Чингисийн тухай хууль

Монголчууд бид “ЧИНГИСИЙН ТУХАЙ ХУУЛЬ” гэж гаргая. Хүмүүсийг уриалмаар байна. Яагаад хууль гэж? Хуулийн үндэслэлийн талаар бичих гэж оролдоё.

Монголчууд өнөөг хүртэл Чингис хааныхаа төлөө юу хийсэн бэ? Та бүхэн боддоо, миний толгойд лав далайцтай зүйл орж ирэхгүй байна. Энд тэнд хэдэн хөшөө барина гэж төлөвлөснөөс өөр зүйл алга. Хөшөөний хувьд нүдэнд үзэгдэж, гарт баригдаж жуулчид татах, түүнд төрийн хүндэтгэл илэрхийлж, түүгээр бахархах гэх зэрэг сайн талууд бий. Гэхдээ хөшөөнөөс илүү Чингисийн залуучуудыг “БОСГОХ” нь чухал гэж бодож байна. Босгох энэ тэр гээд ярьвал бас бодлого боловсруулах шаардлага гарна. За энэ ч яахав, үндсэн сэдвээсээ хазайх шахлаа.

Монголчууд vндэсний vзэл гэхээр Чингис хааны нэрийг хэлж цээжээ дэлддэг, эсхvл хортой ундаагаа нэрээр нь нэрлэж их хаанаа гутаадаг байдлаас ердєє хэтэрсэнгvй гэж болно. Тэгээд хааныхаа нэртэй шилтэй юмыг нь хvндэтгэж байна гэж уусаар байгаад vндэстэнээрээ архичин болж байна. Өнөөдөр Монголын нийгэмд тулгамдаад байгаа асуудлуудаас дурдвал архидалт, авилгал гээд бодит байгаа зүйлийг дурдаж болно. Чингисийн нэрийг барьсан хэдэн согтууруулах төрлийн ундаа байна вэ? Үүний хариултыг та дэлгүүр, баар кафенаас олж харж болно. Гэхдээ энд асуудлын үндэс нь Чингисийн зургийг архины шилэн дээрээ байршуулан борлуулж байгаа үйлдвэрлэгчийн буруу гэвэл асуудлыг дутуу үнэлсэн буюу үнэнд нийцэхгүй байх гэж бодож байна. Тэр үйлдвэрлэгч бизнес хүний нүдээр л асуудалд хандаж байгаа. Монголын брэнд болсон Чингисийн нэрийг ашигласан 1-2 чанартай бүтээгдэхүүн байхад л хангалтай гэж бодож байна. Олимпын 5 цагарагийг онгоц агаарт утаагаараа дүрсэлхэд ОУОХ мөнгө авдаг гэж дуулсан.

2006 онд Монгол Улсад “Их Монгол Улс байгуулагдсаны 800 жил”-ийн ойн баяр болж байгаа. Гэтэд Хятад Улс “Тулгар төр байгуулагдсаны 800 жилийн ойн баяр бол зөвхөн Монголын баяр биш, бидний ч бас баяр” гэсэн утга илэрхийлэл бүхий сурталчилгааг хийж, Чингисийн хөшөө бүхий том цогцолборыг босгосон байна. Бүр Монголоос очсон нөхдүүдэд “Чингис бол манай Хаан” гэж тайлбарлаж байх жишээтэй. Ер нь “бид Чингисийн үр сад” гэж хэлэх улсууд нилээн байдаг бололтой. Оросын нэг кино найруулагч (тухайн үед сонин дээрээ уншиж байсан, хэн байсныг нь санадаггүй) Чингисийн тухай кино хийсэн талаар ярилцлага өгсөн байсан. Киноны гол дүр болох Чингис хаан маань залуудаа Хятад руу цөллөгөнд явж байсан мэтээр найруулсан байсан. Ингэж их түүхээ гуйвуулахыг хараад суугаад байж болмооргүй санагдах юм.

“НҮБ-ийн Ерөнхий ассамблейгаас Монгол Улсын тулгар төр байгуулагдсаны 800 жилийн ойг дэлхий нийтээр хамтран тэмдэглэхийг уриаллаа” гэсэн гарчигтай тунхаглал бүхий бичиг 2005.11.16-ны “Өдрийн сонин” 276 дугаарт нийтлэгдсэн байсан. Уг тогтоолын баримт бичигт Монголыг нүүдэлчдийн соёл иргэншил, иргэншил хоорондыг холбосон гүүр болж ирсэн, байгаль дэлхийтэйгээ зохицон амьдрах ёс, нүүдэлчдийн соёл уламжлалыг хадгалан хөгжүүлэх чиглэлээр Монгол Улсын гаргаж буй хүч чармайлтыг сайшааж “Монголын тулгар төр байгуулагдсаны 800 жил”-ийн ойг дэлхий нийтээр хамтран тэмдэглэхийг уриалсан байна. Иймд бидний өмнө том боломж нээгдэж байна гэж ойлгож байна.

Америк тивийг Колумб нээснээс хойш 500 жил болж байна. Тэгвэл 500 жилийн Монголын тулгар төр улс байгуулагдаад 300 жилийн нүүр үзэж байсан байна. Америкчууд АНУ-ын иргэн болж өсөж торнисондоо бахархдаг шиг бид Монгол хүн болж төрсөнөөрөө бахархах ёстой. Яагаад гэвэл бид агуу түүхтэй улс. Харин яаж? Энд ГАРЦ бий бодож байна. НҮБ-ийн Ерөнхий ассамблейн тогтоол дээр дөрөөлөөд “ЧИНГИСИЙН ТУХАЙ ХУУЛЬ”-ийг УИХ-аар хэлэлцүүлж батлаад НҮБ-аар хүлээн зөвшөөрүүлэх хэрэгтэй. Ийм боломж байгаа гэж бодож байна. Чингисийн тухай хуулийн зорилго нь Чингистэй холбоотой бүх талын харилцааг зохицуулахад оршино. Жишээ нь Чингис хаана, хэдэн онд төрсөн, хаана хэдэн онд нас барсан, амьд байхдаа юу хийж байсан, өөрөөр хэлбэл Монголын нууц товчоог түүхч эрдэмтдээр дахин нэг хэлэлцүүлээд түүхийг баталгаажуулсан хуулийн бичиг баримт болгох хэрэгтэй. Дээр нь Чингисийн нэрийг бизнес, аялал жуулчлалын салбарт хэрэглэх, хөшөө босгох, түүний нэр хүндийг хамгаалах зэрэг харилцааг зохицуулах, өөрөөр хэлбэл түүний нэрийг дэлхийн оюуны өмчийн газарт өгч патентлах зэрэг зохицуулалтуудыг бүгдийг хуульчлах хэрэгтэй. Ингэж байж бид дэлхийн тавцанд ХӨЛ гишгэнэ. ЭНЭ БОЛ ТОМ АЖИЛ. Эргээд жуулчлал болон эдийн засгийн нилээн ашигтай байх болно. Ядаж Чингисийн үр сад гэж ярьж, хэлэх дуртай улс орнууд Чингисийн тухай эрх зүйн нэгдсэн нэг бичиг баримттай болох, түүнийг Монгол санаачилж хийх хэрэгтэй.

ЧИНГИСИЙН МОНГОЛЧУУДЫГ БУРХАН ИВЭЭГ.

Continue Reading

Төрийн минь сүлд өршөө

“Монголчууд “ТЄРИЙН МИНЬ СVЛД ЄРШЄЄ” гэж vеийн vед тєрєє хvндэтгэн дээдэлж ирсэн зан заншил нь нvvдэлчдийн тархай бутархай ахуй байдал, тэднийг уусгаж нэгтгэх далд бодлоготой их хєршvvдтэй цєєн хvнтэй улсын маань оршин байх нэг гол vндэс суурь болж ирсэн” гэж Оллоо сайтын 2006 оны 2 дугаар сар 21 өдрийн дугаарын “Эх оронч үндэсний үзэл ба өнөөгийн улс төр” нийтлэлд дурдсан байна. Тэр өгүүлэл дотроос нэгэн илэрхийлэл болох “ТӨРИЙН МИНЬ СҮЛД ӨРШӨӨ” гэдэг үгийг иш татан шүүмжилмээр санагдчихлаа. Яагаад ард түмэн төрөөс өршөөл эрэлхийлэх ёстой юм. Бидний төр ард түмнээрээ өршөөл гуйлгаад байдаг догшин, хэрцгий дарангуйлагч гэж үү? Яагаад ард түмэн төрөөс айж, сүрдэх ёстой юм бэ? Яагаад вэ?

Үгүй шүү, “төрийн минь сүлд өршөө” бүхий илэрхийллийг 100 хувь эсэргүйцэж байна. Учир нь манай Үндсэн хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бол “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдлэнэ.” Энэхүү заалтаар бол ард түмэн бид Засгийн бүх эрх мэдлийг гартаа атгаж байдаг юм байна. Тэр засгийг байгууллахад өөрсдөө шууд оролцож, санал бодлоо илэрхийлэх, бидний төлөөлөл, өөрсдийн байгуулсан байгууллагаараа дамжуулан эрхээ эдлэх буюу үйл хэргээ явуулдаг юм байна. Тэгвэл ТӨР маань бидний хажууханд, бидний дунд байдаг, бидэн үйлчлээд, бидний дуу хоолойг сонсоод, ард түмний сайн сайхны төлөө түүнийг хэрэгжүүлээд явж байдаг үүрэг функц бүхий “ЗАРЦ” гэж хэлж болох бус уу? ТӨРӨӨС өршөөл гуйх ямар ч шаардлага алга. Сүлдээ дээдэлдэг болохоос түүнээс өршөөл ирдэггүй юм.

Гэтэл “ТӨРИЙН МИНЬ СҮЛД ӨРШӨӨ” гэдэг үгийг одоо болтол яагаад оршин тогтносоор байгаа мэтээр дээр нийтлээд, үеийн үед хүндэлж, биширч байсан мэтээр бичсэн байдаг билээ. Энэ үг Чингисийн үед байсан гэж үү. Уг нь Монголын нууц товчоо болон кино зэргээс харахад ийм үг байгаагүй л юм даа. Чингис хаан өөрөө “ХӨХ ТЭНГЭР МИНЬ ӨРШӨӨ“ гэдэг байсан. Уул уснаасаа л өршөөл ирдэг байсан. Тэр үеийн хүмүүс ч бас “ТЭНГЭР МИНЬ ӨРШӨӨ“ гэдэг байсан.

Миний өчүүхэн бодлоор “ТӨРИЙН МИНЬ СҮЛД ӨРШӨӨ” гэдэг үг хувьсгалаас хойш МАХН-ын их хэлмэгдүүлэлтийн үед үүссэн үг болов уу. Тэр үе хөөрхий муу элэг нэгт ахан дүү, үр сад, аав ээжээ алдсан ЭМЭЭ /ӨВӨӨ/ нарын маань гашуун нулимснаас гарсан үг байх аа. Тэр үед хүн бүхэн ТӨРӨӨС айдаг байсан. Хэзээ намайг ирж баривчлах бол гэж… хэцүү байсан байх даа, хөөрхий.

Одоо бол үгүй шүү. Монголд хар үүл авчирсан их хэлмэгдүүлэлт, зовлон гуниг, хардалт сэрдэлтийн илэрхийлэл болсон “ТӨРИЙН МИНЬ СҮЛД ӨРШӨӨ” гэдэг энэ үгийг гашуун туршлага болгон зарлаад булшлах хэрэгтэй.

ТӨР бол бидний дуу хоолойг сонсдог, бидэнд үйлчилдэг, бидний өмнө хариуцлага хүлээдэг, бидэнтэй харилцан бодол санаагаа солилцож байх үүрэг функцтай хуулийн этгээд мөнөөс мөн. Тийм болохоор Монгол хүн бүр үндсэн хуулиа дээдлээд зогсохгүй түүнд тусгагдсан заалт бүрийг мэдээд зогсохгүй ойлгож, эрхээ эдлээсээ гэж хэлмээр байна. Та хуулийн хүрээнд хаана ч, хэнд ч, юуны ч тухай ярих эрхтэй.

Continue Reading

Шинэ блог!

Сайн байцгаана уу! Нэг ийм бодрол толгойнд орлоо:

Тухайн нийгмийн хамгийн дэвшилттэй, нөлөө бүхий бүлэглэлүүдээр нь хөгжлийг нь хэмжиж болох бус уу? Жишээ нь 15 зууны Хятадад тийм бүлэглэл нь ордны тайганууд байсан байна. Харин 1930-аад оны Германд популистууд, аж үйлдвэрийн эзэд байсан гэж болох байх. Үүнийг шууд Монгол дээр эртнээс нааших хувьсалтай нь тохируулж харвал иймэрхүү зураг гарах юм болов уу?

– Малчид, Цэргүүд (МЭЄ 3 зуунаас – 1600 аад он хүртэл)
– 150 жил орчил
– Малчид, Лам нар (1750-1911)
– 40 жил орчил
– Коммунистууд (1950-1990)
– 20 жил орчил
– Уурхайчид (2010?-2050?) 2010 орчим онд Оюу Толгой, Таван Толгойн уурхайнууд ажиллаж эхлэхэд эхлээд 2050 орчим онд том уурхайнууд нөөцөө барж дуустал үргэлжилнэ.
– Орчил гээд байх юм бараг байхгүй байна.
– Санхүүчид, Фермерүүд (2050?-2070?) Уурхайнуудаас олсон мөнгөө ийш тийш хийх нь чухал болно. Хүн ам эрс өссөнөөс болж уурхай, хотуудаас бусад бараг бүх газар фермүүд болно.
– 20 жил орчил? Хамгийн сайн, цэргүүд, эрдэмтэдийг бэлдэхийн тулд нэг үе зарах хэрэгтэй.
– Цэргүүд, Эрдэмтэд (2090?-2140?) Ийш тийш хийсэн мөнгөө хамгаалах үүднээс хүчирхэг зэвсэгт хүчинтэй болохоос өөр аргагүй. Тийм зэвсэгт хүчинг тордохын тулд шилдэг эрдэмтэдтэй болох хэрэгтэй болно.

Yүнээс цааш яах нь тодорхойгүй. Цэрэг, эрдэмтэдийн үед ямар ч байсан дайн хийх болно. Тэр дайнд ялсан, үгүйгээс бүх юм шалтгаална. Ялагдах юм бол буцаад коммунистуудын төвшинд шидэгдэнэ. Ялах юм бол шинэ төвшинд гарна – ямар юм бүү мэд. Гэхдээ магадгүй шинээр дийлж эзэлсэн юмсаа хянах засаг захиргаа хэрэгтэй болох байх, тийм бол Бюрократууд, Хөрөнгөтөн гэсэн шинэ давхаргууд хүчээ авах боломжтой.

Мэдээж дээрх хувьсалын шат бүрд эрсдэл маш их. Жишээ нь Коммунистуудыг гарч ирэхээс өмнө арчигдах шахсан. Ойрын ирээдүйд Цэрэг, Эрдэмтэд хүрэх холбоог таслах үүднээс урдчилсан дайн бидний эсрэг хийж магадгүй. Ямар нэг байдлаар хийгээд эхэлчихсэн ч байгаа байх. Тэсч үлдэх бидний хоншоороос шалтгаална? кеке

Continue Reading

Сайхан шинэлээрэй!

Өнөөдөр битүүний өдөр. Цагаан сар сайхан баяр шүү, цаана нэг л өөр уур амьсгалтай байдаг юм. Бүгд гэртээ бужигнаж хоол ундаа бэлдээд л, завсраар нь бөх харах гэж гүйлдээд л… Одоо тавгын идээгээ засна, тэгээд буузаа тавиад битүүлнэ дээ.

Арван долдугаар жарны барагдашгүй хэмээх гал нохой жил маргааш гарах нь байна. Хүмүүс хаа сайгүй л ийм мэндчилгээ дэвшүүлээд байгаа хэрнээ барагдашгүй хэмээх гал нохой жил нь яг ямар учиртай болох талаар нэг их ярихгүй юм. Тэгэхээр нь тухайн жилийн өнгө мэнгийг хэрхэн яаж тодорхойлдог талаар сонирхож асуулаа л даа. Эмээ өвөөгөөсөө асуутал тэд маань сайн мэддэггүй, бодвол зурхайчид л нэрлэдэг байх ухааны зүйл ярьж байна. Манайхан ч аргагүй л дээ, лам хуврагаар яваад байдаг улс биш, жинхэнэ соц. үеийн сонгодог атеистууд байгаа юм. Сүүлдээ хобби хөдлөөд нэг таньдаг маарамба ах руугаа ярьж үзлээ. Мань хүн ч асар учир жанцантай юм ярьж өгөв. Даанч утсаар ярьж байсныг хэлэх үү, зарим зүйлийг нь сайн ойлгосонгүй. Ямар ч байсан зурхайн ухаан гэж их нарийн эд байдаг бололтой. Маарамба ахтай баярын дараа уулзалдаж, энэ талаар ярилцах болсон тул аяар дэлгэрүүлж бичихийг бодно.

Цагаан сарын бэлтгэл үед Монголд бүх наймаа худалдаа эрчимжиж, хүмүүс ёстой л бужигнах юм. Хэд хоногийн өмнө Нарантуул захаар шагайхад үнэндээ хөл тавих зайгүй байна билээ. Цагаан сарын дараа хүмүүс нэг хэсэгтээ наймаа хийдэггүй болохоор зах баярын дараах 10 хоногт амардаг юм гэсэн. Баруунд Christmas shopping-ийн үеэр consumer confidence, retail sales-тэй холбоотой тоонуудыг чухалчлаад байдаг шиг манайд ядаж Цагаан сарын үеэр ийм тоо гаргадаг болмоор юм уу, эдийн засгийн хандлагыг ажиглахад хэрэгтэй баймаар…

Сар шинэдээ сайхан шинэлж, шинэ ондоо амжилт бүтээлээр дүүрэн байгаарай!

Continue Reading

Google мандтугай!

Өчигдөр Монгол Улс интернетын гарцтай болсны 10 жилийн ой болж өнгөрөв. Бас л хурдан юм аа, нэг л мэдэхэд 10 жил болчихжээ. Саяхан л учраа мэдэхгүй Monstudnet-ын чатанд дэмийрдэг байлаа шт, тэгсэн яасан байхав, Бодрол хүртэл аль хэдийн нэг нас хүрчихсэн байдаг.

Интернет ээ гэж… бас л буянтай зүйл шүү. Жишээ нь Google байхгүй болчихвол би бараг л яаж амьдрахаа мэдэхээ байх байлгүй. Анзаараад байхад Google бий болсноос хойш миний тархины мэдээлэл хадгалах процесс эрс өөрчлөгдөөд байгаа. Урьд нь ихэнхи мэдээллийг асар идэвхитэй нь аргагүй цээжилж тогтоодог байлаа шт, тэгсэн одоо Google-дчих юм чинь дээ гэж бодоод онцын шаардлагагүй зүйлийг хэргээр мартдаг болоод байна. Шинэ технологи ийм богино хугацаанд хүний тархины үйл ажиллагаанд ийнхүү нөлөөлнө гэж байдаг болов уу? Эсвэл би хөгшрөөд залхуу болж байгаагаа хөөрхий муу Google-руу чихээд байж ч мэдэх юм, :P. Гэхдээ магад Google жинхэнэ утгаараа хүн төрөлхтний collective memory болж байгаа ч юм билүү…

Үндэсний Статистикийн Газрын гаргасан тооны дагуу 2004 оны байдлаар Монголын 1000 хүнд 8.1 интернет хэрэглэгч ноогдож байгаа гэнээ (ҮСГ – энэ тоог хэрхэн яаж гаргасан нь тодорхой бус байна). Монголын нийт хүн ам 2.8 сая (CIA World Factbook) гэж багцаалж тооцоход манайд нийт 22680 хүн интернет хэрэглэдэг гэсэн тоо гарч байгаа юм. Гэхдээ гадаадад амьдарч буй Монголын иргэд уг тоонд багтаагүй биз. Тэгэхээр Монгол сайтыг тогтмол үзэх боломжтой хэдэн арван мянган хүмүүс байна гэсэн үг… бас л чамлахааргүй тоо шүү.

Юутай ч, баярын мэнд!

Continue Reading

Сувгаа битгий солиорой

Гэртээ ирсэн биш оройдоо хальт зурагтын суваг солиж суух завшаан гарч байгааг хэлэх үү, сонирхолтой байна. Манайхан ирклаам гээчийн учрыг харин ч нэг олсон бололтой, шувт л янзан бүрийн зүйл сурталчлаад байх болтой юм. Киноны дундуур гардаг реклам ч яахав дүүрсэн хэрэг гэж бодоход зөвхөн ямарваа нэгэн бүтээгдэхүүн сурталчлах цорын ганц зорилготой бүхэл бүтэн нэвтрүүлэг хүртэл гарах юм. Ядаж байхад иймэрхүү нэвтрүүлгүүд яг prime time-аар гарахыг нь яанаа. Хамтлаг дуучид клип хийлгэлээ гэхэд юу юугүй л нэг brand-ын нэрийг товойлгож гаргаад л, энэ цагийг зүүхгүй л бол хүн биш гэсэн аястай дуулаад байх жишээтэй. Ийм төрлийн маркетинг байлгүй яахав, гэтэл мэдээллийн хөтөлбөрүүдээр байнга аль нэгэн байгууллагын үйлчилгээг сурталчилсан “мэдээнүүд” явах нь арай л хэцүү юм. Шууд сурталчилгаа нь үр дүн багатай болоод ирэхээр байгууллагууд сурталчилгаагаа мэдээ маягаар явуулдаг болсон юм байлгүй. Нэг бодлын санаа амар ч юм уу…

Компаниуд маркетингдаа их мөнгө хаядаг болсон нь манай зах зээл томорч, өрсөлдөөн ихэсч байгаагийн шинж байх л даа. Энэ нь нэг талаасаа эерэг үзүүлэлт боловч цаашдаа үнэн зөв, зохистой сурталчилгааны асуудал хурцаар тавигдаж болох юм. Манайд АНУ-ын FCC (Federal Communications Commission) маягийн бие даасан байгууллага хэрэгтэй ч юм уу? Одоогийн байдлаар энэ талын зохицуулалтыг ямар газар хариуцаж байгаа нь хальт сонирхолтой санагдаж байна.

Зурагт гэснээс, сумо гаргадаггүй телевиз гэж алга. Мань мэт шиг сумо үздэггүй хүний хувьд энэ нь үнэндээ дарамттай юм, сумогийн цагаар бол ерөөсөө сонголтгүй наасан. Сайхан үндэсний бөхөө үзээд сууж байх минь…

Continue Reading

Будаатай хуурганы баяр

Thanksgiving-аар төрөл бүрийн stuffed turkey, cranberry sauce, corn bread зэрэг асар эрэлт хэрэгцээтэй байдаг ч, далимаар нь гарууд Пилгримууд, Mayflower, Plymouth, Индиануудын түүхийг хальтхан хавчуулж амждаг. Цагаан сараар ч гэсэн дээ, бууз, банш, ууц, тавгийн идээ хамгийн их анхаарал татдаг ч, буузны завсраар мөрөө гаргаж, ном уншуулах хэрэг гардаг. Ер нь улс үндэстэн бүрт ямарваа нэгэн байдлаар хоол ундтай нягт холбогдсон үндэсний баяр байх юм. Америкуудын хувьд Thanksgiving бол turkey day, харин Монголчуудын хувьд Цагаан сар маань буузны өдөрлөг юм уу даа.

Иймэрхүү хоол ундан дээр суурилсан баярууд ихэвчлэн гэр бүл төвтэй баяр байдаг. Thanksgiving-ийн оройн хоолыг гэр бүл, найз нөхөд буюу хамгийн дотны хүмүүстэйгээ хуваалцах уламжлал тогтсоныг хэлэх үү, Америк даяар баахан traffic үүсэж, хол ойр амьдардаг хамаатан садангуудад уулзалдах ховорхон завшаан тохиодог байна. Цагаан сараар ч гэсэн дээ, мань мэт нь жилдээ ганц удаа эмээгийн дүүгийн хүүхдийн эхнэрийн ахыг харж баясдаг билээ гэсэн, 😀 Бууз хүмүүсийг ойртуулах увидастай сайхан хоол шүү.

Энэ бүхнийг юун төлөө нуршаад байна вэ гэхээр, маргааш манай Улс тунхагласны баяр болно. Улс тунхагласны баярыг би лав хувьдаа хэрхэн яаж тэмдэглэхээ сайн мэддэггүй юм. Өглөө босоод Төрийн дууллаа нэг сонсчихоод л гардаг байгаа даа. Хүмүүст Улс тунхагласны баярыг гэр бүлийнхаа хүрээнд сайхан тэмдэглэх боломж олгохын тулд 11 сарын 26-нд дотны хүмүүстэйгээ цуглаж, ямарваа нэгэн зоог барих уламжлал тогтоох хэрэгтэй юм шиг санагдлаа. Иймд, будаатай хуургыг Улс тунхагласны баярын албан ёсны хоол болгох саналтай байна, 😛 Маргааш бүгдээрээ гэртээ сайхан будаатай хуурга хийгээд, гэр бүлийнхан, найз нөхөдтэйгээ хамт ширээний ард цуглараад, Төрийн дууллаа эгшиглүүлэх зуураа Үндсэн Хуулийнхаа эхний өгүүлбэрийг уншчихаад хоолловол Улс тунхагласны баярын ач холбогдол бидэнд арай ойр санагдаж юуны магад, 😀

Будаатай хуурганы баярын мэнд!

Жич: Төрийн дуулал

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

Монголын ард түмэн бид:
– улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж,
– хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж,
– төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж,
– хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж,
– эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно.

Үүний учир Монгол Улсын Үндсэн хуулийг даяар олноо зарлан тунхаглаж байна.

Continue Reading

Зураг

Энэ зун Монголд ажилласан нэгэн Dutch зурагчингийн сайтыг үзлээ. Зургууд нь таалагдав, ялангуяа Энхбаярын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны үеэр авагдсан зургууд их сонирхолтой санагдлаа. Мөн гараар алт олборлогч нарын тухай цуврал зураг байна билээ.

Iwan Baan – Photography

Continue Reading

On voting

Сая асар procrastinate болоод Асуултын форум орсон чинь, нэг гар Монгол authoritarian rule-тэй болвол бүх зүйл сайжирна гэнээ. It really shocked me because what kind of a person rejects his right to vote? I mean, saying that you want to be under an authoritarian rule means that you deny your right to make a decision on anything. It seems that my generation takes for the granted our right to vote because ever since we became conscious, Mongolia was already a democratic nation. I know that a lot of my friends didn’t vote during the last presidential elections, which I find quite disappointing. Хүмүүс бүгд л засгийн газраа шүүмжлээд байх юм, but then did they vote during the last elections? If they denied their duty as a citizen to vote, how can they criticize? They had the opportunity to make their voices heard but nooo they refused, so яалтай ч билээ. Ер нь Монгол Австрали шиг сонгуульд оролцох иргэний үүргийг хуульчилмаар юм даа, саналаа өгөхгүй бол торгууль төлөөд сууж байна биз, hehe. But then сонгуульд саналаа өгөхөөр шал ядаргаатай, хуруун дээр хачин тэмдэг тавьчихдаг юм. Тэрийг болимоор юм аа, арилгах гэж наян жил. Anyways, this was just a random thought at 12 am, :D. I should get to sleep now, just hope I won’t dream about any elections or anything.

PS: I think Orwell said that ‘men never really learn from history’, yup yup… яг л үнэн хэлж дээ. After all the authoritarian regimes gone wrong, others still want it.

Continue Reading