Номын захаас барааны зах хүртэл

Бүтэн сайн өдөр өглөө эрт босож, хоттойгоо дахин танилцдаг баатар болсон биш залхуурч залхуурч, нэг юм үдээс хойш гэрээсээ хамраа цухуйлгав. Яаж зүгээр байхав, Урт цагааны хуучин номын зах дээр очиж, жаал ном сонин сонирхов. Ганц хоёр жилийн өмнө хуучин ном хоёр гурван мянган төгрөгийн үнэтэй байдаг байсан бол одоо арван мянгаас буухаа байжээ \бензины үнэ л буруутай байх, :P). Я.Цэвэлийн Монгол хэлний тайлбар толь харагдахаар нь баярлаад авах гэтэл 70,000 төгрөг гэдэг юм байна. Юу юугүй далан мянган төгрөг үрж байснаас эмээ өвөөгийн номын санг “дээрэмдсэн” нь дээр юм байна ухааны юм бодсон шиг ээ цааш алхалаа. Нэг үеэ бодвол ном асар үнэтэй болчихжээ \аргагүй байх л даа, хаа газар л үнэтэй байдаг юм чинь… \

Ганц нэг ном авахгүй бол болохооргүй санагдаад Чарльз Диккенсын Дэвид Копперфилдын орчуулгыг ёсөн мянган төгрөгөөр худалдаж авав. Харамсалтай нь хэн орчуулсан, хэдэн онд хэвлэгдсэн нь тодорхой бус байлаа. Ямар ч байсан 60-аад оны хэвлэл бололтой. Гоё хэвлэл байна лээ, зөндөө олон иллюстрацитэй, хатуу хавтастай, :P. Манайхан Диккенсын овоо хэдэн зохиолыг орчуулсан байдаг шиг санагдаж байна. Тухайн үеийн Английн нийгмийн харгис тогтолцоо, ядуусын амьдралыг яруу тодоор харуулж чадсан гэдэг утгаараа үзэл суртлын хувьд дэмжигдсэн юм байлгүй. Диккенсын “Оливер Твист” мөн харагдана лээ.

Урт цагаан дээр байдаг номын худаалдачид сонирхолтой хүмүүс шиг санагдаад байдаг юм. Хааяа нэг очиж буу халж баймаар… Жоохон байхдаа номын санч болохыг мөрөөддөг байсныг хэлэх үү, нэг л гоё санагддаг юм. Гэснээс, ойрд ерөөсөө номын сан ороогүй юм байна. Арван жилд байхдаа ДСНК-гийн орос номын санд байнга очдог байж билээ. Одоо тэр нь байдаг юм болов уу даа.

Номын захаас гараад Нарантуул зах оров. Бас л сонирхолтой газар шүү. Юу эс байхыг нь яанаа. Өвөл ойртсон биш үүдэнд нь баахан цонх дулаалгын материал зарсан хүмүүс зогсчихсон, порлон, скоч, замазка гэх мэт шаардлагатай бүхнийг багцлаад зарж байна лээ. Зах зээлийн мэдрэмж ээ гэж. Гэснээс, өвөл зах арай л хэцүү шүү… Ер нь Сайхансамбуу тэнд ажилладаг хүмүүст ямар сервис үзүүлсэн гэж түрээс авдаг юм болоо. Газрын зөвшөөрөл авч, хашаа барьсныхаа төлөө юу? Ядаж битүүлчихэж болдоггүй юм байхдаа, тэр олон хүнийг хар хүйтэнд гадаа зогсоогоод…

УБ-т нэг иймэрхүү… амьдрал өрнөсөөр.

Continue Reading

Миний Улаанбаатар

I heart UB гэснээс хальт носталгиатмаар санагдав. Нью Йоркт амьдардаг байхдаа Улаанбаатарыг асар их санадаг байж билээ. Бараг л гэрийнхэн, найз нөхдөөсөө илүү хотоо санадаг байсан байх, үе үе нэг их сайхан төв гудамжаар алхах юмсан гэж мөрөөдөөд л… Даанч одоо энэ бодлоо мартаж дээ, өдөр бүр асар ууртай хүн замын түгжрэл, маанаг жолооч нарыг хараагаад явж байх жишээтэй. Бүтэн сайны өглөө ч юм уу, асар эрт босоод, хүн амьтныг гараахаас өмнө Энхтайвны гүүрээр явган гараад, Сүхбаатарын талбай орж, жаал дэмий тэнэх юмсан. Өглөөний наранд УБ бас л царайлаг харагддаг шүү \шөнө нь бороо орсон бол бүр гоё\.

Надад яагаад ч юм МУИС, Германы элчин сайдын хавь орчим асар таалагддаг юм… Сургууль соёл олонтой болохоор тэр үү, хотын хамгийн сэхээтэнлэг хэсэг юм шиг санагддаг байх. Баяждаг бол тэр хавийн нэг байшинг тэр чигээр нь худалдаж аваад амьдрах юмсан. Давхар бүрт нь баахан зураг, ном… жинхэнэ “сэхээтэнлэг” амьдрахгүй юу :P. Даанч мань мэтийг баяжих гэсээр байтал хэн нэгэн нөхөр нь тэндхийн барилгуудыг буулгаад, бөөний худалдааны төв барьчих биз.

120 мянгатад өссөн болохоор жоохон байхдаа орой бүр эмээ өвөөтэйгээ АПУ, г.м. байдаг гудамжаар алхдаг байж билээ. Өвөө маань залуудаа тэр хавийн модуудыг тарилцаж байсан юм гэнэ лээ, тэд нар нь одоо бүр өндөр болчихсон. Одоо ч гэсэн тэр хавиар явахаар нэг л дотно байдаг юм. Даанч манай хуучин байрны урд цонхыг нь хаагаад асар том байшин барьчихсан байна билээ. Ядаж байхад тэр хавьд эмээ өвөө нар голцуу амьдардаг… хөөрхийс, одоо бүгд нар үзэхээ байсан даа. Энэ янзаараа нэг л мэдэхэд хүүхдийн тоглоомын талбайд маань бас нэг байшин бариад эхлэх байлгүй.

Миний мэддэг Улаанбаатар алга болсоор л байгаа. Хотоо магтах гэсэн биш өөрийн эрхгүй бухимдаад эхэллээ. Хот болгон өөрийн гэсэн уур амьсгал, зан төрхтэй байдаг гэж бодвол хуучны уужуу тайван, налгар Улаанбаатар маань их л сандруу, уур уцаартай, тэвчээргүй хот болсон мэт. Тэр нь бид бүгдэд халдаад, хүмүүс бүгд л сандарч, уурлаж явдаг болоод байна. Байшин барилга нь яая гэхэв гэж бодоход үүнийг яах вэ.

Төв шуудангийн талбай рүү харсан хэсэгт нь асар том Кока-коланы реклам байршуулчихсан харагдана лээ. Дээр үед энэ талаар нэгэн багштайгаа ярилцаж байсан санагдав. Мань хүн Тибет судлаач, тэнд нэг хэсэг амьдарч байгаад ирсэн хүн байсан юм. “Саяхан Лхасад очтол Кока-коланы лаазаар дүүрчихсэн, хуучны уур амьсгал нь байхгүй, муухай санагдсан” гэж ярихад нь би учиргүй эмзэглэж, “Та тэгээд яах гээд байгаа юм, тэнд ч гэсэн хүмүүс Кола уух эрхтэй биз дээ. Та нарыг очиж баясаг гээд л музей шиг 15-р зуундаа амьдрах болж байна уу” гээд л үзэж тарч билээ. Гэхдээ тэр рекламыг хараад багшийгаа ойлгов. Коланы шил төв талбайд маань заларч байх ёстой ч юм уу үгүй ч юм уу. Нэг талаас нь харахад, дээр үед кола олж уусан азтай нөхдүүд хоосон шилээ сервантандаа залдаг байсан гэж бодохоор бид хүссэн зүйлдээ хүрсэн ч юм шиг. Эсвэл шал өөр тийш яваад ч байгаа юм шиг. Мэдэх юм алга…

Continue Reading

I heart UB

Улаанбаатар нэг сая хүнтэй хот шүү дээ гэж бодохоор асар том санагдаад байдаг юм. Энд тэнд нь юу ч болж байдаг юм, бүү мэд. Өдөр бүр л ямар нэгэн шинэ газар нээгдэж, нөгөөх нь хаагдаж, барилга баригдаж, хаяг солигдож, хүүхэд төрж, хүн үхэж, нэг нь галзуурч, нөгөөх нь дурлаж, зарим нь хулгайлж, бусад нь ууж… амьдрал өрнөдөг л байлгүй. 

Өчигдөр сүүлийн үед сүр дуулиан болоод байсан “Боолын гэрээ” хэмээх киног олж үзэх санаатай Тэнгис ортол өдрийн бүх үзвэрийн билет нь дуусчихсан байв. Худалч хүнд бүтэн сарын өмнө нээгдсэн кино одоог хүртэл ийм эрэлттэй байна гэж бодохоор Улаанбаатар нээрээ л асар том хот болсон мэт. Яахав, ганцхан театртай болохоор аргагүй байх л даа \Соёмбо гэдэг бас нэг кинотеатр нээгдсэн сурагтай байсан, даанч хол юм шиг байгаа юм\. Хүмүүс их үзээд байгааг бодоход үнэхээр дажгүй кино юм байлгүй \эсвэл бүр хог байж таарна\. Ямар ч байсан гарч дуусахаас нь өмнө үзчих юмсан ухааны юм бодоод харив.

Гадуур хоол идэхдээ хүртэл урьдчилж захиалга өгөхгүй л бол ширээ байхгүй болчихдог талтай болоод байгаа болохоор киноны билет дуусах ч энүүхэнд байх л даа. Entertainment-ын хувьд ч нэг үеэ бодвол асар баялаг болж, өдөр бүр шахуу л ямар нэгэн тоглолт, жүжиг, үзэсгэлэн нээлтээ хийдэг болоод байна. Театрууд нь “Эдип”-ыг тавьж байхад клубууд нь гадаадын янзан бүрийн дижей нарыг авчирч тоглуулаад л…  something for everybody юм даа. Урьд өмнө нь хэрэгт дуртай байсныг хэлэх үү, хаана юу болж байна бүгдийг нь олж үзчих гээд байсан бол одоо хүссэн ч гэсэн амжихаа байж дээ. Том хот оо гэж.

УБ-т амьдрах гоё шүү…

Continue Reading

Carrot vs. stick

Африкийн улс орнууд засаглалын тал дээр аливаа муу муухай, болж бүтэхгүй бүхний жишээ болдог. Байгалийн баялаг ихтэй хэрнээ авилгалд баригдсан, дээрээс нь AIDS гэж нэг аймшигтай… нэг үгээр хэлэхэд, бид буруу замаар будаа тээвэл ямар болохыг яруу тодоор илтгэх газар гэж ойлгогддог. Онигоо хүртэл байдаг биз дээ:

Н.Энхбаяр Африкийн нэгэн улсад айлчилжээ. Тус улс нь эдийн засгийн хувьд манайхтай төстэй хэрнээ ерөнхийлөгч нь тамтаггүй баян, торго дурданд умбасан нэгэн байх юм гэнэ. Энхбаяр гайхсандаа “Чи яаж ингэж баяжаад байна аа” гэж асуутал нөгөөх нь “Хөгшөөн, цонхоор хардаа” гэжээ. Энхбаяр цонхоор хартал нэгэн гүүр байж гэнээ. Африк анд нь түүнд “Наад гүүр чинь хоёр дахин урт байх ёстой байсан юм” гэж хэлээд явуулжээ.

Ирэх жил нь Африкийн улсын ерөнхийлөгч манай улсад айлчлав. Тэгтэл Энхбаяр өөрөөс нь илүү баян тансаг амьдарч байх юм гэнээ. “Найз минь, яаж ингэж амьдарч чадаад байна аа?” гэж асуухад нь Энхбаяр түүнд мөн л цонхоор харахыг зөвлөжээ. “Энд чинь юу ч байхгүй байна шүү дээ” гэж Африк анд нь дуу алдтал Энхбаяр “Харин тэгээд яачихав” хэмээн инээд алдчихсан зогсож байх юм гэнэ.

Ямар ч байсан тэд бидний адил авлигачидтайгаа тэмцэх гэж янзан бүрийн арга чарга сэддэг бололтой. Айлгаж үзээд барахгүй болохоор нь бүр сүүлдээ урамшуулж үзэж байх шиг. Өнгөрсөн жил Суданаас гаралтай нэгэн Англи бизнесмен өөрийн нэрэмжит Ibrahim Prize for Achievement in African Leadership хэмээх шагналыг үндэслэсэн байна. Уг шагнал нь Африк тивийн хэмжээнд сайн засаглалыг дэмжих, шударга лидеруудыг урамшуулахад зориулагдаж буй аж. Энэ жил тус шагналыг Ботсваны ерөнхийлөгч асан Festus Mogae авсан байна. Наад зах нь уул уурхайн салбарыг хэрхэн яаж оновчтой зохицуулах тал дээр Ботсвана ямагт сайны жишээ болж байдаг тул Festus Mogae энэхүү шагналыг зүй ёсоор хүртсэн гэж хэлж болох байх \мань мэт нь ямар нарийн ширийн асуудлыг нь мэдэх биш, өнгөц л дүгнэж байгаа юм\. Ibrahim Prize-ыг 5 сая ам. доллар дагалддаг бөгөөд энэхүү мөнгийг шагналын эзэнд 10 жилд хуваан олгохын зэрэгцээ түүнээс хойш жил бүр 200,000 ам.долларын цалин өгөх аж. Өндөр албан тушаалаасаа огцорвол ямар ч амьдралгүй болно хэмээн айсан хүмүүс албан тушаалаа урвуулан ашиглах, түүнийхээ төлөө үхэн хатан тэмцэх нь элбэг байдаг тул энэхүү шагнал нь шагналын эздүүдийн хувьд орлогын тогтмол эх үүсвэр бий болгох зорилготой гэжээ.

Магадгүй бид Авлигатай тэмцэх газрын дөрвөн жилийн төсвийг хураан авч шагналын сан үүсгээд, улс эх орныхоо хөгжилд бодит хувь нэмэр оруулсан, албан үүргээ шударгаар биелүүлсэн түшмэлүүдэд мөнгөн шагнал олгох ёстой ч юм билүү… АТГ-аас хамаагүй илүү үр дүнтэй ч байж мэднэ.

Continue Reading

Блог хувьсгал

Төв шуудангийн замын урд талын зарлалын самбар дээр нэгэн блог порталын томоос том реклам нэлээд хэд хоносон юм. Сонин л санагдаж байлаа. Сонин ч юу байхав, саяхан л блог гээч нь дийлэнхи хүмүүсийн хувьд цоо шинэ зүйл байсан бол одоо түүнийг төв зам дээр рекламддаг болсон гэж бодоход асар хурдацтай байгаа юм. Даярчлалаа гэж \юу юугүй Friedman-дчихья, 😀 \.

Дээрх реклам дээр тухайн сайтыг “иргэний сэтгүүл зүйг дэмжигч веб сайт” гэж байсан шиг санагдаж байна. Түүнийг хараад бодлоо л доо. Нэг хэсэг манайд Оллоо.мн, Сонин.мн нараас өөр олигтой update хийдэг сайт ер байгаагүй шүү дээ. Өнөөдөр Монгол вебсайтын тоо олширсон ч гэсэн, бүгд л Оллоогийн зарчмаар сонин хэвлэлд нийтлэгдсэн ихэнхидээ хов живын шинж чанартай зүйлсийг бие биенээсээ өрсөн онлайн тавьдаг хэд хэдэн “порталууд” л бий болсон \гэхдээ сүүлийн үед байдал арай сайжирч байх шиг байна\. Эдгээр сайтууд шар хэвлэлийг копиддог болохоос биш бие даасан мэдээлэл боловсруулдаггүй. Тэгэхээр онлайн ч бай, оффлайн ч бай, бидний авч буй мэдээлэл бүгд л ямар нэгэн шүүлтүүрээр орсон, хэн нэгний ашиг сонирхолд нийцсэн, захиалгат зүйлс болж таарч байна. Өөрөөр хэлвэл, интернетын ид шид төдийлөн гарахгүй байна гэсэн үг. Харин блогууд үүнийг өөрчилж магадгүй юм.

Нөгөө талаас, нэгэнт порталууд өч төчнөөн сурвалжлагч ажилд аваад, юу юугүй минут тутам мэдээллээ шинэчлээд байх санхүүгийн боломж муутай учраас “иргэний сэтгүүл зүй” гээч зүйлийг дэмжих, сайн дурын блогчдын мэдээгээр сайтаа баяжуулах сонирхолтой байх нь ойлгомжтой. Иймд блог эрэлттэй болохоос өөр яахав. Харин төв зам дээр реклам байршуулах санхүүгийн боломжтой порталууд хувь хүмүүсийн блог дээр тавигдсан бичлэгүүдийг нүүр хуудаснаа нийтлэдэг болсноор бидэнд хүрэх мэдээллийн чанар сайжрах уу гэсэн асуудал байна.

Дээрх бичлэгийг жилийн өмнө шахуу эхлээд драфтлаад үлдээчихсэн байснаа сая харлаа. Тухайн үед бодож байсан зүйлээ ч сайн санахгүй байна. Ямар ч байсан блогуудын тоо өдөр ирэх тусам өссөөр л байна. Гэхдээ бид тэднээс ямар нэг шинэ мэдээлэл авч чадаж байна уу үгүй юу? Блогын тоо олширсон ч, өдрийн тэмдэглэл аястай “Би өнөө өглөө босоод, 2 өндөр шарж идсэн” ч гэх юм уу эсвэл “Өнөөдөр тэр надруу дахиад л ярьсангүй” гэх мэтийн бичлэгүүд, аль эсвэл мань мэт шиг маазарч, “далийж”, бүлтэрч суудаг нөхдүүд блогчдын дийлэнхи олонхийг эзэлж байгаа хэвээрээ. Мэргэжлийн хүмүүс тухайн салбарынхаа талаар бичдэг, хүмүүст бодитой мэдээлэл хүргэж, санал бодлоо солилцдог блогууд бараг байхгүйтэй адил. Энэ тал дээр IT-ийн блогчид л бусдаасаа өөр байж мэднэ. Харин ихэнхи блогууд урьд өмнө моодонд ороод байсан чат, форумуудын нэгэн адил хэсэг хүмүүсийн зугаагаа гаргадаг хэрэгсэл болоод дуусдаг. Тэгэхээр иргэний сэтгүүл зүй гэж ярихад хэцүү болж байх шиг.

Тодорхой сэдэв барьж авсан, тэр сэдвийнхээ дагуу хүнд юм өгөхүйц мэдээллийг тодорхой түвшинд боловсруулж оруулдаг блогууд олширвол блог гээч зүйл нь манай хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн гүйцэтгэж чадахгүй байгаа үүргийг гүйцэтгэх түвшинд хүрэх магадлалтай. Өөрөөр хэлбэл, учир мэдэх хүмүүс мэддэг зүйлсийнхээ талаар идэвхитэй бичиж эхлэвэл бичигчдээ ч тэр, уншигчдаа ч тэр өгөөжтэй болно гэсэн үг. Тодорхой сэдэв гэдэг нь заавал учиргүй сүрхий, quantum physics маягийн юм байх шаардлагагүй л дээ. Ядаж нэг нөхөр шинэ кино review хийгээд сууж байвал кино үзэх дуртай хүмүүс орж гараад, тодорхой хэмжээнд боловсроод л байна \дээхэн үед Хашаа, Түвшин тэргүүтэй хэдэн нөхдүүд дээхэн үед Amateur Directors гэдэг киноны тухай блог нээж байсан санагдана, даанч сүүлийн үед update хийгээгүй шинжтэй\. Бас нэг жишээг дурьдахад, Agshin.mn, Suuder.com гэх мэт хэд хэдэн фото блог ажиллаж байгаа нь фото сонирхогчдыг цуглуулж чадахын зэрэгцээ тэдний тоог ч нэмж чадаж байна. Мөн сүүлд харснаас сэтгүүлч Д.Цэрэнжавын Ажиглагч нэртэй блог дажгүй санагдсан. Уг блог нь сэтгүүлч хүний хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн талаарх бодол, шүүмж, судалгаа зэргийг нийтлэдэг. Ийм төрлийн сайн дурын блогууд олширсон цагт л мэдээллийн чанар сайжрах талаар ярьж болно байх.   

Нөгөө талаас, онлайн сурталчилгааны асуудал байна. Портал сайтууд ч яахав, байгууллагуудаас реклам аваад тавиад байна \гэснээс, порталд реклам тавих арай л дэндүү үнэтэй санагдаад байгаа юм – жишээ нь, “Оллоо сайтын бvх хуудас дээр vзэгдэх боломжтой, солигдолтгvй 120×600 pixel хэмжээтэй баннер єдрийн 50-100 ам.доллар” байдаг гэнээ, тэгсэн хэрнээ page impression, traffic data-ын талаар ямар ч мэдээлэл байхгүй\. Харин блогчдын хувьд Google Adsense мэтийг л ашиглахгүй бол дотоодын реклам тавих боломж маш бага байдаг. Саяхан нэг Монгол компани Google Adsensе-тэй төстэй сурталчилгааны шийдэл санал болгож байгаа харагдсан \линкийг нь санадаггүй ээ\, хэрэв энэ төсөл нь амжилттай хэрэгжих юм бол Монгол блогчдод хэрэг болно байх. Блог бичих нь санхүүгийн хувьд ашигтай болвол өмнө нь блог бичих талаар огт боддоггүй байсан олон “учир мэдэх хүмүүс” блогтой болцгоож магадгүй гэж найдах юм. Тэгэх юм бол байдал нэлээн өөр болж мэднэ.

Нурших яахав… тодорхой сэдэв барьж авах нь л чухал байна даа. Яадаг юм билээ гэсэн…

Continue Reading

Бурханыг рекламдах нь

Ажлаа тараад гэртээ иртэл хаалганы завсраар нэгэн сурталчилгааны хуудас хавчуулчихсан байлаа. Сүүлийн үед нөхдүүдийн маркетингийн арга барил хэтэрхий сайжирсан уу яасан гэртээ ирэх тоолонд л нэг иймэрхүү зүйл угтдаг болоод байна. Харин энэ удаад цоо шинэ, “далавчтай” ариун цэврийн хэрэглэл, хачин амттай, жинхэнэ “америк” пицца гэх мэтийг бус БУРХАН-ыг сурталчилжээ.

“ТАНД ӨГСӨН ХАМГИЙН АГУУ ХАЙР”. Тэр хайрыг хэн, хэрхэн надад өгсөнийг мэдэж авах нь миний хувьд амин чухал гэнээ. Энэ талаар Еховагийн Гэрчүүд надад үнэн зөв мэдээллийг өгөөд зогсохгүй намайг чухам аварч, диваажинд хүргэх ажээ. Бусад сурталчилгааны хуудсуудыг бодвол тэд намайг ямар нэгэн зүйл худалдаж авахыг шаардсангүй, гагцхуу Есүсын агуу хайрыг л мэдрүүлэхийг хүсчээ.

Хуудасныхан буланд Printed in Germany гэсэн бичиг байв. Надад Есүсийн агуу хайрыг сурталчлахын төлөө хаа байсан Германд энийг хэвлүүлсэн байж таарах нь. Үүнийг даярчлал гэх үү эсвэл эмгэнэл гэх үү? Мань мэт нь ч яахав, иймэрхүү төрлийн сурталчилгаанд тэр бүр өртөөд байх биш… гэтэл гадуур энэ төрлийн тархи угаалт ямар их явагддаг бол? Хаалганы завсраар хуудас хавчуулах нь наад захын асуудал биз. Аягүй л бол нэг нөхөр гэрт нь орж суучихаад цэцэн цэлмэг үгс урсгаж өгдөг байлгүй. Итгэл үнэмшил гэх зүйлгүй болсон, “хайр” гэдэг үг үгсийн сангаас нь алга болоод удаж байгаа хүмүүс тэдэнд итгэж л таараа. Намайг хүн хайрладаггүй байж болно, гэтэл цаана чинь Есүс намайг хайрлаад, миний төлөө үхчихсэн юм чинь гэж ирээд л….

Баянзүрх хүнсний захын урд талд “Еховагийн Гэрчүүдийн Хаанчлалын Танхим” гээч газар байдаг бөгөөд тэнд чухам “Хүн төрөлхтнийг хэн зөв зохистой удирдаж чадах вэ?” гэсэн сэдвээр тусгай лекци уншигдана гэнэ. Яасан ч сүртэй нэртэй газар вэ, ямар ч сүрхий сэдэвтэй лекци вэ. Ямар хүмүүс тэнд очдог, юу ярьцгаадаг бол доо? Ядаж байхад Jehovah’s witnesses гэдэг нь культ маягийн, mainstream Christianity-гаас нэлээн өөр номлолтой, шашин гэхэд хэцүү зүйл байдаг гэдэг биз дээ.

Хобби хөдлөөд Еховагийн гэрчүүдийг google-длээ. Зарим нөхдүүд тэднийг чухам культ мөн, Библийг гуйвуулдаг этгээдүүд гэж ирээд л хараасан байх, зарим нь ч яахав номлолыг нь тайлбарласан байх жишээтэй. Ямар ч байсан их өвөрмөц үзэл баримталдаг нөхдүүд байх шиг: засгийн газрыг хүлээн зөвшөөрдөггүй \Бурханы хаанчлалыг хэн ч орлох ёсгүй гэх маягтай\, цэргийн алба хашиж болохгүй, орчин үеийн шинжлэх ухааны зарим ололтуудыг няцаадаг \цус шилжүүлж болохгүй, г.м.\, Еховагийн гэрч бус найз нөхөдтэй байж болохгүй, төрсөн өдөр, Цагаан сар гэх зэрэг баяр ёслолыг тэмдэглэж болохгүй… Дэндүү олон зүйлийг хориглосон байхыг харахад үнэхээр л гишүүдийнхээ амьдралыг контрольдохыг хүсдэг, культ маягийн байгууллага юм шиг санагдаад явчихав. Гэтэл тэд манайд идэвхитэй үйл ажиллагаа явуулаад зогсохгүй аль хэдийн “хаанчлалын танхим”-тай болчихсон байдаг…

Юунд итгэж, яаж амьдрах нь хувь хүний эрх чөлөөний асуудал л даа. Гэхдээ хүнд ямагт сонголт байх ёстой. Учраа мэдэхгүй арван жилийн хүүхдэд хэдэн цагаар нь ухуулга хийж, “Еховагийн гэрч” болохгүй л бол диваажинд очиж чадахгүй, жаргахгүй гэх маягаар ятгаад байх юм бол хэн тэсэх вэ дээ. Олон талын мэдээлэл авч байж л хүн сонголт хийх боломжтой болно уу гэхээс биш ганц нэг идэвхитэй бүлэглэлийн ухуулганд автаад байвал яаж ч сонголт хийх вэ дээ. Улаанбаатарт болдог уулзалтууд нь очиж сурвалжлага хийх юмсан… Тэдний уулзалтыг хөндлөнгөөс харахад бас л арай өөр байх байлгүй \тэгсэн эгч нэг мэдсэн уярчихсан, Еховаг магтан дуулаад явж байвал яанаа гэсэн, :D\

Маргааш гэртээ ирэхэд намайг чухам юуны реклам угтах юм болдоо? Сонгууль ойртож байгааг хэлэх үү, болсон болоогүй нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр орцоор нэг хөглөрөх нь дээ…

Бурханыг рекламдана гэснээс, дэлхий дээр хамгийн их зарагдсан ном Библи гэдэг дээ… Шашны байгууллагууд зар сурталчилгаанд хэр их хөрөнгө зарцуулдаг бол? Аягүй л бол юун Coca-cola, Philip Morris байгаа даа…

Continue Reading

Парадокс

Өнгөрсөн долоо хоногт Улаанбаатарт аюул болов. Солонгос руу явж ажиллах хүсэлтэй хүмүүсийг бүртгэнэ гэсэн биш мянга мянган хүмүүс Төв цэнгэлдэхэд оочерлож, Солонгост очиж тариалангийн талбай дээр газар ухахын төлөө алалцав.

Яг энэ үед бид хэд гурван үйлчилгээний ажилтан ажилд авна гэсэн зар өгсөн байж таарлаа л даа. Учиргүй баяжихгүй ч гэсэн, амьдрах боломжтой цалин санал болгохыг хичээлээ… тэгээд л утсаа чагнаад суугаад байлаа, тэгсэн нэг ч хүн залгадаггүй шүү. Гайхлаа, зар маань нийтлэгдээгүй юм байхдаа гэж бодлоо, лавлалаа… зар гарах нь гарч, гол нь хүмүүс тоож залгаагүй шинжтэй. Өөр сувгуудаар зараа явууллаа, дахиад хүлээлээ, хоёр хоногийн дараа нэг юм ганц оюутан ярьж баярлуулав…

Эхний параграф, хоёр дахь параграф 2 нэг л уялдахгүй байгаа биз? Монголд ажил хийх хүн олдохгүй байхад Солонгосуудад зарагдахын төлөө хоорондоо зодолдох шахам тэмцэхийг юу гэж ойлгох вэ? Дээрээс нь төв цэнгэлдэхэд алалцаж байгаа 15,000 хүмүүсийг хил давах мөчид 10,000-20,000 хятад ажилчид Монголыг зорих болно. Яах ч ёстой юм байгаа юм…

Хамгийн энгийнээр бол дээрх бүх зүйл цалингаас улбаатай  байж таарна. Хүмүүс илүү өндөр цалинтай ажил хийхийн тулд Солонгосыг зорьж байгаа…

\үргэлжлэл бий\

Continue Reading

Got Milk?

Өчигдөр сүү авах гэж дэлгүүрт баахан зогслоо. Монгол уул нь мал ихтэй улс, гэтэл дэлгүүрт дандаа л импортын сүүнүүд байх юм. Ядаж байхад үндэсний үйлдвэрлэгч гэгдээд байгаа Monfresh л гэхэд хаа байсан Австралиас хуурай сүү импортлож, найруулдаг гэх юм. Хэдэн үнээтэй болдог юм уу гэсэн, 😛 Сүүлийн үед сурагчдын үдийн цай хөтөлбөр энэ тэр нь хэрэгжээд, сүү импортлогчид улам олширсон шинжтэй. Орос, Хятадаас л их импортлодог бололтой… Весёлый молочник гэх мэт лаг лаг нэртэй савласан сүүнүүдийг харж удтал зогсосны эцэст лангууны булангаас “Сүү” ХК-гийн ганц сүү олж аваад харилаа.

Импортны сүүнүүд дунд MengNiu \Монгол үхэр\ нэртэй өвөр Монголын сүү харагдана лээ. MengNiu нь “бид танд байгалийн цэвэр бүтээгдэхүүн, Монгол үнээний сүү санал болгож байна” гэх маягаар их рекламдаж, Хятадын № 1 сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч болсон байгууллага юм байх. 1999 онд үүсгэн байгуулагдаад, хэдхэн жилийн дотор Хятадын зах зээлийг эзэлж, олон арван улс руу бүтээгдэхүүнээ экспортлох болсон гэнээ. Үндэслэгч нь Niu Gensheng хэмээх өвөр Монгол нөхөр \”үхэр” гэсэн утгатай нэртэй юм байж асар сэргэлэн нөхөр наасан\. Мань хүн Хятадын нэгэн томоохон сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компанид ажиллаж байгаад MengNiu-г байгуулсан түүхтэй аж. Meng Niu нь өвөр Монголын малчдаас сүү татан төвлөрүүлж, өөрийн үйлдвэрүүдэд боловсруулан савладаг. Тэд анх малчдад сүүний үнээ худалдаж авахад нь зориулж зээл олгож, түүнийгээ сүүгээр эргэн төлөхийг санал болгосноор ханган нийлүүлэлтийн асар том сүлжээ бий болгож чадсан байна. Одоо тэдний сүлжээнд сая сая малчид багтдаг бөгөөд жилдээ 1.5 сая тонн сүү үйлдвэрлэх хүчин чадалтай гэнээ.

MengNiu-гийн үйл ажиллагааны зарчмыг Монголд хэрэгжүүлж болохоор л санагдаад байгаа юм. Малчдаас сүүг нь аваад, савлаж боловсруулаад худалдах ажлыг зохион байгуулах нэг нөхөр \үхэр ч юм уу 😛 \ хэрэгтэй л дээ. Тэгвэл бүгд дэлгүүрээс цэвэр Монгол сүүгээ худалдаж авдаг болохгүй юу. Хэрэглэгчдэд ч хэрэгтэй, малчдад ч хэрэгтэй. Даанч тэгээд дэд бүтэц, тээвэрлэлт гэж ирээд асуудал мундахгүй биз… Ядаж эхний ээлжинд Улаанбаатарын хэрэглэгчдийг хангах хүчин чадалтай үйлдвэр байгуулж болох байлгүй дээ, ийш тийш нь экспортлохоо байг гэхэд. Уул нь Япон руу л гэхэд “Монголын сумочид Монгол үнээний сүү уудаг болохоор ийм чадалтай байдаг” гэж ирсэн лаг реклам явуулвал цаадуул чинь хошгирно доо \ядаж хэн нэгэн нь сумочдынхоо амжилтыг эдийн засгийн үр ашигтай байдлаар ашиглах хэрэгтэй шт\. Архи үйлдвэрлэж баяжсан нөхдүүд бодолцмоор юм гэсэн.

Continue Reading

Топ сайтууд

Alexa.com хэмээх вебсайт интернет traffic-ын талаар мэдээлэл цуглуулж, дэлхийн хамгийн эрэлт хэрэгцээтэй сайтуудыг дэс дараагаар нь эрэмбэлж, Top 500 хэмээх жагсаалт гаргадаг (интернет ертөнцийн Fortune 500 юм уу даа). Мөн тэд тухайн улсын хэрэглэгчдийн хамгийн их ханддаг сайтуудын жагсаалтыг гаргадаг байна. Өчигдрийн байдлаар Монголын топ сайтуудын жагсаалт нэг иймэрхүү харагдаж байлаа:

  1. Yahoo!
  2. Google
  3. Banjig.net
  4. Hi5
  5. Huurhun.mn
  6. Microsoft Network (MSN)
  7. Asuultserver.com
  8. Oops.mn
  9. YouTube
  10. Google.mn
  11. Sonin.mn
  12. Mongolnews.mn
  13. Microsoft Corporation
  14. Chinggis.com
  15. Rapidshare.com
  16. Goojuur.com
  17. Asuult.net
  18. Depositfiles.com
  19. Почта@Mail.ru
  20. Olloo.mn

Дээрх жагсаалтыг ажиглахад, Монголчуудын ханддаг топ 20 сайтын 10 нь Монгол хэл дээрх сайтууд байна (asuultserver.com, asuult.net хоёрыг нэг гэж тооцов). Хамгийн эрэлттэй Монгол сайтаар Банжиг.нет шалгарч (Yahoo, Google хоёрын дараа 3-т явж байна), хоёрдугаар байранд Хөөрхөн.мн орсон байна (энэ сайтын талаар анхны удаа л сонсож байна, хальт харахад хүүхнүүдэд зориулсан портал бололтой). Гэхдээ аsuult.net, asuultserver.com хоёрын хандалтыг нэгтгэвэл Асуулт.нет нэлээд дээгүүр жагсах байсан байх. Сонирхолтой нь, сонин.мн Оллоо.мн-ээс илүү popular байдаг юм байна (сонингуудын нийтлэлийг хуулж тавидаг гэдэг утгаараа энэ хоёрын агуулга үндсэндээ нэг, гэхдээ Оллоо.мн илүү удаан байх).

Монголчуудын social networking website of choice нь Hi5.com, харин file sharing service of choice нь Rapidshare.com байдаг аж. Hi5.com №4-т явж байхыг бодоход ийшээ хүмүүс их ханддаг бололтой (аргагүй биз дээ, мань мэт нь хүртэл хальт бүртгүүлчихсэн байгаа юм чинь… гэснээс, Hi5 маягийн Монгол сайт хийвэл хальт амжилт олох байх даа). Гоожуур.ком балай авчээ, асар богино хугацаанд асар олон хүнд хүрсэн байна шүү, гарууд муулаад байдаг хэрнээ л орж уншаад байдаг наасан (гэснээс, Гоожуур.ком-ын mastermind нь NCAD биш биз, стиль нь хальт төстэй санагдаад байгаа юм даа). Өөр сонирхолтой ажиглалт гэвэл… YouTube.com руу хүмүүс их ордог нь сонирхолтой санагдаж байна, өндөр хурдтай нэттэй хүмүүс ийм олон байдаг юм байх даа.

Монголын хэрэглэгчдийн ханддаг топ 100 сайтын жагсаалтыг эндээс үзэж болно. Зөвхөн Монгол хэл дээрх хамгийн эрэлттэй сайтуудын жагсаалтыг гаргах боломж байдаг болов уу (харамсалтай нь Alexa.com-д Монгол хэл гэсэн сонголт алга). Гадаадад амьдарч байгаа Монголчуудын preference-г харвал бас сонин байж магадгүй.

Continue Reading
1 2 3 6