Boycott the press!

Саяхан эмээ өвөө 2-ынхоор шагайтал эмээ маань бүр сэтгэлээр уначихсан сууж байна. “Яав ийв, юу болов?” гэтэл “Сүүлийн үед зурагтаар ч олигтой мэдээ гарахаа байлаа, хэцүү юм зүгээр” ухааны юм ярьж байна. “Тэр зурагтаар гарч байгаа элдэв хэрүүл танд ямар хамаа байна аа, ер нь зурагт үзэж яадаг юм” гэсэн чинь хөөрхий, өдөр гэртээ ганцаараа, ганц муу зурагт л хань болж байна гэх юм. Тэгээд л Гүндалай, Жаргалсайханы хэрүүл, тийм ч гэмт хэрэг, ийм ч аллага гэсэн мэдээ үзэж суудаг юм байна л даа. Шинэ жилээр даанч бүр хямарчихсан байсан юм. Саддам Хуссейныг дүүжилж буй нь зурагтаар гарлаа гэчихсэн, “хөөрхий минь заавал дүүжлэх шаардлага байсан л юм болов уу” гэж ирээд л уйлаад байж билээ.

Би бодлоо л доо… эргэн тойронд хүмүүс бүгд л Гүндалай Жаргалсайханыг тэгж хэлсэн, харсан уу, нөгөөх нь ингээд л гэж ирээд хоорондоо уралдаад ярьж байхад мань мэт нь жингүйдлийн байдалтай учраа мэдэхгүй явж байдаг наасан. Оюутан байхад дотуур байранд зурагт үзэх завшаан гардаггүй байсныг хэлэх үү, хааяа нэг Napster-аас “Sex in the city” татаж авч баясдаг байж билээ. Одоо ч гэсэн манай гэрт зурагт байхгүй. Мэдээ маягаар цацагддаг элдэв янзын хов жив, рекламаас хол амар байдаг юм. Үе үе хальт сонин гарчиглаж, хаана юу болж байгаа талаар ойр зуурын ойлголттой болоход л хангалттай. Тэгэхгүй бол орой бүр эмээ шиг телевиз үзээд байвал нэг мэдэхэд солиорч магадгүй шүү. Хааяа нэг уйдахаараа PC нь дээрээ Friends-ын ганц хоёр анги үзэхэд л нэг хэсэгтээ телевизийн хорхой дарагдаж байгаа юм чинь…  

 

Get back your brain
 

Мань мэтийг хуучин sitcom үзээд сууж байх зуур Монголд медиа хувьсгал өрнөөд байна уу даа гэмээр. 24 цагийн хөгжмийн суваг, хэд хэдэн reality show, янзан бүрийн talk show, ядаж байхад ноён Гамбууш хүртэл өөрийн гэсэн нэвтрүүлэгтэй наасан… (зурагт үзэх завшаан гарвал Гамбуушийн шоуг л олж үздэг юм шүү гэсэн). Нэг үеэ бодвол entertainment талдаа хөгжөөд байх шиг. Гэхдээ л янзан бүрийн хэрүүл уруул, хов жив, худал үнэн сенсаци гарсаар л байгаа. Энэ нь эргээд хүмүүсийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлөөд, зарим нэгэн хүмүүсийг хэвтэрт оруулчихаж байна шүү дээ. Хэцүү ч юм аа даа. Уул нь бол бүх зүйл тийм ч муухай биш байна шүү дээ. Сайхан сайхан мэдээ зөндөө байна. Гэтэл хүний мууд дуртай хэдэн сэтгүүлч, ажлаа хийж чаддаггүй хэдэн сурвалжлагч хүмүүсийн тархийг угаасаар л байдаг… Зурагт үзэж, сонин уншихаа болъё. Тэгвэл бид тайван амьдарч мэднэ.

Continue Reading

“Wolf totem” буюу “Lang Tu Teng”

Өнөөдөр Friday ганц өдөр эртхэн гэрийн бараа харья гэж бодож байсан дахиад л талаар болов. Далийгаад Бодрол блог энэ тэр гэж явж байгаад дээр үед “Wolf totem” буюу “Lang Tu Teng” гээд Хятадад “bestseller” болж байсан номын тухай бичсэнийг олж үзээд, энд хэдэн үг бичихээр шийдэв. Энэ ном үнэхээр сайн бичигдсэн. Зохиолыг нь Толстойн “Дайн ба энх”-тэй зүйрлэж нилээдгуй их шуугиж байсан, дээрээс нь Хятадын түүхэнд гадаадад хамгийн өндөр үнэтэй зарагдсан copyright болсон гээд л… Дундаж Хятад номын copyright нь 5000$ байдаг бол энэ ном 100 мянга хүрсэн нь үнэхээр гайхалтай. Хятадын сонгодогууд, “Улаан асарын зүүд” гэх мэт ч ийм үнэд хүрээгүй нь буур ч их шуугиулах үндэс болсон. Мэдээж хүмүүсийн маргааны гол шалтаг болсон зүйл нь номын утга агуулга юм л даа: Хятадын 96%-ыг төлөөлдөг Хан үндэстэнг хоньтой зүйрлэж, хойд нутгын бага үндэстнүүдийг ерөнхийд нь, тэр дундаа Монголчуудыг онцлон чонотой зүйрлэн бичсэн явдал юм. Энэ номыг ердийн нэг роман гэж ойлгохоосоо илүү судалгааны ажил, түүхийг өөр өнцөгөөс харсан явдал гэж үзэх хүн илүүтэй их байсан. Монгол хүний хувьд энэ номыг уншихад кайф авч, Монгол хүн гэдгээрээ хамраа сөхөх хуудас энэ номонд дэндүү олон байсан болохоор ердөө л 2 хоногт уншиж байсан санагдаж байна. Хятад хэлтэй хүмүүс нь англи version-г нь хүлээлгүй хурдан олж уншихыг л зөвлөх байна даа. Хятадын сэргэн мандал хэрхэн хойд нутгын жижиг овог аймагтай холбогдож байсан, феодалын Хятад гүрний хүчтэй улсууд нь яагаад хойд нутгын жижиг овог аймгийнхан байсныг ямар гайхалтай бас ямар их үндэслэлтэй харуулсаныг нь уншина биз дээ. Хятад хэлтэй хүмүүс энэхүү номыг http://www.readnovel.com/novel/581.html-ээс уншиж болно.

Hope you all enjoy reading this book!

Холбогдох линк: Монголчууд + чоно

Continue Reading

Чингисээр амьсгалсан өдөр

Саяны хагас сайн өдөр асар аз таарсан өдөр байлаа. Өглөө эрт ажилтай байсан биш уулзах ёстой байсан хүн маань уулзалтыг цуцалж, өдрийг гэртээ өнгөрүүлэх боломж олгов. Тэгж байтал Япончуудын хийсэн Чингисийн тухай киноны “хаалттай нээлт”-ийн урилга олдож, энэ оны 3-р сарын 3-нд албан ёсоор нээлтээ хийх уг киног урьдчилж үзэх завшаан гарлаа. Тэнгис кинотеатр руу явж байхдаа яагаад ч юм нэг их өндөр хүлээлтгүй байсан хэдий ч Япончуудын хийсэн кино надад асар таалагдав.

Хэдий тус киног Япончууд хийж, гол дүрүүдэд Япон жүжигчид тоглосон ч гэсэн, кино нь бүхэлдээ Монголжуу уур амьсгалтай болжээ. Монгол хүн бодож хийсэн бол иймэрхүү л зүйл хийх байсан даа гэж бодогдмоор… гэхдээ нэгэнт Монгол хүн хийгээгүй юм чинь бидний нийтлэг төсөөллөөс ангид зүйлүүд мэр сэр байлгүй яахав. Биднийг бодвол Япончууд Чингисийг хөндлөнгөөс харж чадах болохоор түүнийг хувь хүн талаас нь буюу эргэлздэг, гэмшдэг, айдаг, хайрладаг, харддаг жирийн нэгэн эр хүнээр дүрсэлж чаджээ. Харин бидний collective consciousness-т Чингис нэг их л баатарлаг, эрэлхэг, жирийн бус хүн хэмээн буудаг даа. Энэ утгаараа Монгол хүн түүнд ямар нэгэн хир халдаалгүй, түүний “миф”-ийг хадгалах хүслээр зохиолоо бичнэ. Бас нэгэн зүйл гэвэл бидний хувьд Нууц Товчооны зарим нэгэн хэсгүүд бусдаасаа илүү ойрхон байдаг бол (Өэлүн эх хүүхдүүддээ эвтэй байгаараа хэмээн захидаг хэсэг, г.м), Япончууд Нууц Товчооны арай өөр хэсгүүдийг тод томруунаар харуулахыг зорьсон санагдсан. Есүхэй баатар хүүдээ бэр гүйх гэж очиход нь Дэй Сэцэн цагаан шонхор зүүдэлсэн гэж ярьдаг хэсэг, Тэмүүжин анх Тоорил ван ханд бараалхахдаа хар булган дах бэлэг барьсан нь гэх мэт… Зарим нэгэн үг хэллэгийг шууд Нууц Товчооноос авсан байсан нь кино зохиолыг хачирлаж байв. Мэдээж хэрэг уран сайхны кино л болсон хойно Нууц товчоог ягштал дагана гэж юу байхав… Тухайлбал, Чингис Жамухыг өөрийн гараар цаазладаг хэсгийг албаар action бий болгохын тулд нэмсэн байх л даа. Гэхдээ санасныг бодоход үйл явдлын өрнөл эх зохиолтойгоо тун ойрхон байсан нь таалагдав.

Киноны нэр “Бөртэ Чоно: Чингис хаан” юм билээ. Нэр нь ийм болоод ч тэр үү, киноны гол зангилаа нь удам угсааны асуудал байв. Киноны зохиолын дагуу, Чингисийн tragic flaw нь өөрийн удам угсаанд эргэлздэг явдал байх бөгөөд өөрийгөө Бөртэ Чоны удам гэдгээ батлахын тулд үхэн хатан тэмцэж, улмаар өөрийнхөө эргэлзээг эргээд хүү Зүчидээ тулгаж, асуудал үүсгэдэг. Үүний хажуугаар Жамуха Тэмүүжин хоёрын тэмцэл өрнөх бөгөөд тэр хоёрын зөрчил зөвхөн алдар нэр, эрх мэдлийн асуудалд тулгуурлах бус хайр дурлалын сэжүүртэй байна – Тэмүүжинг 7 жил алга болох зуур Бөртэ Жамухатай сууна хэмээн амласан байдаг. Жамухын дүр кино зохиолыг их аятайхан тэнцвэржүүлж, Тэмүүжинд хүчтэй өрсөлдөгч бий болгоно. Энэ утгаараа Нууц Товчоо сонгодог action зохиол байсан юм билээ шт. Ядаж байхад Жамухад тоглосон жүжигчин асар “халуун” залуу байсныг хэлэх үү…

Ер нь гол дүрийн жүжигчид үнэхээр сайн тоглосон байна лээ, ялангуяа Өэлүн эхийн дүрийг бүтээсэн хүүхэн ГОЁ… Киноны эхний хэсгийг Өэлүн эх narrate хийдэг болохоор бараг л түүний дүр киног авч явсан даа. Мань мэт нь Япон одуудыг ямар мэдэх биш, гэхдээ учир мэдэх хүмүүс тус кинонд Япондоо нэлээн алдартай жүжигчид тоглосон гэж ярина лээ, тийм бол кино нь Азидаа амжилт олох нь гарцаагүй байх л даа.

Сониноос, Хулан хатны дүр их сонирхолтой байдлаар бүтээгдсэн байна билээ. Хулан бол бие даасан, дайчин, “Монгол эмэгтэйн зовлонт хувь заяаг дагахыг хүсээгүй” эмэгтэй. Одоогийн хэллэгээр бол феминист л юм даа. Тэрээр Чингисийн үзэл бодолд эерэгээр нөлөөлж, түүнийг жендерийн асуудалд их болгоомжтой ханддаг болгодог. Жендер гэснээс, даярчлалын талаар Чингис ийн өгүүлнэ: “Хөл хүрэх газар хүртэл явж, бүхнийг өөрийн далбаан дор нэгтгэнэ. Тэр цагт хил хязгаар үгүй болж, арилжаа наймаа идэвхиж, хүмүүс хангалуун амьдрах болно”. Юун “The world is flat”, it was being made flatter 800 years ago гэсэн.

Киноны төгсгөл надад хамгийн их таалагдсан. Тэмүүжин хаан ширээнд сууснаар киног дуусгах гэж байгаа юм байх гэж бодтол арай үгүй байлаа. Сүүл хавьцаанаас Чингис Алтан улс руу довтлохоор бэлтгэж эхлэх бөгөөд киноны сүүлийн кадр Чингисийн цэрэг Цагаан хэрэмд тулж очсоныг харуулах бөгөөд Чингис анхны сумыг тавьснаар кино төгсөнө. Хятадуудын дургүй хүрэхээр төгсгөл байгаа биз? Ядаж байхад Япон-Монголчуудын хамтарч хийсэн кино гэж байдаг…

Hollywood-аад нэг хэсэг иймэрхүү historical epic моодонд орсон доо, аягүй л бол “Boerte chono: Chingis khaan” асар амжилт олж, Оскар энэ тэрд нэр дэвшиж балай авнаа, 😀 Тэгээсэй билээ. Мань мэт нь зураглал, техник энэ тэрийг нь ямар шүүмжилж мэдэх биш, ямар ч байсан зохиол нь гоё л санагдсан. Киноны эхний хэсгийн монтаж хальт sloppy байх шиг байна лээ, сүүлрүүгээ яасан юм бүү мэд… кинондоо хэт ороод, тэрийг нь анзаарах ч сэхээ байсангүй.  

Чингисийн тухай кино үзсэн биш асар сэтгэл хөдлөж, Налайхын цаахан талд “Женко тур”-ын барьж байгаа Чингисийн хөшөөг очиж үзэхээр шийдэв. Бас л мундаг хөшөө байна лээ шүү, яасан ч том юм. Нэг үеэ бодвол манайхан сүүлийн жилүүдэд хүн амьтанд үзүүлж харуулах юмтай болоод байгаа. Тэр өдөр нэг мөсөн Чингисээр занималдахын тулд хот орж ирээд Сухбаатарын талбайн Чингисийн хөшөөн дээр очлоо, патиараа татуулж, хүйтэнд жаал алхав. Чингисийн толгойг нь багадуулчихсан л гэж хүмүүс яриад байгаа юм, тэгсэн бас нэг нөхөр “сандал нь болоогүй байна лээ, диван юм уу хаашаа юм” гэж ирээд л гоочлоно билээ. Гэхдээ л үзэж харах юм нэгээр нэмэгдэнэ гэдэг чинь сайн ш дээ, төгс зүйл гэж байх биш.

Нэг иймэрхүү…. Чингисээр амьсгалсан өдөр.

Continue Reading

Ярианы сэдэв

Залуусын хөгжмийн мэдлэг дийлдэхээргүй болжээ. Саяхан 2 залуутай хамт амралтын өдрөө үр ашигтай өнгөрөөх санаатай нэгэн амралтын газар очиж, өдрийн хоол идчихээд буцсан юм. Нөгөө хоёр маань сүүлийн үед гарсан бүх л төрлийн (рэп, хип хоп, ар энд би, поп, рок, алтернатив гээд цаашаа бас юу ч гэдэг билээ) шинэ клипүүдийн талаар ярьж эхэлдэг юм байна. Тэгээд тэрнийхээ дууг хэрхэн яаж татаж авсан, татах явцад ямар хүндрэл бэрхшээл тохиолдсон гээд л ярьж өгч байна. Эхэндээ ч ганц нэг мэддэг дуу гарчихвал өөрийгөө бас цаг үеэсээ хоцроогүй сонирхолтой нэгэн гэдгээ ойлгуулах гэж хэд гурван үг хавчуулчих санаатай хичээнгүйлэн сонсоод л байлаа. Яахав бас залуу л хүн болсон  хойно “аан тийн тийн” энэ тэр гээл бас нэмэрлэж л байлаа. Гэсэн ч уг ярианы сэдэв өөрчлөгдөлгүй бүтэн 3- 4 цаг үргэлжилсэн гээд боддоо. Үнэхээрийн тэвчээр шаардсан ажил биз. Яахав нэг бодлын хальт сонссон хүнд бол үнэхээрийн цаг үетэйгээ хөл нийлүүлдэг цоглог залуусын яриа шиг сонсогдох байх, гэхдээ яг тэгээд сонсоод байхаар “энэ хүмүүс ер нь зурагт үзэхээс өөр юу хийдэг юм бол?” гэсэн бодол өөрийн эрхгүй төрж байгаамчинь. Тэгээд бас өдөр хоногийн ихэнхийг зурагт үзэж өнгөрүүлдэг хүн гэж бодохоор үнэхээрийн уйтгартай, уйтгартай биш юмаа гэхэд аймар бүрхэг санагдаж байгаа байхгүй юу. Тэр хүн цаашдаа юу хийж амьдарч болох, ирээдүйд хэн болох, зорилго нь юу вэ? Гэсэн асуултууд ямар ч сонирхолгүй болж ирж байгаа юм. Сонирхлын цар хүрээ нь аймар явцуу санагдаж байгаа байхгүй юу, үгүй ядах нь ээ цуг яваа 2 охиндоо таалагдах санаатай юм бол жаахан мэдэрч болмоорсон доо.

За, тэр мэдрэх асуудал ч яахав, өөр зүйл, миний хамгийн гол хэлэх гээд байгаа зүйл маань өнөөгийн дийлэнх залуусын сэтгэлгээ үнэхээр ядуурчихаа юу даа, за сэтгэлгээ гэж том ярихаа больё, ядаж ярианы сэдвээ жаахан баяжуулбал яасан юм бэ? Бодролд блог бичдэг хүмүүсийн хувьд ч мэдээж ондоо асуудал байх, өнөөдөр залуучууд яагаад тиймхэн зүйлээр ярих болов, арай жаахан сэдэв нь өөрчлөгдлөө гэхэд дэлгүүр хоршоо, хувцас хунар ярина, за бүр өргөн сэдвийг хамарлаа гэхэд секс болон эрэгтэй эмэгтэй хүмүүсийн сексийн талаар ялгаатай үзэл бодол. Ингээд л хэтрүүлж хэлбэл яг энэ гурван сэдвийг дараалан яриад л ярилцлагын цаг өндөрлөн, аль нэг диско баранд орж чанга хөгжимд чихээ дүнгэнэтэл сууж, гэрэлд нь нүд гялбаж нулимс гоожин, тамхины утаанд толгойгоо өвтгөсний эцэст хэрэггүй ийшээ орцгоож гэцгээн нэг их ажил хийсэн хүмүүс шиг ядарсан амьтад гэртээ харьдаг. За тэр дисконд орох тухай яриа ч бас биш л юм байна л даа.

Нэг болсон явдал ярья л даа. Манай ажлын охин найз залуугаа бидний нэгэн оройны ажил тарсаны дараах стресс тайлах арга хэмжээнд дагуулж ирдэг юм байна. Нөгөө залуу нь юм л ярьвал яг л дээрийн хоёр залуу  шиг дуу хөгжим, клип, кино болон уг кинонд тоглосон жүжигчдийг овог нэртэй нь ярих юм. Гэсэн ч уг арга хэмжээ өндөрлөсний дараа тэр залууг бидний хэн маань ч киноны талаар аймар их юм мэддэг гэдэг ч юм уу ямар нэг байдлаар хэн ч үнэлээгүй юм . Зурагт үзэхээс өөр юм мэддэггүй юм байхдаа гэсхийгээд л өнгөрч билээ. Тэр залуу бодвол ирээдүйд хэрхэн яаж баяжих, яаж амьдралаа авч явах гээд л олон юм боддог байх л даа, гэвч хүнийг бишээ юм ярьж буй орчноо мэдрэхгүй \дахиад л мэдрэх тухай гараад ирчих юм\, өөрийгөө бусдад үнэлүүлж чадахаар юм ярьж чадахгүй байна гэдэг нэг бодлын хөгжөөгүй л байгаагийн шинж тэмдэг гэж би л лав хувьдаа ойлгодог. Заавал өөрийгөө хэн гэдгийг харуулах гээд нэг их чухал ирээдүй энэ тэрийн талаар яриад байх шаардлага ч байхгүй л юм байгаа юм. Ядаад хүн олигтойхон инээлгэж чаддаг бол тэрийг би агуу их чадвар гэж ойлгохсон. Тийм биздээ, хүмүүсээ? Тэр бол бас нэлээд өөрийгөө хөгжүүлсэн хүний төрх биз?

Та нар ер нь эсрэг хүйсийн хүнтэй уулзаж, дэмий ярих үедээ чухам юуны талаар ихэвчлэн ярьдаг вэ? Тэр хүнийхээ хэр сонирхолтой сонсч байгааг мэдэрч чаддаг уу?

Continue Reading

Links

Ойрд янз бүрийн линк тавиагүй юм байна шүү… XanaduART галерей дээр ирэх 3-р сард үзэсгэлэн гаргах гэж буй нэгэн гэрэл зурагчны вебсайт: Дэйвид, Улаанбаатараар дэмий тэнэж байхдаа авсан зургууд нь… Түүний эхнэр Гек нь баримал, уран зургийн төрлөөр ажилладаг бас нэгэн уран бүтээлч байгаа юм: Гек. Дэйвид, Гек хоёр 3-р сард гаргах үзэсгэлэнгээ Лотус хүүхдийн төвд зориулж, тэдний шинэ arts and crafts center-т олсон бүх орлогоо хандивлах юм.

Continue Reading

“Аймаар гоё”

Өнөөдөр нэг ахад навс шүүмжлүүллээ. Та нар “аймаар гоё”, “айгүй аягүй сайхан” гэж ярих юм, үнэндээ “аймаар гоё” гэдэг чинь юу гэсэн үг вэ, утгагүй л байхгүй юу гэж ирээд л… Нээрээ утгыг нь бодоод үзэхээр хэцүү л дээ, жинхэнэ нөгөө oxymoron гээч нь л байх. Гэтэл иймэрхүү үгс бидний хэл ярианд ямар элбэг байдаг билээ. Амны уншлага болчихсон, бодохгүй л хэлээд байдаг. Гэхдээ эгч зөрүүд юм болохоороо “нэгэнт эдгээр үгс ярианы хэлэнд гүн нэвтэрчихсэн хойно хүлээн зөвшөөрөх хэрэгтэй юм биш үү” гэх маягаар маргах гэж бас үзсэн л дээ, :D.

Тэгээд нэг мэдсэн бид хоёрын яриа орчин цагийн Монгол хэл etc болоод явчихлаа. Кирилл үсэгт шилжсэн нь Монгол хэлний бүтцийг эвдсэн, наад заах нь өгүүлбэрийн төгсгөлүүд бүгд модон болчихсон, Монгол бичигтэй байх үед хэл маань шал өөр байсан гэж хэлсэн нь үнэхээр ортой санагдав. Мань мэт нь Монгол бичгээр ном зохиол уншаад байдаг биш, сайн мэдэхгүй л дээ. Гэхдээ өгүүлбэрүүдээ аятайхан төгсгөх гэж үнэхээр зовдог. Өнөөх л тэгэв ингэв, ингэсэн тэгсэн – нэг л нуршуу, уйтгартай, сонсголонгүй. Амой, ажгуу, болой гэх мэт үгсийг даанч хэрэглэж чадахгүй юм даа. Тэгээд ч гэв гэнэт уянгалуулаад унавал эв хаагүй санагдах биз.

Монгол хэл ээ гэж… хэзээ л нэг сайхан ярьж, бичдэг болно доо. Явж номоо уншъя байз. Гэснээс, иймэрхүү зүйл хэт их бодоод байхаар өөрийгөө чагнаад, ганц хоёр өгүүлбэр ч гараас гарахгүй юм. Нэг мөсөн хайнга загнасан нь дээр ч юм уу. Яадаг юм, угаасаа аймаар гоё.

Continue Reading

Юу гэж бодож байна?

Хүн өдөрт дунджаар 7-8 цаг унтана (би ч унтамхай юм болохоороо үүнээс хамаагүй илүү унтдаг талтай л даа – гэхдээ янзан бүрийн юм зүүдэлж, “дээд тэнгэртэй” ярилцдаг гэх маягаар өөрийгөө зөвтгөх аястай), 2-3 цаг ахуйн ажилд зайлшгүй дарагдана (усанд орно, идэж ууна, шал угаах exercise хийнэ, г.м.), мөн ганц хоёр цаг нийгэмшиж, хүн хартай уулзна, ном сонин уншина, нэт хэснэ. Ингээд л өдрийн 14-15 цаг явчихаж байгаа юм. Харин үлдсэн хугацаанд ямар нэгэн нийгэмд хэрэгтэй ажил хийж, өөрийгөө нийгэмд хэрэгтэй хүн гэдгийг мэдэрч, цалин авна. Авсан цалингаараа дээр дурдсан 14-15 цагийнхаа амьдралыг зохицуулна.

Тэгэхээр ямар ажил хийж цалин авбал чамд зохих вэ? Нэгэнт л амьдралынхаа ухамсарт мөчүүдийн дийлэнхийг ажлын байрандаа өнгөрөөхөөс хойш дуртай ажлаа сэтгэл хангалуун хийж, боломжийн цалин авах хэрэгтэй байдаг. Мөн ирээдүйд өсөх боломжтой, карьер хийх магадлал өндөртэй газар ажиллаж, “ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийвэл” зүгээр байдаг.

Нэг үеэ бодвол өнөөдөр Монголд чадвартай хүний хөдөлмөрийг үнэлдэг болжээ. Хувийн компаниуд сайн боловсон хүчний төлөө өрсөлдөж, янз бүрийн бенефит амлана. Хэл устай бол гадны байгууллагууд, элдэв янзын төслүүд гэх мэт саалийн үнээнүүд байна. Төрийн байгууллагууд бол ямагт престиж өндөртэй байсан. Аль эсвэл өөрөө шинэ бизнес эхлээд явж болох юм.

Дээрх боломжуудын алийг нь сонгох вэ?

– Хувийн секторт ажилд орох: нэг хэсэг арилжааны банкинд ажиллах моодонд орж, таниж мэдэх хүн бүр хальт “банкир” болчихсон гүйж байсан. Мөн MCS (Mongolian Corruption Services), АПУ (Архи Пиво Ууцгаая), Номин, Мобиком гэх мэт “үндэсний үйлдвэрлэгчид” шинэхэн төгсөгчдийг хамгийн идэвхитэйгээр recruit хийдэг сураг сонсогдоно лээ. Томоохон компанид ажилд орвол боломжийн цалин авахаас гадна шинэ юм сурах орчин бүрдэнэ. Цаадуул чинь зүгээр сууж байгаад томорчихоогүй болохоор сургуулийн ширээний ард сурсан зүйлээс чинь илүү прагматик ач холбогдолтой зүйлд чамайг сургаж л таарна – татварын байцаагчийг хэрхэн яаж найрах вэ, авилга өгөх шилдэг арван арга гэх мэт… 😀 Хувийн компаниуд хүний шүүсийг шахаж ажиллуулдгаараа алдартай. Ямар ч байсан чи ажлын дадлага, туршлагатай болно, мэргэжлийн хувьд өснө. Гэхдээ манайд corporate governance гээч зүйл бараг байхгүй шахуу болохоор хэзээ нэгэн цагт компанийхаа CEO болно доо гэж мөрөөдөж ажиллах нь утгагүй. Үсрээд л ямар нэгэн албаны дарга юм уу, орлогч болно. Харин захирал чинь тэтгэвэрт гарахдаа өөрийнхөө учраа мэдэхгүй хүүг захирлаар томилчихно… Иймд хүмүүс ямар нэгэн компанид орж, аль болох их зүйл сурч авчихаад өөрийн бизнестэй болохыг бодно – “би энэ хүүхдэд бүх зүйлийг нь зааж өгсөн, гэтэл тэр миний санааг хулгайлдаад, шинэ компани байгуулчихлаа” гэж ярьдаг компанийн захирлууд олон байдаг нь үүнтэй л холбоотой байх.

– Гадны байгууллага буюу төсөл: ямар ч байсан цалин харьцангүй өндөртэй. Аль нэгэн гадны байгууллагад туслахаар орсон ч гэсэн дор хаяж 500 долларын цалин авдаг болохоор хүмүүс энэ салбарт ажиллах дуртай байдаг. Мөн таатай ажлын нөхцөлтэй, хангамж сайтай. Гэхдээ дахиад л өсөх боломжийн хувьд тааруу (10 хүний бүрэлдэхүүнтэй оффист өсөөд өсөөд хаа холдох вэ дээ?). Сэргэлэн бол тухайн байгууллагынхаа Нью Йорк, Вашингтоны оффист очиж ажиллана, энэ нь зарим хүмүүсийн мөрөөдөл.

– Төр: хэдий цалин хангамж багатай гэж ад үзэгддэг ч, аль нэгэн яам, тамгийн газрын ажилтнүүд их л өнгөлөг хүмүүс явцгаадаг. Арга ч үгүй биз… сав л хийвэл ийш тийш хурал зөвлөгөөн, семинар сургалт гээд гадаад явна, цалин дээрээ нэмээд томилолтын мөнгө авна (түүнээс биш бүгд авилгал авдаггүй байлгүй дээ). Сургуулиа төгсөөд хэдэн жилд төрд ажиллачихсан хүний хувьд улсын зардлаар гадаадад зэрэг хамгаалах боломж бий болно. Дээрээс нь аль нэгэн намын харьяатай болчихвол хэлтсийн дарга, газрын дарга, төрийн нарийн гэх маягаар карьерийн хувьд өгцөм осох боломжтой. Мөн нөлөө бүхий танил талтай болно, төрийн аппарат хэрхэн яаж шийдвэр гаргадагийг гадарладаг болно – төрд ажиллаж байгаад хувийн сектор руу орсон хүмүүс энэ талаараа их давуу талтай байдаг юм гэнэ лээ. Төрд ажиллаж байна гэсэндээ хүний сэтгэлгээ задарч, арай макро түвшинд сэтгэдэг болох магадлалтай. Аз тарч сайн даргын дор ажиллах юм бол маш их зүйл сурна.

– Шинэ бизнес: хамгийн эрсдэлтэй төрөл. Юу юугүй цоо шинэ бизнес эрхлээд, түүнээсээ ашиг олоод явна гэдэг амаргүй ажил. Айгүй л бол хэд хэд шатна, хулхидуулна. Дээрээс нь анхны хөрөнгө оруулалт хийх түвшний хөрөнгө төвлөрүүлсэн байх хэрэгтэй. Банкнаас зээл авья гэхээр барьцааны хөрөнгө байхгүй гэх мэт асуудал тулгарна. Тэгэхээр толгойд чинь байгаа амбицтай төслөө санхүүжүүлэх боломж олдох нь юу л бол. Гэхдээ зориг гаргаж, багаас эхлээд, аажмаар өснө хэмээн найдна. Юутай ч, аливаа эрсдэл ашиг дагуулдагаас хойш хэрэв зөв ажиллаж чадвал томрох боломжтой. Яагаад ч юм манайд хувиараа бизнес эрхлээд явах нь престиж багатай зүйл хэвээр байсаар байгаа – хаана ажилладаг вэ гэж асуухаар “хувиараа л…” хэмээн сулхан дуугаар хэлдэг хүмүүсийг гайхаад байдаг юм. Нөгөө талаар, шууд сургуулиа төгссөн шинэков учиргүй бизнесээ удирдаж авч явахад хэцүү. Онолын хувьд юу хийх ёстойг мэдээд байдаг, гэтэл үнэн хэрэгтээ туршлага гээч зүйл үгүйлэгдэнэ. Наад зах нь хүмүүсийг хэрхэн яаж ажиллуулах тал дээр асуудал үүсч мэднэ. Хүмүүстэй харьцаж сурахыг сурагчийн ширээнээс бус ажлын байр дээр эзэшдэг болохоор нэг хэсэгтээ л сандрах байх даа. Ямар ч байсан эхний ганц хоёр жилийн бэрхшээлийг давантуулж, өөрийн гэсэн орон зайг бий болгож чадах юм бол цаашдаа балай авах магадлалтай.

Монголын хөдөлмөрийн зах зээл нэг иймэрхүү л харагдаж байх шиг байна… өөрсдийн туршлагаас хувалцаач. Анх төгсөөд ямар газар ажилд орж, юу сурч мэдсэн, яаж өссөн, тэгээд яасан гэх мэтээр…

Continue Reading

Breaking news :D

Rio Tinto, one of the world’s largest mining companies, has purchased a 9.95% stake in Ivanhoe Mines for 303 million USD: Mineweb.com. As a result, IVN share prices have skyrocketed yesterday. It seems Oyu Tolgoi is about to take off… Ємнєгoвьд очиж хуушуурны гуанз нээдэг юм уу дєє гэсэн, 😀

No internet access for almost a week… I’m about to mentally starve!

Continue Reading

Biceps, Triceps… Perineum, Musculus Bulbospongiosus

Хүний биеийн анатомын талаар би „А“-ч үгүй л дээ. Тэр тухай чалчих гэсэн ч үгүй. Зүгээр л нэг бодол гэнэт толгойд орж ирээд.

Булчингаараа (зовлогоороо) амьжиргаагаа залгуулах, тэр байтугай баялаг хуримтлуулах олон арван боломж байдаг байх. Мэдээж хамгийн түрүүнд мэргэжлийн спорт шууд толгойд бууж байна л даа. Гээд цааш нэрлэвэл (эсвэл санаанаасаа зохиовол) овоо хэдэн юм санаанд орж ирэх байх. Миний хэлэх гэсэн юм маань яг ч энэ биш юм шиг байна…

Саяхан нутаг яваад ирсэн манай эндхийн оюутан хэдэн шинэ си ди авчирчээ. Сонирхлоо л доо. Тэр дунд Болдын си ди байна. Ярианы сэдэв шууд түүний шинэ цомог гэхээсээ илүү түүний „аймаар“ булчингуудын талаар өрнөж байна. Мань хүний зогсолт (булчин нь бол арай л үгүй юм шиг байна) боди билдингийн тамирчдаас ч дутах юм алга. 50 Cent, Usher тэгж зогсож зургаа авахуулсаныг нь би хараагүй. (би хип хоп тун хаaяа сонсдог, ар энд би бүр сонсдоггүй болохоор санаанд бууж байгаа маань энэ 2 байна). 2pac бүр түүн шиг булчинтай байгаагүй байх. Mань эр булчингаараа „байлдан дагуулалт“ хийхээр шийдсэн юм болов уу? Дуунд нь дуртай нэг хэсэг хүүхэд залуучууд байсан бол булчинлаг биенд нь „татагдсан“ бас нэг шинэ үе гарч ирж байгаа ч юм билүү. Би ч „атаархаж“ байна шүү. Монголд тэгээд булчингаараа од болох боломж байсныг донгиотож байгаад олж хараагүй миний хохь гэхээс.

За тэгээд цаашилбал Perineum, Musculus Bulbospongiosus гэх бүлэг булчингийн хэт хөгжилтэй улсууд монголд улам түгээмэл болж байгаа гэсэн. Тэр нь хэт хөгжихөөрөө өдөр шөнөгүй л агшиж сунаад зүгээр байлгадаггүй бололтой. Баасан, Бямба гараг болохоор „Зочид буудал“ нэртэй „чийрэгжүүлэх“ төвүүдээр тараад алга болчихдог. Зарим овсгоотой нэг нь бүр урьдчилаад захиалчихдаг бололтой. Markеt economy гэж. Монголчууд маань бүгдээрээ тэгтлээ булчин шөрмөс зангирсан юм уу гэтэл үгүй бололтой. Эсвэл миний cognitive perception сул дорой хөгжсөн байж ч мэдэх юм.

Continue Reading