Монгол гэр

Монгол гэр гэж анх гадаад нэг Guide book дээр Big tent гэж бичсэн байсныг хараад инээд ч хүрэх шиг байсан үе саяхан. Гэтэл нэг найз маань Монгол гэрийн тухай ном уншиж байхыг нь сонирхоод хэдэн хуудас эргүүлтэл маш сонин сонин баримт гарч ирж байх юм. Үүнд тойрог байдаг учир нь гэрийн төвд байгаа галын дулааныг жигд тараах ач холбогдолтой, мөн өрх нь гэрийн доторх агаарын босоо чиглэлийн хөдөлгөөнийг дэмждэгээр гэрийг зун цагт сэрүүн байлгадаг ч гэх шиг олон юм байх юм. Энэ бүхнийг над мэтийн хот газрын хүн мэдэхгүй юм байна лээ. Үүнийгээ өчигдөр л мэдлээ. Баахан ахмад хүмүүст толгойгоо эргэтэл загнууллаа, хэхэхэ. Гэхдээ ганцхан би мэдэхгүй байгаа юм биш. Миний үеийн хотод өссөн ихэнхи залуучууд мэдэхгүй байгаа гэж өөрийгөө цагаатгаж байлаа. Үнэн хэрэгтээ бидний л буруу ш дээ. Монголчууд бид өөрсдийгөө үндсэрхэг гэж даян дэлхийгээр ярих дуртай мөртлөө бид өөрсдийн соёлыг их амархан мартах шинжтэй улс шиг ээ. Харин энэ байдлаа засахын тулд бид гэр барих арга технологи зэргийг олон талт сонирхолтой байдлаар хүмүүстэй хуваалцах юм бол мартахгүйн дээр хөгжүүлэх ч боломжтой юм шиг надад санагдах юм. Шинээр хос болж байгаа хүмүүст хуримын ёслолд нь хамтдаа гэр барих арга хэмжээ оруулдаг ч юм уу? Эсвэл зурагтаар хэн хурдан гэр барих вэ? гэдэг уралдаант тэмцээн явуулдаг ч юм уу янз бүрийн арга хэмжээ авч болно ш дээ. Иймэрхүү ажлыг тэр улс төр засгийн газаргүйгээр хийж чадна ш дээ. Энэ талаар олноороо ярилцаж байгаад дор дороо жижигхэн юм хийх болно гэж бодогдох юм.

Continue Reading

Бухимдал

Цаг хартал ажил тарах цаг буюу 18:30 хэдийн болжээ. Яаж автобусанд чихэлдэж явна даа гэж халширсаар Багшийн дээдийн автобусны буудал орвол Солонгосын ерєнхийлєгчийн айлчлалаас болж тєв зам хаачихжээ, баларсан юм. Одоо яах билээ, Сансарын колонк хvртэл алхахаас єєр арга алга, ямар ч машин явуулахгvй байгаа юм чинь. Замын хажуугийн явган хvний замаар явж байтал нэг цагдаа “Хєєе, доошоо буугаад яв. Наагуур чинь явж болохгvй” гэж хашгирч байна. Бvvр уур хvрлээ, Монгол хvн Монголынхоо газар шороо дээгvvр алхаж болохоо байх нь ээ, Солонгос бол хvн, харин Монголчууд хvн биш юм байхдаа… Тэр хvнийг хvндэлж болно, гэхдээ арай ч дээ, єчнєєн хvнийг алхуулж байдаг…

За тэгээд Арслантай гvvрээр зам гарах гэсэн нєгєє хэдэн цагдаа нь барьж идэх нь ээ. “Хаачих гээд байгаа юм, зам гарвал хурдан гvйгээд яв”. Гай л байна, хэн ч байхгvй зам дээгvvр гvйж байдаг гэж бодоод тэгэхээс тэгэх гэсэн юм шиг удаан алхлаа. Цагдаа нар муухай хараастай. Гэлдэрсээр байтал хєл євдчихлєє, ядаж байхад єндєр єсгийтэй гутал ємссєн байдаг. Скай-н хажуугаар єнгєрч явтал гялгар уут хийсч ирээд наалдчихваа, иишшшшш энэ муу гялгар уутыг цэвэрлээд хаячих чадал манайханд байхгvй юм байх даа, єчнєєн олон ажилгvй хүмvvс байхад мєнгийг нь єгєєд цэвэрлvvлэхгvй, бас нєгєє мєнгє нь байхгvй байдаг юм байхдаа….

Чингисийг тойроод бєєн цагдаа, зам гарах гэтэл бас сигналаа тачигнуулсан жолооч нар. Над шиг л бухимдаж яваа байхдаа зайлуул, яаж зам гарнаа. Цагдаа гуай гэрлэн дохиог харахгvй машинуудаа явуулаад байдаг, ядаж байхад 5 сар гарчихаад байхад дулаарахгvй, цас орсон ч байх шиг… даарч байна. Дулаахан бол ч алхах сайхан л даа. За ашгvй нэг автобусны буудлын бараа, манай чиглэлийн микро. Бушуухан гэртээ харих минь, гэтэл нєгєє микро нь хашгираад зогсчихвоо, бухимдахгvй байхын арга алгаа нээрээ. Эсвэл би ийм бухимдуу юм болов уу. Бушуухан гэртээ харих юмсан. Бор гэртээ богд, хар гэртээ хаан гэж… харьж хvvгээ vнсэх минь…

Continue Reading

“Чингис хаан”-д амьдрал өрнүүлсэн нь

Нэг мэдсэн чинь дахиад л чемоданаа чирчихсэн хаа нэгэн газрын онгоцны буудал дээр явж байх юм. Нүүдэлчин монголчуудаа гэж… нэг газар тогтож чадахгүй юм даа. Монголчууд гэснээс, хэн нэгэн ухаантан нь Буянт Ухаа нисэх буудлын нэрийг солиод Чингис Хаан болгочихож, өчигдөр л мэдлээ. Хэн хэзээ ийм шийдвэр гаргасан юм бүү мэд. Буудлын энд тэнд Монгол хаадын хөргийг өлгөөд, амьхандаа л гоё болгосон байна билээ… гэхдээ л Чингис Хаан байхдаа яахав, өөр нэр мундсан биш. За, энэ ч яахав… байнга яригдаж байдаг улиг болсон асуудал, гарууд сургамж авдаггүй нь л харамсалтай юм даа.

Гайхалтай нь өчигдөр шөнийн Korean Air компаний УБ-Сөүл чиглэлийн нислэг пиг дүүрэн байв. Хар шөнө хэн л нисэв гэж, айгүй л бол хов хоосон байна даа ухааны юм бодсон биш яасан байхав… харин ч асар эрэлттэй нислэг байдаг байна шүү. Сөүл рүү шөнө 1:20-оос Korean Air нисээд, өглөө 7:45-аас МИАТ нисэх ёстой байсан юм… Кореан Эйр МИАТ-ын хамаг траффикыг булаагаад байгаа гэж сонссоныг хэлэх үү, МИАТ-ын онгоц хэр их хүнтэй байхыг харьцуулж үзмээр санагдаад болдоггүй… Айгүй л бол хоосон шахуу явсан даа. Ядаж байхад манай travel agent-ууд Монголын компаниа дэмжихээ мэдэхгүй, МИАТ-аар нисэхийг ер санал болгохгүй юм. “Кореан Эйр хямд, зүгээр ш дээ” гээд л дайраад байна уу гэхээс биш хөөрхий муу МИАТ-д хүн суулгачихыг бодохгүй шүү. Гэтэл цаад Солонгосууд нь ямар амь нэгтэй билээ.

Иймэрхүү юм бодсон шиг ээ онгоц руугаа орох гэж байтал нэг дүрэмт хувцастай нөхөр намайг пасспортоо шалгуул гэдэг юм даа. Гайхаад л, “энэ олон хүн шалгуулалгүй явж өнгөрөөд байхад заавал миний пасспортыг шалгадаг нь ямар учиртай юм?” гэж асуутал “монголчуудынхаа пасспортыг шалгаж байгаа юм” гэж авдаг байгаа. Гайхсан гэж, нутагтаа байж л дээрэлхүүлчих болтой… Тэр нөхөртэй ч хэрүүл хийгээд нэмэргүй байсан л даа, юм хэлэх гэж оролдтол “Та тэгвэл зорчихоо л больчихгүй юу даа” ухааны юм ярьж байна лээ. Олон юм ярих юм бол айгүй л бол онгоцонд хоцроочих шинжтэй… чимээгүйхэн шиг л шалгуулсан болоод явахыг бодов.

Яг одоо Инчеонд гайхаад сууж байна… Дахиад 3 цаг. Яанаа.

ПС: Онгоцны буудалд нэт хэсэж суух зүгээр юм аа… ойрд блогдох завшаан гарахгүй байсныг ч хэлэх үү. Гэхдээ онгоцны буудал дээр дандаа дээрх байдлаар бухимдсаар байгаад таардаг болохоор ийм үед бичсэн блог ч бас нэг төрлийн л байх юм. Сая блог дээрээ “онгоц” гэсэн хайлт хийгээд үзсэн чинь бас л нэлээн хэдэн бичлэг олдож байна шүү, бичлэг бүр нь ямар нэгэн гомдол мэдүүлчихсэн байх жишээтэй… Travel related stress-аа гаргах шалгарсан арга энэ буюу, 😛

ППС: “Чингис Хаан”-ыг wifi-жуулвал таарна, network-ын нэр юу байх нь ойлгомжтой: temuujin.

Continue Reading

Хаана хэзээ юуг сурах вэ?

Өөрийнхөө олон удаа, олон талаас нь бодож байсан нэг зүйлийн талаар сийрүүлмээр санагдав. Би японы дээгүүр зэрэглэлийн улсын их сургуулийн магистрантурт сурдаг. Одоогоор бусдаас илүү гарч гялтайхгүй, доош орж бүлтэгнэхгүй яваад болоод л байна. Энэ маягаараа өнхрөөд л байвал жилийн дараа төгссөн болоод, нутагтаа буцаад шороотой тоостой, ядуурсан бухимдсан ард түмнийхээ дунд ороод үзэж тарах байх даа. Тэгэхгүй гэвэл бусдыг дуурайгаад эндээ үлдэж, аль нэг компанид бичиг цаасхан нааш цааш болгосон ажилд “хүчээ сориод” үзэхэд болохгүй нь юу байхав. Гэвч би ийм маягийн амар сайхандаа жаргах амьдралыг сонгомооргүй байна.

Ихээр бодоход 50 жилийн дараа би өөрийнхөө амьдралд цэг тавьж энэ хорвоог дуртайяа орхино. Тэрний өмнө боломж л гарвал өөрөөсөө хир зэрэг утга учиртай амьдрав гэж асууна байх. Тэр асуултанд амжилттай хариулахуйц амьдрахыг л хүсээд явдаг юм л даа. Тэгэх шаардлага нь юунд байна вэ, ямар учраас тэгэх хэрэгтэй вэ гэсэн асуулт гарч болно. Миний хувьд хариулт нь энгийн. Хүн болж төрсөн учраас. Муур ч юмуу болжмор, мэлхий биш хүн болж төрсөн учраас. Уулын буга, усны жараахай, хортой аалз, хонин гүрвэл гээд бүгд юуны төлөө амьдардаг вэ? Үсрээд л үр удмаа үлдээхийн төлөө биз. Үр удмаа үлдээж яах гэсэн юм бол? Тэд өөрсдөө ингэж бодож чаддаг байсан бол, -Зүгээр л… гэх байх. Ер нь байгаль эхийн оноосон даалгаварт их үнэнч ч юм уу үр удмаа шалавхан шиг үлдээгээд өөрсдөө шалавхан үхэхээ л боддог шиг. Харин хүн бол өөр. Аль болох үхэхгүйн төлөө зүтгэх эрмэлзэлтэй. Яагаад үхэх дургүй юм бол? Бодвол муухай зүйл л байх нь дээ. Муухай гэдгийг яаж мэдсэн юм бол? Үхэж үзчихээд, “Их муухай юм байна лээ шүү” гэж хэн нэгэн нь хэлээ юу? Би лав тийм юм сонсоогүй. Яг сайн бодоод үзвэл зарим хүмүүсийн “ТАМ” гэж нэрлээд айгаад зугтаад байдаг зовлон зүдгүүр, өвчин шаналал, аллага хядлага бидний “АМЬДРАЛ” гэж нэрлээд байгаа ертөнцтэй давхцаад л байгаа юм даа. Харин хүн бүр өөр завин дээр, өөр сэлүүртэй хөвдөгөөс тамд бэдрэх үү, амьдралд сэлэх үү гэдэг нь тодорхой болдог шиг.

Тэгэхээр бодоод байвал би олигтойхон бөх бат завь олж суухыг, амархан хугарчихгүйхэн шиг сэлүүртэй болохыг энэ Японоос хайж ирсэн болж таарах байх. Эндээс олсон завь, сэлүүр маань Монголдоо буцаж очоод нэг хэсэгтээ л дороо дэмий хий эргэх ч юмуу, эсвэл хаанахын хийцийнх нь тодорхойгүй болж, монголчилсон будаг нь халцарсан бүдүүн төмрөөр хийсэн завинуудад цөм цөм мөргүүлэх байх гэсэн сэтгэгдэл төрөөд байдаг болж. Тэгчих вий гэж айгаад байгаа ч юм гэсэн дүгнэлт гаргах гэж яарахгүй байна л даа. Гэхдээ хараад ажиглаад байхад олон залуус яг л үүнээс зугтаад халшраад монголд очихгүй, очсон ч буцаж ирээд ямар ч хамаагүй ажил хийж гадаадад суурьшиж хоног хугацааг бага нервтэж, амар хялбар амьдрахыг илүүд үздэг болж. Тэднийг буруутгах ч арга байхгүй л дээ. Ялангуяа “ардчилал” ыг идеал болгосон даяаршлын нийгэмд.

Тэр дундаа байнга хэл загатнуулж байдаг нэг зүйл, ЗГын тэтгэлгээр өчнөөн жил сурч сурчихаад, бусдын бүтээн байгуулсан боловсронгуй систем, нийгмийн үйлчилгээний бэлэн загварт дасчихдаг. Тэгээд монголд буцаж очихоор байдал ямархуу байхыг төсөөлөнгүүтээ шууд зайлсхийгээд ямар нэг арга сүвэгчилж гадаадад үлдэхийг бодно. Мэдээж өөр янз бүрийн зорилгоор янз бүрийн бодолтой гадаадад ажиллаж амьдарч байгаа залуус бий, тэднийг бүгдийг нь хамруулж муу хэлэх гэсэн санаа алга л даа. Миний хэлэх үгээ олохгүй түнтэгнээд зовоод байгаа зүйл юу гэвэл тэтгэлэг авч сураад, “дээд” боловсрол эзэмшсэнийхээ хэргийг аль нэг хөгшин Японтой хувь заяагаа холбож гэрийн мухар сахих ч юмуу, виз сунгагдаж л байвал хужаатай ч хамаагүй гэрлээд үлдэх, эсвэл аль нэг унтаа оффист цаас копидож, цай зөөж амьдрах хэлбэрээр гаргаж байгаа хүмүүсийг харахаар арай л биш санагдаад байх юм. Ийм хүмүүсийг харахаар монголд ажиллаж амьдрах үүнээс дор жигшмээр зүйл үү гэж асуумаар санагдаад болохгүй юм. Яахав суусан завиа хэмх мөргүүлж шархдаад, сэлүүрээ хуга цохиулаад явахыг бодвол чийглэг агаартай, хувцас хиртдэггүй цэвэрхэн хотод эд эсээ гамнаад, нүүнийхээ үрчлээсийг хянаад зовлон багатай амьдрах нь өнгөц харахад хамаагүй дээр л байх. Тэрнийгээ “Жаргал” гэж боддог ч байж болох. Дээр дурдсан шиг үхэхийнхээ өмнө “ХҮН” шиг утга учиртай амьдарч чадав уу гэж асуух болбол юу гэж хариулах вэ гэж энэ тэр илүү дутуу юм боддог ч үгүй байх даа.

Миний бас нэг хэлэх гэсэн юм нь, монголд хүссэнээрээ сайхан амьдрах боломж байхгүй байгаа бол тийм боломжийг бий болгохын төлөө ажиллах шаардлага хэрэгцээ байна гэсэн үг биш үү. Жишээ нь Японы нийгэм бол бүх хэрэгцээ нь ханачихсан, ямар ч юмыг хийе гэсэн хэрэгцээ шаардлага нь дуусчихсан нийгэм. Овоо хэмжээний сенсаци дэгдээхгүй л бол юу ч хүмүүсийн анхаарал татахаа больчихсон нийгэм. Нэг ёсондоо амьдрахад дэндүү уйтгартай залхмаар. Гэтэл Японд дээд боловсрол эзэмшиж боловсорсон мундаг залуучууд нэмж юу сурах гээд энэ залхмаар уйтгартай нийгэмд хөлс хүчээ зараад байгаад байдаг юм бол доо? Сургуульд сурсанаа лавшруулж практикт суралцаж байна гэж олон хүн хамгийн түрүүнд хариулах байх. Монголд практикт суралцах Японд Японы практикт суралцах 2 юугаараа ялгаатай болж таарах вэ? Суралцсаныхаа үр дүнг хаана юунд зориулах вэ гэдгээр л ялгаатай тайлбарлагдах байх. Япон компаниудын менежмент зөвхөн Япон хүмүүсийнхээ сэтгэлгээнд, Япондоо л амжилттай байсан, гадаадад гарахаараа хамгийн хойрго явуургүй хоцрогдсон системтэй байдаг гэсэн шүүмлэлийг их л сонсож байсан. Тэгвэл Япон компанид юуг нь сурах гэж ажиллаад байдаг юм бол? Аливаа нэг эдийн засгийн субьектэд огт ажиллаж үзээгүй хүн хаана ч очсон шинэ соргог санагдаад л суралцах юм мундахгүй байх нь аргагүй шүү дээ. Заавал тэрийг Японд ажиллаж, Японы эдийн засгийг дэмжиж байж суралцах ёстой гэдгийн учрыг харин тунгаадаг хүн байдаг болов уу? Их л олон залуус нийгэмд ажиллаж өшөө их зүйл сурчаад монголдоо очоод бут авна гэсэн хийсвэр бодолтой явдаг болтой санагдсан. Тэгж бодоод явбал аливаа нийгмээс суралцаж боловсорч дуусна гэж хэзээ ч байхгүй бизээ. Нэг л мэдэхэд хийж бүтээх гол цаг хугацаа нь өнгөрөөд талийсан, нэг л их юм сураад байсан мөртлөө Японы ч монголын ч аль альнийх нь нийгмийн шаардлагыг хангахгүй саармаг “мэдлэгтэнгүүд” олон болсон байх вий гэж бодогдох юм. Тэр цагт МОНГОЛ маань хэний гарт ямаршуухан дүр төрхтэй болсон байх бол доо?

Continue Reading

et cetera

Сонин хачин зүйлс:

– Зурагтаар UB palace цогцолбор шинэ үзвэрийн танхим нээж байгаа тухай мэдээ гарч байна. Бэлтгэл ажил дуусаагүй байгаа бололтой, ажилчид сандал угсарч байгаа кадрууд харагдана. Сурвалжлагч: “Ажил ямархуу явж байна даа?” Менежер бусгүй: “Манай шинэ заал орчин үеийн хамгийн шилдэг бүхнийг хослуулсан, Монголдоо толгой цохих газар болно гэдэгт итгэлтэй байна. Яг одоо сандал угсрах үйл ажиллагаа амжилттай явагдаж буйг та бүхэн харж байна.”

Зурагтыг нэн даруй унтраах үйл ажиллагаа үтэр түргэн явагдав.

– Өчигдөр Eagle-ээр мэдээ харж суув. Ордны өмнөх жагсаал цуглааны тухай сурвалжлага: хөдөлгөөнийхөн хашгиралдаад, эмээ өвөө нар орилолдоод, тус тас түмпэн шанага болсон бичлэг гарч байлаа. “Монголын газар шороог худалдагсад!” хэмээн хэн нэгэн нөхөр заналтайгаар орилоход кадр солигдов. Нэвтрүүлэгч бүсгүй: “Лондонд Улаан өндөгний баярыг тохиолдуулж эрдэнэс алмазаар чимэглэгдсэн 50,000 фунтын үнэтэй шоколадан өндөг худалдаанд гарлаа”. Нэгэн инээмсэглэсэн эмэгтэй: “Үнэхээр тансаг өндөг байна, шоколад идмээр болж байна шүү.”

Энд газар шороо, тэнд шоколад…

Continue Reading

Хятад бидний нөхөр үү? эсвэл бидний дайсан уу?

Доорх блог ямар нэг байдлаар улс төрийн ашиг сонирхол эсвэл тэдний эсрэг тэмцэх хэрэгтэй гэсэн санаа агуулахаасаа илүүтэй МУ-ын иргэн чи юу хийж чадах вэ гэдэгт тулгуурласан юм шүү.

Өнөөгийн байдлаар манай дайсан хэн бэ гэхэд нийгмийн олонхи нь Хятадууд гэж хариулах байх гэдэгт Бархэн миний бие эргэлзэхгүй байна. Үүний нарийн учрыг сайн ухааран тунгаавал эрт дээрээс үеийн дайн тулаан, мөн Манжийн үеийн дарлал. Дараан манай улс эрх чөлөө тусгаар тогтнолоо осон хэдий ч, ЗХУ-ын модон хүүхэлдэй болсноос болж Хятадын засгийн газартай дайсагнасан байдалтайгаар 1960-1990 хүртэл нийт 30 шахам жил 2 орны хооронд харилцаа таатай байгаагүй. Өнөөдөр байдал дээрдсэн хэдий ч, цаад талаараа Хятад улс манай улсын тусгаар тогтнолд эргэлзсэн байдалтай нэлээн хэдэн мэдэгдэл хйигээд байгаа юм. Үүний нэг жишээ нь өнгөрсөн жил МУ дахь БНХАУ-ын элчин сайдын өгсөн ярилцлага дунд “Манай улс МУ-ын тусгаар тогтнолыг 1949 онд л хүлээн зөвшөөрсөн” гэсэн далд утгаараа өнөөгийн Монгол нь өмнө нь манай улсын харьяа байсан гэх энгийн бөгөөд утга агуулга өндөртэй мэдээлэл байсан явдал юм.

Энэ мэт байдалтай зарим мэдээллийг манай хэвлэлийн эрх чөлөөг эрхэмлэгч гэх нөгөө хэдэн шар хэвлэл маань сенсааци хийгээд ард иргэдийн, ялангуяа мэдлэг чадвар мөхөс нөгөө хэдэн гудамжны хэдэн залуучуудыг маань тэдний эсрэг хүч хэрэглэх янз бүрийн арга хэмжээ авах үндсэн нөхцөлийг бүрдүүлж байна.

Гэтэл манай шиг 2-хон сая хүн ардтай жижиг улс 1300 сая хүнтэй их гүрний эсрэг хүчирхийлэлийн арга хэмжээ авч болох уу?

Их гүрний анхаарлын төвд манайхны нэгэн адил орчихоод байгаа Тайваныг хараад байхад тэд өөрсдөө аль болох хүчирхийллээр өдөөн мөргөлдөөн гаргах нөхцлийг бүрдүүлэхгүй байхыг хичээж байгаа харагдах юм. Тэгэхээр бид аль болох хүчирхийллээр бус энхийн замаар эсэргүүцэл явуулах хэрэгтэй гэж бодож байна.

Энэ нь ирэх Даваа гаригт БНХАУ-ын өмнөх талбай Монголын Оюутны Холбооноос зохион явуулж байгаа оюутнууд хэрхэн жагсаал хийх дээр харагдах байх л даа. Тэгээд ч аливаа жижиг үндэстэн дураараа том юмс хийлгүй аль болох том гүрнүүдийн дундаас өөрсдөндөө тохирсон ашиг унагаах хэрэгтэй гэж бодож байна.

Үргэлжлэл бий байх гэж бодож байна.

Continue Reading

Сайн ойлгож уншаарай

Дээд этүгэн заяат өвөг дээдсээс улбаалан ирсэн эх орны минь газар шороо эдүгээ хэн хүний бусармаг бодол, эрх ямба эд агуурсыг хүсэн тачаадсан ахархан бодлын улмаас өнгө төрхөө алдан доройтож, харь элэгтний мэдэлд орхигдож байна. Уул ус газар шорооныхоо төлөө амиа өргөсөн эцэг тэнгэр их хаад, суу алдраа цусаараа баталсан баатар эрсийнхээ үр хойч нь болсон бид нар энэ дов толгодыг эзэгнэн амьдрахгүй юм бол утга төгөлдөр ялгуусан ялагдал хүлээсэн гэдэгтээ бүрнээ итгэж болно. Өдөр хоногийг бэдрэн өнгөрөөх бядмагхан ухаантай бүлэг амьтасын буянаар эх орондоо хүний газар гишгэлээ гэсэн дарамтад өртөх нь үнэхээр эх нутгын минь хувь заяа ямархан доройтолд ороод байгааг тод харуулж байна.

Continue Reading

ОЮУН УХААН + О.Энхсайхан

Бид ОЮУН УХААН гэж ярьдаг. УХААН бол социокодоор дамждаг нийгэмших үйл явц, орчны нөлөө, хүмүүжлийн үр дүн, олдмол шинж байхад ОЮУН гэдэг бол биокодоор дамждаг удамшихуйн, төрөлхийн шинж юм.

Ухааныг эзэмшсэн хүмүүжилтэй хүмүүсийн нийтлэг дүр бол нийгэмд зөвхөн өөрсдийгөө л болгож явдаг, амьдралын ерөнхийдүү арга ухаантай болохоос тэд мөн чанартаа ТЭЖЭЭГЧИД БИШ юм. Тэд нийгмийн бага зэрэг долгилол, өөрчлөлтөд өртөн тэнцвэрээ алдах, эзэмшсэн мэдлэг чадвар, ухаан нь хоцрогдох, улмаар тэжээлгэгчийн армид шилжих магадлал ихтэй. Зах зээлийн шилжилтийн үед энэ магадлал асар ихэссэнийг бид бэлээхэн харж байгаа.

Тэгвэл оюуныг эзэмшиж төрөлхийн авъяас чадвараа нээн хөгжүүлж, нийгмийг яран гарч ирж чадсан хүмүүс хэзээ нэгэн цагт нэг хэсэг хүнийг тэжээх төдийгүй, зарим тохиолдолд тэдний хийсэн бүтээсэн нь шинжлэх ухааны хөгжилд түлхэц болж байдгаараа жинхэнэ ТЭЖЭЭГЧИД юм. Тэдний дотор ядуу зүдүү байж үр дүнд хүрсэн ч хүн бий. Альберт Эйнштейн, Альфред Нобель, Моцарт, санхүүч Сорос гээд л.

Тэгэхээр бидний боловсролын систем ТЭЖЭЭГЧИД рүү чиглэг ёстой. Мэдээж бүгд тэжээгч болно болж чадахгүй. Капитализм бол үйдвэрлэл, нэн түрүүнд үйлдвэрлэл юм. Капитализмыг боловсролоос, номноос эхлэх ёстой байна гэж хэзээ ойлгоно тэр цагт л капитализм биднийг тэжээнэ. Мөн хүн чөлөөтэй сэтгэж, чөлөөтэй үзэл бодлоо илэрхийлж байх явдал, өөрөөр хэлбэл оюун ухааны эрх чөлөө, энэ бол Ардчилалын нэг том тулгуур зарчим. Бас хамгийн том эрх чөлөө гэж хэлж болно.

Энд бидний 10 жилийн боловсролын систем гажуудал, дутагдалтай тал дээр юм ярьмаар байна. Түүний дотор багшийн заах арга зүй гэж эзэмшүүлдэг бол сурагчийн сурах арга зүйг анхаарах л асуудал. Арга барил дээр нэлээн ажиллах ёстой гэж бодох юм. Арга зүй эзэмшинэ гэдэг бол их чухал. Энэ тухай бодролчуудтай дараа дахин ярилцья.

Энд нэг зүйлийг хэлэхэд УИХ-ын чимээгүй, улс орны хөгжлийн төлөө юм хийхийг боддоггүй, хийсэн ч гэсэн далайцтай зүйл ярьдаггүй, өөрийн ашиг сонирхолын төлөө хийдэг захын 10 гишүүнтэй тэнцэхүйц О.Энхсайхан гишүүн бурхан болсонд үнэхээр харамсаж байна. Тэр хүн Монголын ард түмэнд Ашигт малтмалын салбарт реформ хийх ёстой, тийм боломж байгаа гэдгийг ойлгуулсан хүн. Түүн шиг Монголд зоригтой реформ хийж чадах залуус төрийн эрхэнд байх ёстой гэж бодож байна. Ингэж байж бидний “бага” орон хөгжинө. Энгийн логик хэлмэхэд: 6 тэрбум, 70 сая, 20 сая хүн амтай томоохон улсуудад баян хоосны ялгаа гэж ярьж болох юм. Харин энэ том баялаг газар нутагт байгаа 2,5 саяхан монголчууд баян хоосны ялгаатай байдлаар хөгжинө гэдэг бол дэндүү АРЧААГҮЙ БОДЛОГО гэж хэлмээр байна. Азийн бар орнууд баян хоосны ялгааг хамгийн бага байхаар хөгжлийн бодлогодоо тусгаж хөгжисөн нь тэдний АМЖИЛТ юм.

Continue Reading

Opportunity Knocking

Үүнийг блог энтрий гэхээс илүү ярилцах сэдэв утгаар нь орууллаа. Асуулт форум дээр тавьсан чинь хамаг гайгүй гишүүд нь орохоо болиод баахан чат лог болж байх шиг байна. Эртний лаг гарууд нь хаагуур яваад байгаа юм мэдэхгүй. Энд тэнд харилцаж суудаг бол дагалдан баясмаар л байх юм. Ер нь тэгээд хүмүүс интэрнэтээр ухаанаа хэсэг гайхуулаад хэзээ нэгэн цагт “move on” болдог байх. Би одоо хүртэл энд суугаад байна гэхээр түүхий хэвээр байгаагийн шинж юмуу даа.

1840-өөд онд Сан Франциско хотын хавиас алт олддог. Алт малтаж баяжихыг хүссэн түм буман хүн тийшээ зүглэж, тэрхүү нинжаадал үймээн дундаас үнэхээр баяжсан хүн хэд гарчээ, гол нь тэд алт ухсангүй.

Тэд хэн байсан бэ гэвэл өмд оёгч, хүрз малтуур зарагч, тогооч байв. Алт малтахаар ухаан жолоогүй уралдагчид алтаа юугаар малтах, ямар хувцас өмсөх, юу идэж уухаа сайн төлөвлөөгүй тул алтны уурхайн хотуудад тэрхүү эд зүйлсийн хэрэгцээ маш өндөрт хүрэв.

Дөнгөж ухсан булуу алтаа өлсөхийн хэрээр ганц хил махны оронд өгч байв. Шороон дээр өдөр шөнөгүй өнхөрөхөд амархан урагдахгүй жийнс гэж одооны Levi’s жийнс нэрт гарчээ. Гэх мэт эд баялагт хүрэхэд тусалсан хүмүүс эд баялагт хүрэхээс илүү баяжсан байна.

Одоо цаг өөр болсон ч Монголд Оюу Толгой ашгаа өгөх ойрхон байна. Үүнийг дагаад маш олон бизнeсийн боломж үүснэ. Маш олон хүн баяжина. Жишээ нь ОТ-ынхан дэд бүтэц сайжруулна гэж их ярьлаа. Үүнтэй холбогдоод зам тавих ордeр хэд нугарч, замын бизнeсүүдэд нилээн ашиг орно.

Мөн өөр тал дээр, гадаадын ажилчид цөөнгүй Монголд ажиллах болно. Тэд нутгийн хоолоо санах тул МкДоналдс гэх мэт нээгдвэл тэд 4000 5000 төгрөгийг юманд бодохгүй хаяна.

Өөр ОТ-ээс орж ирэх ямар боломжууд байнаа? Энэ талаар ярилцая.

Continue Reading