What are we doing anyway? And thinking?

Зарим юмнуудыг худлаа гэмээр санагдаад болдоггүй:

Ардчилал – энэ бол үнэндээ коммунизмаас ялгаагүй утопи үзэл юм байна. Хүн төрөлхтөн оршин тогтнолынхоо туршид хоёрхон нийгмийн тогтолцоог бий болгож чадсан бөгөөд тэр нь:

1. Эгалитар нийгэм – хүн бүр ижил хэмжээний эрх мэдэлтэй. Одоо ийм нийгэм үлдээгүй.
2. Клептократ нийгэм – хэсэг бүлэг цөөнхи илүү их эрх мэдэлтэй. Одоо бүх нийгмүүд ийм. Гагцхүү клептократууд өөрсдийнхөө байршлыг яаж зөвтгөж байгаа нь л ялгаатай (жишээ нь ардчилал). Бодит байдал дээр тэд мэдээлэл болон зохион байгуулалтын давуу байдлаас өөр суурьгүй. Энийг авилга гэж нэрлэж болох.

Чөлөөт зах зээл – яг адилхан. Yнэндээ ийм юм байгалд байдаггүй. Бодит байдалд өрсөлдөөн хэзээ ч тийм нөхцөлд явагддаггүй. Шалтгаан нь мөн л мэдээлэл, зохион байгуулалтын тэгш бус байдал. Орчин үеийн эдийн засагт хоёр гол асуудлыг шийдэх нь жинхэнэ мөн чанар нь:

1. Хүнсний илүүдэл. Аж үйлдвэржсэн нийгэмд нэг хүнс үйлдвэрлэгч 20 хүртэл илүүдэл хүн тэжээж чадна. Тэр хүмүүсээр юу хийлгэх вэ – ажил эрхлэлтийн асуудал.
2. Аж үйлдвэрийн чадавхийн илүүдэл. Аж үйлдвэрт нэгэнт хамаагүй их хүн ажилладаг учраас тэд юу хийх вэ гэдэг асар том асуудал байна. Хүнс хүний тоонд хязгаарлалт тавих тул хэрэглээний чанартай үйлдвэрлэл заавал хязгаартай. Асуудлыг гарууд байлдааны буюу дэд бүтцийн байгууламжаар шийддэг. Байлдааны онгоцнууддаа зориулж энд тэнд зурвас зам тавих гэх мэт.

Дээрхи ажиллагаануудыг (клептократийн зөвтгөл, илүүдлээ эргэлтэнд оруулах) хийхийн тулд тодорхой хэмжээний технологи шаардлагатай. Аль илүү технологитой нь бусдыгаа устгадаг (бүр устгах, эсвэл өөртөө нэгтгэх). Тийм болохоор технологийн ширүүн өрсөлдөөн явагддаг. Энэ өрсөлдөөн ширүүсэх юм бол бүгдээрээ устах аюултай.

Энэ аюул хэнд ч ойлгомжтой болохоор зарим “дээд төвшний” клептократууд асуудлыг өөрийнхөөрөө шийдэх программ аль хэдийн гаргаад хэрэгжүүлж байгаа нь найдвартайгаас гадна улайм цайм харагдаж байна. Тийм болохоор байдал одоогийн янзаар удаан үргэлжилнэ гэдэг бол худлаа. Шинээр бий болох хүн төрөлхтөний дунд мань мэтэд (Монголчуудад) зай бэлдсэн байгаа гэвэл бүр ч худлаа. Хатуу ширүүнээр үзэлцэж байж билетээ авах болох байхдаа. Анхаарлаа үүнд хандуулж, харийнхны янз бүрийн тархины угаалтанд өртөхөө больцгооё.

We have nothing but our fears to lose. We have a future to win! 😀

Continue Reading

С пятачка!

Зурагтаар Олимп гарсаар л… Монголын гурван телевиз Олимпийг шууд дамжуулах эрх авсан бөгөөд манайхан Олимпийн аварга тамирчдаас ярилцлага авч бариад балай авч байна аа. Юм хөгжинө өө гэж…

Би өвлийн Олимпоор эрэгтэй хоккей, уран гулгалт хоёрыг л үзэхийг боддог юм. Бусдыг нь ямар ойлгох биш… керлинг, бобслей энэ тэр гээд тас далий нэртэй спорт асар олон наасан. Энэ өвөл ганц удаа цанаар гулгах завшаан гарсан биш харин цана бас хальт сонирхолтой харагдаад байгаа. Гэхдээ л хоккейг хүлээж байлаа. Өчигдөр Оросууд Словакуудад 3:5-аар хусуулчихсан гэж сонсоод өнөөдрийн тоглолтыг заавал үзнэ гэж байгаад үзлээ л дээ. Тэгсэн харин ч нэг тасархай тоглолт үзчихдэг юм даа, Оросууд Шведуудыг жинхэнэ будаа болгодог байна шт: 5-0. Би Олимпоос бусад үед хоккей үздэг биш, нарийн ширийн асуудал, тоглогчдын ур чадвар энэ тэрийг сайн мэдэхгүй… гэхдээ л гоё санагдав. Уг тоглолт Орбит, ТВ5 хоёрын аль альнаар нь шууд гарч байсан болохоор суваг солиод нэг Орос тайлбартай, нэг Монгол тайлбартай үзээд суугаад байлаа. Оросуудын комментарий асар сэтгэлийн хөдөлгөөнтэй сонсогдоно лээ – юу юугүй “ну давайте, ребята” гэж ирээд л, ойрд сонсоогүй сонин байна лээ шүү. Харин Монгол тайлбарлагчид хальт сул санагдсан, ер нь цаашдаа манай телевизууд спортын тэмцээн шууд дамжуулахдаа тайлбарлагч нартаа анхаарал тавих хэрэгтэй юм шиг.

Нэлээн олон Орос хоккейчид NHL-д тоглодогийг хэлэх үү, Оросын баг “NHL-ынхан” ба “домашние” гэж хоёр хуваагдаад байх шиг байгаа юм… Бүр болоогүй, “дотоодын” гар гол хийхэд тайлбарлагч нь илүү ихээр баярлаад байгаа юм биш үү. Оросууд АНУ-ын багтай тоглоход Оросын “NHL-ынхан” юу юугүй өөрсдийнхөө багийн гишүүдийн эсрэг тоглож таарна, тэгэхээр бас л эвгүй. Спорт ийм аймаар “глобалчлагдаж” байгаа үед Олимп цаашдаа оршин тогтносоор байж чадах болов уу? Эсвэл бүр утгаа алдчих юм болов уу?

Continue Reading

Шинэ блог!

Сайн байцгаана уу! Нэг ийм бодрол толгойнд орлоо:

Тухайн нийгмийн хамгийн дэвшилттэй, нөлөө бүхий бүлэглэлүүдээр нь хөгжлийг нь хэмжиж болох бус уу? Жишээ нь 15 зууны Хятадад тийм бүлэглэл нь ордны тайганууд байсан байна. Харин 1930-аад оны Германд популистууд, аж үйлдвэрийн эзэд байсан гэж болох байх. Үүнийг шууд Монгол дээр эртнээс нааших хувьсалтай нь тохируулж харвал иймэрхүү зураг гарах юм болов уу?

– Малчид, Цэргүүд (МЭЄ 3 зуунаас – 1600 аад он хүртэл)
– 150 жил орчил
– Малчид, Лам нар (1750-1911)
– 40 жил орчил
– Коммунистууд (1950-1990)
– 20 жил орчил
– Уурхайчид (2010?-2050?) 2010 орчим онд Оюу Толгой, Таван Толгойн уурхайнууд ажиллаж эхлэхэд эхлээд 2050 орчим онд том уурхайнууд нөөцөө барж дуустал үргэлжилнэ.
– Орчил гээд байх юм бараг байхгүй байна.
– Санхүүчид, Фермерүүд (2050?-2070?) Уурхайнуудаас олсон мөнгөө ийш тийш хийх нь чухал болно. Хүн ам эрс өссөнөөс болж уурхай, хотуудаас бусад бараг бүх газар фермүүд болно.
– 20 жил орчил? Хамгийн сайн, цэргүүд, эрдэмтэдийг бэлдэхийн тулд нэг үе зарах хэрэгтэй.
– Цэргүүд, Эрдэмтэд (2090?-2140?) Ийш тийш хийсэн мөнгөө хамгаалах үүднээс хүчирхэг зэвсэгт хүчинтэй болохоос өөр аргагүй. Тийм зэвсэгт хүчинг тордохын тулд шилдэг эрдэмтэдтэй болох хэрэгтэй болно.

Yүнээс цааш яах нь тодорхойгүй. Цэрэг, эрдэмтэдийн үед ямар ч байсан дайн хийх болно. Тэр дайнд ялсан, үгүйгээс бүх юм шалтгаална. Ялагдах юм бол буцаад коммунистуудын төвшинд шидэгдэнэ. Ялах юм бол шинэ төвшинд гарна – ямар юм бүү мэд. Гэхдээ магадгүй шинээр дийлж эзэлсэн юмсаа хянах засаг захиргаа хэрэгтэй болох байх, тийм бол Бюрократууд, Хөрөнгөтөн гэсэн шинэ давхаргууд хүчээ авах боломжтой.

Мэдээж дээрх хувьсалын шат бүрд эрсдэл маш их. Жишээ нь Коммунистуудыг гарч ирэхээс өмнө арчигдах шахсан. Ойрын ирээдүйд Цэрэг, Эрдэмтэд хүрэх холбоог таслах үүднээс урдчилсан дайн бидний эсрэг хийж магадгүй. Ямар нэг байдлаар хийгээд эхэлчихсэн ч байгаа байх. Тэсч үлдэх бидний хоншоороос шалтгаална? кеке

Continue Reading

Буш & Путин

Яагаад ч юм Нью Йоркод хэдэн жил амьдрахдаа АНУ-ын Ерөнхийлөгчийн State of the Union address-ыг ТВ-ээр ер үзэж байгаагүй юм байна лээ, зурагтгүй амьдардаг байсныг хэлэх үү… тэгсэн өчигдөр Eagle TV-ийн сувгаар Fox news Бушийн яриаг шууд дамжуулж байдаг байгаа, гайхсан гэж. Eagle-ээр Fox news гарч байна гэж бодохоор нэг л сонин санагдаад байгаа юм: сүүлийн үед Eagle чинь манай хамгийн либерал ТВ-ээр тодроод байгаа, гэтэл Америкийн хамгийн консерватив ТВ-тэй түнш байж таардаг…

Буш ч яахав, ойлгомжтой, ярьдаг юмаа л ярьж байгаа харагдана лээ. Нэг талаас нь эрх чөлөө, ардчилал гэх мэтийн чихэнд сонсголонтой үгс урсгаад, нөгөө талаас нь терроризм, muslim fundamentalism-аар баахан айлгаад ярианыхаа талд нь орчихож байна билээ. Энэ удаад Буш нэлээн гадагшаагаа чиглэсэн байрын асуудлуудыг хөндөж ярьсан нь түүний State of the Union аddress-ын онцлог байсан болов уу. Юутай ч, тэрээр “America is addicted to oil” хэмээн цохон тэмдэглэсэн нь их олон хүний анхаарлыг татах шиг болсон. Буш хэлэхдээ, “Газрын тосны хэрэглээгээ эрс багасгаж, alternative energy sources судлах замаар 2025 гэхэд Ойрхи Дорнодоос импортлож буй газрын тосны хэмжээг 75 хувиар буруулах зорилт тавьж байна” гэж байлаа.

Capitol Hill дээр Бушийг иймэрхүү зүйл ярьж байх зуур Кремльд Путин сэтгүүлч нарын асуултанд хариулж байв. Сонирхолтой нь Путин бараг шувт энергетикийн салбар, нефть бүтээгдэхүүний талаар ярьлаа. Энэ салбар дахь ОХУ-ын боломж, Европын зах зээлийг найдвартай энергийн эх үүсвэрээр хангах явдал, Украинаар дамжиж буй байгалийн хийн хоолой, атомын технологийг эрчим хүч боловсруулахад ашиглах нь гэх зэргийн асуудлуудаар Путин өөрийн байр суурийг сэтгүүлчдэд танилцуулжээ. Хэрэв нефтийн өндөр үнэ АНУ-ын хувьд томоохон бэрхшээл болоод байгаа бол ОХУ-ын хувьд харин ч эдийн засгийг нь босгох цорын ганц хүчин зүйл болоод байна. Энэ нь зөвхөн ойрын хугацааны асуудал гэдэг нь ойлгомжтой ч, хоёр Ерөнхийлөгчийн яриа тун сонирхолтой байдлаар огтолцлоо шүү…

Улс төрчдийн яриа гэснээс, өнөөдөр зурагтаар “Эх орон” намын нэг нөхөр гарч байна аа. Зайлшгүй шаардлага гарсан биш Эрдэнэбат нэг бачкад шинэ костюм өмсүүлээд, ярих юмыг нь зааж өгөөд ТВ руу явуулсан бололтой. Тэгсэн манай хүн яасан байхав, жинхэнэ явуулын онигоо болдог байна шт. “Шинэ ЗГ-ын талаар танай нам ямар байр суурьтай байна вэ?” гэж сэтгүүлч асуухад, “Манай хамт олон (манай компанийн хамт олон гэж ярьсаар байгаад сурчихсан бачка таарсан уу яасан) өчигдөр хуралдсан. МАХН шиг туршлагатай улс төрийн нам биднийг ингэж дээрэлхэж болохгүй ш дээ” ухааны юм ярьж энэ тэр, үлгэр болсон л доо. Маргааш бас дахиад л наян юм болох шинжтэй болоод явчихлаа… зугаатай ч юм уу, эмгэнэлтэй ч юм уу?

Bush’s State of the Union Address
Пресс-конференция Путина

PS: өнөө шөнө Улаанбаатарт -36 хэм хүйтэн байгаа гэнээ…

Continue Reading

Өнөөдөр — маргааш

Ямар ч байсан Монгол Улс шинэ Ерөнхий Сайдтай болж, улс төрийн тодорхой бус байдлаас хэсэгхэн хугацаанд ч гэсэн гарав бололтой. Энэ ч яахав, угаасаа ойлгомжтой болчихсон байсан зүйл. Харин сая хальт орос сонин (www.gazeta.ru) хараад сууж байтал асар сүржин нэртэй линк нүүр хуудаснаа тавьчихсан байгаа харагдав: “Коммунисты вернулись к власти в Монголии.”

Энэ гарчигийг хараад бодлоо л доо. Цагийн сайханд хамгийн сайн сайхан бүхнийг билэгддэг байсан “коммунист” гэсэн үг өнөө үед хамгийн муу муухай хараал болон хувирчээ. Гарууд нэг нэгнийгээ муулахараа “тэр улаан коммунист”, “коммунистууд тэгж л таарна”, “муусайн коммунистууд” гэх мэтээр урсгаж гарна. Гудамжинд жагсаж байгаа хүмүүс нь ч тэр, УИХ-д суугаа гишүүд нь ч тэр сав л хийвэл хамаг бурууг коммунистууд руу чихэж, тэднийг л чичлэнэ. Гэтэл хэдхэн жилийн өмнө коммунист гэж хэлүүлэх нь хамгийн сайхан магтаал байсан бус уу? Юмс өөрчлөгдөнө гэж… хурдан юм. Хэсэг хугацааны дараа айгүй л бол “муусайн ардчилагчид” гээд сууж байна даа. Өнөөдрийн үнэн маргааш худал болдог нь жам ч юм уу?

Маркс, Энгельс, Энхболд

PS: Энэ оросууд Элбэгдоржийн нэрийг алаад хаячихжээ: Тсахьяджин Элбегдордж гэнүү. Хөөрхий минь, англиас хөрвүүлсэн юм байлгүй, уул нь адилхан үсгээр л бичдэг юмсан… больжээ.

Continue Reading

Breaking news

Яг одоо Төрийн ордонд Улсын Их Хурал Элбэгдоржийн Засгийн Газрыг огцруулах тухай асуудлыг авч хэлэлцэж байна. Нэг намын удирдах зөвлөлийн шийдвэрээр ийнхүү төрийн эргэлт хийж болдог л юм байна. Хэдий МАХН асуудлыг хуулийн хүрээнд шийдэж байна гэж ярьж байгаа боловч тэд яах аргагүй өөрсдийн эрх ашигт нийцсэн байдлаар төрийн эргэлт хийж, улмаар улс орныг тогтворгүй байдалд оруулж байна гэдэг нь ойлгомжтой байна.

Надад нэг зүйл маш гайхалтай санагдлаа. Элбэгдоржийн Засгийн Газрын олонхи нь МАХН-ын гишүүд. Иймд МАХН-ын удирдах зөвлөл Засгийн Газрын үйл ажиллагааг хангалттай бус хэмээн дүгнэж байгаа тохиолдолд МАХН өөрөө тодорхой хариуцлага хүлээх ёстой бус уу? Тэд өөрсдөө ажлаа хийж чадаагүй гэдгээ хүлээн зөвшөөрөөд огцорч байна гэж ойлгохоос өөр арга алга. Тэгсэн хэрнээ МАХН-ын нөхөд Ардчилсан Намын үйл ажиллагаанаас болж ард түмний амьдрал доройтож, улс орон хямарч байна гэж ярьж байгаа нь үнэндээ гайхшрал төрүүлж байна. Өөрсдөө дарга цэрэг болох гэж зүтгэхээрээ “Ард түмний амьдрал сайжирч байна, эдийн засгийн өсөлт сайн байна” гэж ярьдаг хэрнээ улс төрийн хувьд ашигтай болоод ирэхээр нь “Ард түмэн ядуурч байна, нийгэм доройтож байна” гэж ярихаа болих хэрэгтэй баймаар юм. Энэ бүхний цаана бодит амьдрал, бодит хүмүүс байгаа гэдгийг тэд ухамсарлах чадваргүй хэрэг үү?

Бас нэг гайхшрал төрүүлээд байгаа зүйл нь хэвлэл мэдээллийнхний асуудалд хандаж буй байдал байна. УИХ-ын хуралдааныг ганц Eagle TV л шууд дамжууллаа. Энэ үед бусад ТВ-ээр сумо гарч байгааг юу гэж ойлгох вэ? Улс орны хувьд маш чухал үйл явдал болж байхад ард түмнээрээ сумо үзээд баясаад сууж байх хэрэг үү? Манай сэтгүүлчид ийм мэдрэмжгүй байна гэж үү эсвэл тэд дарамт шахалтанд ороод байдаг юм болов уу? УИХ-д юу яригдаж байна, гишүүд асуудалд ямар байр суурьнаас хандаж байна гэдгийг бид мэдэх эрхтэй баймаар юм.

УИХ уг асуудлыг авч хэлэлцэж байх үед Сухбаатарын талбай, МАХН-ын төв байр хавь орчимд хүмүүс олноороо жагсаж, МАХН-ын шийдвэрийг эсэргүйцэж байх шиг байна. Саяхан нийтийн тээврийн үнэ нэмэгдсэн нь хүмүүсийг бухимдуулаад байсны хажуугаар төрийн хэмжээнд ийм үйл явдал болж буй нь гал дээр тос нэмэх шиг боллоо. Улс төрчид ийнхүү тогтворгүй байдлыг зохиомлоор дэврээж буй нь үнэндээ харамсалтай байна. Бидний хувьд хамгийн чухал нь хийж бүтээх, бодит үр дүнд хүрэх л байна шүү дээ. Улс төр, нийгмийн хувьд тогтвортой байж л бодит зүйл хийгдэнэ. Гэтэл төрийн түшээд нь хэрэлдээд, сав л хийвэл улс төржөөд байх юм бол Монгол Улс яаж хөгжих юм бэ?

Үнэн хэрэгтээ 2004 оны УИХ-ын сонгуулиар Монголын ард түмэн их ухаалаг шийдвэр гаргаж, хоёр улс төрийн хүчинд зайлшгүй хамтран ажиллах шаардлага тавьсан. Зөвшилцлийн Засгийн Газар ийм л учиртай байсан. Гэтэл МАХН хамтран ажиллах хүсэлгүй, чадваргүй гэдгээ сая нотлох шиг боллоо. Нэгэнт нөхцөл байдал ийм байхад Засгийн Газартайгаа хамт Улсын Их Хурлаа тараах хэрэгтэй санагдах юм.

Болж өнгөрч буй үйл явдлыг телевизээр ажаад сууж байхад нэг иймэрхүү л сэтгэгдэл төрж байна. Уул нь Бодролыг аль болох улс төр болон элдэв хэрүүл маргаанаас хол байлгахыг хичээдэг ч, энэ удаад үнэндээ биеэ барьж чадсангүй… Энэ хүмүүсийн толгой нь хаана байна вэ?

PS: Оn a positive note, Улаанбаатарт өчигдөр шинэ оны анхны цас ороод, хот маань асар царайлаг болчихлоо. Энэ бүхнийг мартаад гарч цасаар байлддаг юм уу гэсэн, 😀

Continue Reading

Gamers united

Зах зээлээ гэж… бас л агуу юм аа. Ebay дээр Britney Spears-ын зажилсан бохийг зарах бол энүүхэнд юм байна. Цаана чинь гарууд онлайн тоглоомнуудынхаа баатаруудыг зардаг гэж байна шүү. Бүр бүхэл бүтэн зах зээл байдаг юм байх. Жишээ нь, Warcraft-ын Level 60-д хүрсэн account-ын ханш хэдэн зуун доллар байдаг бөгөөд тэр түвшин хүртэл тоглож цагаа үрэхийг хүсдэггүй баян gamer-ууд ийм бэлэн account худалдаж аваад, цааш нь үргэлжлүүлж тоглохыг боддог гэнээ. Бодвол хэцүү газраас эхлэх нь тэдэнд кайфтай байдаг юм байлгүй.

Угаасаа оnline gaming асар том зах зээл тул ийм төрлийн наймаа хөгжих нь ойлгомжтой байх л даа. Том том компаниуд хүртэл албан ёсны virtual property биржууд байгуулж эхэлсэн юм байх. Гарууд юу юугүй баатаруудаа зарж, худалдаж авч энэ тэр… яг л бараа таваар шиг. Хамгийн сонирхолтой нь Хятадууд асуудлыг шал өөр өнцгөөс харж, ийм төрлийн “бүтээгдэхүүн” үйлдвэрлэдэг бичил үйлдвэрүүд олноор нь байгуулах болжээ. Хэдэн компьютер авч интернетэд холбоод, тоглоом тоглох дуртай хэдэн залуусыг цалинжуулаад л болоо. Хятадад ажлын хөлс хямдыг хэлэх үү, Starcraft-ын алт асар хурдтайгаар бодит мөнгө болон хувирч байгаа байлгүй.

New York Times-ын бичсэнчлэн, уг бизнесийн эрхзүйн орчин их бүрхэг бөгөөд тухайн тоглоомуудын патентыг эзэмшдэг компаниуд ийм төрлийн наймааг зөвшөөрдөггүй гэнээ. Гэсэн хэдий ч энэ зах зээл Хятадад 100,000 гаруй ажлын байр бий болгож байна гэсэн тоо байдаг аж. Тоглоом тоглохоос өөр зүйл мэдэхгүй, ажил мэргэжилгүй залуусын хувьд энэ бол бодит боломж биз. Энэ утгаараа Хятадууд зах зээлийг асар мэдэрч ажиллаж байгаа юм шиг санагдлаа. Юмхнаар юм хийдэг улс шүү.

Асуудлыг өөр өнцгөөс харж, эрэлтийг мэдэрч ажиллах нь чухал юм шиг… Protoss-уудыг шал өөр нүдээр хардаг болж байна шт, 😛

PS: quote of the day (чи шүү!):

I want to meet aliens (like E.T.), elves, hobbits and white wizards.

I don’t want to meet evil wizards, trolls, maniacs, orks, goblins and other scary creatures or just bad people.

Continue Reading

Угталт, үдэлт

Эвсэлт төрийн дэд оны өвлийн дунд сард Ардчилсан засагт Монгол улсын Ерөнхийлөн захирагч шашин төрийг хослон барижихуй Numberone Энхбаяр 7 хоног хятад улсад гийчин болвой. Бараа бологсод нийт 20 олон хүнтэй боловч дээдсийн хаялага дор маймаа тохирохоор сэтгэл шийдсэн 43 пүүс компанийн нударган баян нижгээд хүмүүс лугаа Шанхай хотноо шинийн хоёронд оовтоороо буудалжихуй алс газар сурахаар одохдоо энэ зүгш мөр гаргасан хэсэг бусаг цөс ихт залуус монголын үнэртэй салхин дор хийморь сэргэн өчүүхэн боловч даган баясюу хэмээн такси метро дамжсаар хэлхэлдэн очоод business forum хэсэгт нь аман гүүр болон үйлчилж нэгэн үзүүрт сэтгэлээр түмэн янзаар харамгүй тусалсандаа эрхгүй хөөрцгөөн ерөнхийлэн захирагчаа тойрон сүүдэр ший татуулж түүхэн нэгэн агшнаа үдвэй.

Сонордуулан дуулгах баясгалант мэдээ юун хэмээвээс Монголын Худалдаа аж үйлдвэрийн Тэнхимийн Төлөөлөгчийн газар Шанхайд нээгдэж талууд улаан гадар бүхий муутуу гэмээр цаасан дээр мутрын үсэг зуран батламжилахыг нүдээр үзээд, лав нилээд хэдэн жил ярьсан төлөөлөгчийн газар today ийнхүү биеийг олсонд тусгаар монголын иргэн хүний хувиар тэсгэлгүй баясан нүдний очийг бадруулмой. Сайхан үйлийн хажуугаар саар муу мундахгүйн үлгэрээр төлөөлөгчийн газрыг төлөөлөн суугчид дунд ердөө орь гагц монгол бий гэх агаад тэр нь буман ажлыг зэрэг амжуулагч бузгай нэгэн тул бас ч байнга үзэгдэх нь ховор учир үлдэх 5 төлөөлөгч болох өвөрлөгч хийгээд дотор газрын хүмүүс хамаг хэргийг хаман амжуулна гэхийг баахан эргэлзэн сонссон боловч дөнгөж мэндэлсэн гэх учрыг гурвантаа тунгаагаад хойшдын өдрүүд дэвжин мандана хэмээсэн бат итгэлээр сэтгэл төвшитгөв.

Үндэсний тв, УБ тв, тв-ес, Ардын элч гэх мэтийн цөөхөн хэдэн мэдээллийн хэрэгсэлээс сурвалжлан дагах багийнхан ирсэн нь нутагтаа хамгийн бэлтэй зоостой нь ажээ, учрыг лавлаваас төмөр шувууны төлбөр нь толгой эргэж нүд эрээлжлэн дотор бөглөрөм өндөр тул бусад нь арга буюу өврөө тэмтрэн тэмтрэн үлджээ. Ирсэн сурвалжлагчид аяны богц дүүрэн боловч laptop байхгүйн гачигдлаар тархи цаас 2 дээр буулгасан мөрүүдээ чанд хадгалан явсаар редакцийн өрөөнд очиж сая эмхлэснээр уужуу амьсгаа авах гэнэ.

Үүнийг тэрлэгч миний бие хувийн явдалд хачирхсан нэгэн тохиолыг сийрүүлвээс, эвсэлт төрийн анхдугаар оноос номд шамдан суух болсоноор status нэгэн шатаар “буурсан” бололтойг бие сэтгэлд нэн хурцаар мэдэрч, нэгэнтээ хүлээн авалтад хундага тулгаж асан зарим нөхөд айлчлан ирээд үл мэдээч таниач дүр эсгэхийг үзүүт хөмсөг нүдээ хөдөлгөн гайхшравч гомдлыг хураасангүй. Баясууштай нь тв-ээр нэг уулзаж хэвлэлээс хэдэнтээ уншдаг акулуудтай биеэр учран гар хөл хагасхан тэмтрэлцсэн нь өчүүхэн хүний өнгөт дурсамжийн баяжилт байлаа.

Continue Reading