүү дүрмийн дагуу л тоглох ёстой байдаг болохоор өөр яалтай ч билээ.

Хорвоогийн тэнэгүүд мандтугай!

Г.Аюурзаны ярилцлага

PS: “Amadeus” санаад орчихлоо… тасархай кино шүү. Salieri:  “I speak for all mediocrities in the world. I am their champion. I am their patron saint. Mediocrities everywhere… I absolve you.” We are finally absolved, thank God.

Continue Reading

Өнөөдөр үү маргааш уу?

ЧихэрӨөрийгөө дөрвөн настай хүүхэд гээд төсөөлдөө. Цэцэрлэгтээ ангийнхаа хүүхдүүдтэй тоглож байтал чинь нэг ах орж ирээд та нарын өмнө нэг нэг чихэр тавиад, “Ах нь та нарт гого бэлэг авчирлаа. Миний дуу нар чихрээ хэзээ л бол хэзээ идэж болно. Ах нь одоо гялс явчихаад ирнэ, нэг их удахгүй. Намайг иртэл чихрээ идэлгүй хүлээсэн хүүхдэд би дахиад нэг чихэр нэмж өгнө шүү” гэж хэлээд яваад өглөө гэж бодъё. Чи чихрээ идэх үү эсвэл дахиад нэг чихэр авах гэж хүлээх үү?

Энэхүү экспериментыг 60-аад онд Walter Mischel хэмээх сэтгэлзүйч хэсэг бүлэг хүүхдүүдийн дунд явуулсан юм гэнэ лээ. Судалгаанд оролцсон зарим хүүхдүүд ахыг гарч явна уу үгүй юу шууд чихрээ идэж орхисон бол зарим нь өөрсдийгөө ямар нэгэн аргаар саатуулаад, дуулж бүжиглээд, чихрээс аль болох хол байж, хоёр дахь чихрийг хүлээсэн байна. Хамгийн сонирхолтой нь Walter Mischel арван хэдэн жилийн дараа өөрийн судалгаанд оролцсон хүүхдүүдтэй эргэж холбоо барихад хүлээсэн хүүхдүүд нь чихрийг шууд идэж орхисон хүүхдүүдээс илүү сайн сурлагатай, өөртөө итгэлтэй, шалгалтанд хамаагүй өндөр оноо авч байсан гэнээ.

Эдийн засагчид time preference гээч зүйлийн талаар ярьдаг даа: өнөөдөр хэрэглэх үү, маргааш хэрэглэх үү гэсэн асуултад хүн бүр өөрийн time preference-ын дагуу хариулдаг г. м. Болдын хувьд өнөөдөр хэрэглэх нь маргааш хэрэглэхээс хавьгүй үнэтэй бол Батаа маргаашийн хэрэглээнд илүү их ач холбогдол өгдөг байж болно. Энэ тохиолдолд Батаа мөнгөө хураана, банкинд хадгалуулна, харин Болд олсон өдрөө үрж орхино. Тime preference хэмээх ойлголт нь зарим талаар тухайн нийгмийн хөгжил, соёл, зан заншилтай холбоотой. Маргаашийн хэрэглээ нь тодорхой бус, хадгаламж эрсдэлтэй бол өнөөдөр хэрэглэх нь илүү өгөөжтэй байх болно. Гэхдээ хувь хүний discount rate (цаг хугацаа дамжсан сонголтыг тодорхойлдог параметр нь) улс орны эдийн засгийн хөгжилд шууд нөлөөлөх нь ойлгомжтой. Жишээ нь, Азийн бар улсуудын эдийн засгийн өсөлт ард иргэдийн нийт хадгаламжийн хувь өндөр байсантай холбоотой, г.м.

Улс үндэстнүүдийн хувьд culturally intrinsic time preference байж болох уу гэдэг асуудал сонин санагдаж байгаа юм. Өнгөцхөн харахад, Монголчууд угаасаа их өндөр time preference-тэй мэт санагддаг: өнөөдөр балай авч байвал маргааш яасан ч яах вэ гэх маягаар амьдралд хандах нь элбэг байдаг. Энэ нь юутай холбоотой вэ? Нүүдлийн соёл иргэншил гэх нөгөөх л жижүүр хариултыг өгч болох юм. Дээрх судалгааны ажлын дүнг үндэслэвээс, хүмүүсийн time preference асар багад нь төлөвшдөг гэсэн дүгнэлт хийхээр байна. Дөрвөн настай хүүхэд чихэрт яаж хандаж байгаа нь түүний арван наймтайдаа их сургуульд элсэх үү үгүй юу гэдгийг тодорхойлоод байх шиг. Дахиад л хүмүүжлийн, гэр бүлийн асуудал…

Юутай ч, шинэ он гарсныг хэлэх үү, хоёр чихэртэй хоцордог болохын тулд урагшаа гэсэн зорилт тавья, 😀

Continue Reading

Манан дунд

Лондон гэж мананд бүрхүүлсэн, үргэлж бороо орсон газар байдаг гэсэн түгээмэл ойлголттой явсныг хэлэх үү, хэт манантай байгаа тул онгоц газардах боломжгүй байна гээд Аерофлотын ямбий маань цаг гаран хэртээ Лондонгийн дээгүүр эргэлдэхэд нэг их гайхсангүй. Стереотип батлагдах бүрт хүний бах ханах нь аргагүй байх л даа. Миний төсөөллийн Лондон бодит Лондонгоос хол зөрсөнгүй. Манан дунд Trafalgar square-р алхаж, Tower of London-г үзэж, Thаmes голын эрэг дээр суулаа. Жаал загвартаж T. S. Eliot энэ тэр унших гэснээ болив.

“Соёлт ертөнц”-тэй танилцах тоолонд харамсах сэтгэл төрдөг юм. Лондонгийн тоосго бүрээс түүх үнэртээд, хана болгон нь ямар нэгэн асар чухал үйл явдлын гэрч байсан мэт… гэтэл бидэнд түүхийг маань гэрчлэх зүйл юу байгаа гэж бодохоор уур хүрэх шиг. Эсвэл би хэт материалист загнаж байгаа юм болов уу? Амьдарч буй орон зай, орчин нь хүмүүст ямар нэгэн байдлаар нөлөөлдөг гэдэг үнэн санагдаж байна. Лондон түүх соёлоор дэндүү “баян” болохоор эндээс ийм олон мундаг зохиолч, яруу найрагчид төрсөн байх л даа. Темзын эрэг дээр суугаад байх юм бол хэн ч гэсэн яруу найрагч болох шинжтэй. Прага, Санкт Петербург, Парис, Нью Йорк, Токио… Кафка, Кундера, Достоевский, Камю, Мишима. Хуучны байшин барилгууд, агуу утга зохиол 2-ын хооронд ямар нэгэн корреляци байдаг юм болов уу гэсэн, :P.    

Damn, далийдаг байна шт. London is a very literary city, indeed.

PS: Хэзээ ч битгий Аерофлотоор нисэж байгаарай, хэзээ ч!

Continue Reading

Toilet seat issue

Гарууд сонин сонин асуудалд цаг зарцуулах юм аа. Жишээ нь, жорлонгийн суултуурыг босгох нь зөв үү, буулгах нь зөв үү гэдэг асуудал маш олон хүмүүсийн санааг зовоодог болтой: The Troublesome Toilet Seat: Up or Down?

Энэ талаар юу гэж бодож байна? Суултуурыг босгох уу, буулгах уу? Орчин цагийн to be or not to be юм байна л даа.

Continue Reading

Би vs. би

Би угаасаа шүүмжлэлд их дургүй (ер нь шүүмжлүүлэх дуртай хүн байдаг юм болов уу). Хүнээс хатуу үг сонсож сураагүй болоод ч тэр үү, аливаа үгэнд их эмзэглэнэ. Гэхдээ бусдаас илүү өөрөөсөө айдаг. Хүн өөрийнхөө муу тал, дутагдал, алдааг хэнээс ч илүү мэдэх болохоор өөрийнхөө хамгийн сайн критик байж чаддаг. Шөнө дунд түүнтэй ганцаар үлдэх нь аймшиг. Гэхдээ дотоод критикаа сонсож сурах нь чухал. Нөгөө талаар, хүнд өөрийн гэсэн self-defense mechanism байдаг учраас дотоод критикийг үгүйсгэж, өөрийгөө зөвтгөх үүрэгтэй дотоод адвокат бас байна. Адвокат нь өөрийгөө өмөөрч, бурууг бусад руу чихэж, өөрийгөө өрөвдөж гарна. Энэ хоёрыг баланслуулж чадах юм бол хүн өөрийгөө ялна гэсэн үг.

Хэд хоногийн өмнө Guy Ritchie-гийн “Revolver” гэдэг киног үзсэн юм байна. Бас л хувь хүний дотор өрнөх тэмцлийн тухай. “Rule No. 1: Your enemy will always hide in the last place that you would ever look”. Дайснаа тархин дотроосоо хайхгүй нь мэдээж. “Rule No. 2: You only get smarter by playing a smarter opponent”. Дотоод дайсан чинь хүчтэй байх тусам чи өөрөө хүчтэй болно. “Rule No. 3: Always protect your investment”. Хүн төлөвших явцдаа өөрийн үзэл бодолдоо асар их хөрөнгө оруулалт хийдэг. Аажмаар хөрөнгө оруулалтаа хамгаалах зорилгоор түүндээ улам бүр автаж, авралгүй болдог. Аймшиг.

Өнөө шөнө би лав унтаж чадахгүй нь ээ.

PS: Өнөөдөр World Aids Day: join the campaign

Continue Reading

Хором

Харин би шар айраг уун , өөрийнхөө тухай бодно .
Old navy’s brother .

“ Миний сэтгэлт бүсгүй далайн чанадад суудаг “.
Харин миний сэтгэлт бүсгүй 1969 – н гэрлийн жилийн цаана амьдардаг .
“ Бид алс ирээдүйг үгүйлэгчид “.
Өнгөрснийг бус алс ирээдүйг үгүйлэгчид .

Ширээний ард сууж буйгаа хамгийн хүнд хүчир ажил хийж байна хэмээн бодогчдод би дургүй . 

Бүхнийг үзэн ядсан өнгө .
Миний хоолой гэж итгэхэд бэрх . Гэхдээ баримт бол баримт . Энэ бол миний хоолой . Бүхнийг үзэн ядсан .

Өөрийгөө харж байна .
– Өвгөн минь , далайд гарах цаг болжээ. 
Харин жаалхүү хаана байна ? Бид халим агнагчид бус харин хамгаалагчид . 

– Хүйтэн шар айраг авч байна уу ? гээд инээж байна .
 “ Всe люди братья
   Мы седьмая вода “ . 

“ Боломжгүй зүйл үгүй “ гэсэн өгүүлбэрт хүч оруулсан хэтрүүлэг ашигласан байна .

Өөрийнхөөрөө байх боломжгүйг мэдэрсэнээс уйлдаг байсан юм болов уу .
Нулимс эсэргүүцлийн бэлэг тэмдэг . 

Өвлийн тухай нэгэн зохиолын хэсэг надад таалагддаг .
Цасан дундахь Саппоро . 

Цонхны цаана өвөл . Харахыг хүсэхгүй байна .
Харин наана 1969 оны зун .

Continue Reading
1 2 3 5