*~Jagie~*

I love you Jagie!

You are my ketchup for my fries, my redbull for my all-nighters, my jelly for my peanut butter sandwiches, my chocolate sprinkles for my vanilla ice cream, my whipped cream on my hot chocolate, my potato in my niislel salad, my ben in my ben & jerry’s (or you can be jerry if you want 😉 )… yes, you get the idea, you are an essential part of my life and you’ve always been and will be my idol! Lately my life without you here has been like a club without music…

Continue Reading

Хаана хэзээ юуг сурах вэ?

Өөрийнхөө олон удаа, олон талаас нь бодож байсан нэг зүйлийн талаар сийрүүлмээр санагдав. Би японы дээгүүр зэрэглэлийн улсын их сургуулийн магистрантурт сурдаг. Одоогоор бусдаас илүү гарч гялтайхгүй, доош орж бүлтэгнэхгүй яваад болоод л байна. Энэ маягаараа өнхрөөд л байвал жилийн дараа төгссөн болоод, нутагтаа буцаад шороотой тоостой, ядуурсан бухимдсан ард түмнийхээ дунд ороод үзэж тарах байх даа. Тэгэхгүй гэвэл бусдыг дуурайгаад эндээ үлдэж, аль нэг компанид бичиг цаасхан нааш цааш болгосон ажилд “хүчээ сориод” үзэхэд болохгүй нь юу байхав. Гэвч би ийм маягийн амар сайхандаа жаргах амьдралыг сонгомооргүй байна.

Ихээр бодоход 50 жилийн дараа би өөрийнхөө амьдралд цэг тавьж энэ хорвоог дуртайяа орхино. Тэрний өмнө боломж л гарвал өөрөөсөө хир зэрэг утга учиртай амьдрав гэж асууна байх. Тэр асуултанд амжилттай хариулахуйц амьдрахыг л хүсээд явдаг юм л даа. Тэгэх шаардлага нь юунд байна вэ, ямар учраас тэгэх хэрэгтэй вэ гэсэн асуулт гарч болно. Миний хувьд хариулт нь энгийн. Хүн болж төрсөн учраас. Муур ч юмуу болжмор, мэлхий биш хүн болж төрсөн учраас. Уулын буга, усны жараахай, хортой аалз, хонин гүрвэл гээд бүгд юуны төлөө амьдардаг вэ? Үсрээд л үр удмаа үлдээхийн төлөө биз. Үр удмаа үлдээж яах гэсэн юм бол? Тэд өөрсдөө ингэж бодож чаддаг байсан бол, -Зүгээр л… гэх байх. Ер нь байгаль эхийн оноосон даалгаварт их үнэнч ч юм уу үр удмаа шалавхан шиг үлдээгээд өөрсдөө шалавхан үхэхээ л боддог шиг. Харин хүн бол өөр. Аль болох үхэхгүйн төлөө зүтгэх эрмэлзэлтэй. Яагаад үхэх дургүй юм бол? Бодвол муухай зүйл л байх нь дээ. Муухай гэдгийг яаж мэдсэн юм бол? Үхэж үзчихээд, “Их муухай юм байна лээ шүү” гэж хэн нэгэн нь хэлээ юу? Би лав тийм юм сонсоогүй. Яг сайн бодоод үзвэл зарим хүмүүсийн “ТАМ” гэж нэрлээд айгаад зугтаад байдаг зовлон зүдгүүр, өвчин шаналал, аллага хядлага бидний “АМЬДРАЛ” гэж нэрлээд байгаа ертөнцтэй давхцаад л байгаа юм даа. Харин хүн бүр өөр завин дээр, өөр сэлүүртэй хөвдөгөөс тамд бэдрэх үү, амьдралд сэлэх үү гэдэг нь тодорхой болдог шиг.

Тэгэхээр бодоод байвал би олигтойхон бөх бат завь олж суухыг, амархан хугарчихгүйхэн шиг сэлүүртэй болохыг энэ Японоос хайж ирсэн болж таарах байх. Эндээс олсон завь, сэлүүр маань Монголдоо буцаж очоод нэг хэсэгтээ л дороо дэмий хий эргэх ч юмуу, эсвэл хаанахын хийцийнх нь тодорхойгүй болж, монголчилсон будаг нь халцарсан бүдүүн төмрөөр хийсэн завинуудад цөм цөм мөргүүлэх байх гэсэн сэтгэгдэл төрөөд байдаг болж. Тэгчих вий гэж айгаад байгаа ч юм гэсэн дүгнэлт гаргах гэж яарахгүй байна л даа. Гэхдээ хараад ажиглаад байхад олон залуус яг л үүнээс зугтаад халшраад монголд очихгүй, очсон ч буцаж ирээд ямар ч хамаагүй ажил хийж гадаадад суурьшиж хоног хугацааг бага нервтэж, амар хялбар амьдрахыг илүүд үздэг болж. Тэднийг буруутгах ч арга байхгүй л дээ. Ялангуяа “ардчилал” ыг идеал болгосон даяаршлын нийгэмд.

Тэр дундаа байнга хэл загатнуулж байдаг нэг зүйл, ЗГын тэтгэлгээр өчнөөн жил сурч сурчихаад, бусдын бүтээн байгуулсан боловсронгуй систем, нийгмийн үйлчилгээний бэлэн загварт дасчихдаг. Тэгээд монголд буцаж очихоор байдал ямархуу байхыг төсөөлөнгүүтээ шууд зайлсхийгээд ямар нэг арга сүвэгчилж гадаадад үлдэхийг бодно. Мэдээж өөр янз бүрийн зорилгоор янз бүрийн бодолтой гадаадад ажиллаж амьдарч байгаа залуус бий, тэднийг бүгдийг нь хамруулж муу хэлэх гэсэн санаа алга л даа. Миний хэлэх үгээ олохгүй түнтэгнээд зовоод байгаа зүйл юу гэвэл тэтгэлэг авч сураад, “дээд” боловсрол эзэмшсэнийхээ хэргийг аль нэг хөгшин Японтой хувь заяагаа холбож гэрийн мухар сахих ч юмуу, виз сунгагдаж л байвал хужаатай ч хамаагүй гэрлээд үлдэх, эсвэл аль нэг унтаа оффист цаас копидож, цай зөөж амьдрах хэлбэрээр гаргаж байгаа хүмүүсийг харахаар арай л биш санагдаад байх юм. Ийм хүмүүсийг харахаар монголд ажиллаж амьдрах үүнээс дор жигшмээр зүйл үү гэж асуумаар санагдаад болохгүй юм. Яахав суусан завиа хэмх мөргүүлж шархдаад, сэлүүрээ хуга цохиулаад явахыг бодвол чийглэг агаартай, хувцас хиртдэггүй цэвэрхэн хотод эд эсээ гамнаад, нүүнийхээ үрчлээсийг хянаад зовлон багатай амьдрах нь өнгөц харахад хамаагүй дээр л байх. Тэрнийгээ “Жаргал” гэж боддог ч байж болох. Дээр дурдсан шиг үхэхийнхээ өмнө “ХҮН” шиг утга учиртай амьдарч чадав уу гэж асуух болбол юу гэж хариулах вэ гэж энэ тэр илүү дутуу юм боддог ч үгүй байх даа.

Миний бас нэг хэлэх гэсэн юм нь, монголд хүссэнээрээ сайхан амьдрах боломж байхгүй байгаа бол тийм боломжийг бий болгохын төлөө ажиллах шаардлага хэрэгцээ байна гэсэн үг биш үү. Жишээ нь Японы нийгэм бол бүх хэрэгцээ нь ханачихсан, ямар ч юмыг хийе гэсэн хэрэгцээ шаардлага нь дуусчихсан нийгэм. Овоо хэмжээний сенсаци дэгдээхгүй л бол юу ч хүмүүсийн анхаарал татахаа больчихсон нийгэм. Нэг ёсондоо амьдрахад дэндүү уйтгартай залхмаар. Гэтэл Японд дээд боловсрол эзэмшиж боловсорсон мундаг залуучууд нэмж юу сурах гээд энэ залхмаар уйтгартай нийгэмд хөлс хүчээ зараад байгаад байдаг юм бол доо? Сургуульд сурсанаа лавшруулж практикт суралцаж байна гэж олон хүн хамгийн түрүүнд хариулах байх. Монголд практикт суралцах Японд Японы практикт суралцах 2 юугаараа ялгаатай болж таарах вэ? Суралцсаныхаа үр дүнг хаана юунд зориулах вэ гэдгээр л ялгаатай тайлбарлагдах байх. Япон компаниудын менежмент зөвхөн Япон хүмүүсийнхээ сэтгэлгээнд, Япондоо л амжилттай байсан, гадаадад гарахаараа хамгийн хойрго явуургүй хоцрогдсон системтэй байдаг гэсэн шүүмлэлийг их л сонсож байсан. Тэгвэл Япон компанид юуг нь сурах гэж ажиллаад байдаг юм бол? Аливаа нэг эдийн засгийн субьектэд огт ажиллаж үзээгүй хүн хаана ч очсон шинэ соргог санагдаад л суралцах юм мундахгүй байх нь аргагүй шүү дээ. Заавал тэрийг Японд ажиллаж, Японы эдийн засгийг дэмжиж байж суралцах ёстой гэдгийн учрыг харин тунгаадаг хүн байдаг болов уу? Их л олон залуус нийгэмд ажиллаж өшөө их зүйл сурчаад монголдоо очоод бут авна гэсэн хийсвэр бодолтой явдаг болтой санагдсан. Тэгж бодоод явбал аливаа нийгмээс суралцаж боловсорч дуусна гэж хэзээ ч байхгүй бизээ. Нэг л мэдэхэд хийж бүтээх гол цаг хугацаа нь өнгөрөөд талийсан, нэг л их юм сураад байсан мөртлөө Японы ч монголын ч аль альнийх нь нийгмийн шаардлагыг хангахгүй саармаг “мэдлэгтэнгүүд” олон болсон байх вий гэж бодогдох юм. Тэр цагт МОНГОЛ маань хэний гарт ямаршуухан дүр төрхтэй болсон байх бол доо?

Continue Reading

Анхны хайр хүнийг өөрчилдөг үү?

Одоогоос 6 жилийн өмнө. Манай ангид нэгэн охин шилжиж ирсэн юм. Байдаг л нэг хөдөөний бор охин. Гэхдээ тэр охинд намайг бүрэн өөрчлөх агуу хүч байсныг 4 жилийн дараа л мэдсэн юм. Тэр үед би 10 жилийн сургуулийн сахилгагүй бацаан байж дээ. Хэддүгээр анги байснаа хэлээд яах вэ. Би ангийнхаа магадгүй сургуулийнхаа хамгийн муу сурагчдын тоонд ордог байлаа. Тэгээд л өдөр болгон монгол хэлний давтлаганд хүчээр суудаг байсан юм. Би ч нэг л мэдэхэд шилжиж ирсэн охинд сайн болчихоод бэлэг өгөх гээд гүйж байснаа одоо ч гэсэн тод санаж байна. Хэзээ яаж түүнд сайн болчихсоноо санадаггүй. Тэгсэн мөртлөө шөнө ч унтаж чадахгүй санадаг болчихсон байсан. Тэр мэдээж над шиг муу сурлагатай сахилгагүй хүүхдийг юу боллоо гэж тоох вэ. Тэр үнэхээр хэн ч өө хэлэхээргүй онц сурдаг байсан болохоор надруу нэг нүдээрээ ч хардаггүй байсан биз. Би ч өдөр болгон гэрлүү нь очоод л гэрлүүгээ харьж байхад нь санаандгүй таарч байгаа юм шиг уулздаг байлаа. Гэхдээ ярьдаг юм нь үнэндээ хэд гуравхан зүйл байсан юм. Тэгээд л нэг мэдэхэд тэр жилийн хичээл дуусаж амрах болчихсон байлаа. Улсын шалгалт эхэлчихсэн. Монгол хэлний шалгалтан дээр ангиас хоёрхон хүүхэд онц авсны нэг нь би нөгөө нь тэр байв. Тэр бараг л түүхэндээ анх удаагаа намайг тэгж сонирхож харсан гэж хэлж болно. Тэгэхэд би нэг зүйлийг үнэхээр ухаарсан юм. Хэзээ ч хэн ч үл бүтэх дампуу амьтанг сонирхдоггүй, ялангуяа охид бол нэг нүдээрээ ч харахгүй гэдгийг ойлгосон юм.

Тэгээд л хамаг амьтны тусын тулд гэгээрсэн амьтан бүх зуны турш хичээлээ хийгээд л хийгээд л намар болголоо. Намар нь хөөрч догдолчихсон амьтан түүнд өөрийгөө ямар болсныг харуулах гээд ортол тэр байдаггүй. Тэр шилжчихсэн. Тэгээд л гүйцээ. Гэрийнхэнтэйгээ хөдөө явчихсан болохоор би тэгээд л үлдлээ. Мэдээж миний хувьд л хэцүү байсан юм. Яагаад гэвэл тэр намайг бараг бодохыг ч хүсэхгүй байсан биз. Би ч дэлхий сөнөх гэж байгааг сонсчихсон амьтан шиг яг 3 хоног гутлаа чирлээ. Тэгээд өөрөөсөө үнэхээр ичсэн юм. Ямарч байсан өөрийгөө бүрэн өөрчилж хэзээ нэгэн цагт түүнд ямар хүн болсноо харуулна гэж бодоод 2 жилийг ардаа үдлээ. Энэ хоорондоо би гадаад байдлаа бүрэн засаад сургуульдаа болон бүс аймагтаа маш их нэрд гарч чадлаа. Хаана ч явсан хүмүүс намайг таниад. Гэхдээ нэрийг маань л мэддэг байсан юм. Би бараг оролцсон бүх тэмцээн олимпиадаас 1,2,3-р байрыг авчихаад дүнгийн хуралдаа нэг ч удаа очоогүй байсан юм. Тийм болохоор аймгийнхан маань намайг сайн таньдаг хүмүүсээс бусад нь миний нэрийг мэддэг болчихсон. Бүх хүмүүс эр, эм, ялангуяа охид бүгд намайг хүрээлээд би олны төвд байдаг болсон юм. Гэхдээ анх сайн болсон охиноо бодсоор л байсан болохоор хэнийг нь ч сонголгүй 2 жил болж чадсан. Нэг өдөр харин сургууль дээр олимдиадад орох гээд зогсож байхдаа Б-г (түүнийг Б гэдэг) санамсаргүй харлаа. Хэдийгээр 2 жил огт хараагүй ч гэсэн би түүнийг хаанаас нь ч харсан шууд таньдаг болчихсон байсан юм. Тэгээд очоод уулзаад ярьсан чинь тэр миний орох гэж байгаа төрөлд орох юм байна. Одоо л нэг боломж гарлаа гэж дотроо хичнээн их баярласан гээч. Би ч бодсондоо хүрч түүнд ямар өөр болсноо харуулсан юм. Тэр олимпиадад тэр 2-т би нэгт орсон юм. Энэ удаа би дүнгийн хуралдаа оролцож шагналаа өөрөө гарч авахаар шийдлээ. Тэгэхэд олон хүн нөгөө А чинь энэ юмуу гэж хэлж байсан даа. Би тэр тэмцээнд 2 төрлөөр ороод нэгд нь алт нөгөөд нь мөнгө авсан болохоор Б миний хичнээн их өөрчлөгдсөнийг шууд л мэдсэн гэж болно.

Би түүнтэй уулзчихаад яагаад ч юм сэтгэл маш их амарлаа. Гэхдээ түүнийг өөртөө татаж үерхэе гэсэн бодол надад огтхон ч төрөөгүй. Зүгээр түүнд үүнийг л харуулах гэж 2 жил ухаангүй юм шиг хүлээсэн хэрэг байх л даа.
Би ч удалгүй нэг охинтой үерхдэг боллоо. Тэгээд бүүр дараа нь аймгийнхаа конкурсан дээр түүнтэй ахиж тааралдсан юм. Тэгэхэд би бүх хүмүүсийн өмнө сургуулийнхаа урилгыг авах гээд харин тэр өөрийн авъяас чадалаа сорих гээд тэнд очсон байсан юм. Би түүнтэй мэндлээд урьд байгаагүй хөгжилтэй яриа өрнүүлчихээд яваад өгсөн юм. Түүнээс хойш дахиж уулзаагүй.

Гэхдээ яагаад ч юм түүнийг хэзээ нэгэн цагт таарвал зүгээр хамгийн сайн найзын хувиар угтана гэдгээ л одоо мэдэж байна. Яагаад гэвэл тэр намайг өөрчилсөн хүн ш дээ.

Continue Reading

Найз

Xүн бүxэнд найз бий. Гэxдээ xүмүүс найзаа буруу таньдаг нь xаруусалтай. Өөрсдийг нь даган баясагч сүүдрийг тэд нөxөрөө гэж боддог. Өөрсдийг нь шулан мөлжигчдийг бас тэд дансандаа бүртгэдэг. Гэтэл үнэн xэрэг дээрээ тэд нар нь xэдэн давxар баг зүүсэн шулаачид байдаг.

Яагаад хүмүүс үүнийг уxаардаггүй юм бол.

Өдөр тутам олон олон сайxан xүн xорвоогийн xаранxүй замруу унаж байна, олон олон бүсгүйчүүд бусармагийн үүрийг өөртөө xадгалаx гэж явна. Тэдний тавиланг өөрчилсөн муу мууxай бүxнийг тэд өмөөрцгөөдөг. Магадгүй тэд өөрсөддөө бол алддаггуй ялгуусан баатрууд. Xарин амьдрал дээр бол тэд замаасаа төөрсөн жааxан xүүxэд. Тэдний буруутан нь тэдний сонгосон найз. Тиймээ, найз.

Та одоо боддоо. Найз гэдэг бол бидний замыг заагч луужин юм. Нөxөрөө зөв таньсан xүн алддаггүй гэдэг. Үнэн болтугай! Адислая…

Continue Reading

Алдаа гэж…

Сайн байцгаана уу.

Энэ удаа яагаад ч юм алдааны тухай бичмээр санагдаад… хүн болгон алддаг болохоор л тэр. Бидний гаргасан алдаа бүхэн бидний буруу гаргасан шийдлийн үр дүн гэж нэг номноос уншиж байсан маань санагдлаа.

Ер нь хүн ямарч хүнд байдалд орсон эсвэл алдаа гаргасан тохиолдолд бодож л чадвал түүнээс гарах ямар нэгэн арга замыг олдог, мөн түүнээс гарах арга ямарваа нэгэн зам заавал байгаа гэдэгт би итгэдэг. Учир нь хүн бүрт байгалаас заяасан ямар нэгэн давуу тал, авъяас байдаг ш дээ. Харин бид яаж ч бодоод тэр замаа олж чадахгүй байгаа байдал маань аль ч утгаараа бидний мэдлэг, боловсролын хэмжээ дутагдаж байгаагийн шинж.

Хүн ер нь өмнөө тавьсан тодорхой зорилгогүй амьдарна гэдэг ямар ч утга учиргүй зүйл гэдгийг санаж, тэр ч байтугай өөрийн боломжоос хэтэрсэн өндөрт хүрэх зорилго тавьсан ч түүндээ л хүрэхийн төлөө хөдөлмөрлөж сурна. Ингэх нь мэдээж тийм ч амар биш л дээ. Алдаа гаргах, шантарах гээд л проблемүүд зөндөө байх нь тодорхой.

БИ ЯМАР ХҮН БОЛЖ ЧАДАХ ВЭ гэсэн асуултанд хариулж нэг үзвэл зорилгоо тодорхойлоход тань жоохон ч гэсэн тус болох болов уу гэж бодож байна. За good luck шүү!

Том зорилго тавъя гэж бодъё. Жишээ нь хүн бүр ерөнхийлөгч болох хүсэлтэй. Тэгвэл бусад ажлыг нь хэн хийх вэ? Хүн бүрт хүсэл байлаа ч, нэг нь л ерөнхийлөгч болох нь ойлгомжтой. Бусад нь болж чадахгүй ч, түүний төлөө өрсөлдсөнөөр хувь хүнд ч, улс оронд ч ямар ямар нэгэн хохирол учрахгүйгээр барахгүй аль альнийх нь хөгжил дэвшилд эерэг нөлөө үзүүлэх юм шиг санагдаж байна. Та бүхэн энэ тухай мэргэн оюундаа жоохон ч гэсэн тунгааж үзээрэй. Бие засаад юу гэдэг билээ дээ, өөрсдийгөө хөгжүүлэх нь чухал аа гэж…

Continue Reading

Миний нэг өдөр

Сайн байцгаана уу, залуусаа?

Нэлээн удаан блог бичсэнгүй. Баахан ажил хөдөлмөр, дээрээс нь диплом, хичээл гээд нөлөөлөх хүчин зүйлс их байлаа.

Энэ удаагийн блогоо өөрийнхөө нэг өдөр хийсэн болон хийх гэж байгаа ажлаар бичихээр шийдлээ.

Өнөөдөр шөнө 4 цагт найзаас миний ирсэн message-ээр эхэлдэг юм байна. Би шал согтуу байна хаана байгаагаа ч мэдэхгүй байна, чи хаана байна гэсэн үгсээр эхэлдэг юм байна. Ах нойронд дундаа юун тэр согтуу энэ тэр хамаагүй утсаа унтараачихаад үргэлжлүүлээд унтаад өглөө. Тэгсээр өглөө болж сэрүүлэг дугаарах нь тэр, өчигдөр хээр гарч 10 шахам километр алхсан болоод ч тэр үү? Хамаг бие сайн амарч чадаагүй юм шиг санагдаад буцаж унтмаар байдаг. Би байгаль судлалын мэргэжилтэй болохоор хөдөө гадуур их явна, тэгэхээр сайн тамирчнаас дутахгүй биеийн хөгжилтэй байх хэрэгтэй л дээ. Гэхдээ өчигдөр ямар ч бэлтгэлгүй байж байгааад тэмцээнд орсон тамирчин шиг нурчихсан байна. Даанч өглөө хичээлтэй болохоор босохоос өөр аргагүй боллоо.

Босоод юм олж идчихээд шууд сургуулийн зүг алхах нь тэр, манай сургууль гэр 2 хооронд ойрхон болохоор өглөө алхах нь бодол цэгцлээд өдрийн төлөвлөгөөгөө эргэн бодох цаг гаргаж өгдөгөөрөө сайхан байдаг юм. Замдаа юм бодонгоо хип хоп дуу сонсоод надтай хамт ажил сургууль руугаа яваа хүмүүсийг хараад инээдтэй нэгийг нь шоолоод дэгжин охидыг хараад нүдээ хужирлачихаад сургууль руу баярын мишээл дүүрэн явах сайхан байдаг юм. Мэдээж гадаа дулаахан байх үед ш дээ.

Сургууль дээрээ очоод ганц хүндэлдэг багшийнхаа лекцыг сонсоод 1 цагийг хурдан өнгөрөв. Дараагийн цаг бурхан минь надаас долоон доор заадаг жаахан хүүхэн заадаг болохоор суусан болоод л гарав. Хамгийн сүүлийн лекцыг шууд таслав, тэнд сууснаас ажил дээрээ ирээд ажлаа хийсэн нь дээр санагдаад, хэхэхэ том толгой гаргаж байхгүй юу.

Ажил дээрээ ирээд маргааш ямар ч шалтгаанаар юм бүү мэд Магистрын оюутануудад хичээл заах ёстой болохоор тэдэнд зориулаад Presentation бэлтгэх ажилтай, түүнийгээ бэлтгэсээр байгаад бараг өдрийн хоолны цагтай золгов. Гэтэл манай ажлын газрын бүсгүйчүүд нэг мэдсэн чинь бүгдээрээ алга болчихсон байх юм, байгаа нэг нь хоолонд орчихсон гэх нь тэр. Тэгэхээр нь ганцаараа яаж хоол идэх вэ? гэж бодсоор гудамжны эсрэг талд IT park-д оршдог нэг багын найзынхаа ажил дээр очоод хоолонд явах уу? гэж асуудаг баатар болохгүй юу, тэгсэн өөдөөс ажил ярьсаар байгаад хоолны тухай юм яриагүй юм шиг сэтгэгдэл төрүүлдэг байна ш дээ. Тэгэнгүүт өчигдөр Японоос ирсэн найзыгаа хүрээд ир, хамт хоол идье гэтэл тэр маань уриалгахан хүлээн авч хүрч ирээд, хамтаа хоол идлээ. Тэгсэн өнөөдөр орой хэдэн журмын нөхдийг цуглуулж пиво уух санаанд хүрэв. Мөн 1нд Инээдмийн баяраар дажгүй хошин шогийн тоглолт үзэх төлөвлөгөө ч зохиогоод байх шиг. Хоол идэж дуусаад ажлын журмаар гарч нэг хүнтэй уулзчихаад дараа нэг найзтайгаа вэб хийнэ гээд хэлчихсэн юм түүн дээр очино доо гэж бодоод сууж байна. Орой хүртэл сууж хийнэ байх гэж бодож байна. Тэгээд оройдоо гарч найзуудтайгаа уулзаж сууя даа.

Үүнээс хараад байхад би гэдэг хүний хувьд найзууд ямар ч гүн гүнзгий утга учиртай юм бэ дээ? Бүүр 6 настайгаасаа найзалсан болохоор ч тэр үү? Заримдаа гэр бүлийн гишүүд шиг байдаг нь сайхан. Бие биеийнхээ гэрт орохоор аав ээж нь “Миний хүү хүрээд ирэв үү?” гэж өхөөрдөж эрхлүүлэх нь гадны хүн харахад нэг л сонин. Бидэнд энгийн үзэгдэл юм аа.

Монголд их ажилтай байх болсон юм шиг санагдаад байх юм. Бүүр хувийн амьдрал ч гэж байхгүй болтлоо ажилтай байна гээд бодохоор заримдаа уур хүрэх юм. За гэхдээ 6 сараас гайгүй болох байх гэж найдаж байна.

Нээрээ бусад Монголд байгаа хүмүүс над шиг ийм их ажилтай байгаа болов уу? Ялангуяа Бодролын зарим баатрууд ямар байдаг гэж бодохоор сонин санагдаад байх юм.

Continue Reading

Элдэв балай адал явдалтай өдөр

Сэн сэнхийх салхитай нэг зэвүүн ч гэхэд хаашаа юм бэ, арай ч тэгж хэлж чадахааргүй өдөр эхлэж байлаа. Угаас багын цовоо цолгиун зантай хэмээн бусдад үргэлж ихэрхэж явдаг боловч яг үнэндээ юу ч бардаггүй мангар бацаан би УБ хотын төв шахуу гудамжаар алхаж явлаа. Юу болоод хар үүрээр шахуу ингэж явснаа нуун дарахыг үнэнхүү хүсэвч бусдад гайхуулах санаа төрсөн тул та бүхэнд эс өгүүлэн өгүүлсү.

1. Өдрөөс өдөрт тун тунгаар дасаж нэгэнтээ хайртай гэж хэлж чадаагүй алдсан нэгэн хөөрхөн охины царайг харалгүй удсан би бээр амьдралдаа анх удаа зориг төгөлдөр шийдвэр гарган түүний гэрлүү алхаж явлаа. Бодож цөхрөн санаагаар унаж элдэв янзын ялаа шумуулны хор идэж үхмээр байсан ч угийн цэрвүү сэжигч зангаасаа болоод яаж ч чадаагүй болохоор нэгэнт айдгаа авдрандаа хийчихээд алхаж яваа минь энэ билээ. Би бодолдоо дарагдан явсаар түүний гэрийн гадаа аль хэдийн ирчихээд хоёр цаг зогсож байгаагаа ч мэдсэнгүй. Бодож бодож бодын шийр 4 гэдгийг нэгэнт мэдэх болохоор бодохоо болилоо. Хаалгыг нь тогшлоо, нүдлээ, балбалаа, өшиглөлөө, иллээ, долоолоо… ёо арай гэж тэр нэг юм гарч ирлээ. Би арай л ухаан алдчихалгүй зогсож байгаад хайртай дуртай, хадаастай үдээстэй гээд л баахан юм ярьлаа. Эртний нэгэн балар өдөр түүнийг гуйн уйлж дуулж, үгээр хэлж үзгээр бичих шахуу юм болсон ч алдаж эндэж, хайр дурлалын шуурганд төөрөөд өнгөрсөн дурсамж дурдатгал маань санаанд тодхон. Гэвч өнөөдөр түүнийг эргэн нэхэн гуйн суухад тэр нэхэл хатуу шийртэй зан гаргаж чадалгүй бууж өглөө. Тэгээд л үнэнхүү сэтгэлээр бишрэн сүсэглэж, зүрхнийхээ гүнээс баярласан би бээр адал явдал уран зөгнөлт хайр дурлалынхаа үлгэрийг түүндээ ярьж эхлэвээ. Тэгээд л цаг хугацаа урсдагаараа урсаж өглөөний 5-н цагт бидний эхний болзоо дууслаа. Ингээд л би гэдэг хүн газраас хөөрсөн амьтан л хамаг амьтны тусын тулд хар үүрээр гэрлүүгээ харьж яваа минь энэ бөлгөө.

2. Үүрийн бүрээ үлээгээд цаг хагас өнгөрөөд, дахиад нэг цаг өнгөрч байлаа. Би гэрийн буг болсон ах эгч дүү нараа эргэхээр явж байтал манай хөрш айлын охин бас надархуу юм хамаг амьтны тусын тулд өглөөний дасгалаа хийж байх нь тэр. Би ч яахав хоёр долоо хоног 20 цаг түүнтэй хөрш байсныхаа хувьд очиж мэнд мэдэлцэж тараа таниулах хэрэгтэй гэж бодоод очив. Уулзаж уулзаж зогссоны эцэст цагаа хартал ахиад л өнөөх гайтай үүрийн бүрээ үлээгээд цаг хагас болоод нэг цаг дээр нэмээд дахиад нэг цаг өнгөрчихсөн байлаа. Өөрөөр хэлвэл би түүнтэй нэг цаг уулзчихсан байлаа. Тэгээд л би эх болсон зургаан зүйлийнхээ аль нэгнийх нь тусын тулд гэрлүүгээ орох хэрэгтэй болов. Гэтэл гай байшингийн булан тойроод айсуй. Би бултах газаргүй болж улаан нүүрээрээ тулахаар шийдлээ. Хажуу байшингийн хар Болдоогийн дээд давхрын айлын охины найз банди ирж байлаа. Би ч энд шилжиж ирээд удаагүй байгаа болохоор тур тар хийлгүй шиг байхаар шийдлээ. Гэвч гай хэзээд гайтай байдаг хойно бид хөлөөрөө учраа ололцох хэрэгтэй болов. Би булан тойроод, тэр булан тойроод булан тохой хайж олоод л мал шиг хөлөөрөө жийлцэнэ. Би цэл залуугаасаа хүн амьтантай үзэлцэж явсан болохоор түүнийг ганцхан кейкүдээд л дуусгалаа. Одоо л гэртээ морилох цаг ирлээ.

3.Үүдний хаалга онгорхой. Би ч гайхсандаа салж унах шахсан хүн болж зогслоо. Тэгэхгүй бол өчигдөр сураг чимээгүй таг болсноо тайлбарлах хэрэгтэй болно л доо. Миний заль амжилттай болж хэн ч намайг байцаасангүй. Ялангуяа ах Данзан эгч Бодоо нар нийлж рекэтлэсэнгүй. Би өдөржин шөнөжин чатласаар байгаад улайх шахсан муу Пентиум нэг буюу бичгийн машинаа асаалаа. Тар турхийлгэн чатлаж сууснаа гэнэт өлссөнөө мэдрэв. Мөлхөн шахан байж галын өрөөнд орон ус гурил (гурилаар хийсэн зүйлийг ингэж нэрлэв) олж идэв. Турж үхчээгүй дээрээ гол залгаж оройн андаа бэлдэж эхэллээ.

4. Гэнэт гарах ажилтай болж блогоо орхиод гарав. . .

Continue Reading

Дурлаж ханахгүй амьдрал

Өглөөний наран гайхалтай туяаран сүр жавхлан, гоо үзэмж төгс харагдана. Өчигдрийн болзоонд хамт үдшийг өнгөрүүлсэн охин санаанд буун тусан аз жаргалтай өдөр эхэллээ. Өдрийн хагасыг өнгөрүүлчихээд үдшийн бүрийг дөхүүлэн өнөөдрийн болзоондоо гарлаа. Хотын гудамжаар хөл хөдөлгөөн ихтэй. Сүрлэг үер эсвэл нам гүм горхи шиг эрс тэс. Тархи толгойд төрж л байдаг элдэв бодол, Бодролдоо дарагдах шахан алхаж явтал нүдний буланд нэгэн хөөрхөн охин харагдлаа. Би ч бодож цөхсөнгүй очиж танилцах гэж өдөв. Хуучны цөвүүн цагийнх шиг зоволгүйхэн танилцлаа. Ингээд л өнөөдрийн болзоо салаа. Маргааш нөгөөдөр тэр охинтой уулзана. Тэгээд өчигдрийн болзсон охин бас салаа. Ай хөөрхий дурлаж ханахгүй амьдралаа гэж.

Continue Reading

3rd blog

За ингээд залхуу, туйлбаргүй нэгэн би энд 3 дахь блогоо нээв. Энэ удаад аль болох тууштай, залхууралгүй үргэжлүүлэхийг хичээнээ. Өмнө нь нэг блог дээр нилээн гайгүй сийрүүлдэг болж байгаад нэг л өдөр учир нь олдохгүй залхуурсан. Ийм тохиолдолд хэт удаан завсарлачихаар юунаасаа эхлэхээ мэдэхгүй бодож бодож нэг мэдсэн өөр юманд анхаарал сарниад л, тэгэнгүүтээ шууд алгасаад л, ингээд л өдөр хоног намайг хүлээхгүй, тэр болгон өнгөрснөө сэргээгээд суух зав гарахгүй… Дараа нь нэг японоор бичдэг блог нээгээд овоо л явж байснаа нэг л өдөр залхуу хүрээд, шагайхаа болиод нэг мэдсэн сар шахам өнгөрсөн байв. Өөрийнхөө энэ амархан уйддаг, хэт зоргоороо занг нэг л ойлгохгүй явсаар өдийг хүргэж. Блог уг нь аль болох өөрт өгөөжтэй , бүтээлч байвал тархиа ажиллуулж, цаг заваа зарцуулсаны үнэ цэнэ орших байх л даа. Гэтэл би жирийн нэг тэмдэглэл маягаар өдрийн алба гүйцэтгээд байгаа юм шиг л санагдаад эхэлдэг. Энэ бас л миний юм бүхнээс төгс төгөлдөрийг шаарддаг ядаргаатай зантай минь холбоотой байх л даа. За энэ маягаар БИ гэдэг хүн яагаад блог тогтвортой тууштай хөтлөж, бодол санаагаа хүн шиг цэгцлээд явж чаддаггүй вэ гэсэн асуултад хариул гэж асуувал зөндөө л юм хэлэх нь байна. Унасан бөхөд шалтаг мундахгүй гэдэг энэ л дээ.

Одоо тэгэхээр өнгөрсөнөө биш ирээдүйгээ харъя гэсэн. Энэ хаврын амралт ч харвасан сум шиг л сүнхийгээд өнгөрч. Олигтой хийж гийгүүлсэн юу байна. 2 удаа ханиад зооглож, түүнийгээ эдгээх гэж л шуурхайхан баахан эм уух шив дээ. Хүний амьдралд эрүүл мэнд гэдэг асар нөлөөтэй чухал хүчин зүйл юм л даа. Ялангуяа над мэтийн сулавтар амьтад уусан эмнийхээ үйлчлэлд хүртэл туйлдаж орхидог бололтой. Ер нь л ханиад ч бай, олгой энээ тэрээ ямар нэгэн өвчин зовлон гэдэг хүсэх юм биш.

Гэхдээ амралтын дундуур сайхан юм ч бас байсан л даа. Хайртай хүн маань ирсэн, хамтдаа хэд хоногийг сайхан өнгөрөөсөн. Гэвч өнгөрсөн хойно нь бодохоор жаргал цэнгэл гэдэг түр зуурын байх тусмаа амттай, ахиулаад бодвол хүний өөрийгөө хуурах гэсэн хичээл зүтгэлийн үр дүнтэй салшгүй холбоотой гэхчлэн хальт философидсон шиг л өөрийгөө тайтгаруулж суух юм.

Амралт дуусахын даваан дээр ч гэсэн нэг төлөвлөгөөгөө биелүүлэх боломжтой сууж байгаа нь бас л яамай хэрэг. Нөгөөдөр Бээжинд очсон хойноо л буудлын өрөөнд тв-гүй, нет-гүй сууж байгаад жаахан юм харж уншиж бэлдэхээс. Цаг мөнгө зараад, дипломын ажлынхаа судалгааг хийхээр явж байгаа хүн над шиг ингэж боддог болов уу. Юмыг тэр өдрийн тэнгэрт нь даатгахгүй, ухамсартайгаар алхаж гишгэж сурах юмсан. Хүн насан туршдаа суралцаж боловсорч дуусахгүй байсаар төгсдөг гэдэг. Гэхдээ 60 хүрч жаахан юм ойлгонгуутаа 61-тэй чадхийчихмээргүй л бх юм. Ер нь 61-тэй бүх юм дуусчих юм бол хоёрын хооронд 60 хүрсэн хойноо ухаан суухгүй байсан нь дээр ш дээ, яршиг. Тэнэгийн дотор уужуу гэгчээр үхэхдээ элдэв санаа зовох юмгүй тайван үхвэл өөрт амар.

Ингээд л нэг мэдэхэд л дэмий юм руу хошуугаа дүрсэн л сууж байх юм. Өнөөдөр дээд курсийнхэн маань дипломоо гардаж авч байгаа. Орой тэднийг гаргаж өгөх үдэлтийн партитай. Идэж уух юманд уг нь явмааргүй л байх юм. Гэтэл ганц өөрийнхөө сэтгэлээр шийдчихэж болохгүй, бусдыг хүндлэх гэхүү олны жишиг дагах гэхүү нэг тиймэрхүү алба гүйцэтгэх шаардлага өдөр тутам тулгарах нь нийгэм гэгч юм даа.

Өнөөдөр энэ тэнгэр цэлмээд овоо хавар юм шиг царайтай байна. Нүүрээ угааж нөгөө хувцасаа өмсөөд гарч алхдаг юм билүү.

Continue Reading