Дөрвөн сар дуулиант үйл явдлаар асар баялаг байлаа. Өнөөх хаврын синдром гэдгийх нь илрэл юм болов уу гэсэн.
Ромын пап лам шинээр сонгогдож нэг хэсэг нэлээн шуугив. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэг хэсэгтээ л Ромын католик шашны талаар мэдээлснийг хэлэх үү, асар далий зүйл олныг мэдэж авлаа. Санамсаргүй явж байгаад John Paul II-ын ганц хоёр шүлгийг хүртэл уншиж амжив. Шинэ пап сонгогдчихсон юм чинь, ингэсгээд Ватиканыг тойрсон дуулиан намжих байлгүй.
Тэгж байтал Хятадууд Японуудын “түүхийн гуйвуулгыг” эсэргүүцэж, жагсаал цуглаан хийгээд эхэллээ. Японууд ч бантацгааж, янзан бүрээр уучлалт гуйж гарав. Маргааш Койзуми, Ху Жинтао хоёр уулзах юм гэсэн, бас л ярьдгаа ярих биз. Гэснээс, Хятадууд өөрсдөө жинхэнэ балай түүх бичдэг гарууд шүү дээ, тэдний арван жилийн сурах бичиг нь юу гэдэг болоо. Хятадын элчин сайдын яамны урд очиж жагсаал хийдэг юм уу гэсэн.
Энэ долоо хоногт хэд хэдэн улсын Засгийн Газар уналаа. Эквадорын Парламент ард иргэдийнхээ шахалтын дагуу Ерөнхийлөгчөө татан буулгав. Өнөөх нь байдалд орж, Бразил уруу зугтааж орхисон байна. Италид Берлусконигийн Засгийн Газар мөн огцорлоо. Түүний тэргүүлж буй эвсэл орон нутгийн сонгуульд ялагдал хүлээж, задарсан тул тэрээр шинэ эвсэл бүрдүүлэх ажилтай болоод байгаа юм байна. Сонирхолтой нь, Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш Италид нэг ч Засгийн Газар 5 жилийн бүрэн эрхийнхээ хугацааг гүйцэд эдэлж байгаагүй гэнээ. Берлускони харин ч рекорд тогтоосон юм байх.
НҮБ-ыг тойрсон дуулиан үргэлжилсээр… НҮБ-ын шинэчлэлийн хүрээнд Аюулгүйн Зөвлөлийг өргөтгөх асуудал ид яригдаж байх шиг байна. Хажуугаар нь, Ерөнхийлөгч Жорж Буш НҮБ-д суугаа АНУ-ын байнгын төлөөлөгчийн албан тушаалд Жон Болтон хэмээх асар консерватив үзэлтэй улс төрчийг санал болгосон нь олны анхаарлыг татаж байна. Тэрээр удаа дараалан НҮБ-ын үйл ажиллагааг үгүйсгэж байсан нэгэн гэнээ. Демократууд уг томилолтыг эсэргүйцэж байгаа бөгөөд Бушийн санал Конгресст гацаад байгаа билээ.
Сонин хэвлэлээс холхон байх юмсан, information overload болж байх шиг байна гэсэн… Яаж овоо зурагт үгүй юм…