Euthymia

Ром, герегийн ахсахал ухаантнууд хамаг санаа зоволт, аар саархан нервтэлтээ мартаж зөвхөн өөр дээрээ төвлөрөөд “хэрэгтэй” юм л бодож сэтгэх эутимия гэдэг арга байдаг гэж номолдог байсан юм байна. Уржигдарын урд өдөр хуучны ромын провинц Галлиагаар дайрч өнгөрөх урт замд унтах сэрхийн зааг дээр энэ аргыг гэнэнхэн байдлаар туршиж үзэх санаатай назгайрч байтал хэрэгтэй ч юм уу хэрэггүй ч юм уу сонин юмнууд толгойнд явагдаж өнгөрлөө.

Жишээ нь манай нэг найзад 50 гаран насны наймаачин авгай Эрээнээс УБ орох галт тэрэгний бүхээгт хэдүүлээ архидаж суухдаа “хулхины хорвоо хүүхдүүд минь, хулхидаад бай хулхидаад бай” гэж 25 зууны тэртээх Буддын сургаалийг монгол ганзагачины сэтгэхүй яаж тусгасаныг харуулсан тухай онигоог ойндоо гүлхэх зуураа цонхоор ширтэж байх мөчид адилхан хорин хэдэн зууны настай Ромын эзэнт гүрэн бас л юу ч болоогүй юм шиг дэгжиндүү боловч туйлын романорум хэвээрээ царайлчихсан нүдний өмнө www.eurolines.com хэмээн сүүмэлзэх шиг болох юм.

Тухайн үедээ орон гаран болчихоод, сормуусаа гайхчихсан цавчилж байтал Македонын Александр шар толгойлчихcон, цэнхэр нүдээрээ эзэгнэнхэн төрсөн бичкэн дэлхийгээ дүгнэн урд нэгэн цагт “шинэ хүн” төрхөөрөө Родосоос хорвоог давамгайлж байсан яг л тэр хэвээрээ алхаж ирээд хойд талын суудалд суучих шиг болов. Удалгүй улам толгой эргүүлэх гэсэн юм шиг, зурагтаар хонгор үстэй Элена хэдэн мянган жилд ч гансрахгүй гэмээр инээд ханиадаараа нойлын цаас рекламдахад тэнд байсан эр хүн бүрийн харцанд тэрний төлөө ямар ч замыг туулж, хэдэн ч хотыг шатааж, хичнээн ч хүн алахад бэлэн гал нь яг хэвээрээ! Би өөрөө ч найз нөхдөө умартаж, ах дүүсээ золиослоход бэлэн байснаа нуугаад яахав. Гэхдээ намайг хүннү сүннү өвгөдийн сүнс солиорлоос аварсан болой.

Бага байхад Jaleel White “Kids, don’t do drugs” гэж зурагтаар зүгээрчгүй хэлж байждээ. Юм гэдэг учиртай, учир гэдэг жанцантай, жанцан гэдэг нь зугаатай байх юм даа.

Continue Reading

Адал явдал

Саяны уикэндээр бүр учиргүй адал явдалтав. Амьдралдаа анхны удаа онгоцноосоо хоцорч үзлээ, болдог л юм байна. Онгоцноосоо хоцорсон тохиолдолд boarding pass шалгадаг гаруудтай асар nice байхад ерөнхийдөө асуудал шийдэгддэг юм байна лээ шүү, хоцорч баривал тэд нарыг л ямарваа нэгэн аргаар найрах хэрэгтэй. Тэгэхгүй бол stand-by царайлж онгоцны буудал дээр хэд хонох магадлал өндөр юм билээ.

Наян юм болж зорьсон газраа очсон биш янзан бүрийн шинэ сэтгэгдлээр дүүрэн буцлаа. Цанаар гулгалаа, харин ч ёстой гого спорт байна билээ, ski resort-тэй ойр амьдардаг хүмүүст хальт атаархах шиг болов, 😀 Асар огцом уулнаас тэнэг хурдтай буух мэдрэмж маяг байх аа, мань мэт нь ч яахав, тэгшхэн шахуу газар тэвдээд хачин юм болж байгаа юм чинь… хэзээ нэгэн цагт сайн гулгаж сурдаг юм бол балай авна аа. Гэснээс, Говь-Алтайд цанын бааз байгуулчих буянтай саятан байдаггүй юм байх даа, тэгвэл гоёдоо л орохгүй юу.

Одоо ч юу юугүй шинэ жил боллоо доо. Миний хувьд энэ шинэ жилээс цоо шинэ амьдрал эхлэх нь… хальт түгшүүртэй ч юм шиг, гэхдээ л шинэ адал явдлыг тэсэн ядан хүлээж байна гээлүү (асар cheesy царайлсан, xaxa). Viva la vie Boheme!

PS: quote of the day (computer geeks rule!):

“There’s no place like 127.0.0.1”

Continue Reading

Буратиногийн тухай ном

Би баларсаан. Ингээд л үхдэг юм байж. Ядаж 8 нас хүрчихээд үхсэн бол хамаагүй дээр байхгүй юу. Одоо би 6 настай. Ирэх жил сургуульд орох ёстой байсан юм. Ядахнаа сургуульд орж уншиж сурчихаад үхсэн бол Буратиногийн тухай номоо аль хэдийн өөрөө уншаад дуусгачихгүй юу. Тэгсэн бол диваажинд очоод Буратиногийн түүхийг Бурханд ярьж өгөх байсан даа. Одоо би номныхоо дөнгөж талыг нь л мэднэ. Бурхан надаас, “Буратино Папа Карлотайгаа уулзаж чадсан уу?” гэж асуувал яана. Буратино Мальвинатай уулзсанаас хойш юу болсныг би ерөөсөө мэдэхгүй шүү дээ, яагаад гэвэл өвөө өдөрт надад таван хуудсыг л уншиж өгдөг юм. Одоо цаана нь зөндөө олон хуудас үлдээд байгаа. Гэтэл би ингээд номоо дуусгаж амжилгүй үхчих нь байна шүү дээ.

Хүн үхэхээрээ диваажин гэдэг гоё газар очдог юм гэсэн. Манай хажуу айлын хүүхдийн эмээ нь саяхан тийшээгээ явсан юм. Буцаж ирээгүй л байна. Намайг үхэхээс өмнө ирвэл түүнээс диваажин гэж ямар газар байдаг талаар сайн асууж байгаад явах юмсан, сайхан ааштай эмээ байдаг юм. Даанч би түүнийг хүлээж амжихгүй байх л даа. Нээрээ диваажин руу номоо авч яваад тэр эмээгээр уншуулж болох болов уу? Гэхдээ хажуу айлын хүүхдийн эмээ ч ном уншиж мэдэхгүй л дээ, манай өвөө шиг мундаг биш юм чинь.

Манай өвөө ч үнэхээр мундаг шүү. Орой болгон нүдний шилээ зүүж байгаад миний номыг уншиж өгдөг юм. Өвөөгийн зав гарахгүй бол би номоо эмээгээрээ уншуулдаг. Манай эмээ багш болохоороо надад бас үсэг зааж өгдөг юм. Би ёстой хурдан сурч байгаа, өнөөдөр гэхэд л ААВ гэж бичиж сурсан. Аавыгаа ирэхээр бичиж үзүүлэх юмсан гэж бодоод хичээгээд л байгаа. Манай ээж аав хоёр “хойно” гэдэг газар сургуульд сурдаг болохоор би одоохондоо эмээ өвөөтэйгээ хамт байдаг юм. Намайг сургуульд орохоор ээж аав хоёр ирээд, дүү бид дөрөв хамтдаа амьдрах гэж байсан юм. Гэтэл би ингээд юу юугүй үхэх болчихдог, онцгүй юм аа. Айгүй л бол ирэхээс нь өмнө үхчихлээ гээд ээж аав хоёр гомдох байх даа.

Хажуу айлын хүүхдийн эмээг үхэхэд тэдний ээж аав хоёр уйлаад, гэрээр нь дүүрэн ууртай царайтай хүмүүс сууцгаагаад, бөөн л юм болоод байх шиг байсан. Диваажин гэж тийм гоё газар байдаг юм бол тэд нар яагаад уйлаад байсан юм болоо? Эмээ нь тэд нарыг авч явалгүй, ганцаараа яваад өгсөн гээд гомдоод уйлсан юм болов уу? Эмээ намайг авч явалгүй, ганцаараа дэлгүүр яваад өгөхөд би ч гэсэн гомдоод уйлчихдаг л юм. Гэхдээ би одоо том болсон юм чинь аль болох уйлахгүй байхыг хичээж байгаа л даа. Хажуу айлын эгч ах хоёр ийм том болчихоод уйлж байдаг, ичдэггүй юм байх даа? Би лав байсан бол ичээд уйлахгүй ээ.

Миний Буратиногийн тухай номыг саяхан манай ээж аав хоёр явуулсан юм. Тэр хоёр дандаа надаа гоё юм явуулдаг л даа. Түрүүн ирэхдээ бас айгүй гоё шар үстэй хүүхэлдэй авчирсан, гэхдээ хажуу айлын хүүхдэд байдаг шиг гоё буу авчирч өгсөн бол бүр гоё байхгүй юу. Би өчигдөр хүүхэлдэйнийхээ үсийг Мальвинагийнх шиг цэнхэр өнгөтэй болгох гэж байгаад нүүрийг нь муухай болгочихсон. Эмээг загнана байх гэж бодоод хүүхэлдэйгээ орныхоо доор нуучихсан байгаа. Одоо би үхчих юм чинь эмээд загнуулахгүй, гоё доо.

Намайг үхчихээр миний шар үстэй хүүхэлдэй ганцаараа уйдах байх даа. Бид хоёр уул нь дандаа хамт айл гэртэж тоглодог юм. Хажуу айлын хүүхдэд сайн захиж байгаад л явахаас. Тэр ч гэхдээ буунаас өөр юм мэдэхгүй л дээ. Айгүй л бол хүүхэлдэйг минь айлгачихна. Түүнийг айлгахаар нүд нь хаагдахаа байчихдаг юм, над руу хараад л байна. Нээрээ миний хүүхэлдэй айгүй гоё урт сормуустай том нүдтэй шүү. Яг л Мальвинагийнх шиг. Миний сормуус ийм гоё урт болох болов уу?

Одоо би унтаад өгвөл маргааш өглөө диваажинд сэрч магадгүй, тийм ээ? Нээрээ диваажинд цэцэрлэг байдаг болов уу? Би өглөө болгон босоод цэцэрлэгтээ явдаг юм. Хэрэв диваажинд цэцэрлэг байдаг бол битгий өдөр унтуулдаг байгаасай. Би цэцэрлэгт унтах ёстой дургүй. Унтасны оронд тоглосон нь хамаагүй гоё байхгүй юу, даанч багш нар ойлгохгүй л дээ. Өдөржин тоглуулдаг цэцэрлэг байвал ямар гоё вэ. Цэцэрлэг тарахад нэг биш хоёр баавгатай чихэр өгдөг бол бүр гоё. Тэгвэл би нэгийг нь өөрөө идээд, нөгөөхийг нь эмээдээ авчирч өгөхгүй юу. Одоо ч гэсэн би багшийн өгсөн чихрийг хадгалж байгаад, гэртээ ирээд эмээтэйгээ хувааж иддэг юм. Нээрээ би диваажин руу ганцаараа яваад, эмээ энд үлдвэл би хоёрын хоёр чихрээр яах ч юм билээ.

Бодоод байсан чинь үхэх муухай юм байна. Намайг үхчихвэл эмээ өвөө, ээж аав, дүү эд нар яах болж байна аа? Бас миний хөөрхөн хүүхэлдэй ганцаараа хоцроно. Ер нь л би үхэж болохгүй юм байна. Яах гэж өнөөдөр шийгуаны яс идэв ээ? Ясыг нь идэхээр маргааш нь үхдэг гэж мэдсээр байж… Шөнө ходоодонд минь шийгуаны мод ургаад, тэгээд л би үхчихнэ шүү дээ. Уул нь би шийгуаныхаа ясыг түүж идэх гэж зөндөө хичээсэн юм, даанч мэдэлгүй хоёр яс залгиад хаясан. Одоо яанаа? Буцаагаад гаргачихаж болохгүй байх даа? Ядаж Буратиногийн тухай номоо дуусгачихаад үхсэн бол… яанаа, нүдээ тас аниад л унтаад өгөхөөс… маргааш битгий болоосой!

Continue Reading

Цаг агаар, etc.

Weekend-ээр “Capote” үзлээ. Маш сайн кино байна лээ, үзээрэй. Philip Seymour Hoffman is brilliant, period.

Сүүлийн хэд хоног цаг агаар их аштайхан байх чинь, бабье лето гэдэг нь болж байгаа юм болов уу. Гэснээс, сүүлийн үед цаг агаарт ямар их анхаарал тавиж байна аа, энд тэнд small talk хийж цаг агаар ярьсаар байгаад ийм болчихов уу гэсэн. Хэцүү ч юм аа даа, 😀 Нартай өдрүүдийг ашиглаж хальт дэмий тэнэв, Бостонд илүү хүйтэн байсан…

Нээрээ мандарин гарчихсан байна лээ… Мандарин гэхээр л өвөл болох гэж байгаа юм шиг санагдаад байдаг юм, удахгүй хүйтрэх нь л дээ. Жоохон байхад шинэ жилийн бэлгэнд мандарин ирдэг байж билээ, учиргүй хайрлаж идээд л…

Continue Reading

Дэмий тэнэх талаар

Амай (яагаав, электро хөгжим, beach party энэ тэр гээд байдаг нөхөр) ганцаараа дэлхийг тойрсон аялал хийх гэж байгаа гэнээ… Өнөө маргаашгүй замдаа гарах юм байх. Сонирхолтой санагдлаа, ер нь Амай их санаачлагатай юм аа, хүндэлж байна.

Миний дэлхийг тойрох гэж ч одоохондоо юу байхав, гэхдээ ирэх сард хальт Европ явах санаатай байгаа юм. Ямар ч байсан Германд очих байх, мөн Голландаар хальт дайраад, Австри, Унгарыг үзчихмээр байх юм… Бүр давраад хальт Лондон орчих санаа бас байгаа л даа, гэхдээ Англи ч арай л дэндүү далийсан юм болох гээд байдаг, English channel-ыг яаж гатлах болж байна гэсэн, :D. Ерөнхийдөө аль болох төсөр аргаар аль болох олон газар үзэх зорилготой байгаа гэхүү дээ, мөн далимаар нь энд тэнд байдаг найз нартайгаа уулзмаар байгаа юм. Сүүлийн хоёр гурван жил л Европ явна гэж ярьж суулаа, энэ удаад жинхэнээсээ яваад ирвэл гоё байхгүй юу. Европт амьдардаг эсвэл Европоор аялсан хүмүүс үүнийг уншвал өөрийн туршлагаас хуваалцаж туслаач, хаагуур яаж явбал дээр вэ (маршрутаа яаж зохиох, машин прокатласан нь дээр үү галт тэрэг автуусаар явсан нь дээр үү г.м.), хаана ямар сонирхолтой газар байна, юу хийж болох энэ тэр… цаашлаад аштайхан бар савны хаяг, хоолны газар энэ тэрийн нэр гэдэг ч юм уу. Tourist guidebook уншсанаас бодит хүмүүсээс зөвлөгөө авсан нь дээр байх болов уу гэж бодлоо. Юу гэж бодож байна?

Continue Reading

Далий зүйл

Миний тухай:

“Пөөх, энэ Jagie яасан ч үйтгартай залуу вэ дээ гэж бодсон шүү… [Чамайг] нэг нүдний шилтэй, туранхай, үйтгартай байрын залуу байхдаа гэж бодсон. Тэгсэн уулзсан чинь бүх юм эсрэгээрээ наасан.”

Хаха, Бодролоос миний талаар нэг иймэрхүү сэтгэгдэл төрдөг бололтой, санаа зовмоор юм. Асар номын, үйтгартай, ЭРЭГТЭЙ гэж боддог гэнээ. Номын, уйтгартай энэ тэр нь ч яах вэ, дүүрсэн хэрэг. Харин би тийм эршүүд сонсогддог юм байхдаа, сонирхолтой юм. Хэд хэдэн хүн намайг эрэгтэй гэдэгт бүр бат итгэчихсэн байсан гэсэн, уул нь эгч амьхандаа л асар эмэгтэйлэг байхыг оролдоод байгаа юмсан. Ямар сайндаа Камертоны Болдыг хувиараа шүтдэгээ зарлаад сууж байхав гэсэн, 😛 Залруулга: би эмэгтэй шүү.

Гэхдээ яс юм нь дээрээ хүмүүс намайг ямар гэж бодох нь нэг их чухал биш л дээ. Гол нь хэн нэгнийг ямарваа нэгэн байдлаар төсөөлөх нь түүний бичсэн зүйлийг дүгнэхэд тодорхой хэмжээнд нөлөөлдөг юм шиг санагдах юм. Аливаа текстыг уншихдаа заавал зохиогч нь хэн бэ, хаана юу хийдэг хүн бэ гэдгийг нь мэдэхийг эрмэлзээд, уг мэдээллээ текстийг дүгнэхдээ ашигладаг мэт…

Текст бичигч хоёр ямар холбоотой вэ? Уншигч текстын үндсэн дээр тухайн зүйлийг бичсэн хүний талаар өөрийн эрхгүй янзан бүрийн дүгнэлт хийх нь элбэг. Мөн эсрэгээрээ, бичигчийн тухай мэдэх зүйл тухайн текстыг хөндлөнгөөс дүгнэхэд саад болох талтай. Уул нь интернет энэ тэр бичигч, уншигч хоёрын хооронд асар аноним харьцаа үүсгэснээрээ objective хандлагыг бий болгох мэт боловч бичигчийн талаар ямарваа нэгэн дүгнэлт хийхгүйгээр аливаа бичвэрийг унших боломжгүй санагдах юм… Сонирхолтой ч юм уу?

Гэснээс, би ч нүдний шилтэйгийн хувьд шилтэй шүү, линз зүүхээс яагаад ч юм айгаад байдаг юм…

Continue Reading

Толгойгоо ажиллуул!

Сүүлийн хэд хоног шөнө дөл хүртэл дэмийрч, ном сонин эргүүлж, мартагдсан дуунуудаа сонсож, янзан бүрийн төлөвлөгөө хийж, далий зүйл мөрөөдөж суулаа. Сайхан л байлаа. Хааяадаа ингэж байхгүй бол нэг л мэдэхэд өдөр тутмын асуудалдаа хэт баригдаад, учраа мэдэхгүй жирийн нэгэн кноп дарагч болчих юм шиг санагдах юм. Нэг л мэдэхэд толгойд орж ирэх бодлууд “За байз, би маргааш тийм юм хийх ёстой, нөгөөдөр хүнтэй уулзана, зав гаргаад тийшээ орно” гэх мэтээр хязгаарлагдаж эхлэнэ. Үүнийг анзаарахгүй, өөрт ноогдсон ажлаа хийх төдий урдахаа хараад л яваад байвал сүүлдээ өөр зүйлийн талаар бодох ч сэхээгүй болох мэт…

“Jagie, чи толгойгоо ажиллуулаач ээ”. Жоохон байхад аав надаa байнга ингэж хэлдэг байж билээ. Хэлэх тоолонд нь би гайхаад л, сүүлдээ толгойгоо ажиллуулахгүй бол загнуулна, яана даа ухааны юм боддог болсон юмдаг. Ааваас юм асуухаар, “Чи өөрөө толгойгоо ажиллуулаач ээ, битгий залхуур” гэж хэлнэ. Би ч хөөрхий аль болох “толгойгоо ажиллуулчих” санаатай л үзэж тараад байдаг байлаа. Заримдаа бусад хүүхдүүдийн аав нар “толгойгоо ажиллуул” гэж загнадаггүй юм байна лээ, манай аав өөдгүй гэж бодоод аавдаа гомдоно. “Аав заавал миний толгойг ажиллуулж яах гээд байгаа юм бэ, зүгээр байж л байна биз, хэцүү юм бэ” ч гэж бодно. Гэтэл одоо бодоход үүнээс илүү зөвлөгөө үгүй байж…

Толгойгоо байнга ажиллуулах хэцүү л дээ. Гаднаас ирж байгаа мэдээллийг тэр чигээр нь хүлээж аваад, өөрөө огт бодолгүй ажлаа автоматаар хийгээд баймаар санагдах үе зөндөө гарна. Гэхдээ заримдаа залхуураад, ном уншаад ойлгохгүй эсвэл хичээл дарамттай болоод ирэхээр “Tолгойгоо ажиллуулаач ээ” гэж өөртөө хэлэхэд арай л өөр болдог юм. Сонин шүү, нөгөө асар дурамжхан хүлээж авдаг байсан үгээ өөрөө өөртөө хэлээд сууж байдаг… амьдралаа гэж.

Хамгийн чухал нь толгойгоо ажиллуулах… залхууралгүй толгойгоо ажиллуулах…

PS: сэтгэл хөдлөөд асар cheesy юм биччихлээ… гэхдээ яадаг юм, I am a cheesy person, so be it! 😀

Continue Reading

911

Энэ долоо хоног асар relaxed байдлаар өнгөрлөө… хэдэн сар асар олон хүмүүс, асар их үйл явдлын дунд байчихсан биш ганцаараа байх ямар гоё юм бэ? Албаар хэнтэй ч уулзахгүй, хэнтэй ч ярихгүй ганцаараа л байгаад байлаа. Наян хүмүүсийн дунд нэг л учраа мэдэхгүй гайхаад яваад байх шиг санагдаад байсан юм, одоо л нэг юм тайвширч байх шив дээ…

Ээжийн төрсөн өдөр өчигдөр болсон, энэ удаад ээж аав 2 янзан бүрийн адал явдалгүй даруухан тэмдэглэцгээсэн юм байх. Ойрд ээж аавын төрсөн өдрөөр хамт байгаагүй юм байна шүү, ирэх 4 сарын 1-нд л балай авахаас…

Өнөөдөр нээрээ 9 сарын 11 юм байна. 4 жилийн өмнө Нью Йоркт аймаар байсан байх даа… өнөөдөр бол жирийн л нэгэн бүтэн сайны өдөр байлаа. Юмс мартагдана аа гэж… Тухайн үед 911 гээд бөөн л юм болоод байсан, одоо Катрина гээд л сүржигнээд байна, маргааш дахиад бас нэгэн эмгэнэлтэй үйл явдал болж, бүгд тэрний талаар ярих биз. Гэхдээ мэдээж 911-ийг Катринатай зүйрлэж болохгүй л дээ… байгаль бол байгаль шүү дээ. Катрина гэснээс, энд тэндгүй Катрина donation fund-ууд байна аа. Дэлгүүрээс юм авахад “Would you like to donate a dollar to the Katrina fund?”, банк орохоор “Please donate to our Katrina account”, и-мэйлээ шалгахад “Click here for Katrina donations” гэдэг наасан… Монголд хүртэл Катринад туслах сайн санааны тоглолт болоод байгаа сурагтай. Зөв л дөө… Donate now.

Continue Reading

Аялал

Хоёр өдрийн турш аялсны эцэст өчигдөр Нью Йоркод буулаа. Арав гаруй жил чемоданаас амьдарсан биш дахиад л хамаг эд хогшлоо чемодандаа хийж аваад л буцаад ирэх шив дээ. Сүүлийн үед нэгэн зүй тогтол ажиглагдаад байх шиг : ийш тийш явах болохоор л албатай юм шиг өвдчихдөг боллоо. Сая л гэхэд яг явахынхаа өмнөх өдөр хачин муухай ханиад хүрээд, айхтар халуураад, аюул болох шахав. Явна гэхээр бие организм албаар өвдөж реакцладаг юм уу даа. Тогтвор суурьшилтай нэг газар амьдрах юмсан…

Онгоцны цонхоор амьдрал нэг иймэрхүү байдалтай харагдаж байлаа:

Бороо

Нью Йоркод буугаад онгоцны буудал дээр хальтхан бухимдаж амжив. Homeland security энэ тэртэй холбогдоод паспорт шалгах процедур асар ядаргаатай болсон биш хил нэвтрэх гэж бүхэл бүтэн хоёр цаг хүлээдэг байна шүү. Арван хэдэн цаг онгоцонд нисээд, дээрээс нь бичиг баримтаа шалгуулах гэж хоёр цаг босоо зогсоод… хэцүүхэн л аялал байлаа. Би хувьдаа homeland securitу-г нэг их буруу зүйл гэж боддоггүй байсан юм, гэтэл эцсийн дүндээ хүмүүсийг ингэтлээ чирэгдүүлэхгүй байдлаар зохицуулж болох байсан мэт. Зураг хөрөг, гарын хээ зэргийг авна гээд immigration officer-ын зүгээс нэг зорчигчид зарцуулах хугацаа хэдэн минутаар нэмэгдэж байгаа бол тэдний орон тоог тэр хэмжээгээрээ нэмэх хэрэгтэй шүү дээ.

УБ-д эрс хүйтэрсэн байсан тул энд ирээд учиргүй халууцав. Нью Йоркод бүх зүйл байдгаараа – хотын шуугиан нь хүртэл яг хэвээрээ л байх шиг…

Ямар ч байсан энд байх хугацаандаа Бодрол-ыг амьтай байлгахыг бодно оо.

Continue Reading