Утсаа хаясан хүний өчил

Идэвхтэн блогчин байх үедээ хаана л урлаг уран сайхан, уулзалт семинар, шоу тоглолт, үзэсгэлэн худалдаа байна, түүнийг очиж сонирхдог байлаа. Тухайн үед Улаанбаатарт шинэ соргог зүйл зохиогдох нь ч цөөн байсныг хэлэх үү, татлаа түтлээгүй завтай байсныг ч хэлэх үү, шар сонины сэтгүүлч аятай л явдаг байв. Мэдэхгүй чадахгүй ч юм гэж байхгүй, хотын тэн хагасыг жич таних нь холгүй сүр дуулиантай амьдардаг байж.

Сүүл рүүгээ ажил амьдралдаа дарагдсан уу, аль эсвэл залхаж орхисон уу, орж гарах маань цөөрч, нэг л мэдэхэд оройдоо гэртээ харьж галзуу ганц кино үзчихээд унтдаг хүмүүсийн нэг болох нь тэр.

Хүн л болсон хойно, энэ хэв маягаасаа ч залхаж эхэлдэг юм байна. Үе үе өглөө сэрээд “Паах, би гуч гарчихсан шт! Ингэж уйтгартай амьдарч болно гэж үү!” гэх мэтээр огцом сандарч, тэр өдөртөө л хэрхэн яаж адал явдалтай учрах талаар эргэцүүлэн бодно. Нэг өдөр муу хуучин блогоо тоосыг нь гөвөөд янзлаад тавьчихлаа. Маргааш нь ганц нэг хуучны танилуудаа Фэйсбүүктээ нэмээдэхлээ. Аль арав гаруй жилийн өмнө үзэж байгаад хаясан Хятад хэлний курст бүртгүүлчихлээ. Үе үе ууланд авирах, гольф тоглох, Африк руу нүүх талаар мөрөөдөж, онгоцны билет сураглах нь холгүй юм болно.

Тэгж байтал гадаа нар гарах, дуртай дэлгүүр хямдрал зарлах гэх мэт аахар шаахар зүйлст сатаарч, хэсэг дэвнэ.

Энэ долоо хоногт харин овоо хүн шиг байлаа шүү. Нэг дэх өдөр ажлаа тараад гоо сайхандав. Гурав дахь өдөр Чойжин ламын сүм музейд Морин хуурын чуулгын тоглолт үзэж, хийдийн хашаанд вино шимж суун урлаг уран сайхан, шоу болон хов базалтыг хослуулав. Тав дахь өдөр уулзалгүй удсан танилтайгаа үдийн зоог барьлаа. Харин өнөөдөр (хагас сайнд) Чинбаатарын (намууд учраа олтол хувьдаа төв талбайг ингэж нэрлэхээр шийдсэн) талбай дээрх Номын баярыг сонирхов.

Хоёр тор дүүрэн ном аваад аз жаргалтай гэгч нь алхаж байтал гэнэт халаас хөнгөрсөн мэт санагдаад хартал хөөрхий утас минь сураггүй болсон байв. Интерномын асар дээр хүүхдийн ном харж байх зуур л амжуулсан бололтой, яах аргагүй мэргэжлийнхний ажил. Монголчуудын балмад бүдүүлгийг зүхэж, өөрийнхөө хайхрамжгүй мангарыг гайхаж хэсэг зогссоны эцэст утсаа суйлуулсантай эвлэрэв (энэ жигтэй явдал шинэ iPhone худалдаанд гарах мөчтэй яг цав давхцсан нь гарзыг танагтайхан шиг хүлээн авахад тусалсан нь гарцаагүй).

Гар утасгүй хорин минут болоход л биеийн аль нэг эрхтэн дутуу мэт оргиж, үе үе халаасаа тэмтрэх рефлекс идэвхжиж эхэлсэн ба над руу залгах магадлалтай хүмүүс рүү хүний утас гуйж ярьмаар ч юм шиг санагдаад нэг л тавгүй болчихлоо. Гэрт хуучин утас маань байгааг санаж, хурдхан шиг харихын түүс болов.

Харин харих замд гудамж талбай, гадуур алхах хүмүүс, байшин сав харсан шиг ээ явах таалагдаж эхлэв. Машинд зорчигчийн суудал дээр суусан л бол утсаа ширтээд суучихдаг хүн чинь хоттойгоо харин ч нэг танилцах шиг боллоо. Фэйсбүүк дээрх хэрэгтэй хэрэггүй реклам, Инстаграм дээрх танихгүй шахуу хүмүүсийн фильтердсэн амьдрал, Твиттерийн эцэс төгсгөлгүй улс төржсөн цэцэрхэлтээс хэсэгхэн зуур ч гэсэн хол байх нь сэтгэцийн эрүүл мэндэд тустай зүйл болохыг олж мэдэв. Эрх чөлөө гэж энэ буюу!

Эцсийн эцэст сүүлийн таван жил огт уулзаагүй дээхэн үеийн танил маань таван минутын өмнө чухам юу бодсныг мэдсэн ч яалаа, байсан ч яалаа.

Гар утасгүй хүн чинь гэртээ ирээд блог руугаа хүртэл шагайдаг юм байгаа биз дээ… Хөөх, хуучин утасны backup restore маань ашгүй дуусчихаж, баяртай!

Continue Reading

Шинэ дэвтэр

Шинээр эхлэх боломж олгодог болохоор хүмүүс шинэ жилд дуртай байдаг. Харин миний хувьд шинэ жил гэхээсээ илүүтэй хичээлийн шинэ жил буюу 9-р сарын 1 хамгийн гоё санагддаг байж билээ. Цоо шинэ дэвтэр нээгээд ямар нэгэн шинэ зүйл сурах… сүүлийн хэдэн жил мэдрээгүй мэдрэмж.

Энэ жил миний хүү анх удаа цэцэрлэгт явна. 9-р сарын 1-ний сургаар би л хамгийн ихээр догдлож байх шиг. Амьдралыг арай өөр өнцгөөс харах боломж. Хүүтэйгээ хамт бүх зүйлийг цоо шинээр сурах боломж.

9-р сарын 1 болох гэж байгааг далимдуулаад таван жил оролдоогүй блогоо сэргээчихье. Шинэ дэвтэр л гэсэн үг…

Continue Reading

Remember the milk!

Мань мэт шиг хувийн зохион байгуулалт муутай хүмүүс хийх ажлаа төлөвлөж, мартчихгүйхэн шиг амжуулах гэж хэд хэдэн тэмдэглэлийн дэвтэр хөтөлж, гар утасныхаа санамжийг дүүргэж, энд тэнд баахан Post-it нааж ирээд л сүйд болдог хэрнээ заавал ямар нэг зүйл орхигдуулж, сав л хийвэл баларчихсан явж байдаг наасан… Наад зах нь хими цэвэрлэгээнд баахан юм өгчихөөд авахаа мартаад ная хонуулчихаж байгаа юм. Ажлын төлөвлөгөө, to do list-ээ онлайн хөтлөх аятайхан application хайж суутал Remember the milk гэдэг нэг хөөрхөн сайт оллоо. Task-уудаа ангилах, priority-г нь тогтоох, tag өгөх, хүн амьтанд явуулах гэх мэт аятайхан боломжуудтайгаас гадна цаадуул чинь чамд “Тэр ажил чинь болохоо байлаа” гэж ирээд л и-мэйл, мессенжер, смс гэх мэт төрөл бүрийн сувгуудаар сануулж, дарамталдаг болтой юм. Над мэтийн мартамхай нөхдүүдэд хэрэгтэй л юм шиг байна \төд удалгүй password-оо мартчихгүй л бол…\

rememberthemilk

PS: Одоо procrastinate хийж, залхуурч суухгүй байх арга бодоод олчихвол жинхэнэ балай авах гээд байна даа, нэг тийм тархинд чип энэ тэр суулгадаг технологи гарахгүй юм байх даа, 😛

Continue Reading

Abbama и другие

Оросууд бас алнаа. Балай авсан нөхөр байна: жгун. Гэснээс, Тоншуулын хүүчин дугааруудын шог зургуудыг нэгтгэсэн сайт хийвэл савж унах байх даа… тухайн үеийн амьдралыг тэр чигт нь харуулах биз.

Obama ABBA

Хэд хоногийн өмнө арван хоёр настай дүүтэйгээ маруужиндлаа. Багадаа зайрмаг яаж иддэг байсан талаар ярьж байтал “Таныг жоохон байхад зайрмаг байсан юм уу” гэж авдаг юм. Мань хүнийг л янзан бүрийн юм авахуулах гээд шалаад байхаар нь ээж нь “Танай ах эгч нар хүнд хэцүү үед өссөн, элдэв янзын юм олддоггүй байлаа шүү дээ… чи ч даварч байна даа” ухааны юм ярьж л дээ. Тэгсэн эгч маниусыг жоохон байхад зайрмаг ч байдаггүй байсан гэж ойлгохгүй юу… харин ч тасархай зайрмаг байсан юм чинь \хоёр талдаа вафлитай, сүүтэй… yum\. Гэснээс, мань мэт нь хөгширч байна дөө… одооны хүүхдүүд үү гэж ирээд л ярьдаг болж байна шт.

Continue Reading

Логикийн тухай буюу эмэгтэй хүнтэй маргах урлаг

Оршил

Шинэ эринд тодорхой мэдлэг салбар бүрт хэрэгтэй болж байх юм. Үүний нэг нь эмэгтэй хүний логик байж болох юм. Эрэгтэйчүүдийн логик нь энэ үеийг 2000 жилийн өмнө туулж өнгөрөөн тогтсон бол, эмэгтэй логик одоо хүртэл бүрэн дүүрэн судлагдаагүй байх юм. Бидний ирээдүйн залуучууд үүнийг математикийн хууль мэтээр задлан бичиж судлах байх гэж найдаж байна. Бид өнөөдөр хэдэн жишээгээр л ярилцья гэж санал болгох. Энд би эмэгтэй логикийг ямар нэгэн байдлаар буруутгахгүйгээр, байгаагаар нь таталбар хийн үзүүлэхийг хүсэв, энэ бичлэгийг хүртэл эмэгтэй логикаар бичсэнд оршино. Зарим үед эрэгтэй биш эмэгтэй логикаар асуудлыг шийдэх нь хамаагүй дээр байж болох юм.

Ерөнхий зүйл

Мэдээж логикийн гол нь биш боловч, хамгийн түрүүнд анзаарагддаг зүйл бол маргаан. Эрэгтэй логикоор тус асуудлаас хөндлөнгийн зүйл дээр маргаан үүсдэг бол, эмэгтэй логик нарийвчилсан гэж хэлж болох зүйл дээр анхаарлаа хандуулан маргах нь их юм. Эрэгтэй логик бол нэг асуудлаас үүссэн хоёр өөр дүгнэлтэнд маргаан үүсгэх талтайгаас гадна аль нэг дүгнэлт нь логикоор батлагдваас хэн нь зөв хэн нь буруу гэдгийг шууд ойлгож болно.

Харин эмэгтэй логик бүх төрлийн маргаанд ашиглагдахаас гадна хоюулаа зөв гэсэн дүгнэлтэнд ч хүрэх тал бий. Нэг утгаараа зөв гэсэн үг ч бий. Энэ үгэнд дүгнэлт хийхэд: Чи энэ дүгнэлт хийхийн тулд өөрийн дүрмийг баримтласан учир зөв байж болох ч миний дүрэм бол өөр.

Орчин үеийн эрдэм шинжилгээ энэ мэтийн маргаанд хэн нь зөв хэн нь буруу гэдэгт анализ хийж чадахгүй ч, дараах жишээг авч үзье.

Жишээ №1

Оюунаа – 6 настай, Бат – 4 настай ба энэ хоёр цэвэр эмэгтэй логикийг ашиглан ярилцаж байна.

О: Би аавын ажил дээр очихдоо чамайг авч явахгүй!
Б: Би өөрөө явж чадна!
О: Тэгвэл би чамайг уяж орхиод явна!
Б: Тэгвэл би уяаг чинь таслаад явна!
О: Тэгвэл би хаалга цоожлоод явна!
Б: Би хаалгыг эвдээд явна!
О: Тэгвэл би хаалгаа төмрөөр хийчих юм чинь!
Б: Би цонхоор гарна!
О: Би цонхонд сараалж хийчих юм чинь!
Б: Тэгвэл би хана эвдээд гарна!
О: Тэгвэл би чамайг төмөр өрөөнд хийчихнэ!

Энэ нөхцөлд Бат “өөр өнцөгт” /цаашид гарна/ маргаанаа шилжүүлсэн бол эмэгтэй логикийг давж болох байсан боловч, чадсангүй. Тийм болохоор тэр, Оюуны хүссэнээр уйлав. Яагаад ийм байдалд орчихвоо?

Энэ жишээнд ярилцагч нарын ярианы сэдвийг санаа зөрөлдөх зүйлээсээ илүү санаа нийлсэн зүйл нь дийлсэн гэдэгт маргахгүй биз ээ. Оюунаа, Батын төмөр биш л бол бусад зүйлийг эвдэж чадах дээр санаа нийлэн, өөртөө ямар ч хамаагүй төмөр зүйл бүтээх эрхийг үлдээж, шууд утгаараа ярианд гараагүй ч Бат үүнийг бас хүлээн зөвшөөрчээ, тийм учир үүн дээр үндэслэсэн яриа болсон байна. Эмэгтэй логикийг өөр хэдэн жишээн дээр авч үзье.

Жишээ №2

Хариулт аваагүй өгүүлбэр нотлогдосонд тооцогдоно. Яагаад хариулт аваагүй нь ямар ч хамаа байхгүй.

Тухайлбал, ар араас нь 5-10 өгүүлбэр урсгахад, бүгдэд нь хариулж чадахгүй нь ойлгомжтой. Хэрвээ өгүүлбэрээ дагуулаад хараал хэлсэн нөхцөлд хараалд нь хариулахаас үндсэн өгүүлбэрт нь хариулахгүй байгаа нь тэр өгүүлбэрийг баталгаажсанд тооцно. Хэрэвзээ хариу хараал нь хүчтэй л биш бол. Тийм ч учир дагалдах үгсийн жин нэмэгдэх нь тодорхой. Өөрийн хэлсэнд хариулт авахгүйн тулд тухайн үед гэнэт өрөөнөөс гүйж гарах ч юм уу, эсвэл арга барахад чихээ таглаж болно. Тэгэхдээ чихээ таглахдаа бас илт үзүүлэх маягтай байхгүй бол болохгүй, жишээ нь урьдчилаад хөвөн хийсэн тохиолдолд танд хэлсэн үг сонсогдсонд тооцогдож маргаанд та ялагдана.

Бие биеэ огт сонсохгүй маргалдах тохиолдол ч бас сонирхолтой, өөрөө өөрийнхөөрөө л зөв байдаг байлгүй дээ.

Дугуй байх нь зөвшөөрч байгаатай яг ижил тул, бодож хариулснаас шууд хариулсан нь дээр, тэгээд ч хариултын агуулга нь бас тийм ч гол үүрэг рольтой биш болохыг дараахаас харья.

Жишээ №3

Нийт маргаанд хамгийн сүүлийн үг хэлсэн маргалдагч эмэгтэйг хожсонд тооцно. Хамгийн сүүлийн үгийг няцаахад л хангалттай. Тийм учир хамаг хүч, арга барилаа хамгийн сүүлийн өгүүлбэрийг унагахад гаргах боловч, тэр нь тийм ч амар зүйл биш билээ.

Нийт агуулгыг орхиж хамаг анхаарлаа сүүлийн өгүүлбэрт хандуулах бас нэгэн шалтгаан бол: хамгийн сүүлийнхээс өмнөх өгүүлбэрийг үгүйсгэх шаардлагагүй – таны маргалдагч эмэгтэй тэр өгүүлбэрээсээ татгалзах буюу танигдахааргүйгаар өөрчилж болзошгүй. Бүсгүй маргалдсан зүйлээ эргэн давтдаггүй юм.

Энд нэг сонирхолтой зүйл бол, ямар ч нотолгоо нэг өгүүлбэрээс урт байж болохгүй. Урт нотолгоо амьдрал дээр хэрэгждэггүй боловч тантай маргалдагч сандарсан, уймарсан эсвэл танаас хамаарч байгаа тохиолдолд хэрэглэх ба үе үе “хүн юм яриж байхад дуугуй сонс!” гэсэн маягийн үг хавчуулж байх хэрэгтэй. Тийм нөхцөлд таны зөв байх болно.

Уншигч хvсвэл үргэлжлэл бий….

Continue Reading

Ярианы сэдэв

Залуусын хөгжмийн мэдлэг дийлдэхээргүй болжээ. Саяхан 2 залуутай хамт амралтын өдрөө үр ашигтай өнгөрөөх санаатай нэгэн амралтын газар очиж, өдрийн хоол идчихээд буцсан юм. Нөгөө хоёр маань сүүлийн үед гарсан бүх л төрлийн (рэп, хип хоп, ар энд би, поп, рок, алтернатив гээд цаашаа бас юу ч гэдэг билээ) шинэ клипүүдийн талаар ярьж эхэлдэг юм байна. Тэгээд тэрнийхээ дууг хэрхэн яаж татаж авсан, татах явцад ямар хүндрэл бэрхшээл тохиолдсон гээд л ярьж өгч байна. Эхэндээ ч ганц нэг мэддэг дуу гарчихвал өөрийгөө бас цаг үеэсээ хоцроогүй сонирхолтой нэгэн гэдгээ ойлгуулах гэж хэд гурван үг хавчуулчих санаатай хичээнгүйлэн сонсоод л байлаа. Яахав бас залуу л хүн болсон  хойно “аан тийн тийн” энэ тэр гээл бас нэмэрлэж л байлаа. Гэсэн ч уг ярианы сэдэв өөрчлөгдөлгүй бүтэн 3- 4 цаг үргэлжилсэн гээд боддоо. Үнэхээрийн тэвчээр шаардсан ажил биз. Яахав нэг бодлын хальт сонссон хүнд бол үнэхээрийн цаг үетэйгээ хөл нийлүүлдэг цоглог залуусын яриа шиг сонсогдох байх, гэхдээ яг тэгээд сонсоод байхаар “энэ хүмүүс ер нь зурагт үзэхээс өөр юу хийдэг юм бол?” гэсэн бодол өөрийн эрхгүй төрж байгаамчинь. Тэгээд бас өдөр хоногийн ихэнхийг зурагт үзэж өнгөрүүлдэг хүн гэж бодохоор үнэхээрийн уйтгартай, уйтгартай биш юмаа гэхэд аймар бүрхэг санагдаж байгаа байхгүй юу. Тэр хүн цаашдаа юу хийж амьдарч болох, ирээдүйд хэн болох, зорилго нь юу вэ? Гэсэн асуултууд ямар ч сонирхолгүй болж ирж байгаа юм. Сонирхлын цар хүрээ нь аймар явцуу санагдаж байгаа байхгүй юу, үгүй ядах нь ээ цуг яваа 2 охиндоо таалагдах санаатай юм бол жаахан мэдэрч болмоорсон доо.

За, тэр мэдрэх асуудал ч яахав, өөр зүйл, миний хамгийн гол хэлэх гээд байгаа зүйл маань өнөөгийн дийлэнх залуусын сэтгэлгээ үнэхээр ядуурчихаа юу даа, за сэтгэлгээ гэж том ярихаа больё, ядаж ярианы сэдвээ жаахан баяжуулбал яасан юм бэ? Бодролд блог бичдэг хүмүүсийн хувьд ч мэдээж ондоо асуудал байх, өнөөдөр залуучууд яагаад тиймхэн зүйлээр ярих болов, арай жаахан сэдэв нь өөрчлөгдлөө гэхэд дэлгүүр хоршоо, хувцас хунар ярина, за бүр өргөн сэдвийг хамарлаа гэхэд секс болон эрэгтэй эмэгтэй хүмүүсийн сексийн талаар ялгаатай үзэл бодол. Ингээд л хэтрүүлж хэлбэл яг энэ гурван сэдвийг дараалан яриад л ярилцлагын цаг өндөрлөн, аль нэг диско баранд орж чанга хөгжимд чихээ дүнгэнэтэл сууж, гэрэлд нь нүд гялбаж нулимс гоожин, тамхины утаанд толгойгоо өвтгөсний эцэст хэрэггүй ийшээ орцгоож гэцгээн нэг их ажил хийсэн хүмүүс шиг ядарсан амьтад гэртээ харьдаг. За тэр дисконд орох тухай яриа ч бас биш л юм байна л даа.

Нэг болсон явдал ярья л даа. Манай ажлын охин найз залуугаа бидний нэгэн оройны ажил тарсаны дараах стресс тайлах арга хэмжээнд дагуулж ирдэг юм байна. Нөгөө залуу нь юм л ярьвал яг л дээрийн хоёр залуу  шиг дуу хөгжим, клип, кино болон уг кинонд тоглосон жүжигчдийг овог нэртэй нь ярих юм. Гэсэн ч уг арга хэмжээ өндөрлөсний дараа тэр залууг бидний хэн маань ч киноны талаар аймар их юм мэддэг гэдэг ч юм уу ямар нэг байдлаар хэн ч үнэлээгүй юм . Зурагт үзэхээс өөр юм мэддэггүй юм байхдаа гэсхийгээд л өнгөрч билээ. Тэр залуу бодвол ирээдүйд хэрхэн яаж баяжих, яаж амьдралаа авч явах гээд л олон юм боддог байх л даа, гэвч хүнийг бишээ юм ярьж буй орчноо мэдрэхгүй \дахиад л мэдрэх тухай гараад ирчих юм\, өөрийгөө бусдад үнэлүүлж чадахаар юм ярьж чадахгүй байна гэдэг нэг бодлын хөгжөөгүй л байгаагийн шинж тэмдэг гэж би л лав хувьдаа ойлгодог. Заавал өөрийгөө хэн гэдгийг харуулах гээд нэг их чухал ирээдүй энэ тэрийн талаар яриад байх шаардлага ч байхгүй л юм байгаа юм. Ядаад хүн олигтойхон инээлгэж чаддаг бол тэрийг би агуу их чадвар гэж ойлгохсон. Тийм биздээ, хүмүүсээ? Тэр бол бас нэлээд өөрийгөө хөгжүүлсэн хүний төрх биз?

Та нар ер нь эсрэг хүйсийн хүнтэй уулзаж, дэмий ярих үедээ чухам юуны талаар ихэвчлэн ярьдаг вэ? Тэр хүнийхээ хэр сонирхолтой сонсч байгааг мэдэрч чаддаг уу?

Continue Reading

Өнөөдөр үү маргааш уу?

ЧихэрӨөрийгөө дөрвөн настай хүүхэд гээд төсөөлдөө. Цэцэрлэгтээ ангийнхаа хүүхдүүдтэй тоглож байтал чинь нэг ах орж ирээд та нарын өмнө нэг нэг чихэр тавиад, “Ах нь та нарт гого бэлэг авчирлаа. Миний дуу нар чихрээ хэзээ л бол хэзээ идэж болно. Ах нь одоо гялс явчихаад ирнэ, нэг их удахгүй. Намайг иртэл чихрээ идэлгүй хүлээсэн хүүхдэд би дахиад нэг чихэр нэмж өгнө шүү” гэж хэлээд яваад өглөө гэж бодъё. Чи чихрээ идэх үү эсвэл дахиад нэг чихэр авах гэж хүлээх үү?

Энэхүү экспериментыг 60-аад онд Walter Mischel хэмээх сэтгэлзүйч хэсэг бүлэг хүүхдүүдийн дунд явуулсан юм гэнэ лээ. Судалгаанд оролцсон зарим хүүхдүүд ахыг гарч явна уу үгүй юу шууд чихрээ идэж орхисон бол зарим нь өөрсдийгөө ямар нэгэн аргаар саатуулаад, дуулж бүжиглээд, чихрээс аль болох хол байж, хоёр дахь чихрийг хүлээсэн байна. Хамгийн сонирхолтой нь Walter Mischel арван хэдэн жилийн дараа өөрийн судалгаанд оролцсон хүүхдүүдтэй эргэж холбоо барихад хүлээсэн хүүхдүүд нь чихрийг шууд идэж орхисон хүүхдүүдээс илүү сайн сурлагатай, өөртөө итгэлтэй, шалгалтанд хамаагүй өндөр оноо авч байсан гэнээ.

Эдийн засагчид time preference гээч зүйлийн талаар ярьдаг даа: өнөөдөр хэрэглэх үү, маргааш хэрэглэх үү гэсэн асуултад хүн бүр өөрийн time preference-ын дагуу хариулдаг г. м. Болдын хувьд өнөөдөр хэрэглэх нь маргааш хэрэглэхээс хавьгүй үнэтэй бол Батаа маргаашийн хэрэглээнд илүү их ач холбогдол өгдөг байж болно. Энэ тохиолдолд Батаа мөнгөө хураана, банкинд хадгалуулна, харин Болд олсон өдрөө үрж орхино. Тime preference хэмээх ойлголт нь зарим талаар тухайн нийгмийн хөгжил, соёл, зан заншилтай холбоотой. Маргаашийн хэрэглээ нь тодорхой бус, хадгаламж эрсдэлтэй бол өнөөдөр хэрэглэх нь илүү өгөөжтэй байх болно. Гэхдээ хувь хүний discount rate (цаг хугацаа дамжсан сонголтыг тодорхойлдог параметр нь) улс орны эдийн засгийн хөгжилд шууд нөлөөлөх нь ойлгомжтой. Жишээ нь, Азийн бар улсуудын эдийн засгийн өсөлт ард иргэдийн нийт хадгаламжийн хувь өндөр байсантай холбоотой, г.м.

Улс үндэстнүүдийн хувьд culturally intrinsic time preference байж болох уу гэдэг асуудал сонин санагдаж байгаа юм. Өнгөцхөн харахад, Монголчууд угаасаа их өндөр time preference-тэй мэт санагддаг: өнөөдөр балай авч байвал маргааш яасан ч яах вэ гэх маягаар амьдралд хандах нь элбэг байдаг. Энэ нь юутай холбоотой вэ? Нүүдлийн соёл иргэншил гэх нөгөөх л жижүүр хариултыг өгч болох юм. Дээрх судалгааны ажлын дүнг үндэслэвээс, хүмүүсийн time preference асар багад нь төлөвшдөг гэсэн дүгнэлт хийхээр байна. Дөрвөн настай хүүхэд чихэрт яаж хандаж байгаа нь түүний арван наймтайдаа их сургуульд элсэх үү үгүй юу гэдгийг тодорхойлоод байх шиг. Дахиад л хүмүүжлийн, гэр бүлийн асуудал…

Юутай ч, шинэ он гарсныг хэлэх үү, хоёр чихэртэй хоцордог болохын тулд урагшаа гэсэн зорилт тавья, 😀

Continue Reading

Шинэ жил

Анх удаа блогдох гэж байна. Сүүлийн хэд хоног хэт их амраад, за бас тэгээд шинэ он гарсан болоод ч тэрүү, ер нь юм бичнэ гэдэг их зүгээр юм гэж бодогдох болов. Би шинэ газар ирээд удаагүй байгаа болохоор найз нөхөд цөөхөнтэй, гадуур дотуур дэмийрч цаг үрэхгүй их сайн байгаа л даа. Шинэ газар дасч л байна, монгол хүн болохоороо их амархан дасан зохицдог юм байлгүй, эсвэл ердөө л нохой хамартаа хүрэхээр усч гэдгийн үлгэр ч юм уу, ер нь шинэ орчинд  гайгүй амархан л дасчихдаг юм. Монгол хүн байдаг л гэсэн, гэхдээ одоохондоо ганц ч хүнтэй танилцаагүй л байна…

“The empty raincoat” гэдэг ном уншиж байгаа, title-г нь унших болгонд энэ нийгмийн machine-д нэг empty raincoat болчихгүй юмсан гэж толгойд заавал ч үгүй буудаг. Одоохондоо бол гэр бүл, ажилд нухлуулаагүй freelancer болохоор гайгүй л юм шиг байна.

Бодролд блог бичдэг хүмүүс их уран цэцэн бичлэгтэй юм аа, над мэтийн бичгийн соёл муутай хүнд ч сурах юм их байна аа, зөвлөж байгаарай, хүмүүсээ.

Continue Reading

Malady of thought

Хэдэн хоног ханиад хүрсэн биш ёстой нусаа хацартаа наалаа. Хичээлдээ ч явж чадсангүй, дээрээс нь энэ жил roommate-гүй өнжсөн биш ёстой гараад эм дөхүүлээд өгөх, хийсэн хоолноосоо шомбодуулах ч хүнгүй миарав.

Халуураад хамаг бие өвдөөд хэвтэж байхад харин элдэв юм бодох зав ихтэй болдог юм шив дээ. Жилийн эцсийн шалгалтныхаа сэдвүүдийг бодож хэвтлээ, тэгээд гэнэт “би өвчтэй байгаа юм чинь жоохон өөрөө өөртөө эрхэлнээ” гэж бодоод “indulgent” юмнууд бодож гарав. За, тэгээд бодож эхлээд эхнээс нь өөрийгөө жоохон өрөвдөж үзэв. “Намайг эргэх хүн алга”, “Зовох цагт нөхрийн чанар танигдана aa гэж”, “Гэхдээ тэд нар намайг ямар өвчтэй байгааг мэдэх биш дээ, битгий мэдрэлт” гээд сэтгэлээ тайвшруулав. Уул нь найз шуу ухааны хүмүүс байдаг л даа, гэхдээ ямар утсаар өөрөө яриад “би үхлээ хатлаа, гоё чавганы компот худалдаж аваад намайг эргээч” гэлтэй биш, жоохон хүүхэд биш дээ. Ийм үед нөхөр сүүдэртэй байхын ач тус ёстой гардаг байхаа (“for better or worse, in health and in sickness” гэдэг байхаа) гээд “mentally” ирээдүйн нөхрөөрөө ногоотой шөл хийлгэж байгааг мөрөөдөж хэвтэв. Би “давс бага хийгээрэй” гэж өрөөнөөсөө гонгиноод л, он тэгэнгуут “за” гээд л бөндөгнөөд л. Хоол болохгүй жоохон удаад байвал байн байн халуунаа үзэж жоохон сүр бадрагаад л. Ингээд мөрөөдөөд байвал мөрөөдөөд л байхаар байлаа, даанч халуун ч буусангүй, хоол ч болсонгүй. Миа царайлаад дэлгүүр ганцаараа ороод, өөрөө эмээ аваад хоолоо өөрөө хийж идэв.

Хамгийн сонирхолтой нь жоохон бие тэнхрээд ирэнгүүт шууд зангаа хувиргаж байгаа юм чинь…

Continue Reading
1 2 3 8