Ээлжит түгээмэл үгсийн хэвшмэл цуглуулгаа бичиж суутал гэв гэнэт дургүй хүрчихлээ. Алба уу. Байна байхгүй, ингэлээ тэглээ, орлоо гарлаа, хожлоо хожигдлоо… үнэн хэрэгтээ эд бүгд ямар ч ялгаагүй. Заавал хүмүүсийн ярьж буй зүйлсийн талаар бичиж (наадам, хөл бөмбөг, улс төр, хоосон хов, энэ жагсаалт дэндүү урт), хүмүүсийн хийж буй зүйлсийг хийх алба уу. Болъё.
Яг одоо надаас арай өөр хүн байсан бол учиргүй СРТ-384 робот хэрхэн яаж дэлхийг баатарлагаар аварсан түүхийг ч юм уу, аль эсвэл өглөө босоод ирэхэд нь хорвоо ертөнцийн бүх зүлэг ногоо ув улаан өнгөтэй болчихсон байсан хачин явдлын талаар ч юм уу бичих байсан байх. Би ийм л хүн баймаар байна. Гэтэл надад ийм юм бичих чадал алга. Магад авъяас алга.
Өглөө босоод л, далий юмсыг харж баясаад… өөрийн дотоод ертөнцдөө амьдарч сурвал гоё ч юм шиг. Яг л Finding Neverland шиг. Энэ янзаараа өдөр тутмын амьдралдаа дарагдаад, нэг л мэдэхэд шал уйтгартай байдлаар амьдраад сурчих магадлал өндөр юм шиг байна. Яанаа?
Сургуулиа төгсөөд, Монголдоо нүүж ирээд, post-college амьдралаа эхлүүлээд асар удчихсан юм шиг санагдаад байна. Одоо л ид өөрийгөө нээж, янзан бүрийн салбарт хүч үзэж, жинхэнэ балай авдаг газар байх. Иймэрхүү үед шантрах тохиолдол ч гарах юм, өөрийгөө голох үе ч байх юм, эсвэл бүүр асар баярлаж, эрч хүчтэй болох үе ч байна… Бүтэн дөрвөн жил academic орчинд, дотуур байрны умгар өрөө – хичээлийн танхим – номын сан гэсэн хуваарийн дагуу амьдарсныг хэлэх үү, сонирхолтой л байна. Гэхдээ л далий далий ном уншаад л, хачин хачин юм бодож олж баясдаг байсан үеэ санаж байна шүү. Улаанбаатар дэндүү busy хот юм аа. Өөртөө цаг гаргах завшаан ер гарахгүй юм. Уул нь СРТ-384 роботтойгоо уулзмаар л байх юм гэсэн, :D.
Надад саяхан нэг ах и-мэйл явуулахдаа, сүүлийн үед Бодролын бичлэгүүд дэндүү infantile болоод байна гэж хэлсэн. Бас л юм бодогдож байна лээ шүү. Өчнөөн жил гав ганцаараа амьдарчихаад гэртээ ирэхдээ завшаан олдсон дээр нь гээд нялхраад байж мэдэх л юм. Нөгөө Монголын дуусаж өгдөггүй double transition-ийн үе гэдэг шиг хувийн, хувьсгалын тал дээр янзан бүрийн transition хийгдээд баларч байна аа, :D.
Сүүлийн үед нэг иймэрхүү зүйл бодогдож байна. But at the end, life is beautiful! Улаанбаатарт ёстой сайхан зун болж байна, бороо шиврээд л… Сумьяабазар асар олон жилийн дараа аварга цолтой боллоо, наадам ч сайхан болж өнгөрлөө. Талбай дээр баригдаж байгаа Чингисийн хөшөө үнэн сүртэй юм байна лээ. The list goes on… Баярын мэнд, everybody!