Мэдээ гэж… эсүүл мэдээллээ гэж…

Дэлхий арай хурдан эргээд байх шиг, 7 хоногийн дотор гэсэн хараа гүйцэхээргүй үйл явдлууд буцалчихаж.

Ирэх сард болох Бушийн аялалыг Батлан хамгаалахын сайд нь тэгшилж явахыг бодоход консервативууд цэргийн салбартаа илүү найддагаа бататгах мэт. Рамсфельд бүтэн 3 өдөр Хятадад айлчлахдаа Бээжингийн ойролцоо байрлах 2-р артиллерийн нууц штабт зочилж тийшээ нэвтэрсэн анхны гадаад хүн болсон нь Хятадын талыг цэргийн зардлаа дарж байна гэж байнга харддаг Рамсфельдийг түр тайвшруулж, “Хятадын аюул” гэгчийг саармагжуулах бас нэгэн алхам юм гэж үзжээ, тоймчид. Ямарч байсан Рамсфельд Хятад илүү нээлттэй ил тод байх ёстой гэж үздэгээ нутаг дээр нь ирэхдээ ч давтаж авсан байхад Хятадууд ч өөдөөс нь хэлдэг юмаа хэлж, Хятадын гол зорилт эдийн засгийн хөгжил, 30.2 тэрбум ам.долларын цэргийн төсвөө нуугаад байсан юмгүй гэж БХЯ-ны сайд Сао Ганчуан нь гомдов. Сансарт хоёр дахь удаагаа хүн амжилттай нисгээд байгаа Хятад нь АНУ-ын стратегийн өрсөлдөгч, гэвч нөгөө талаар бүх салбарын хамтран ажиллагч байдаг болохоор энэ хоёр тэсрэг үзэгдэл нь тэдний харилцааг түвэгтэй болгодог юм. Энэ айлчлал тэднийг ямарч байсан хамтран ажиллах талруугаа хэлбийх цаг болсоныг хэн хэн нь хүссэн гэдгийг илтгэж байна. Тэгээд ч Азид нөлөө бүхий Хятадтай хэл амаа олохгүйгээр Ази дахь асуудлаа шийднэ гэдэг АНУ-д хялбар биш гэдгийн нэг жишээ бол Умард Солонгосын цөмийн асуудал бөгөөд 6 талын хэлэлцээрт Хятадыг гол үүрэгтэй гэдгийг АНУ хүлээн зөвшөөрч Хойд Со-нуудад шахалт үзүүлэхийг үе үе Хятадаас хүсдэг юм. Энэ гол дүрийг ч Хятадууд ашиглахаа андахгүй, Умард Солонгос дахь нөлөөгөө бэхжүүлэхээр ирэх 7 хоногт Ху Зиньтао Умард Солонгост айлчлахаар болж байх шив.

Харин Рамми Монголд ирнэ гэдэг хятадуудын хувьд хүсээд байх эд лав биш. Энэ жил Хятадын нэг судлаачын бичсэнээр АНУ Монголын цэргийн харилцаа гүнзгийрч улмаар АНУ монголд цэргийн бааз байрлуулахдаа тулвал энэ нь Хятадын эргэн тойрон дахь АНУ-ын “U” хэлбэрийн стратегийн хяналтын хүрээ “О” буюу бүтэн тойрог болж аюулгүй байдалд нилээд нөлөө үзүүлнэ гэсэн байна лээ. Гэхдээ АНУ Хятадтай сөргөлдөн байж Монголтой хөтлөлцөнө гэж байхгүй л дээ, ямарч байсан АНУ-д Азийн цээжинд анд найзтай байх нь тун муугүй хэрэг гэдэг нь тодорхой. Рамми Хятадад 3 өдөр, харин Монголд хагас өдөр саатлаа.

Зак тэгээд энэ долоо хоногт өдөр алгасаагүй цацагдсан мэдээ бол “террорист шувуу” гэж байгаа. Амиа золиослон томуутаж сүргээрээ сүйрч байгаа шувуунууд маргаашийн хүн төрөлхтний дүр зураг болж магадгүй болоод сандралдаж байна. Дэлхийн нэгдүгээр дайнд 8 сая хүн үрэгдэж л дээ, тэгсэн чинь дайны дараахан дэгдсэн Испани гаралтай томуу яах ийхийн зуургүй 20 сая хүнийг аваад явчихсан гэдэг. Пуужин чиглүүлээд сүрдүүлж болдоггүй, цүнх дүүрэн доллараар хахуульдах аргагүй болохоор гайтай түйтэй өвчин тахал, байгалийн гамшигууд жинхэнэ аюул байх л даа. Тайландад нэг хүн чад хийсэн… Маш хурдан хувирч үржээд, хvнээс хvнд халдаж, тахал шинжтэй болж магадгvй хэмээн бvгд тvгшиж байгаа Н5N1 вирусаас сэргийлэх энгийн нэг арга нь гараа сайн угааж байх гэж эмч нар зөвлөж байна лээ. Орос, Хятадад (тэр дундаа Өвөрмонголд)шувуу үхсэн тохиол бүртгэгдсэн шүү, нисдэг террористуудыг яаанийй.

Саддам ахыг цовдлохоор шүүх хурал зарласан ч 40 хоногоор хойшлох шив. Анх үй олноор хөнөөх химийн зэвсэг нууж байна гэж буруутган 21-р зууны Хитлер байж болох энэ дарангуйлагчыг унгаахаар АНУ дайрсан ч одоо түүнийг яллах 9 зүйл заалт нь 74-91 оны хооронд үйлдсэн үндэстний цөөнхийг нухчин дарж байсан тухайд байна. Магадгүй эргээд харахад шогтой юм шиг, саяхан сонгуулиар дэмжигдсэн шинэ Үндсэн хуулиар хуваагдан бутрах нь гарцаагүй боллоо гэж зөгнөгдөөд байгаа Иракийг хүчээр ч болтугай нэгтгэж байсан энэ улсын удирдагч дэлхийн тавцанд харин аймшигт дарангуйлагч гэхээсээ улс төрийн тоглоомын хүүхэлдэй ч шиг. АНУ үнэхээр л санаа зовсон бол их гүрний нөлөөгөө НҮБ мэтээр дамжуулж ашиглаад явсан бол ядахнаа хойшид нэр төртэй байхсан. Одоо гэтэл Америкчуудын хамгийн их толгой өвдөж байгаа асуудал нь Иракийн сунжирсан дайн болоод байгааг энэ долоо хоногт явуулсан олон нийтийн санал асуулга нь харуулж байх жишээтэй. Саддам ч овоогоо босгож, Буш ч шаазгайгаа илгээж дээ. Ямар үр дүнд хүрэв ээ гэдэг л чухал юм даа.

Хүмүүс өөрсдийгөө ертөнцийн төвд тавьсаар байгаад дасчихаж дээ. Хvн муурнаас харшилж, багтраа євчтэй болдог гэж үздэг байсан чинь Шотландын эмч нар муур хүнээс харшилж багтраатдаг гэж тогтоосон нэг хөгийн мэдээ байна. Муурнууд муурны эрхийг хамгаалах төвдөө хандмаар юм.

Хvний уураг тархи нь “хєдлєшгvй тогтсон” генетикийн бvтэц биш гэнээ. Уураг тархины vйл ажиллагааны vр нєлєєг дээшлvvлэхэд ген онцгой vvрэгтэйг шинэ генvvдийн тархаж байгаа хурд нь харуулж байна гэсэн дvгнэлтийг америкийн Чикаго хотын эрдэмтэд хийжээ. Генээ сайжруулахаар өнөөдрөөс гүрийсүгэй, эс тэгвэл муудаж бас мэдэх нь.

Монголоор юутайг сургалсан чинь дахиад нэг ДОХ-чин! 14 дэхь нь юм байх. Улаанбаатар маань шинэ мэртэй болсон байна. Хогноосоо л салаасай билээ. УИХ хавиар татварын нэг шатлалтай болгочих уу яахуу гээл үзээд байгаа болтой. Тэртэй тэргүй яаж ч өөрчилсөн одооныхоос дордоно л гэж лав байхгүй биз. Татвараа гэж…

Энийг бичиж байхад 80 үйл явдал өнгөрчихөж… 🙂 Болиийй, ерөөсөө явж унтлаа.

Continue Reading

Rummy Монголд ирнэ

АНУ-ын Батлан хамгаалахын сайд D. H. Rumsfeld ирэх долоо хоногт Хятадад айлчлахаар болжээ. Хамгийн сонирхолтой нь тэрээр Монголд бас очих юм байна. Rumsfeld мөн Өмнөд Солонгос, Казахстан, Литва зэрэг улсуудаар дайраад гарах бололтой. Өмнө нь Rumsfeld энэ үеэр Японд очих талаар яригдаж байсан бол, түүний төлөвлөгөө ийнхүү өөрчлөгдсөн байна.

Сүүлийн үед АНУ, Хятадын харьцаа нэг их сайнгүй байсан билээ. Мөн Дундад Ази дахь АНУ-ын байр суурь сүүлийн саруудад ихээхэн суларсан, тухайлбал АНУ Узбекистан дахь цэргийн базаа алдсан. Энэ утгаараа АНУ-ын Батлан хамгаалахын сайдын айлчлал ач холбогдол ихтэй байх нь ойлгомжтой. Тэр Монголд ямар асуудал ярих бол?

Reuters-ын мэдээ

Continue Reading

Бороо мөн global warming

Саяхан л би намар сайхан улирал, бүрхэг тэнгэр гоё шүү гээд хөөрөөд байсан биш юу юугүй жинхэнэ намар болдог байна шүү. Сүүлийн хэд хоног энд зогсоо зайгүй бороо орлоо, Нью Йоркийн тэнгэр уйланхай хүүхэд мэт л байна. Би бээр саяхан асар том хөрөнгө оруулалт хийж, шинэ шүхэр худалдаж авсны хэрэг ч гарч байна шүү, шүхэргүй явалтгүй байгааг хэлэх үү… Одоо нэг борооны цувтай болчихвол ч… бонд гаргадаг юм уу гэсэн, 😀

Гэснээс, АНУ-ын National Oceanic and Atmospheric Association (NOAA) хэмээх байгууллагын эрдэмтдийн үзэж буйгаар, жил ирэх тусам дэлхийн цаг агаар хэлбэлзэл ихтэй болж байгаа гэнээ . Өөрөөр хэлбэл, цаашдаа цаг агаарын аюултай үзэгдэл ихэсч, хуй салхи, шуурга, ган зуд тохиолдох магадлал эрс өндөр болно гэсэн үг. Зарим эрдэмтэд үүнийг геологийн шинэ эрин хэмээж ч байна. Хэдий хүмүүс уг үзэгдлийг global warming-тэй шууд холбож тайлбарлахаас зайлсхийж байгаа ч, дэлхийн цаг уурын өөрчлөлт үүнд ихээхэн нөлөөлж байгаа талаар хэвлэлээр их ярих болов.

Монголын цаг агаар, байгаль орчинд global warming хэрхэн яаж нөлөөлж байгаа талаар судалгаа хийгдэж байгаа болов уу? Далайд гарцгүй юм чинь манайд ямар ч байсан Катрина шиг аюул учрахгүй нь ойлгомжтой… гэхдээ ган ч бас хэцүү шүү… Ус ихэдвэл нэг хэцүү, багадвал нэг хэцүү… хэцүү ч юмаа даа. Дээрээс нь цөлжилт гэж нэг аюул байна…

Ямар ч байсан global warming-ийн эсрэг тэмцэлд өөрийн хувь нэмрээ оруулахын тулд аль болох эрчим хүч хэмнэж, нийтийн тээврээр зорьчиж, мод тарих хэрэгтэй байх… Яанаа, өрөөнийхөө гэрлийг унтраал уу яалаа?

Continue Reading

Айдас

Нью Йоркод амьдрах түгшүүртэй болсон юм шиг… Al Qaeda Нью Йоркийн нийтийн тээвэрт халдаж болзошгүй байна гэдгийг сонсоод өөрийн эрхгүй метрогоор явахаас нэг л зүрхшээдэг боллоо. 911-ын дараа тэнгэрт онгоц харахаар эвгүй оргиод байсан биш одоо том цүнх барьж яваа хүн бүр террорист мэт харагддаг болох нь… Түрүүн салют буудахад хүртэл учиргүй сандарч, хаана юу тэслээд унав аа гэж бодож эхэлж байна лээ шүү.

Террористууд Нью Йоркод дахин халдсан халдаагүй, тэд өөрсдийн зорилгыг гүйцэтгэсэн мэт. Тэд айдас төрүүлж чадсаар байна, тэд хүмүүсийг байнгын түгшүүрийн байдалтай байлгасаар байна. Магад тэдний гол зорилго энэ ч байж болох. Аймаар юм.

Continue Reading

Энэ зуны онцлох үйл явдлууд

Улс төр, эдийн засаг:

– МАХН, АН-ын ажлын хэсгүүд хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа
– Ардчилсан Нам УИХ-д бие даасан бүлэг байгууллаа
– Н. Энхбаяр Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдож, Н. Энхболд МАХН-ын дарга боллоо
– Fitch манай улсын sovereign rating-г B+ болголоо
– “40,000 орон сууц” хөтөлбөртөй холбоотой зарим хууль тогтоомж УИХ-аар батлагдлаа
– Интернетэд холбогдох утасны үнэ хямдарлаа
– “Монгол Шилтгээн” ХК хувьцаа гаргаж, Монголын хөрөнгийн зах зээлийн анхны IPO-г гүйцэтгэлээ

Бусад:

– Монголын тамирчид Эверестийн оргилд хүрлээ
– Г. Өсөхбаяр далай аварга цол хүртлээ
– Болд “Хайрын хүч” цомгоо гаргалаa, 😀
– Хар хорхойн нүүдэл Улаанбаатарыг дайрлаа

Мөн би буржгар үстэй болов гэсэн, 🙂

Continue Reading

Сонгууль

Анхны удаа ерөнхийлөгчийн сонгуульд санал өгч үзлээ. Харамсалтай нь миний дэмжсэн хүн ялсангүй… Уул нь бүтэн сайны өглөө сүр дуулиантайгаар М. Энхсайханы нэрийг дугуйлчихаад явсан юм. Гэхдээ яах вэ… ялагдах нь ялалтын эхлэл байдаг гэдэг тул нэг их сэтгэлээр унаад байх нь хаашаа юм. Ямар ч байсан Н.Энхбаяр нэг жилийн дотор Ерөнхий Сайд, УИХ-ын Дарга, Ерөнхийлөгч гээд Монгол Улсын төрийн өндөрлөг бүрийг эзэгнэчихлээ шүү… тэр айгүй л бол бяцхан рекорд тогтоосон байх, Гиннес энэ тэрт хандмаар юм гэсэн.

Сонгуулийн урьдчилсан дүн:

МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаяр 53.46%
АН-аас нэр дэвшигч М.Энхсайхан 19.76%
БНН-аас нэр дэвшигч Б.Жаргалсайхан 13.92%
ЭОН-аас нэр дэвшигч Б.Эрдэнэбат 11.49%

Хот хөдөөгөөр нь салгавал:

Н.Энхбаяр – хєдєє /52.53/ , нийслэлд /58.71/
М.Энхсайхан – хєдєє /20.9/, нийслэлд /17.57/
Б.Жаргалсайхан – хєдєє /12.61/, нийслэлд /16.47/
Б.Эрдэнэбат – хєдєє /12.44%/, нийслэлд /9.67%/

Сонгуулийн дүнд нутгийн фактор асар хүчтэй нөлөөлдөг нь илэрхий байна. М. Энхсайхан нийт сонгогчдын 20 орчим хувийн саналыг авсан бол тэрбээр Дорнодын ард иргэдийн 33.53 хувийн дэмжлэгийг хүлээжээ. Эрдэнэбат Хөвсгөлөөс гаралтай бөгөөд тэрээр нутгийнхаа сонгогчдын 39.87 хувийн саналыг авсан нь түүний дундаж үзүүлэлтээс 4 дахин том тоо юм. Жаргалсайхан Булганд 34.64 хувийн санал авсан нь мөн түүний дундаж үзүүлэлтээс хэд дахин их байна. Харин Н. Энхбаярын хувьд нутгийн фактор нэг их нөлөөлөгүй бололтой… тэрээр Архангайд “ердөө” 57.09 хувийн санал авсан байна. Архангай уугаасаа их цэнхэр аймаг бөгөөд тэнд Ардчилсан нам суурь сайтай нь Ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн бизээ. Энхбаяр Увсын сонгогчдын 70.2 хувийн саналыг авсан нь энэ сонгуулийн хамгийн өндөр үзүүлэлт байлаа.

Эрдэнэтийн дүн бас их сонирхолтой санагдлаа. Тэнд Энхбаяр хамгийн бага буюу 42.49 хувийн санал авсан байна. Энхсайханы санал 15.06 хувьтай тэнцсэн бол Жаргалсайхан Эрдэнэтэд их эрэлттэй байсан бололтой – 29.81 хувь. Эрдэнэтэд ямар сурталчилгаа хийгдсэн юм бол доо, тэндхийн дүн улсын дунджаас нэлээн зөрсөн байх чинь…

Энэ зун хотынхон бас дахиад нэг сонгуулийн хөлд дарагдах нь дээ – Н. Энхбаярын УИХ-ын тойрогт дахиад сонгууль явагдах болно. 2000 он болон 2004 оны УИХ-ын сонгуулиар тэрбээр Баянгол дүүргээс сонгогдсон бөгөөд түүнтэй Баянгол дүүргийн Ардчилсан Намын дарга С. Эрдэнэ өрсөлдсөн. Энэ удаад юу болох бол? Сонин хэвлэлээр С. Эрдэнэ versus С. Баяр гэх хувилбар яригдаад байх шиг байна… харж л байхаас.

Бусдаар бол Энхбаяр Ерөнхийлөгчийн засаглал гэх мэтээр янз янз болохгүй бол барав… Сонгуулийн сурталчилгааны үеэр Жаргалсайхан, Эрдэнэбат хоёр лав юу юу яриад байв аа? Жаргалсайхан учиргүй зэвсэгт хүчнийг командлаад засгийн эрхийг гартаа авах нь холгүй юм ярьж явсан бол Эрдэнэбат Путин юм уу Ху Жинтао мэт удирдагч байхыг эрмэлзэнэ гэх шиг болсон. Энэ хоёрын нэг сонгогдчихсон бол бүр балрахгүй юу…

PS: сонгуулийн дүнгийн мэдээг olloo-гоос авав.

Continue Reading

Ялалтын баяр

Өчигдөр Ялалтын баярын 60 жилийн ой тохиолоо (Ялалтын баяр гэнгүүт толгойнд үлгэрийн орос марш яваад унах юм, далий юм аа). 5 сарын 9-нийг Ялалтын баярын өдөр гэх нь зарим талаар өрөөсгөл санагддаг юм: хэдэн арван сая хүний амь насны үнэтэй ялалтыг баяр хэмээн тэмдэглэх нь дэндүү гунигтай мэт. Нөгөө талаас, энэхүү ялалт дахиад хэдэн арав, магад хэдэн зуун сая гэм буруугүй хүний амийг аварсныг санаж явахын тулд бид тэмдэглэх хэрэгтэй л дээ. Гэхдээ л хайран амь нас… Энд бид нэг аймшигт дайн дууссан баярт өдрийг дурсаж суухад дэлхийн хаа нэгтээ хүмүүс бие биенээ хөнөөсөөр л байгаа нь даанч харамсалтай…

Юутай ч, 60 жилийн ойг тохиолдуулж Оросууд сайхан шоудах шиг боллоо. Москвад дэлхийн удирдагчдын хэдэн хувь нь ч цуглачихав даа: George W. Bush, Gerhard Shroeder, Jacques Chirac, Hu Jintao, Junichiro Koizumi, etc… Мөн манай Багабанди ёслолын цэнгүүнд хамрагдсан гэх шиг болно лээ. Сонирхолтой нь, Эстониа болон Литвагийн ерөнхийлөгчид эсэргүйцэл илэрхийлэх үүднээс Москвагийн баярт ирээгүй гэнээ. Харин Латвийн ерөнхийлөгч хүндэтгэл үзүүлэх нь зүй хэмээн шийдсэн бол Грузийн шинэхэн ардчилагч Саакашвили мөн очоогүй юм байх. Ялалтын баяр зарим улс орнуудад эрх чөлөө бус боолчлол авчирсныг санаж явахад илүүдэхгүй мэт.

Гэснээс, Путин Буш хоёрын энэ зураг классик болох байх шүү:

Путин & Буш

Continue Reading

Английн сонгууль

Английн парламентын сонгуульд Тони Блэйр болон Лэйбористууд дахин балай авав. Лэйбор нам парламентын сонгуульд ийнхүү гурав дахь удаагаа ялсан нь Английн хувьд “түүхэн мөч” юм байх. Учир нь 1900 онд анх байгуулагдснаасаа хойш Лейбор нэг ч удаа сонгуульд гурав дараалж ялж байгаагүй гэнээ. Лэйбористууд Тони Блэйрийн удирдлаган дор 1997, 2001 он мөн саяны сонгуульд тус тус ялалт байгуулж, намынхаа мөн Английн түүхэнд рекорд тогтоосон байна.

Ноднин Иракын асуудал ид өрнөж байх үед Лэйбористууд орон нутгын сонгуулийг алдаж орхисон. Энэ удаад ч мөн адил Ирак сонгуулийн дүнд тодорхой хэмжээнд нөлөөлсөн бололтой. Түрүүчийн парламентад Лэйбор бусдаасаа 161 суудлаар илүү байсан бол энэ удаад тэдний давамгайлал үлэмж сулрав. Гэсэн хэдий ч Лэйбор олонхи болж дөнгөсөн тул өнөөдөр тус намын тэргүүн Тони Блэйр дахин Ерөнхий Сайдын сэнтийд заларлаа (өнөөдөр мөн түүний төрсөн өдөр бөгөөд тэрбээр тавин хоёр нас хүрч байгаа гэнээ). Английн ард түмэн түүнд маш аятайхан төрсөн өдрийн бэлэг барих шиг боллоо.

Тони Блэйр

Гэвч Лэйборын ялалт зарим талаараа ялагдлын шинжтэй байлаа: тэд нийт саналын ердөө 36 хувийг авсан бол тэдний гол өрсөлдөгч Консервативууд 33 хувь, гуравдагч хүчин болох Либерал Демократууд нийт саналын 23 орчим хувийг авсан байна. Гэхдээ цэвэр суудлын харьцааны хувьд Лэйбор шууд олонхи болчихож байгаа юм. Английн парламентын сонгууль манай одооны УИХ-ын сонгуультай адилхан зарчмаар явагддаг бөгөөд тухайн тойрогт бусдаасаа олон санал авсан нэр дэвшигч ялалт байгуулах дүрэмтэй. Зарим хүмүүс уг тогтолцоог шудрага бус хэмээн шүүмжилж байгаа бөгөөд манайд ч гэсэн сонгуулийн хуулийг өөрчлөх асуудал хурцаар тавигдах болсон билээ.

Сонгуулийн урьдчилсан дүн гарсны дараахан Консерватив намын дарга Michael Howard огцрохоо мэдэгджээ. Жаран гурван настай Howard, “би дараагийн сонгууль хүртэл намаа тэргүүлэхэд хөгшдөж байна” хэмээсэн байна. Консерватив намын сонгуулийн сурталчилгаа хэтэрхий сөрөг, Блэйр уруу дайрч давшилсан өнгө аястай байсан тул тэд ард түмэнд эерэг сэтгэгдэл төрүүлж чадаагүй хэмээн хүмүүс Howard-ыг шүүмжилжээ.

Манайд ч бас сонгуулийн сезон эхэлчихсэн, улс төрийн уур амьсгал хурцадмал байгаа бололтой. Юу болох бол?

Continue Reading

Улсын шалгалт

Арван жилийн сурагчдаас авах улсын шалгалтын асуултуудыг хальт гүйлгэж харлаа. Оллоо сайтын мэдээлснээр, “энэхvv шалгалтын асуултууд нь сурагчдад гарын авлага, сургуулиудад шалгалтын жишиг болох” ёстой гэнэ. Сургуулиуд эдгээр асуултуудын хүрээнд өөрсдийн шалгалтын сэдвийг зохиох юм байна. Эндээс асуултуудыг уншина уу.

10-р анги төгсөгчдийн нийгмийн ухааны шалгалтын асуултуудыг уншив. Зарим нэгэн асуултууд:

3. Хvний vvсэл, тvvний мєн чанар, бие хvн ба хувь хvний ялгааг гаргах

Хүний мөн чанар гэдэгт юу гэж хариулах вэ?

34. Ядуурлын шалтгаан, ангилал тvvнийг бууруулах арга замыг тодруулж дvгнэлт єгєх

Ядуурлыг бууруулах арга замыг ганц хоёр цагийн дотор тодруулчихдаг бол гоё л байна гэсэн… 😀

79. Монголын эдийн засгийг єєрчлєх шалтгаан єєрчлєлтийн агуулгыг тайлбарлан жишээ гаргах

Хаанаас эхлэх вэ?

Шалгалтын формат яг ямар байхыг сайн мэдэхгүй байна л даа, гэхдээ эдгээр сэдвүүдээр эссэ бичих ёстой гэж ойлгогдлоо. Эсвэл амаар юм болов уу? Ямар ч байсан зарим нэгэн асуулт нь хэт ambitious санагдав… Юу гэж бодож байна?

PS: Шалгалт гэснээс яг 72 цагийн дараа нэг асар чухал paper хураалгах ёстой байдаг… Энэ уикэнд ч зугаатай өнгөрөх нь л дээ. Гэхдээ өнөөдөр Монгол явах тийзээ авах тул.. it’s all good.

Continue Reading